Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 829

 

З.Пүрэвсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ  даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч А.Ганбат,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 239 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан З.Пүрэвсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар З.Пүрэвсүрэнд холбогдох 2016 2501 2579 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Зоёогийн Пүрэвсүрэн, 1972 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2,  эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 5-11 задгайд оршин суух,

1994 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил, 123-р зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нь нэмж 3 жил хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 21 хоногийн ялаас тэнсэн суллагдсан,

1996 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, давж заалдах шатны шүүх 1 жил хорих ял болгон өөрчилж, 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:УЗ72102412/;

З.Пүрэвсүрэн нь 2016 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын 5-11 задгайд байрлах гэрийнхээ гадаа иргэн Ц.Отгонбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зүрхэн тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Боржигон овогт Зоёогийн Пүрэвсүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар З.Пүрэвсүрэнг 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, Боргио хаягтай 2.5 литрийн пивоны хүрэн ёроол хэсгээрээ шингэн пиво мэт зүйлтэй бор өнгийн сав 1 ширхэг, талийгаач Ц.Отгонбаатарын өмсөж явсан, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн тэлээ, дөрвөлжин шоо хээтэй бор саарал өнгийн цамц, цагаан өнгийн ултай цэнхэр өнгийн кэт, цагаан өнгийн дотуур богино өмд, хэргийн газраас хураан авсан цаасан ууттай шороо 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 120 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар З.Пүрэвсүрэнгээс 6.174.800 /зургаан сая нэг зуун далан дөрвөн мянга найман зуу/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эрдэнэтээл овогт Цэрэнчанаагийн Бат-Эрдэнэ /РД:ВТ74092013/-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Ялтан З.Пүрэвсүрэн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 2016 оны 7 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө ажлаа тараад гэртээ ирэхэд эхнэр Алтантуяа болон хэсэг хүмүүс пиво ууж байсан. Цаг шөнө болсон учир би “та нар одоо явцгаа” гэж хэлэхэд талийгаач өөдөөс маргалдаад байсан ба тэд нар явцгаасан. Тэгтэл талийгаач эргэж ирээд хэрэлдэж зууралдаж амь насаа алдсан. Одоохондоо хохиролын мөнгийг төлөх боломжгүй бөгөөд төлж барагдуулна гэдгээ амлаж байна. Миний бие 2015 оны 2 дугаар сард толгойн тус газраа хүнд гэмтэл авч Гэмтлийн эмнэлэгт яаралтай мэс ажилбарт орсон. Би эрүүл мэндийн шалтгаанаар эмч нарын зөвлөгөөнөөр энэ жил группэд орох байсан. Мөн зүүн хөлийн тулгуур эрхтэн болох эрхий болон чигчий, долоовор хуруугаа тайруулсан. Иймд миний эрүүл мэндийн болон нийгмийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн төрсөн дүү Ц.Отгонбаатарын зүрхэн тус газарт нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон З.Пүрэвсүрэн гэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд ялласан явдал нь уг гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн, чухам яаж амь насыг нь хохироосон асуудлуудыг хууль зүйн онолын үүднээс авч үзвэл энэхүү хэргийн зүйлчлэл буруу гэхээс аргагүй байна.

Учир нь, талийгаач Ц.Отгонбаатарыг араас нь хөөж очин зүрхэн тус газарт нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т “Онц харгис хэрцгий аргаар” гэж заасантай тохирч байна. Яагаад гэвэл хүний “зүрхэн тус газарт хутгална, уг газар хутгалвал яахыг ямар ч хүн мэднэ. Тэгсэн атал хөөж очоод ямар нэгэн өршөөл энэрэлгүй, мохоо хутгаар зүрхэн тус газарт хутгалж байна” гэдэг бол аргагүй онц харгис хэрцгий арга.

З.Пүрэвсүрэн нь эрдэнэт хүний алтан амийг бүрлэгчээд хохирол төлөх талаар санаа амарлангуй, буяны ажил буюу оршуулгын зардал төлөхгүй байгаа нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн дүгнэлт хийхгүй, хийхийг хүсэхгүй байгаа нь илт байна.

Иймд З.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял  шийтгэл хэт хөнгөдсөн гэж үзэж байх тул шүүх хуралдааныг дахин хийж З.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Ганбат өмгөөлөгчтэй санал нэг байна.” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан З.Пүрэвсүрэн амь хохирогчийн зүрхэн тус газарт нэг удаа хутгалсан гэмт хэрэг үйлдсэн. Ийм учраас хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улсын Дээд Шүүхийн тайлбарт “хоёр буюу түүнээс дээш удаагийн гэмтэл шарх учруулсан, өвтгөсөн, шаналгасан, тарчлаан зовоосон шинжийг агуулсан бол онц харгис хэрцгий болно” гэж заасан. Амь хохирогч зүрхэн тус газраа нэг удаа хутгалуулаад эргэж хараад гурав алхаж унаад нас барсан. Тэр үед зовоон тарчлаасан, гэмтлийн улмаас зовж зүдэрсэн шинж байгаагүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

З.Пүрэвсүрэн нь 2016 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын 5-11 задгайд байрлах гэрийнхээ гадаа иргэн Ц.Отгонбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зүрхэн тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд ялтан З.Пүрэвсүрэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, гэрч Б.Дарьсүрэн, Н.Уранзул, Д.Алтантуяа нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1275 дугаар шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, З.Пүрэвсүрэнгийн биед гадна үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрт хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан З.Пүрэвсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу болон хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтан З.Пүрэвсүрэнгийн гаргасан: “…Миний бие 2015 оны 2 дугаар сард толгойн тус газраа хүнд гэмтэл авч Гэмтлийн эмнэлэгт яаралтай мэс ажилбарт орсон. Би эрүүл мэндийн шалтгаанаар эмч нарын зөвлөгөөнөөр энэ жил группэд орох байсан. Мөн зүүн хөлийн тулгуур эрхтэн болох эрхий болон чигчий, долоовор хуруугаа тайруулсан. Иймд миний эрүүл мэндийн болон нийгмийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

Мөрдөн байцаалтын шатанд ялтан З.Пүрэвсүрэн сэжигтнээр өгсөн: “...Уранзул, Отгонбаатар хоёрыг огт танихгүй учир уур хүрээд гарцгаа гэж хэлсэн чинь гарахгүй байхаар нь Отгонбаатарыг гэрээс чирээд гаргасан чинь гадаа гараад надтай зодолдоод би дийлэхгүй, миний цээж, гэдэс, гар, хөл рүү цохисон. Уурандаа айлгах санаатай буцаж гэр лүү ороод гэрийн зүүн талын ширээн дээр байсан ягаан иштэй жижиг хутга авч гараад Отгонбаатартай зууралдаж нөгөө хутгаараа Отгонбаатарыг цохисон. Гэхдээ хаашаа нь хэдэн удаа хутгалсанаа бол сайн мэдэхгүй. Отгонбаатар надаас салаад цаашаа 20 гаран алхаад шууд газар унасан, би очоогүй хутгаа харсан чинь хутга цус болчихсон байхаар нь хажуу тийшээ шидчихээд гэртээ орсон…” /1хх-101/,

ялтан З.Пүрэвсүрэн яллагдагчаар өгсөн: “...талийгаач Отгонбаатар эргээд хүрч ирээд надтай барьцалдаж авсан, миний гарт манай гэрийн ягаан хуванцар иштэй жижгэвтэр хутга цус болсон байсан. Талийгаач надтай зууралдаж байгаад надаас салаад 20 орчим алхам цаашаа алхаж байгаад газарт унасан чинь цаанаас найз охин нь хүрч ирээд “алчихлаа” гээд орилоод байсан ... би нэг удаа цээж хавьд нь хутгалсан. Өөр хутгалаагүй...” /1хх-105/,

мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: “…Миний дүү Ц.Отгонбаатар архи, тамхи хэрэглэдэггүй. Хохирлын мөнгийг З.Пүрэвсүрэнгээс нэхэмжилж байна. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 4.647.000 төгрөг зарцуулсан. 49 хоногийн буяны ажил, цайллаганд нийт 5.278.000 төгрөг зарцуулсан. Нийтдээ 5.174.8000 төгрөг зарцуулсан байна. Энэ зардлыг манай гэр бүлийнхэн З.Пүрэвсүрэнгээс нэхэмжилж байна…” /1хх-161/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 16-ны орой 21 цаг 11 минутаас 22 цаг 20 минут хүртэл Дарьсүрэн гэдэг хүн манай дүү рүү залгасан байсан. Тэгээд гэрт нь очиж 2 ширхэг пиво найз залуутайгаа уруу татаж, архи ууж, тамхи татдаггүй хүнд пиво өгсөн байдаг. Дараа нь Алтантуяа гэдэг хүн нь манай нөхөр зодоод байна гээд Дарьсүрэн рүү утсаар ярихаар нь Дарьсүрэн манай дүүг авч яваад амь насыг нь хохироосон. Манай ах, эгч, дүү нар маань талийгаачийн архи ууж, тамхи татаж байгааг нэг удаа ч удаа хараагүй. Шүүгдэгчийн хэлж байгаагаар талийгаач гэрээс нь 20 алхаад унасан гэж байгаа. Тэгтэл шүүгдэгчийн гэрээс бараг 50 метр явсан байсан. Дарьсүрэн нь миний болон ээжийн утсыг мэднэ, талийгаачийн найз охин нь миний утсыг мэднэ, ээжийн утсыг ч мэднэ. Хэрвээ надруу утасдсан бол амийг нь аварч амжих байсан. Талийгаачийг өнхрөөд ойчих үед шүүгдэгч наад муу “новш чинь үхнэ” гээд суугаад байсан гэж байгаа. Маш гомдолтой...” /2хх-6/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дарьсүрэнгийн өгсөн: “...Талийгаач Отгонбаатар гараад “наадах чинь хутга барьчихлаа” гэснээ дээгүүрээ өмссөн цамцаа тайлсан чинь найз хүүхэн нь айж орилоод “боль” гэтэл Отгонбаатар буцаад нөхөр лүү нь очоод хоорондоо ноцолдож байснаа гэнэт буцаад алхаад ирсэнээ унасан. Гадаа харанхуй байсан болохоор сайн харагдахгүй байсан. Түргэн тусламж удаж байж ирээд үзсэнээ “нас барсан байна” гэж хэлсэн. Жижгэвтэр ягаан юм уу шар өнгөтэй иштэй хутга л байх шиг байсан. Талийгаач ноцолдож байсан газраасаа бидэн рүү буюу баруун тийш нэг их хол яваагүй, 10 гаран алхаад унасан. Алхаж ирээд унасан газартаа нас барсан...” /1хх-31-32/,

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Дарьсүрэнгийн өгсөн: “...Талийгаач намайг найз охинтойгоо манай гэрт хүргэж өгөөд манайд суугаад байж байхад Алтантуяа над руу би гэртээ ганцаараа байна. Манай нөхөр ирээгүй байна, чи хүрээд ирээч гэж залгахаар нь бид 3 очсон. ... Тэгээд бид нар юм яриад сууж байхад Пүүжээ ах буюу шүүгдэгч орж ирээд суух шиг болсон. Удалгүй пиво авч шидсэн. Би тухайн үед шүүгдэгчийг согтуу юм уу, эрүүл юм уу гэдгийг мэдээгүй. Шүүгдэгчийг хутга авахад яанаа хутга авчихлаа бүгдээрээ гаръя гээд бид 4 гарсан. Тэгээд бид нар доошоо уруудаад явж байхад талийгаач энэ хүн хутга барьсан байна гээд уурлаад байсан. Би талийгаачийн цамцнаас нь бариад явъя гэхэд талийгаач хувцасаа тайлаад гүйж очоод ноцолдоод байх шиг байсан. Бид нар ноцолдоод байна очиж талийгаачийг авъя гээд явахад өөдөөс хүрээд ирэхээр нь ашгүй ирж байна, бүгдээрээ явъя гэхэд талийгаач их сонин царайлаад найгаад ирсэн. Бид нар яанаа зүгээр үү гээд харахад шууд унаад өгсөн. Бид нар яагаад уначихваа гээд харахад цус гарсан байсан. Тэгээд шууд түргэн, цагдаа дуудаад, би доошоо гүйж түргэн, цагдаагаа тосож авсан. Түргэн ирээд нас барсан байна гэж хэлсэн...” /2хх-10/,

мөрдөн байцаалтад гэрч Н.Уранзулын өгсөн “...Тэр үед гадаа үүр цайгаагүй, бид нарын араас хутга барьсан хүн дагаад байсан. ... Тэгтэл манай найз залуу “энэ муу нэг юм чинь яах гээд араас дагаад байгаа юм” гээд эргэж хараад өөдөөс нь яваад очсон. Тэгээд нөгөө хутга барьсан хүнийг цохиод газар унагаагаад дээрээс нь дарах гэж байгаа бололтой тонгойсон чинь манай найз залуу Отгонбаатарын цээжний зүүн хэсэг зүрх орчимд нь хутгаар доороос нь нэг удаа дүрээд хутгаа сугалж авсан. Хутгалсан эрэгтэй хүн хутгаа хажуу тийшээ шидээд гэр рүүгээ явсан. Тэгээд “хутгалсан, яадаг юм ингээд үх” гээд байсан. Би найз залуугаа явъя гэхэд манай найз залуу намайг араас “яах гээд дагаад байгаа юм” гэж чанга дуугаар аашилж хэлээд нөгөө хутгалсан хүний араас яаруухан 2-3 алхаад газарт урагшаа гударч унасан. Би араас нь очоод найз залуугаа татаад өндийлгөсөн чинь цээжнийх нь зүүн хэсгээс цус их гарч байсан. Түргэний эмч ирээд Отгонбаатарыг үзээд “нас барчихсан байна” гэсэн. Цайвар ягаан өнгийн пивор бариултай, 15 см урттай, жижгэвтэр хутга байсан...” /1хх-34/,

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Уранзулын өгсөн: “...бид нарыг пиво уугаад сууж байхад 1 ах орж ирээд “та нар миний гэрт байдаг хэн юм” гэхээр нь би найз залуутайгаа гэрээс нь гарахад араас том аяга шидэхэд нь нөгөө аяга хагарсан. Тэгээд манай найз залуу “энэ хүн чинь хутгатай байна” гэж хэлсэн. Би найз залуугаа “явъя тэгэх үү” гэж зөндөө гуйхад “намайг байж бай, энэ 2 нэгнийгээ алчихвал чи яах юм” гэж надад хэлсэн. Тэгээд шүүгдэгч дээр очоод ирэхдээ аймар сонин байдалтай ирсэн. Намайг “яачихваа” гэж асуухад яг зүрхэнд нь хутгалсан шарх байсан...” /2хх-8/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Алтантуяагийн өгсөн: “...Отгонбаатар эхлээд Пүрэвсүрэнгийн шанаа хэсэг рүү 1 удаа гараараа цохиход Пүрэвсүрэн зөрүүлээд Отгонбаатарыг гараараа нэг удаа цохисон. Тэр хоёр салаад бид дөрөв доошоо тал пиво аваад зүүн Алтан-Өлгийн засмал замаар уруудаад алхахад З.Пүрэвсүрэн араас дагаад алхаж байсан. Отгонбаатар уурлаад Пүрэвсүрэнгийн өөдөөс гүйж очоод шууд Пүрэвсүрэнгийн нүүр рүү нь 1 удаа гараараа цохиод газар унахад нь хөлөөрөө гуя руу нь өшиглөж байсан. Пүрэвсүрэн босч ирээд тэр 2 хоорондоо ноцолдож, зодолдоод байх шиг байсан. Тэгээд бид 3 зайтай зогсож байсан болохоор “хөөе болиоч” гэж хэлэхэд тэр 2 салаад бид гурвын өөдөөс Отгонбаатар сонин найгаад алхаад хүрч ирээд бид гурвын өмнө доошоо хараад газар унаад өгсөн. Дарьсүрэн “Отгонбаатараас цус гараад байна түргэн, цагдаа дуудаач” гээд орилоод байсан. Пүрэвсүрэн Отгонбаатарыг хутгалж байхын би хараагүй, цагдаа нартай тэр хоёрын ноцолдож байсан газар очиход манай гэрийн ширээн дээр байдаг халбага хийдэг саванд байсан ягаан иштэй, 10-15 см уртгай, ажлын хэсэг никель төмөр, бариул нь пивор ягаан өнгийн бариултай хутга байсан...” /1хх-37/,

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Алтантуяагийн өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ... бид нар Цайз 16-руу явж том пиво авч ирээд задлаад уугаад сууж байхад шүүгдэгч над руу залгаад “чи хаана байна, гэртээ ирсэн юм уу” гэхэд “гэртээ ирсэн байна” гэхэд “би одоо очлоо” гээд ирсэн. Шүүгдэгч орж ирээд яахаараа та нар гэрт цуглаад архи уудаг юм гээд пиво үүд рүү шидсэн. Талийгаач уурлаад шүүгдэгчтэй хэрэлдээд зууралдаж авсан. Тэгээд бид доошоо уруудаад явж байхад шүүгдэгч гадаа гарч ирээд зогссон байхад нь талийгаач хувцасаа тайлаад гүйж очоод цохиж унагаагаад өшиглөөд, ноцолдоод байсан. Тэгээд шүүгдэгч босож ирээд зууралдаж авсан. Тэгээд талийгаач найгаад бид гурвын өөдөөс ирээд унасан. Дарьсүрэн түргэн дууд, цагдаа дууд, цус гарсан байна гэсэн...” /2хх-13/ гэсэн мэдүүлгүүдээр болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1275 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-44/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-4-7/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-12-13/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-14-15/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-16/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-17-18/, З.Пүрэвсүрэнгийн биед гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-19/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-21-23/ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Гэм хорын хохирлыг нөхөн төлөөгүй, удаа дараа ял шийтгүүлж байсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, нийгмйин хор аюул их, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг ялтан З.Пүрэвсүрэнгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчлөх хуулийн үндэслэлгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ганбатын: “...З.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял  шийтгэл хэт хөнгөдсөн гэж үзэж байх тул …З.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэсэн давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Учир нь, “…хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, амь хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан” зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасан “онц харгис хэрцгий арга” -аар  ялтан З.Пүрэвсүрэн уг гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд ялтан З.Пүрэвсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.