Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 00301

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баянбилэг, В.Энхболд, Б.Отгонцэцэг, Л.Цогтбаяр,

Шүүгдэгч М.П, О.Д, М.Б, Ш.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д, М.Б, Ш.Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б нарт холбогдох эрүүгийн 201622000757 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш.Х.

Монгол улсын иргэн, М.П.

Монгол улсын иргэн, М.Б.

Монгол улсын иргэн, О.Д.

Үйлдсэн хэргийн товч утга: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч О.Д, Ш.Х, М.П нар нь 2016 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 19 дүгээр гудамжинд нийтийн хэв журмын бүлэглэн зөрчиж иргэн Ч.О, Б.А, Ш.Б нарт хүч хэрэглэж Ч.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ш.Б, Б.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч М.Б нь 2016 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 19 дүгээр гудамжинд хохирогч Ш.Б-н гар утас, түрийвч, цэнэглэгч, сахлын татуурга, бэлэн 27.000 төгрөг зэрэг 73.000 төгрөгийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Д, Ш.Х, М.П нар нь 2016 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 19 дүгээр гудамжинд нийтийн хэв журмын бүлэглэн зөрчиж иргэн Ч.О, Б.А, Ш.Б нарт хүч хэрэглэж Ч.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ш.Б, Б.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч М.Б нь 2016 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 19 дүгээр гудамжинд хохирогч Ш.Б-н гар утас, түрийвч, цэнэглэгч, сахлын татуурга, бэлэн 27.000 төгрөг зэрэг 73.000 төгрөгийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд 9  дүгээр хороонд байх “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн арын засмал замаар зүүн тийш яваад уулзвар дээр буюу 14 дүгээр хорооны “Оюу” дэлгүүрийн баруун талын засмал зам дээр явж байтал араас 4-5 залуучууд ирээд “тамхи байна уу” гэж Магнай ах бид хоёроос тамхи асуусан. Тэгээд байхгүй гэдгээ хэлсэн чинь миний хойноос хүзүү хэсэг рүү архины шилээр цохиж газарт унагаад тал талаас өшиглөсөн. Тэгээд дээшээ хараад хэвт гээд байсан. Тэгээд дээшээ хараад хэвтэх гэхээр дээрээс дэвсчих гээд байсан. Тэгээд мөнгө төгрөг байна уу гээд нэгжээд байхаар нь би түрийвчтэй мөнгөө өмдний хажуу талын халааснаас гаргаад цасан дээгүүр гулсуулаад шидчихсэн юм. Тэгээд нөгөө залуучууд би хүн алчихлаа гэнэ үү, хүн зодчихлоо гэнэ үү нэг залуу нь муухай хашгирсан чинь бүгдээрээ ертөнцийн зүгээр хойшоо гүйгээд гудамж тойроод алга болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-37 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид хоёрын хойноос нэг хүүхэд гүйж ирээд “тамхи байна уу” гэж асуусан. Би байхгүй гэсэн чинь өндөрдүү шар царайтай монхор хамартай залуу нь гараараа миний зүүн нүд рүү цохиод унагасан. Тэгээд би ухаан алдчихсан байсан. Нэг мэдэхэд миний цээжин дээр нэг залуу суучихсан байсан. Би тэр залууг танихгүй. Тэгээд миний энгэрийн карманд байсан Нокиа маркийн утас, 27.000 төгрөг байсан хар өнгийн түрийвч, 1000 төгрөг байсныг аваад явсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-44 дүгээр хуудас, 3 дугаар хх-ийн 99-100 дугаар хуудас/,

Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…ертөнцийн зүгээр баруун тийшээ яваад 9 дүгээр хорооны ойролцоо явж байтал над дээр гурван залуу ирээд “тамхи байна уу” гэсэн. Тэгээд тамхи байхгүй гэсэн чинь “та тамхи татаж таараа шүү дээ” гээд толгой руу нэг залуу нь хавтгай модоор цохисон. Тэгээд хальтираад газарт унатал миний нүүр ам руу өшиглөөд унасан. Тэгээд тархи толгой эргээд мэдэхгүй болчихсон. Би тэр зодуулсан газраасаа яваагүй тэндээ байж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 30 дугаар хуудас/,

     Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 28-ны өглөөний 08 цаг 20 минутад үхэр мөөрөөд байгаа юм шиг сонсогдохоор нь сонсоод байсан чинь үхэр мөөрч байгаа биш согтуу хүн дуугараад байгаа бололтой сонсогдохоор нь гэрээсээ гараад хашаан дотор хураасан банзнууд дээр гараад хартал манай хашааны зүүн үзүүрт согтуу хүн байсан. Манай хашаа гудамжны зүүн үзүүрийн хашаа юм. Манай зүүн талд хашаа налсан сууж байсан. Тэгээд тэр хүнийг босоорой, гэртээ ороорой гэсэн чинь нэлээд согтуу бололтой дуугарч чадахгүй авиа гаргаад байсан. Тэгээд 08 цаг 30 минутад цагдаа дуудсан. Тэгээд буцаад галаа түлчихээд нөгөө хүн дээр очоод ямар байдалтай байгааг харсан чинь хүнд зодуулсан бололтой нүүр нь хөхөрсөн, хамар, нүүр хэсэг нь цус болсон байсан“ гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд гараад удаагүй байж байтал аавын ээжийнх нь хүүхэд Э манай гэрт орж ирээд М ах, О ах хоёр хүнд зодуулчихсан байна. Магнай ахад дэр дэрлүүлсэн чинь цус нь тогтохгүй, цус нь гараад байна. Эмч дуудах юм уу, та өөрөө очиж хар гэсэн. Тэгээд О-н эхнэр Л манай гэрт орж ирсэн. Э манай гэрт ирэхдээ О ахыг дагуулж ирсэн. Тэгээд машинаа асаагаад Л эгч машин бариад зодуулсан гэх газраа түрийвчээ шидсэн очиж авъя гээд зодуулсан газраа очсон. Тэгээд зодуулсан газарт нь О ахын бор түрүүвч байсан. Тэгээд Э-н гэрт очсон чинь манай аав Б хэвтчихсэн ёолоод байсан. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Гэрч Б.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...П тамхи байна уу гээд Б-г сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Б-н кармааг ухаж үзэхэд хоосон хар өнгийн түрийвч гарч ирсэн. Тэр түрийвчийг П гал руу хийчихсэн. Тухайн үед гал асч байсан болохоор шатчихсан. Би яагаад шатааж байгаа талаар ямар нэгэн зүйл асуугаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

Гэрч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны сүүлээр шинэ жил болохоос өмнө сар, өдрийг нь сайн санахгүй байна. Нэг өглөө босоод иртэл манай “Идэрбүрэн” дэлгүүрийн баруун хойд булангийн хашааны банз байхгүй болчихсон байхаар нь тэр хавиар хайгаад олдоогүй байхгүй л байсан. Тэгэхээр нь би хашаан дотор байсан банзыг аваад хадчихсан байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Гэрч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай ээжийн төрсөн дүү Б, манай хүргэн О нар манай гэрт орж ирсэн. Манай гэрт орж ирээд хоёр ахыг нь хүн зодчихлоо, утас түрийвчээ алдчихлаа гэж хэлсэн. Б ах манайд орж ирэнгүүтээ манай гэрийн галын урд унаад өгсөн. Б ах ахдаа дэр өгчих хэвтье гээд байсан. Дэр авч өгсөн дэрлэсэн дэр нь цус болсон байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Гэрч А.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг П-н гэрт унтаж байхад буюу шөнийн 04 цагийн орчимд хүмүүс дуугарах чимээ гараад гаднаас манай найз нар болох Х, П, Б, Д дөрөв орж ирсэн бөгөөд юу болсон талаар асуухад зодоон болсон гэж хэлсэн. Тэгээд намайг П-н гэрийн хойд талын орон дээр унтаж байсан чинь надад өөр газарт ор засч өгөөд би зассан орон дээр нь очиж суусан. Тэгээд байж байтал Б гартаа хар өнгийн түрийвч барьчихсан тэр түрийвчин дотроос хог гээд жижиг цааснууд гаргаж хаяж байсан. Тэгээд унтъя гээд ор засаад унтаж амарцгаасан. Тэгээд өглөө босоод байж байтал П-н гэрийн хойморт байрлах мөлхөө тавилга дээр Нокиа маркын гар утас байхаар нь аваад өөрийнхөө юнителийг симийг хийчихээд гал түлэх гээд гадаа гарч мод оруулаад гал түлэх гэж байтал  П-н ах П гаднаас орж ирээд холбоо явлаа гээд буцаад гараад явсан. Ингээд байж байтал цагдаа нар ирээд бид нарыг цагдаа дээр авчирсан” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 101-103 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай

  1. Ч.О-н биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Ч.О-н биед дагзанд зулгарсан шарх, тархи доргилт бүхий гэмтэл учирсан байна.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 71 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 55 дугаартай

  1. Б.А-н биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Б.А-н биед доод уруулд шарх, зургаан хурууны үзүүр хэсгийн хөлдөлт, тайрагдал бүхий гэмтэл учирсан ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Доод уруулд учирсан шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бусад хурууны хөлдөлт, тайрагдал нь хүйтний нөлөөгөөр үүснэ.
  5. Уруулд учирсан шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зургаан хурууны үзүүр хэсгийн хөлдөлт, тайрагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 81 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 414 дугаартай

  1. Ш.Б-н биед учирсан хоёр хавирганы далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун хөмсгөнд учирсан шарх, баруун нүдний салстын цус хуралт бүхий гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. ГССҮТ-ийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн КТГ-д гэмтлийн гаралтай өөрчлөлт гэх зүйлгүй байх бөгөөд энэ нь гэмтлийн зэрэгт өөрчлөлт орж, Ш.Баярмагнайн тархинд гэмтэл учраагүй гэж үзэх үндэслэл болж байна.
  3. 2017-01-01-ний өдрийн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн КТГ-д баруун талын зулай, дух, зүүн талын дух хэсгийг хамарсан +7- +13 EDNU нягтралттай голомттой. Хамрын дээвэр яс хугаралттай. Онош: Гэмтлийн шалтгаант архаг баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цус хуралт гэсэн байсан. Энэ баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цус хуралт нь 12 хоногийн дараа ор мөргүй шимэгдэх боломжгүй гэх нэмэлт дүгнэлт /2 дугаар хх-ийн 127 дугаар хуудас/,

Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.Х, О.Д нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 19-24 дүгээр хуудас/,

      Эд хөрөнгө үнэлсэн тайлан /1 дүгээр хх-ийн 84 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Д, Ш.Х, М.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэнд, шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 201622000757 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.Б, Ш.Х, О.Д, М.П нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 234 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 1, 18 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б, Ш.Х, О.Д, М.П нараас хохирогч Ш.Б-д эмчилгээний зардал болон бусад зардал 3.700.000 төгрөгийг, хохирогч Ч.О-т эмчилгээний болон бусад зардалд 400.000 төгрөгийг тус тус бэлнээр хүлээлгэн өгч, хохирогч Ш.Б, Ч.О нар нь цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээ /2 дугаар хх-ийн 143 дугаар хуудас/, шүүгдэгч М.Б, Ш.Х, О.Д нараас хохирогч Б.А-д эмчилгээний болон бусад зардалд 750.000 төгрөгийг нөхөн төлсөн тухай 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн эвлэрлийн гэрээ /2 дугаар хх-ийн 217 дугаар хуудас/, шүүгдэгч М.П-с  хохирогч Б.А-д эмчилгээний болон бусад зардалд 250.000 төгрөгийг нөхөн төлсөн тухай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эвлэрлийн гэрээ /2 дугаар хх-ийн 226-227 дугаар хуудас/, шүүгдэгч М.П-с  хохирогч Ш.Б-д эмчилгээний болон бусад зардалд 625.000 төгрөгийг нөхөн төлсөн тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч М.Б, Ш.Х, О.Д, М.П нарыг хохирогч Ш.Б, Ч.О, Б.А нарт төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч М.Б, Ш.Х, О.Д, М.П нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч нарт хорих ял эдлүүлэхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201622000757 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б 73 хоног, шүүгдэгч Ш.Х 36 хоног, шүүгдэгч О.Д 44 хоног, шүүгдэгч М.П 73 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш.Х, О.Д, М.П нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг, шүүгдэгч М.Б-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ш.Х, О.Д, М.П нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М.Б-г 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х, О.Д, М.П, М.Б нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ш.Х, О.Д, М.П, М.Б нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Эрүүгийн 201622000757 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б 73 хоног, шүүгдэгч Ш.Х 36 хоног, шүүгдэгч О.Д 44 хоног, шүүгдэгч М.П 73 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Х, О.Д, М.П, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.НЯМСҮРЭН