Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01884

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01884

 

 

 

ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/02733 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

ХариуцагчОБ ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,041,052,309.01 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

ОБ ХХК нь тус банктай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12/17/80 тоот зээлийн болон 12/17/81 тоот барьцааны гэрээ байгуулан, 1,500,000,000 төгрөгийг жилийн 26.4 хувийн, сарын 2.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөрОБ ХХК нь эргэлтийн хөрөнгийн нэмэлт зээл хүссэнийг банк хүлээн авч 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 12/17-150 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан эргэлтийн хөрөнгийн 1,900,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй олгож зээлдэгчийн хүсэлтийг хангасан. ЗээлдэгчОБ ХХК нь банктай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 12/17/80 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12/17/81 тоот барьцааны гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 12/17-150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 12/17-151 тоот барьцааны гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 12/17/-150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 12/17/-153 тоот фидуцийн гэрээнүүдийг тус тус байгуулсан.

2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 12/17/81 тоот барьцааны гэрээгээр 9 орон сууц, 2 авто зогсоол, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ЧХА ХХК-тай байгуулсан хөрс хуулалтын ажил АГГ-02/17 дугаартай гэрээний орлого,

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 12/17-151 тоот барьцааны гэрээгээр 2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах, 640 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,ОБ ХХК-ийн зээлээр БНХАУ-с худалдан авах гэж буй 20 ширхэг ачааны автомашин,

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 12/17/-153 тоот фидуцийн гэрээгээр Хово ачааны машин, 90-21 УНЗ улсын дугаартай, LZZJLMND3AB023695 арлын дугаартай, Тоёота ланд круйзер-80 маркийн, 63-79 УББ улсын дугаартай, HDJ810051607 арлын дугаартай, LIU Gong ZL 50C маркийн ачигч, 47-43 УБ улсын дугаартай, ZL50CNL1115124 арлын дугаартай, Mazda Bongo бага оврын ачааны машин, 25-67 УНН улсын дугаартай үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.

Банк, гэрээний дагуу зээлдэгчОБ ХХК-ийн төрийн банкин дахь 106000049971 тоот харилцах дансанд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1,900,000,000 төгрөг, нийт 3,400,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

ИймдОБ ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12/17/80 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,398,580,812.06 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,105,784,762.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 145,231,211.64 төгрөг, нийт 2,649,596,785.77 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12/17-150 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,900,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,459,449,863.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32,005,660.17 төгрөг, нийт 3,391,455,523.24 төгрөг төлөгдөөгүй байгаа тул 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээг цуцалж, дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 6,041,052,309.01 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү.

 

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

ОБ ХХК нь банктай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 1,500,000,000 төгрөгийг жилийн 26.4 хувь, сарын 2.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Тус зээлийн гэрээний үүргийг 2018 оны 02 дугаар сар хүртэл график дагуу гүйцэтгэж, хэвийн төлсөн. Мөн 2017 оны 09 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,900,000,000 төгрөг зээлсэн. ГэвчОБ ХХК-ийн гэрээ байгуулан ажиллаж байсан компани ажлын гүйцэтгэлийн хөлсөө төлөхгүй байх, тус компанийн гүйцэтгэх удирдлага солигдох, “Ковид-19” нөхцөл байдал, хил хаасантай холбоотой тоног төхөөрөмж саатах гэх мэт хүндрэл тулгарсны улмаас зээлийн гэрээний үүргийг графикийн дагуу гүйцэтгэх боломжгүй болсон. Энэ талаар ТБ ХХК-д тухай бүрт нь мэдэгдэж, хэд хэдэн удаа зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах хүсэлтүүдийг өгсөн боловч банк ямар нэг хариу өгч байгаагүй.

ТБ ХХК 2019 оны 02 дугаар сарын 28-ны мэдэгдлээр 2017 оны 05 дугаар сарын 11-ний зээлийн гэрээний үүрэгт 1,706,915,178.32 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 15-нд төлөхийг шаардсан. Энэхүү мэдэгдлийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр барьцаалсан хөрөнгийг борлуулж зээлээ төлөх хүсэлт гаргасан боловч ТБ ХХК-ийн зүгээс хариу ирүүлээгүй. Улмаар банк 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэг талын хүсэлтээр хоёр зээлийн гэрээг цуцалж байна гэх мэдэгдлийг ирүүлсэн. Иймд зээлийн гэрээг цуцалснаас хойш тооцогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй. Зээлийн гэрээнд гэрээг цуцалсан тохиолдолд банк нэн даруй шүүхэд хандаж шаардах эрхээ хэрэгжүүлнэ гэж заасан. Гэвч банк тус шаардах эрхээ 2 жилийн дараа хэрэгжүүлж байгаа нь зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү зохиомлоор нэмэгдэх байдалд хүргэсэн. Мөн банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг зээлийн гэрээнд тусгана гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд энэ зохицуулалт байхгүй тул гэрээг цуцалснаас хойш хүү шаардах эрхгүй.

Иймд манай компани нэхэмжлэлийн шаардлагаас 4,371,409,261 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Зээлийн гэрээг цуцалснаас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

3. Гуравдагч этгээд Ч.Э-, Ш.Б- нарын тайлбарын агуулга:

ТБ ХХК,ОБ ХХК нарын хооронд үүссэн зээлийн гэрээний барьцаанд Ч.Э-, Ш.Б- нар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж оролцсон. Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хүрээнд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нар хариуцагчаар оролцох ёстой. Гэтэл гуравдагч этгээдээр оролцож байгаа тул Ч.Э-, Ш.Б- нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

4. Гуравдагч этгээд Э.Б-гийн тайлбарын агуулга:

Би нөхөр Х.Б-тэй хамтран өмчилдөг орон сууц, авто зогсоолыгОБ ХХК-ийн захирал Д.Ч-ад итгэмжлэл олгон барьцаалахдаа хэдэн тэрбумын зээл авах талаар мэдээгүй. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй.ОБ ХХК-аас зээлийн эргэн төлөлтийг мөнгөн хэлбэрээр шаардан төлүүлнэ үү.

 

5. Гуравдагч этгээд Д.Ч-ын тайлбарын агуулга:

Д.Ч- нь зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцыг бусад иргэдийн адил барьцаалсан.ОБ ХХК-ийн захирлын хувьд зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Зээлээс хувьдаа ашигласан зүйл байхгүй. Иймд өөрийн өмчлөлийн орон сууцаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

6. Гуравдагч этгээд Д.Х-гийн тайлбарын агуулга:

Би өөрийн орон сууцыгОБ ХХК-ийн ТБ ХХК-аас авах зээлд барьцаалах эрх олгосон. Барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй.

 

7. Гуравдагч этгээд Д.Б-ы тайлбарын агуулга:

Би гэр бүлийн хамт өмчилдөг орон сууцыгОБ ХХК-ийн ТБ ХХК-аас авах зээлд барьцаалах эрх олгосон. Барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй.

 

8. Гуравдагч этгээд Т.О-ын тайлбарын агуулга:

Би өөрийн өмчлөлийн хоёр орон сууцыгОБ ХХК-ийн ТБ ХХК-аас авах зээлд барьцаалах эрх олгосон. Барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй.

 

9. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчОБ ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 6,041,052,309.01 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчОБ ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч ТБ ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж, Үүнд:

2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 12/17/81 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан:

Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 30 дугаар байрны 52 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205009889 дугаартай 40 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны зам гудамж, 401 дүгээр байрны 10 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204039456 дугаартай, 99,65 м.кв талбайтай орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт, Москвагийн гудамж 48а байрны 00 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201035779 дугаартай 20,4 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон энгельс гудамж 29 дүгээр байрны 00 тоотод байрлах, улсын бүртгэлийн бүртгэлийн Ү-2205053288 дугаартай 89,9 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж 51/4 байрны 21 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205065321 дугаартай, 80,89 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, ар зайсан гудамж 94 дүгээр байрны 00 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206044559 дугаартай, 312 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон, Махатма гандигийн гудамж, 59 дүгээр байрны 00 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206017268 дугаартай, 69,9 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоол, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Нарны зам 405 дугаар байрны 51 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204021950 дугаартай, 121,38 м.кв талбайтай орон сууц, 405 дугаар байрны зоорийн давхрын 209 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, авто зогсоол, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж 103/1 байрны 00 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204054272 дугаартай, 91,41 м.кв талбайтай орон сууц, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ЧХА ХХК-тай байгуулсан хөрс хуулалтын ажил АГГ-02/17 дугаартай гэрээний орлого,

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12/17-151 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан:

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 115 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204016730 дугаартай, 921 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 00-00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204077099 дугаартай, 61 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах, 640 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,ОБ ХХК-ийн зээлээр БНХАУ-с худалдан авах гэж буй 20 ширхэг ачааны авто машин,

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12/17/-153 тоот фидуцийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн:

Хово ачааны машин, 90-21 УНЗ улсын дугаартай, LZZJLMND3AB023695 арлын дугаартай, Тоёота ланд круйзер-80 маркийн, 63-79 УББ улсын дугаартай, HDJ810051607 арлын дугаартай, LIU Gong ZL 50C маркийн ачигч, 47-43 УБ улсын дугаартай, ZL50CNL1115124 арлын дугаартай, Mazda Bongo бага оврын ачааны машин, 25-67 УНН улсын дугаартай үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд;

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ч-аас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,433,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчОБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 30,433,412 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

10. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

10.а. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 6,041,052,309.01 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг 1,669,643,048.01 төгрөгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ТБ ХХК-аасОБ ХХК-д 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэлд зээл тус бүрийн үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцохыг мэдэгдсэн байх тул зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх боломжгүй. Мөн зээлийн гэрээний 6.3, 2.2.4-т тохирсон талуудын тохиролцооноос үзэхэд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэсэн. Гэтэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлж 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдлээрээ “Зээлийн гэрээг цуцалсан” гэж тодорхой бичсэн ба энэ нь зохигчдын тайлбараар ч мөн нотлогддог.

Анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцалсан, зээлийн гэрээний хугацаа дууссан гэх ойлголтыг ялгаж салгахгүйгээр хуулийн буруу тайлбарлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжөөр гэрээ цуцлах болон гэрээ цуцалснаас хойш гэрээний үүрэг дуусгавар болох тухай нэг мөр ойлголтыг өгсөн. Мөн хоёр удаагийн зээлийн гэрээний 6.2-т зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэн даруй шаардахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч 1 жил 9 сарын дараа нэхэмжлэл гаргасан, мөн хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлдээ хариуцлагатай байж нэхэмжлэгчид хандан удаа дараа хүсэлт гаргаж байсан бөгөөд хүсэлтэд нэхэмжлэгч хариу ирүүлдэггүй байсан зэрэг үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр хариуцлагыг зээлдэгчид ногдуулж байгаад гомдолтой байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт хохирол арилгуулахаар шаардах эрхийг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хохирол гэж тодорхойлоогүй, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан гэрээ цуцалсан үйл баримтыг гэрээний хугацаа дууссантай адилтган үзсэн зэргээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,669,643,048.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

11. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдэгдлээр гэрээг цуцалсан учир хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь шүүхэд бие даасан шаардлага гаргасны үндсэн дээр гэрээг цуцалдаг. Зээлийн гэрээг шүүхээр цуцлуулснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоохоос гадна барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломж бүрддэг. 1 жил 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж гомдолдоо дурдсан. Өмнө нь ТБ ХХК-ийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хариуцагч компанийн хаягаар нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас гаргасан 1,669,643,048 төгрөгийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хүлээн авах боломжгүй тул 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

12. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд нараас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагчОБ ХХК болон Д.Ч-ад тус тус холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 6,041,052,309.01 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ч-ад холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагчОБ ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч талууд маргасан байна.

 

2. Нэхэмжлэгч ТБ ХХК-аас хариуцагчОБ ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,500,000,000 төгрөгийн зээлийг жилийн 26,4, сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,900,000,000 төгрөгийг жилийн 26,4, сарын 2,2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай тус тус зээлдэж авч, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор барьцааны болон фидуцийн гэрээнүүдийг тус тус байгуулсан байна./1хх12-68/

 

3. Хариуцагч тал 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 101,419,187.94 төгрөг, үндсэн хүүд 269,063,013.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 882,410.95 төгрөг, нийт 371,364,612.58 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн хүүд 170,406,575.34 төгрөгийг төлсөн байх ба хариуцагч тал зээл төлөх хуваарийг зөрчиж зээлийн гэрээний үүргээ зөрчсөн байна.

 

3.а. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэгч ТБ ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчОБ ХХК-аас шаардах эрхтэй.

 

3.б. Нэхэмжлэгч талаас хариуцагчид зээлийн гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 12/19-36 болон 12/19-37 дугаартай Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн байх ба, хариуцагч тал 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацааны төлбөрийг “Эвиденсе аудит” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тайланд тусгагдсан 4,371,409,261 төгрөгийн хэмжээнд зөвшөөрнө гэж маргажээ.

 

3.в. Дээр дурдсан зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлээс үзэхэд, зээлийн гэрээг цуцалж байгааг мэдэгдэж, тухайн өдрөөс зээл тус бүрийн үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдох болохыг мэдэгдсэн байх боловч хариуцагч талаас энэ талаар хариу өгөөгүй байна. /1хх 140/

 

4. Иймд хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч талаас гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,041,052,309.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн 3.2.4-т “зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.1.6-д заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөх” үүргийг зээлдэгч тал хүлээж харилцан тохиролцсон байх тул хариуцагч талаас гаргасан 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх тухай хариуцагч талын гомдлыг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хөдлөх хөрөнгийн барьцааны болон фидуцийн гэрээний холбогдох заалтуудыг орхигдуулсан хууль хэрэглээний алдааг засаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/02733 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “175.1” гэсний дараа “158 дугаар зүйлийн 158.1, 235 дугаар зүйлийн 235.1” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,506,166 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ