Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2018/0415/З |
Дугаар | 001/ХТ2020/0422 |
Огноо | 2020-12-14 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2020/0422
Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн
Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг
дарга, Улсын бүртгэлийн ерөнхий
газарт тус тус холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 189 тоот шийдвэрийн Э.А-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 тоот шийдвэрийн Э.А-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 263 тоот захирамжийн Ж.Т-т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 029 тоот захирамжийн Ж.Т-т холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх 2 дугаар гудамж, 2761 тоот Ү-2204026075 улсын дугаартай 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Ж.Т-ын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 2 дугаар гудамж 2761 тоот Ү-2204026075 дугаартай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б.Э, Б.Н нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 1 дүгээр гудамж 2680 тоот Ү-2204021100 улсын дугаартай 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Э.А, Э.А нарыг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 374 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, А.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Э, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, гуравдагч этгээд Ж.Т, Д.А, тэдгээрийн өмгөөлөгч С.Г, гуравдагч этгээд Б.Э, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Н.Д, гуравдагч этгээд Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Е, гуравдагч этгээд “Хасбанк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нарыг оролцуулж,
Гуравдагч этгээд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 263 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжийн Ж.Т-т холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Ү-2204026075 улсын дугаартай, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх 2 дугаар гудамж, 2761 тоот газрын өмчлөгчөөр Ж.Т-ыг бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 2 дугаар гудамж 2761 тоот Ү-2204026075 дугаартай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б.Э, Б.Н нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Б-с тус шүүхэд хандан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 189 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Э.А-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-2204021100 улсын дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 1 дүгээр гудамж 2680 тоот газрын өмчлөгчөөр Э.А, Э.А нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 374 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Т, Д.А нарын өмгөөлөгч, гуравдагч этгээд Б.Э, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч, гуравдагч этгээд “Хасбанк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Гуравдагч этгээд Б.Э, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Н.Д нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах тухай заасан. Гэтэл нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 93, 94 дүгээр зүйлүүдийн заалтын дагуу гомдлоо гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтуудыг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлээ анх 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан олон нотлох баримтаар нотлогдож байгаа. Гуравдагч этгээд Ж.Т газар эзэмших захирамжаа 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргуулсан. Энэ талаар мэдмэгцээ л 30 хоногийн дотор нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн бол гомдол, нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Гэрч Д.Т ч газар, байшингаа бусдад шилжсэн талаар нэхэмжлэгч 2007 онд мэдсэн гэж гэрчилсэн.
5. Мөн нэхэмжлэгч Г.Б нь Д.Т-ийн хамт Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ж.Т, Д.Т-ийн хашаа, байшингийн өмчлөх эрхийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн хариу мэдэгдэх хуудас авсан байна. Иймд Г.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 31-ний өдөрт багтаан гомдол, нэхэмжлэлээ гаргаж болох байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан талаар зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 263 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандсан, уг гомдлынхоо хариуг Баянзүрх дүүргийн газрын албанаас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр авсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж илт зөрчилтэй дүгнэлт хийж бидний давж заалдах гомдлыг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 8/1420 дугаартай албан бичгээс үзэхэд Г.Б нь 2019 онд тус газарт эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан бололтой.
6. Гэвч энэ нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй байх үндэслэл биш атал давж заалдах шатны шүүх илэрхий нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийжээ. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөв хэрэглэж маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийсэнгүй. Хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч Г.Б нь нөхрийнхөө хамт Д.Т-аас авсан 3700 долларын өрөнд хашаа, байшингаа өгсөн. Д.Т, Н.Д, Ж.Т нар уг хашаа, байшинг Б.Э, Б.Н нарт зуулчлалын компаниар дамжуулан худалдсан нь тодорхой байна. Улмаар Н.Д нь Ж.Т-тай хамтран амьдрахаа больсныхоо дараа Д.Т-тай үгсэн, өмнө авсан 4 сая төгрөг дээрээ мөнгө нэмж авах зорилгоор Ж.Т-ыг залилагч болгохоор хуулийн байгууллагад хандсан нь илэрхий байна. Энэ нь Н.Д, Д.Т, Г.Б нарын эрүүгийн хэрэгт өгсөн болон захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдсан мэдүүлгүүд, өргөдөл зэргээс тодорхой ойлгогдоно.
7. Г.Б ч 3700 доллароо буцааж өгөөгүй болохоор мөн л Д.Т-тай үгсэн захиргааны хэрэгт нэхэмжлэгч болжээ. Гэвч Д.Т-аас 3700 доллар аваад буцааж өгөөгүй тул Г.Б-ийн эрх, ашиг сонирхол огт хөндөгдөөгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Г.Б-ийн зүгээс газраа өөр этгээдэд шилжүүлсэн гэх үйл баримт байхгүй гэж буруу дүгнэжээ. Иймд дээр дурдсан болон бусад нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн заалтыг болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Г.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Гуравдагч этгээд Д.А, Ж.Т, Э.А нарын өмгөөлөгч С.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдлыг цугларсан нотлох баримтын хүрээнд зөв үнэлэлт өгсөнгүй төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн оролцогч Э.А-ийг оролцуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, маргаан бүхий газрыг зарж борлуулсан мөнгийг тэнцүү хувааж авсан Б.Д-ыг татан оролцуулаагүй.
9. Шийдвэр, магадлалдаа нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай давхцуулан газар олгосон нь буруу байна гэж дурдаад байгаа нь ойлгомжгүй гэж үзэж байна. Тухайн хэрэг маргааны гол зүйл бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байдаг бөгөөд маргаан бүхий газрыг өмчлөх эрх, өмчлөлийн гэрчилгээ гэж гараагүй байсан нь маргааныг хуульд заасан үндэслэлтэй шийдсэн гэж үзэх үндэслэлгүй болгоод байгаа юм. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг яаж тоолж, хэрэглэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байгаа нь шийдвэр, магадлалд тусгагдаагүй гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
12. Шүүхүүдийн дүгнэсэнчлэн, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Б-т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/133 дугаар захирамжаар тус дүүргийн 2 дугаар хороо 35-799 тоотод газар ашиглах эрхийн үнэмлэх олгосон ба хожим нь уг газар хоёр хуваагдаж хэд хэдэн удаа хаягийн өөрчлөлт хийгдэн одоогийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 13 дугаар гудамжны 1113, 1114 тоот болж өөрчлөгджээ.
13. Энэхүү маргаан бүхий газрын нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 13 дугаар гудамжны 1113 тоот 255 м.кв газар /түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгө/-ыг одоогоор гуравдагч этгээд Д.А өмчилж байгаа бөгөөд шүүхээс түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй байна.
14. Харин нөгөө хэсэг газар буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 13 дугаар гудамжны 1114 тоот 213 м.кв газарт 2000 оны 08 дугаар сарын 14-нөөс хойш нэхэмжлэгч Г.Б болон Б.Б нарын 6 иргэн 103 м.кв 2 давхар амины орон сууц өмчилдөг /0022984 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй/ бөгөөд өнөөдрийг хүртэл уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийгдээгүй боловч тухайн маргаан бүхий газрыг иргэн Л.Н-ээс гуравдагч этгээд Д.А авч улмаар Ж.Т-т шилжүүлсэн, гуравдагч этгээд Ж.Т нь тухайн газар болон түүнд дээрх амины орон сууцыг өмчлөх эрхтэй болж улмаар гуравдагч этгээд Б.Э, Б.Н нарт худалдсан үйл баримт тогтоогджээ.
15. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Г.Б нь өөрийн эзэмшил газар болон түүн дээрх өөрийн өмчлөлийн амины орон сууцыг бусдад шилжүүлэх талаар ямар нэгэн хүсэлт, шаардагдах бичиг баримтыг холбогдох захиргааны байгууллагад гаргаж байгаагүй, түүний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нь дээрх газрыг маргаан бүхий актуудаар гуравдагч этгээд Д.А-д, Д.А-аас Ж.Т-т тус тус шилжүүлж газар эзэмших, өмчлөх эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.“Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 38 дугаар зүйлийн 38.3.“Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:” 38.3.1.“энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”; 38.3.2.“шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”; 38.3.3.“эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”-ийг шалгах үүргээ зөрчсөн, нэхэмжлэгчийн хувьд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар газар эзэмших эрх нь дуусгавар болоогүй, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэснийг зөрчсөн, хууль бус талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.
16. Мөн маргаан бүхий газар дээрх нэхэмжлэгч Г.Б болон нэр бүхий иргэдийн амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл буюу 0022984 дугаартай гэрчилгээ хүчин төгөлдөр байхад түүнтэй давхцуулан гуравдагч этгээд Ж.Т-ыг өмчлөгчөөр бүртгэсэн 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Ү-2204026075 дугаартай улсын бүртгэл болон уг бүртгэлд гуравдагч этгээд Б.Э, Б.Н нарыг өмчлөгчөөр /өөрчилж/ бүртгэсэн 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Ү-2204026075 дугаартай улсын бүртгэл хууль бус юм /Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь Эхийн 2 дугаар гудамжны 2716 тоот гэсэн хаяг нь одоогийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 13 дугаар гудамжны 1114 тоот болж өөрчлөгдсөн/.
17. Иймд, “...шүүхүүд хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй, шийдвэр, магадлалдаа нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай давхцуулан газар олгосон нь буруу байна гэж дурдаад байгаа нь ойлгомжгүй, тухайн маргааны гол зүйл бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байдаг бөгөөд маргаан бүхий газрыг өмчлөх эрх, өмчлөлийн гэрчилгээ гэж гараагүй байсан нь хэргийг үндэслэлтэй шийдсэн гэж үзэх боломжгүй байгаа юм...” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-8-д заасан гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
18. Мөн нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр эрүү, иргэн, захиргааны журмаар тасралтгүй маргаж ирсэн, Захиргааны хэргийн шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч, шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хариуцагч нийслэлийн Засаг даргад хандаж, хариуг 2018 оны 05 дугаар сарын 14-нд авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гарган, шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар хэрэг үүссэн байх тул “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх /Тодорхойлох хэсгийн 4-6, 9/ хяналтын гомдлыг хангах боломжгүй.
19. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан ба гуравдагч этгээд Ж.Т-тай амьдарч байсан Б.Д-ын тухайд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байх тул түүнийг гуравдагч этгээдээр татах шаардлагагүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, мөн үндэслэлээр гуравдагч этгээд Д.А-ийн хамтран өмчлөгч Э.А-ийг хэргийн оролцогчоор оролцуулах шаардлагагүй /Д.А-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн/ тул “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-д заасан хяналтын гомдол үндэслэлгүй.
20. Мөн тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-7-д заасан “...нэхэмжлэгч Г.Б нь нөхрийнхөө хамт Д.Т-аас авсан 3700 долларын өрөнд хашаа, байшингаа өгсөн. Д.Т, Н.Д, Ж.Т нар уг хашаа, байшинг Б.Э, Б.Н нарт зуулчлалын компаниар дамжуулан худалдсан нь тодорхой байна. Улмаар Н.Д нь Ж.Т-тай хамтран амьдрахаа больсныхоо дараа Д.Т-тай үгсэн, өмнө авсан 4 сая төгрөг дээрээ мөнгө нэмж авах зорилгоор Ж.Т-ыг залилагч болгохоор хуулийн байгууллагад хандсан нь илэрхий байна, Г.Б ч 3700 доллароо буцааж өгөөгүй болохоор мөн л Д.Т-тай үгсэн захиргааны хэрэгт нэхэмжлэгч болжээ...” гэх мэт асуудал нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш тул дүгнэлт өгөх шаардлагагүй. Харин гуравдагч этгээд Б.Э, Б.Н нь өөрт учирсан хохирлыг холбогдох этгээдээс зохих журмын дагуу шаардах эрх нь нээлттэй.
21. Иймээс шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээд нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 374 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Т, Д.А, Э.А нарын өмгөөлөгч С.Г, гуравдагч этгээд Б.Э, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Н.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээд нараас тус бүр тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ