Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 50

 

З.Пүрэвсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор М.Буяннэмэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ганбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 829 дүгээр магадлалтай, 201625012579 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ганбатын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, 1994 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж, нийт 3 жил хорих ялаар шийтгүүлсэн, 1996 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 02 сар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх 1 жил хорих ял болгон өөрчилсөн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Зоёогийн Пүрэвсүрэн нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Пүрэвсүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 14 жил хорих ялаар шийтгэж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Пүрэвсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ганбат нарын гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч А.Ганбат, Н.Ганбат нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...З.Пүрэвсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн бөгөөд уг гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн, чухам яаж амь насыг нь хохироосон асуудлыг хууль зүйн үүднээс авч үзвэл хэргийн зүйлчлэл буруу байна гэхээс аргагүй байна. Учир нь амь хохирогч Ц.Отгонбаатарыг араас нь хөөж очоод зүрхэн тус газар нь нэг удаа хутгалж, амь насыг нь хохироосон энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтад заасан онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж заасантай тохирч байна. Яагаад гэвэл хүний зүрхэн тус газарт хутгалбал яахыг ямар ч хүн мэднэ. Тэгсээр атал хөөж очоод мохоо хутгаар зүрхэн тус газарт хутгална гэдэг бол онц харгис хэрцгий гэж үзэж байна. Шүүгдэгч З.Пүрэвсүрэн нь хүний амь бүрэлгэчхээд буяны ажил буюу оршуулгын зардал ч төлөхгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшин дүгнэлт хийхгүй байгаа нь илт харагдаж байна. Иймд шүүгдэгч З.Пүрэвсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр зүйлчилж, ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтаар зүйлчилж, ял оногдуулах нь зүйтэй, хяналтын журмаар гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат хяналтын шатны шүүх хуралдаанд: “Шүүгдэгч З.Пүрэвсүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож, 14 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч З.Пүрэвсүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийг шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

З.Пүрэвсүрэн нь 2016 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө иргэн Ц.Отгонбаатарыг зүрхэн тус газар нь хутгалж, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүх З.Пүрэвсүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж дүгнээд, ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон гэж үзнэ.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын нэг болох “онц харгис хэрцгий аргаар” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алсан зэрэг шинж чанарын хувьд хүнийг алахдаа гэмт хэрэгтний сонгож авсан онц жигшүүртэй, хэрцгий аргуудыг хамруулан үздэг. Шүүгдэгч З.Пүрэвсүрэн нь хохирогчийн зүрхэн тус газар нь нэг удаа хутгалж, амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдсон байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчид өвчин шаналал учруулах, тарчилган зовоох санаа зорилго агуулж байсан, эсхүл хохирогчийг ойр дотны хүмүүсийн дэргэд алж, тэдгээрийн сэтгэл санаа, ёс суртахууны хүнд дарамтад оруулахыг зориудаар хүсэж үйлдсэн талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй тул З.Пүрэвсүрэнгийн үйлдэлд уг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ганбатын “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтад зааснаар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 829 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ганбатын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЦЭРЭН

                        ШҮҮГЧ                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН