Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 214/МА2022/00023

 

                                  

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 132/ШШ2022/00491 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Б*******, Х.Д******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.М*******д холбогдох

4 658 407 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч Э.М******* болон түүний өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б*******, Х.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие X.Б******* нь Э.М*******д холбогдуулан Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан, Э.М******* манай гэрт байсан ааваас бидэнд өгсөн эмээлийн хар мөнгөн бааврыг дүү Х.Д*******аас гуйж аван барьцаалан зээлдүүлэх газарт тавьж өөрийн холбогдсон хэргийн хохирлыг төлөхөд хэрэглэсэн ба эмээлийн бааврыг авч өгнө гэсээр барьцаалан зээлдүүлэх газарт заруулсан байсан. Дүү бид хоёр эмээлийн баавраа нэхэж олон удаа шаардаж байсан ба Э.М******* удахгүй аваад өгнө гэж худлаа ярьдаг байсан. Энэ асуудлыг залилсан гэж үзэн шалгуулсан боловч хэрэг биш байна гэсэн. Цагдаагийн газарт өгөх үед Э.Мөнх-Эрдэнийн аав нь хүртэл ирж өргөдлөө аваач ээ, ах нь төлөөд өгье гэж хэлж байсан.

Э.М*******эс эмээлийн баавраа нэхэж утсаар, чатаар мөн биеэр очиж уулзаж шаардсан боловч өгөөгүй. Уг бааврыг Цагдаагийн газарт байхад үнэлгээг тогтоосон ба Э.М*******эс бааврын үнэ болох 4 658 407 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Х.Д*******  анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сард Н******* гэдэг эмэгтэйн шүдийг Э.М******* цохиод хугалсан. Шүдийг нь хийлгэж өгөхгүй бол цагдаад өгөх гээд байна гэхээр нь би надад мөнгө байхгүй, aавын эмээлийн бааврыг ломбардад 100 000 төгрөгөөр тавьсан байгаа гэж хэлтэл тэрийгээ надад аваад өгчих би тэр ломбардаас очиж аваад таньдаг эгч дээрээ найдвартай хүнд тавьчихъя гэж хэлээд ломбардны бичгийг миний бичиг баримтын хамт аваад явсан. Хоёр долоо хоногийн дараа миний цалин буучихна асуудалгүй аваад өгчихнө. Энэ шүдний хэргийг зохицуулаадахъя гэж хэлсэн. Тэгээд 2 сарын дараа холбогдсон боловч утсаа авахгүй алга болчихсон. Тэгэхээр нь би дүү С*******тэй нь холбогдоод хэлсэн. Удалгүй аав нь ирж уулзсан. Тоног нь зарагдсан байна. Хийлгэж өгнө гэсэн. Тэгээд хийлгэж өгөхийг нь хүлээгээд Эрдэнэтэд байж байгаад хийж өгөхгүй болохоор нь би хот руу ажилтай байсан тул явсан. Манай эгч 2020 онд энэ талаар мэдээд цагдаад өргөдөл гаргаад өгсөн. Тэгтэл Э.М******* надтай холбоо бариад эгч чинь цагдаад өгсөн байна. Танай тоногууд чинь байгаа ломбардын хүн нь урдаас удахгүй ирчихнэ гэж ярьсан. Ингэж ярьчихаад  дараа нь мэдүүлэг өгөхдөө Х.Д******* надруу залгаад манай эгчид тэнд байгаа гэж хэл гэсэн гэж худлаа ярьсан байна лээ. Одоо 4 658 407 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Дээр үеийн хийцтэй хатуу хар мөнгөн баавар байсан. Манай аав ЗИЛ-130 машин, 7 адуугаар авч байсан. Хэрвээ би зарах байсан бол ломбардад граммлаж зарахгүй байх байсан. Зүгээр өөрөөр нь зарахад үнэ хүрэх байсан гэжээ.                                      

3.Хариуцагч Э.М******* анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Х.Д******* бид хоёр 2017 оны 11 сард Төгөл баян худалдааны төвийн караокены газар орсон. Х.Д******* н.Н*******-Эрдэнэ гэж хүүхнийг элдэв бусаар хэлж зодоон эхэлсэн. Би зодоогүй салгах гэж очсон. Н.Н*******г Х.Д******* цохисон гэдгээ хүлээсэн байгаа. Маргааш нь н.Н*******-Эрдэнэ Х.Д******* руу өөрөө ярьсан байсан. Тэгээд над руу ярьж байсан. Н.Н*******-Эрдэнийн ах нь цагдаад өгнө гээд шүдний мөнгө 600 000 төгрөг нэхээд байсан. Би цуг явсан, найз нөхөд учраас 100 000 төгрөг байснаа өгсөн. Тэр зодооныг Х.Д******* өөрөө эхлүүлсэн, өөрөө цохисон. Х.Д******* аавынхаа эмээлийн бааврыг ломбардад тавьсан байсан. Үүнийг тавиад өрөө дарчихаад дараа нь авъя гэж ярьж байсан. Миний бичиг баримт Завханд байгаа ирээгүй байна гэж ярьж байсан. Тэгээд би тухайн үедээ өөрийнхөө бичиг баримтаар бааврыг ломбардад тавьж өгсөн нь үнэн. Х.Д******* би хамт яваагүй гэж ярьж байна. Өөрийг нь байхгүй бол Х.Д*******ын бичиг баримттай байсан ч ломбард надад өгөхгүй. Ломбардны эзэн н.М*******  бид хоёртой цуг очиж анх барьцаанд тавьсан байсан ломбардны 110 хэдэн мянган төгрөгийг чөлөөлж авч байсан. Тэгээд 450 000 төгрөгөөр ломбардад тавьсан. Ломбардын бичгийг Х.Д*******т өөрт нь тэр дор нь өгч байсан. Х.Д******* тэр мөнгийг н.Н*******-Эрдэнэд аваачиж өгсөн. Х.Д******* дараа нь эмээлийн бааврыг 150 000 төгрөг нэмээд зарсан гэж надад хэлж байсан. Би 4 658 407 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Х.Д*******т эмээлийн хяр нь байгаа, эмээлийн бааврыг хяраар нь үндэслээд үнэлээд байгаа юм байна. Хярыг нь авч ирээд дахин үнэлгээ хийлгүүлмээр байна. Үнэлгээний газар сая үнэлгээ хийхдээ надтай холбоо бариагүй” гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э.М*******эс 4 658 407 /дөрвөн сая зургаан зуун тавин найман мянга дөрвөн зуун долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б*******, Х.Д******* нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 89 484 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 89 484  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б*******, Х.Д******* нарт олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Э.М*******, өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг нар давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг тайлбарлахдаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38.1, 47.1-д заасныг тус тус зөрчсөн.

5.1 Хариуцагч Э.М******* нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт гаргахдаа “Далай ван” аудитын гаргасан үнэлгээ болох 3 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус үнэлгээний газар намайг нэг ч удаа дуудаагүй, утсаар ч яриагүй байж ямар, хэний эмээлийн мөнгөн бааврыг үндэслэж үнэлгээ гаргасан юм, энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ гаргуулна гэсэн хүсэлтийг гаргасан боловч хангахаас татгалзаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 4 658 407 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэхэмжлээд байгаа үнийн дүнг ямар ч үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэх боломжгүй байхад “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлсэн 4 658 407 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ үнэлгээ нь цагдаагийн байгууллагад Х.Б******* хандаж үнэлүүлсэн үнэлгээ байх бөгөөд тухай үед талуудыг байлцуулаагүй цагдаад өргөдөл гаргагчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн үнэлгээ юм. Гэвч цагдаад хандсан өргөдлийн дагуу ажиллагаа хийсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг.

5.2 Хариуцагч Э.М******* нь маргаад байгаа үнэлгээг болон хариуцагч болоод хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь 2017 оны 11 дүгээр сарын дундуур Х.Д*******тай хамт явж байгаад Х.Д******* нь дэлгүүрээс гарахдаа 2 эмэгтэйд хандан “Эрдэнэтийн охид 2 пивоны үнэтэй” гэж хэлснээс болж тэнд байсан залуучууд хоорондоо муудалцаж тэнд байсан 1 эмэгтэй шүд хугарчихсан үйл явдал болсон. Үүнээс болж тэр эмэгтэйд шүдний төлбөр 600 000 төгрөг нэхээд байхаар нь хоёулаа ярилцаад Х.Д*******ын аавынх нь эмээлийн хар мөнгөн бааваруудыг Х.Д******* урт цагааны ломбарданд 100 000 төгрөгөөр тавьсныг шүүх хуралд гэрчээр орсон ломбардны эмэгтэй гэх Ц.М*******тай гурвуулаа хамт ломбарднаас барьцааг чөлөөлүүлж, Ц.М*******гийн тухайн үед Хүрэнбулаг багт ажиллуулж байсан ломбарданд 450 000 төгрөгөөр тавьж ломбардны бичгийг Х.Д*******т өгсөн тухай мэдүүлж хэлдэг. Үүнийг гэрч Ц.М******* мэдүүлээд байхад зөвхөн хариуцагч Э.Мөнх-Эрдэнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ нэхэмжлэгчийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзэж байгаа бол Х.Д******* талыг нь төлөх ёстой. Эдгээрийг нотлох баримт нь хэрэгт байхад анхан шатны шүүх үнэлээгүй, эргэлзээгүйгээр Э.Мөнх-Эрдэнийг буруутгасан. Хууль буруу тайлбарлаж, нэг талыг баримталж түүнд ашигтай шийдвэрлэж буй нь илтэд байна.

5.3 Мөн шинжээчийн “Халиун Капитал” ХХК, “Далай ван аудит” ХХК-ийн үнэлгээ, цагдаад өргөдөл гаргасан үед үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн эрс 3 өөр үнэлгээнүүд байхад ямар үндэслэлээр хамгийн их үнэлүүлсэн, хаагдсан хэрэг бүртгэлтийн хэргээс үнэлгээг үндэслэх нь зүйтэй гэсэн хууль зүйн үндэслэлээ анхан шатны шүүх дурдаагүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь үүнээс тодорхой байна

5.4 Талууд тухайн үед хэдэн мөнгөн хар баавар байснаа тодорхойлж ч чаддаггүй, нэхэмжлэгч гэх X.Д*******, Х.Б******* нар ч хэлж мэддэггүй.

Мөн үнэлгээ хийхэд хэрэгт өгсөн мэдүүлгээр болон хүсэлтдээ эмээлийн 2 хяр нь Х.Д*******т байгаа түүнийг үндэслэж үнэлүүлэх шаардлагатай гээд үнэлгээ хийлгүүлэхээр хүсэлт өгөөд байхад шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч Х.Б******* нь өөр маягийн түүнтэй төстэй мөнгөн цагаан бааврыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлээд байгаад анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Хэрэгт авагдсан хаагдсан хэргээс энэ бүхнийг шинэчлэн судалж шүүх дотоод итгэлээрээ үнэлэх ёстой байтал нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж нэг талыг баримталж хэргийг шийдвэрлээд байгаад шударга бус хандсан гэж үзэж байна.

5.5 Иймд Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 491 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.”, хэрэв хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзвэл Халиун капитал ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгч Х.Б*******, Х.Д******* болон түүний өмгөөлөгч О.Сарантуул нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр талуудын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан зарчмыг баримтлан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлж шийдсэн гэж үзэж байгаа. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл байхгүй. Хүчингүй болгох үндэслэл давж заалдах шатны шүүхэд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасан хэд хэдэн үндэслэл байх юм бол хүчингүй болгох тухай тогтоолыг хуульчилсан байдаг. Оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээж аваагүй гэдэг нь хуулиар олгогдсон эрхийг нь ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлт ирэхээр өөрөөр хэлбэл “Далай ван аудит” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гээд хариуцагч Э.М******* нь дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Ингэхдээ яг ямар үндэслэлээр тухайн шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх болоод байна вэ гэдэг талаар хангалттай үндэслэлийг зааж өгөөгүй учраас шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болсон. Шүүх хуралдаанд хариуцагч Э.Мөнх-Эрдэнийн хамаатан н.М******* гэх эмэгтэйг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Нилээн олон удаа шүүх хуралдаан хойшлоход дандаа онлайнаар оролцож байсан идэвхитэй гэрч. Гэрчээс хариуцагчийн өмгөөлөгч энэ хүнийг таниж байна уу гэж асуухад “би царайг нь мэдэхгүй байна. Би санахгүй байна” гэдэг. Давж заалдах гомдолд өмгөөлөгч бичихдээ М******* мэдүүлээд байхад өөрөөр хэлбэл Д*******т ломбардын бичгийг өгсөн гэдгийг мэдүүлээд байхад гэж бичсэн нь бодит байдалтай нийцэхгүй шүүх хуралдаан дээр ярилцсан зүйлийг мэдэж байсан мэт гэрчийн мэдүүлгийг гуйвуулж бичиж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөө талаар гэрч ямартай ч миний таньдаг хүн учир би өөрөө дагаж очоод бааврыг өгсөн юм аа. Дараа нь бааврыг би өөрөө Дархан-Уул аймагт худалдсан гэдэг зүйл ярьдаг. Одоо тэр үеийн ямар ч бичиг баримт байхгүй. Олон жилийн өмнө болсон явдал учир мартсан гэдэг байдлаар бүдгэрүүлээд явчихдаг. Өмгөөлөгч сая үнэлгээг тайлбарлахдаа энэ гурван үнэлгээнээс хамгийн бага үнэлгээ хийгдсэн 1 522 800 төгрөгийн үнэлгээ нь үндэслэлтэй гэж байна. Тэгэхээр Х.Д******* нь цул мөнгө гэх металлыг Э.М*******д өгөөгүй. Тодорхой хэмжээний хүний ажил хөдөлмөр шингэсэн эд хөрөнгийг найдвартай аваад өгнө, санаа зоволтгүй гэсэн учир найздаа туслаад өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр өмгөөлөгч “Халиун капитал” ХХК-ийн хийсэн 1 522 800 төгрөгийн үнэлгээгээр шийдэх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. “Далай ван аудит” ХХК-ийн хийсэн үнэлгээ болон цагдаагийн газарт өргөдөл шалгах явцад хийгдсэн үнэлгээ бол Монгол банкны ханшийг авсан. Мөн Монгол Дархан Урчуудын холбооноос мөнгөн бааврын хийц, мөнгөн бааврын үнэлгээг судалж хийсэн үнэлгээ учир анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон 4 658 000 төгрөгийн үнэлгээ бүхий “Ашит билгүүн” ХХК-ийн үнэлгээнд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Өнөөдөр зах зээлд алт, мөнгө, зэс зэрэг бүх металлын үнэ цэнэ олон улсын хэмжээнд өссөн байгаа. Үүнд шүүх нотлох баримтуудыг харьцуулан үзээд шүүгчийнхээ дотоод итгэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Сая өмгөөлөгч ярихдаа нэхэмжлэгч мөн юм уу, биш юм уу. Энэ тал дээр анхаараагүй учраас хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөнгөн баавар Х.Д*******ын эзэмшилд байсан. Х.Б*******, Х.Д******* нарын эцэг нь та нарын эд хөрөнгө шүү гэж үлдээсэн эмээлийн баавар байсан учир хоёулаа нэхэмжлэх эрхтэй. Тийм ч учраас Х.Д******* нь шаардаад өгөхгүй байсан тул эгч Х.Б******* нь Э.М*******эс шаардсан баримтууд хэрэгт авагдсан байна. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гомдолд дурдсан үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Х.Б*******, Х.Д******* нар нь хариуцагч Э.М*******д холбогдуулан эмээлийн бааврын үнэ болох 4 658 407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн тогтоолоор Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд үндэслэн 4 658 407 төгрөг гэж тодорхойлсон.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 10 ширхэг хар мөнгөн эмээлийн бааврын зах зээлийн үнэлгээг гаргуулах тухай хүсэлт гаргасныг хариуцагч зөвшөөрч байх тул шүүх шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн шийдвэрлэжээ.

4а. Шү*******с томилогдсон шинжээч Халиун капитал ХХК-ний хөрөнгийн үнэлгээ 1 522 800 төгрөг гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Далай ван аудит ХХК-ний Орхон аймаг дахь салбарыг томилсон байна.

4б. Далай ван аудит ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02/03-04 дугаартай хөрөнгийн үнэлгээ бүхий шинжээчийн дүгнэлтийг зохигчид эс зөвшөөрч дахин үнэлгээ гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар дүгнэхдээ ...шү*******с удаа дараа шинжээч томилон үнэлгээг тогтоолгосон боловч шинжээчээр томилогдсон Халиун капитал ХХК, Далай ван аудит ХХК-ний дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчсөн дүгнэлт гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй гэжээ.

4в. Шү*******с томилогдсон шинжээчийн дүгнэлтүүд хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол зохигчдын дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авах боломжтой байхад хэрэг бүртгэлийн шатанд шинжээчээр томилогдсон Ашид билгүүн ХХК-ний үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй.

4г. Орхон аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 393 дугаартай Прокурорын тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр буюу гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хаасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. /хх-8/

4д. Эрүүгийн хэргийг шалгах явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бичгийн нотлох баримт гэж үзэх ба талууд энэ талаар маргаж байгаа тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол гараагүй хэргийн шинжээчийн дүгнэлтийг иргэний хэргийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлсэн нь буруу бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасантай нийцэхгүй байна.

5. Нэхэмжлэгч Х.Б******* нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагчийг Э.М******* гэж тодорхойлсон ба өмгөөлөгчөөр О.Сарантуулыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг гаргасан байдаг. /хх-24/

5а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч О.Сарантуул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу хамтран нэхэмжлэгчээр Х.Д*******ыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

5б. Шүүх хамтран нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах эрхтэй боловч Х.Д*******ыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулахыг зөвшөөрсөн нэхэмжлэгч Х.Болор-Эрдэний зөвшөөрөл болон хамтран нэхэмжлэгчээр оролцох ёстой гэж үзэж байгаа Х.Д*******ын зөвшөөрлийг харгалзан үзэх ёстой байсан ба энэ ажиллагааг шүүх орхигдуулсан гэж үзнэ.

6. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг 89 484 /наян есөн дөрвөн зуун наян дөрвөн мянга/ гэж бичсэн байгаа нь хойшид анхаарвал зохих алдаа бөгөөд энэ төрлийн алдааг гаргахгүй байх бүрэн боломжтой байх тул магадлалд дурдах нь зүйтэй.

7. Иймд давж заалдах шатны шүүх маргаантай шинжээчийн дүгнэлтээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.7.-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 132/ШШ2022/00491 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89 500 /наян есөн мянга таван зуу/ төгрөгийг хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгт шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ХҮРЭЛБААТАР

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ

 

                                                                                     

                                        ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ