Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 575

 

                                                        К.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр магадлалтай К.С-д холбогдох эрүүгийн 1913001700117 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1985 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, малчин, ял шийтгэлгүй Ш овогт К-ны С

К.С нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Муссо загварын 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөны дүрмийн 3.7а/, 3.4б/, 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас түүний жолоодон явсан автомашин онхолдож, зорчигч М.Б-ийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.С-ыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн М.Б-ийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж 24 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.С, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.  

Хяналтын шатны шүүхэд  шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг. К.С 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийнхөө Муссо маркийн 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасны улмаас нэг зорчигч нас барж, өөрийнх нь эрүүл мэндэд хүнд хохирол учирсан.

Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч К.Серикбол Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 438 дугаартай дүгнэлтэд дурдсан “Тархины цахилгаан бичлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг дүгнэлт: Эмгэг-2 ерөнхий өөрчлөлттэй, дүгнэлт: Баруун талын чамархай хэсгийн тархины эдийн няцрал духны баруун талын хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун талын зулай чамархай хацарны ясны хугарал цууралттай. Сэтгэцийн онош: тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил /F07.2/” гэсэн оноштойгоор одоо болтол эмчийн байнгын хяналт доор эмчлүүлж байгаа нь хэрэгт цугларсан өвчтөний карт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдоно.

Үйлчлүүлэгч К.С нь анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж өгсөн юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс К.С-ийг анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгөх талаар үндэслэл бүхий санал дүгнэлт гаргасан, улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжсэн байр сууринаас шүүх хуралдаанд оролцсон юм.

Нөгөө талаас хохирогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “...К.С нь манай гэрт хөрш ойрхон амьдардаг учраас түүний эрүүл мэндийн байдал болон аж амьдралын талаар сайн мэдэж харж байгаа. Өөрөөр хэлбэл К.С нь одоогийн байдлаар байнгын бусдын асрамж хараанд байгааг өөрийн нүдээр харж үзэж байна. Дээрээс нь К.С-ийн ар гэрийн байдал маш хүнд 6 нялх хүүхэдтэй, эхнэр нь саяхан амаржсан, биеийн байдал нь тааруу байна... Хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно... шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэсэн хүсэлт гаргаж оролцсон.

Гэтэл шүүхээс хохирогч, улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авалгүй шийдвэрлэснийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй явдал болсон гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулж шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хэргийн бодит байдал, үйл баримттай тохирсон. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутагт К.С нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 3.4б, 3.7а, 12.1, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас түүний жолоодож явсан “Муссо” загварын 00-00 БӨА дугаартай автомашин онхолдож, зорчигч М.Б-ийн амь нас хохирсон үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх хөдөлбөргүй тогтоож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл  байдлын талаар хэргийн  бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн уг хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуульд тодорхойлон заасан, дээр дурдсан нийтлэг болон тусгайлсан үндэслэл, зарчмыг удирдлага болгох болон харгалзан үзсэнээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан хоёроос найман жил хүртэл хорих ялын доод хэмжээний буюу хоёр жил хорих ялыг шүүгдэгч К.С оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР