Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 667

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Улсын яллагч: П.Даваасүрэн,

            Шүүгдэгч З.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Батнасангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Зоригтын М-ад холбогдох эрүүгийн 1709023100278 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.Мнь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Репаблик паабын цонхоор 2017 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө нэвтэрч, орлогын 502,000 төгрөг, зөөврийн компьютер, хяналтын камерын хард диск хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед найзуудтайгаа архи уучихаад согтуу явж байгаад ажил руугаа цонхоор нь орж хард диск, нөүтбүүк, бэлэн мөнгө авсан. Согтуу явж байгаад ажил руугаа ороод авчихсан байсан. Хохирлыг биет байдлаар буцаан өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 14-15 дугаар хуудсанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 9 дүгээр хуудсанд гэрч Анхбаярын мэдүүлэг, 59-60 дугаар хуудсанд З.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч З.М-: Тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 94, 95 дугаар хуудас/

Шүүхээс шүүгдэгч З.М-ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

НЭГ: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч З.Мнь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Репаблик пабын цонхоор 2017 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө нэвтэрч, орлогын 502,000 төгрөг, зөөврийн компьютер, хяналтын камерын хард диск хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

хохирогч Ч.Одгэрэлийн: “...Миний бие Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 50-р дэлгүүрийн зүүн талын Репаблик нэртэй рестораныг 2015 оны 06 сараас одоог хүртэлх хугацаанд ажиллуулж байгаа бөгөөд өчигдөр буюу 2017 оны 11 сарын 26-наас 27-ны шилжих шөнийн 01 цагийн үед рестораныхаа ажиллагааг зогсоогоод хаагаад явсан юм. ...тэгээд би өглөө ажил дээрээ ирэхэд манай менежер Ганчимэг надад манай оффисын өрөөнд хулгай орсон шиг байна, учир нь цонх нь онгорхой, хувцасны шкафанд хийсэн орлогын мөнгө, хяналтын камерын хард төхөөрөмж зэрэг эд зүйлс алга болсон байна гэж надад хэлсэн юм. Орлогын мөнгө болох 502.000 төгрөг, макбүүк 700.000 төгрөгөөр, хяналтын камерын хард төхөөрөмжийг 500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ Apple брэндийн Macbook зөөврийн компьютерийн үнэлгээ 1.500.000 төгрөг, хяналтын камерын хар хайрцаг 450.000 төгрөг /хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудас/,

З.М-ын яллагдагчаар өгсөн: “...тэр цагаан өнгийн нөүтбүүк нь Макбүүк байсан ба тухайн үед машин доогуур хаячихсан гэж санаж байсан юм. Гэтэл би тэр макбүүкийг биедээ авч явж байгаад гэртээ аваачаад нуучихсан байна лээ. Би түүнийг гэрээсээ олсон учраас буцааж Одгэрэл эгчид хүлээлгэн өгсөн юм. Би репаблик паабын арын хашааг давж, аваарын шатаар дээш 3 давхар луу гарч цонхыг нь өшиглөж ороод эд зүйл хулгайлан авч гарсанаа санаж байна…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг нь газар дээр нь шалгасан тэмдэглэл “...Мэдүүлгээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Репаблик пабын хойд талын дээвэр гарч ертөнцийн зүгээр урд зүгт явахад пабын дээврийн хөндийн өргөтгөлийн ертөнцийн зүгээр урд талын жижиг вакум цонхоор орсон гэж яллагдагч М- заасан учир өөрөөр нь түлхэж орсон цонхыг заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч яллагдагч З.М-ын заасны дагуу бэлнээр 502.000 төгрөг авсан гэх мөнгөний кассын болон нөүтбүүк байсан гэх газрыг өөрөөр нь заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч тэмдэглэлд тусган хавсаргав. /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, З.М-ын бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор З.М-ын эцэг болох Зоригтоос хохирогч Чулуунбатын Одгэрэлийн 417019246 дугаартай данс руу “хохирол барагдуулав” гэсэн төлбөрийн зориулалтаар 2.200.000 төгрөг шилжүүлсэн байх ба, хохирогч Ч.Одгэрэл нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэргийн материалтай танилцахдаа “...ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэсэн хүсэлтээ гаргасан байх ба эдгээр баримтууд нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.

ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчаас: “…Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх…” гэсэн саналыг,

Шүүгдэгч З.М-аас “…Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч З.М-ад ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдсэн хэргийн хор уршиг, хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

ГУРАВ: Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Боржигон овогт Зоригтын М-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. З.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй З.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч З.М-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.ИДЭР