Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1124

 

З.М-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Батнасан,

шүүгдэгч З.М-ын өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.М-ын өмгөөлөгч Л.Хэрлэнчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор З.М-д холбогдох эрүүгийн 1709023100278 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн З.М, ................................./;

З.М нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Репаблик” пабын цонхоор 2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө нэвтэрч, орлогын 502.000 төгрөг, зөөврийн компьютер, хяналтын камерын хард диск зэрэг эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: З.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт З.М-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, З.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, З.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч З.Мыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Мын өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг гаргасан давж заалдах гомдолдоо: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Шүүгдэгч З.Мыг анхан шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Репаблик” гэх пабад нэвтэрч, орлогын гэх 502.000 төгрөг, зөөврийн компьютер, хяналтын камерын хард дискийг зөвшөөрөлгүйгээр авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийи 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэх мэт хэргийн талаар нотолбол зохих асуудлыг эргэлзээгүй нотлоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн “хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох” хууль зүйн шаардлага хангагдаагүй. Өөрөөр хэлбэл З.М нь “...найзуудтай архи уучихаад согтуу явж ажил руугаа цонхоор нь орж хард диск, нөүтбүүк, бэлэн мөнгө авсан...” гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч, прокурор нь дээрх хуульд заасан үүргээ бүрэн гүйцэтгээгүй. Тодруулбал, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/493 дүгнэлтээр хэргийн газрын үзлэгээр хураан авсан гарын мөр нь гарын мөрийн адилтгалын шинжилгээнд тэнцээгүй, хэргийн газрын үзлэгээр илэрсэн гутлын мөр нь шүүгдэгч З.Мын гутлын мөр мөн эсэхийг шалгаагүй, мөн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар тогтоолоор “...З.Мыг дахин байцааж, орлогын 502.000 төгрөг хулгайлсан эсэх, хулгайлсан бол хэрхэн зарцуулсан болохыг тодруулах шаардлагатай” гэсэн үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан боловч уг тогтоолд заасан ажиллагааг хийлгүйгээр 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэхээр санал гаргажээ. Дээр дурдсанчлан хэргийн бодит байдлыг буюу шүүгдэгч хэдийгээр хэргээ өөрөө хүлээсэн боловч энэ нь бусад баримтаар эргэлзээгүй нотлогдож байгаа эсэхийг бүрэн гүйцэт шалгаж тодруулаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийи 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч З.Мын өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруу дээр маргаагүй. Миний хувьд анх удаа эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцож байгаа. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан гомдлоосоо татгалзах хүсэлтэй байсан. Шүүгдэгч З.Мын хувьд ч гомдлоосоо татгалзана гэж хэлсэн. З.Мтай 2 дахь өдөр ар гэрийнхэнтэй нь хамт очиж уулзахдаа гомдлоосоо татгалзах шийдвэрт хүрсэн. Хамгийн гол нь хүсэлтийг нь бичгээр авч чадаагүй байна. Иймд хүсэлтийг бичгээр авах боломжийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн саналтай орж ирсэн. Гэхдээ өмгөөлөгчийн хувьд гомдлын агуулгыг өөрчилж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Р.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “З.Мад холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч гомдлынхоо агуулгыг өөрчилж байгаа тул хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

З.М нь 2017 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Репаблик” пабын цонхоор нэвтэрч, орлогын 502.000 төгрөг, зөөврийн компьютер, хяналтын камерын хард диск зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ч.Одгэрэлийн “...ресторан дотор зөөгч Ч.Анхбаяр, А.Батгэрэл нар үлдэж, ажил дээр хоносон юм. Учир нь, тэр хоёр өглөө ажиллах ээлжтэй болохоор тэндээ хоночихдог юм. Тэр хоёрыг шөнө унтаж байхад 02 цагийн үед манай рестораны ахлах тогооч З.М ажил дээр ирж хэсэг байж байгаад явсан бөгөөд юу яриад байгаа нь ойлгогдохгүй, согтуу орж ирж 20 минут орчим болоод гарсан гэсэн. Тэгээд З.Мыг гарснаас хойш 30 орчим минутын дараа манай ресторан дотор шилэн хаалга, цонх түлхэж онгойлгож байгаа юм шиг чимээ гарахаар нь тэр хоёр тухайн үедээ оффесийн өрөөг саналгүй нэг, хоёрдугаар давхарын цонх, хаалгануудыг бүрэн бүтэн эсэхийг нь шалгачихаад зүгээр байна гээд эргээд унтсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-5-6/, гэрч А.Батгэрэлийн “...шөнө 02 цаг өнгөрөөд байж байх үед манай ахлах тогооч орж ирсэн. Бага зэрэг архи уучихсан байсан. Тэгээд дахиж архи уух гэж байгаа юм болов уу гэж бодсон чинь гараад явсан. Тэгээд 10 минутын дараа нэг дуу чимээ гарсан. Тэгээд Ч.Анхбаярын хамт доошоо нэг давхар руу шалгах гээд буухад ямар нэгэн сэжигтэй зүйл анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-8/, гэрч Ч.Анхбаярын “...шөнө 02 цаг 20 минутын үед манай ажлын ахлах тогооч З.М согтуу орж ирсэн. Тэгээд орж ирчихээд галын дохиолол чинь дугараад байна, энийгээ унтраагаач гэж над руу хүн яриад байна гээд орж ирсэн юм. Тэгээд надаас оффесийн түлхүүр асуухаар нь би яах гэж байгааг асуухад захирлаас утас авах ёстой, түлхүүр нь байна уу, өрөөнд нь байгаа гэсэн гэхээр нь би түлхүүр байхгүй гээд өгөөгүй. 20 орчим минут болоод гараад яваад өгсөн. Гарсных нь дараа 30 орчим минутын дараа цонх цохиж байгаа чимээ сонсогдохоор нь би доошоо бууж шалгахад хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-9/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-15/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-17/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-46/, шүүгдэгч З.Мын яллагдагчаар өгсөн “...би Репаблик пабын арын хашааг давж аваарын шатаар дээш 3 давхар руу гарч цонхыг нь өшиглөж ороод эд зүйл хулгайлан авч гарснаа санаж байна. Харин авч гарсан цагаан өнгийн нөүтбүүкийг машин доогуур хаяаагүй, гэртээ аваачаад нуусан байсныг саяхан мэдсэн. ...би орлогоо хийдэг касснаас 502.000 төгрөг бэлнээр авсан.” гэх мэдүүлэг /хх-59-60/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч З.Мыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч З.Мын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар зүйлчилсэн хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тухайн зүйлд зааснаас хөнгөн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Мын өмгөөлөгч Л.Хэрлэнчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч шүүх хуралдаанд давж заалдах гомдлын агуулгаа өөрчилж тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Мын өмгөөлөгч Л.Хэрлэнчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 

                                     ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ