Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00577

 

О.Мөнхсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05918 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 464 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч О.Мөнхсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “РММТ” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 454 869 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

О.Мөнхсайханаас байгууллагад учруулсан хохиролд 3 760 074 төгрөг гаргуулахыг хүссэн “РММТ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Богданова Т.И-гийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Итгэл, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч О.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би "РММТ" ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр борлуулагч, жолоочийн ажилд орж, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шалтгаангүйгээр халагдсан. Ажилд орсноор надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, зөвхөн нийгмийн даатгалын дэвтэрт ажилд орсон тухай бичилт хийсэн. Тухайн байгууллагад ажиллаж байх хугацаанд дарамт шахалтанд байнга өртдөг, компанийн өмч хөрөнгийн дутагдал зэрэг асуудал байнга үндэслэлгүй хардагдах зэргээр хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байсан. Би 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажил олгогчийн зөвшөөрлөөр 2 хүүхдээ цэцэрлэгээс нь аваад ажил дээрээ очсон. этэл захирал уурлаад намайг явахыг шаардсан. Маргааш нь би ажилдаа ирсэн, 27-нд нь би ажилдаа хэзээ очих вэ гэж асуухад захирал "чи ирэх хэрэггүй, чамайг ажлаас чөлөөлсөн" гэж мэдэгдсэн. 2016 оны 5-р сарын 30-ны өдөр надаас ажлаа хүлээж авсан. Тухайн үед би ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй тул ажлаас халагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Ингээд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халагдсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрээ авахаар очиход, 5-р сарын 27-ны өдрийн тушаалыг нийгмийн даатгалд бичсэн байсан боловч тушаалыг өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж бичнэ гэсэн. Би өөрийн санаачилгаар ажлаас гараагүй тул дээрх тушаалыг бичүүлж аваагүй. Улмаар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тушаалаа авахаар дахин очиход, нягтлан н.Бямбадорж "чи өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байна гэсэн өргөдөл бичиж өг" гэж тулгасан. Ингээд миний бие шүүхэд хандаж, ажил олгогчийн буруугаас ажлаас халагдсан тул борлуулагчийн ажилд орохыг хүсч байна. Тухайн байгууллага ажилласан, хууль бусаар халагдсан, мөн сард 1 000 000 төгрөгийн цалин хөлс авч байсан тул ажилгүй байсан хугацааны цалин 6 454 869 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “РММТ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “РММТ” ХХК нь ОХУ-аас бараа бүтээгдэхүүн оруулж ирж, борлуулдаг үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч О.Мөнхсайхан нь тус компанид 2013 онд жолоочоор ажилд орж, дараа нь борлуулагч болсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Харин 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бага насны хүүхдээ ажил дээр авчирсан, ажлын байр машин техник байнга хөлхдөг, аюул осол, эрсдэлд өртөх өндөр магадлалтай талаар албан ёсоор хэлсэн, тэгэхэд дургүйцэн хүлээн авсан байдаг. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 26, 27-ны өдөр ямар ч шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй. Харин 05 дугаар сарын 30-ны өдөр О.Мөнхсайхан нь менежер н.Цэцэгмаатай утсаар ярьж, захиралтай уулзмаар байна гэсэн.

Ажил олгогчийн зүгээс түүнд "дуртай цагтаа ир, та хангалттай зөрчил гаргасан" гэж хариу хэлсэн ба 12 цагийн орчимд ажилдаа ирсэн. Энэ үеэр хүүхдийн баяр болох гээд ачаалал их, үйлчилгээнд гаргах, хүргэлт их байсан. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 15-нд компани дээр ажлаас халсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрээ авахаар ирсэн, тушаалаа авч танилцсан. Түүнийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож чөлөөлсөн, цалин хөлсний тооцоо хийсэн, Хэдийгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажлаа хийж цалин хөлс авч байсан юм. О.Мөнхсайхан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3.1-д заасан ноцтой зөрчил гаргаж халагдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “РММТ” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: "РММТ" ХХК-д жолооч борлуулагч-менежерээр ажиллаж байсан О.Мөнхсайхан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 05 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул 2016 оны 5-р сарын 30-ны өдөр ажлаас нь халсан. Энэ талаар захирал Богданова Т.И мэдэгдсэн. “РММТ” ХХК нь Оросын холбооны улсаас хүнсний бараа импортлох үйлчилгээ эрхэлдэг, захиалгын дагуу худалдан авагчид хүргэдэг, нийтээр амрах баярын долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд, түүнээс өмнөх өдрүүдэд үйл ажиллагааны тасалдал гаргахгүй байх, бэлэн бэлэн бус, зээлээр барааны хүргэлтийг хангахад онцгой анхаардаг. Тус компани нь захирал, менежер, ня-бо, 2 жолооч-борлуулагчтай цөөн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг.

2016 оны 05 дугаар сарын сүүлийн 7 хоногт байгууллагын ажлын ачаалал эрс нэмэгдсэн. Олон улсын хүүхдийн баяр, Эх үрсийн баярын өмнөх өдрүүдэд ажил тасалсан, энэ үед ОХУ-аас гэрээний дагуу 2 том автомашинаар бараа хүрэлцэн ирэх үе байсан, энэ талаар амралтын өдрүүдэд ажиллана гэдгийг нийтэд мэдэгдсэн байсан. Гэвч жолооч, борлуулагч-менежер О.Мөнхсайхан ажилдаа ирээгүй барааны хүргэлт тээвэрлэлтийг тасалдуулж гэрээт байгууллагууд болон захиалагч талын өмнө компани хүргэлтийн үүргээ тасалдуулах, харилцагч талын өмнө хүлээсэн гэрээний үүрэг зөрчигдөн гомдол, шаардлага хүлээн авах, харилцагч нараа алдах эрсдэлд орсон. О.Мөнхсайхан ажилдаа ирээгүй хугацаанд түүний эзэмшдэг бараа тээвэрлэдэг автомашин сул зогсож ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон. Мөн компани 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 30 721 700 төгрөгийн, 26-30-ны өдрүүдэд 15 260 900 төгрөгийн барааны захиалгатай байсан бөгөөд тус байгууллагад тухайн үед ажиллаж байсан ганц машины хүргэлт хангалтгүй байсны улмаас харилцагч нарт 15 430 800 төгрөгийн барааг нийлүүлж чадаагүй бөгөөд уүнээс шалтгаалан тус компани 3 760 100 төгрөгийн олох байсан ашгаа алдсан. Энэ нь компанийн ашиг орлогод нөлөөлж компанийн хэвийн үйл ажиллагаа, ажиллагсдын цалин хөлс, нийгмийн асуудалд нөлөөлсөн тул иргэн О.Мөнхсайханаас олох байсан орлого 3 760 074 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Мөнхсайхан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажил олгогчийн зөвшөөрлөөр хүүхдээ цэцэрлэгээс нь аваад иртэл захирал уурлан ажлын цаг дуусахаас өмнө явахыг шаардсан. Маргааш өдөр нь буюу 05 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа очиж ажлаа хийсэн, 27-нд намайг ажилд ирэх хэрэггүй гэсэн. Тухайн өдрөө ажлаас халсан тушаал гаргасан. "РММТ" ХХК нь надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй. Компанид хөдөлмөрийн дотоод журам байхгүй, борлуулагч жолоочийн ажлын байрны тодорхойлолт ч байхгүй. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан боловч мөн зүйлийн 132.2-т "хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулсан тооцохгүй” гэж заасан байна. Гэтэл хариуцагч нь компанийн үйл ажиллагааны алдагдал буюу орох байсан орлогыг шаардаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд 3 760 100 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05918 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Очирбатын Мөнхсайханыг "РММТ" ХХК-ийн борлуулагч, жолооч-менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 344 281 төгрөг гаргуулж олгон, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2 110 588 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Мөнхсайханаас 3 760 100 төгрөг гаргуулахыг хүссэн "РММТ" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч "РММТ" ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, "РММТ" ХХК-иас 84 458 төгрөг гаргуулж улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн татварын хэлтэсийн 2602002965 тоот данснаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Мөнхсайханд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 464 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05918 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Богданова Т.И хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч О.Мөнхсайхан нь хариуцагч компанид 2013 онд жолоочоор ажилд орж, дараа нь борлуулагч, жолооч болсон. Нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бага насны хүүхдээ ажил дээр авчирахад нь учдирдлагаас ажлын байрны болон орчны аюулгүй байдлыг сахих, машин техник байнга хөлхдөг газарт аюул осол, эрсдэлд өртөх өндөр магадлалын талаар албан ёсоор шаардлага тавихад тэр маш дургүй хүлээн авсан. Мөн оны 05 дугаар сарын 26-30-ны хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй тул түүнийг 30-ны өдрийн захирлын тушаалаар ажлаас халсан. 2 шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, үйл баримтыг нэг бүрчлэн шалган тогтоох арга хэмжээг авалгүйгээр зөвхөн нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байдлыг анхаараагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч О.Мөнхсайхан нь хариуцагч “РММТ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 454 869 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч “РММТ” ХХКомпани нь нэхэмжлэгч ажилдаа ирээгүйн улмаас борлуулалт хугацаандаа хийгдээгүй тул байгууллагад учруулсан хохирол 3 760 074 төгрөгийг О.Мөнхсайханаас гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь “РММТ” ХХК-нд 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс борлуулагч жолоочоор, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс борлуулагч, жолооч-менежерээр ажиллаж байгаад тус компанийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 07 тоот тушаалаар ажлаас халагдсан үйл баримт тогтоогджээ.  Уг тушаалд нэхэмжлэгч О.Мөнхсайханыг 2016 оны 05 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчлийг гаргасан гэж заасан байна. 

Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь тушаалын үндэслэлийг нотлох үүрэгтэй. Хариуцагч нь  “ажил тасалсан” гэх ажилтан О.Мөнхсайханы гаргасан зөрчлийг эргэлзээгүй, нотолж чадаагүй байна.  Тушаалд ажилтны гаргасан зөрчлийг давтан  зөрчил эсхүл ноцтой зөрчил аль нь болохыг тодорхой заагаагүйгээс гадна ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байв. Нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй үйл баримт тогтоогдож байх боловч энэ байдлыг нэхэмжлэгч нь “...намайг цэцэрлэгээс хүүхдээ аваад ажилдаа очиход захирал уурлаад, явахыг шаардсан, 27-ны өдөр ажилдаа очиход ажлаас чөлөөлсөн...” гэж тайлбарласан ба ажил тасалсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Мөн ажил олгогч нь ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт хөдөлмөрийн гэрээг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болгосон талаар тэмдэглэснээс үзэхэд зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсгийг хэрэглэж, маргааныг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч тушаалыг гардуулж өгөх үүрэгтэй бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 15, 17-ны өдөр нэхэмжлэгч тушаалаа хүлээн авч танилцсан, улмаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх байдлыг болон нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн үгүйсгэх нотлох баримтуудыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хариуцагчийн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05918 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 464 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА