Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 0006

 

                                                                                       

                                       О.Д , Ш.Х, М.Б,

М.Пнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 179/2017/0270/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч: М.Б, М.Пүрэвдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Баянбилэг, Б.Отгонцэцэг, В.Энхболд, Л.Цогтбаяр,

Шүүгдэгч М.П-ийн хууль ёсны төлөөлөгч: Ш.Сэлэнгэ,

Нарийн бичгийн дарга: Б.Нямдаваа нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолтой О.Д Ш.Х М.Б М.П нарт холбогдох 201622000757 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч,  шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Бүргэд овогт О.Д, 1998 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: /.

Монгол Улсын иргэн, Н овогт Ш.Х, 1998 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: /.

Монгол Улсын иргэн, Б овогт М.Б, 1999 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: /.

Монгол Улсын иргэн, Б овогт М.П, 2000 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: /.

Шүүгдэгч О.Д Ш.Х М.Б М.П нар нь бүлэглэн согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 19 дүгээр гудамжны үзүүрт иргэн Ч.Отгонбаяр, Б.Амаржаргал, Ш.Баярмагнай нарын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар Ч.Отгонбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ш.Баярмагнай, Б.Амаржаргал нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан довтолж, Ш.Баярмагнайгийн гар утас, түрүүвч, 27,000 төгрөг зэрэг эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Б, Ш.Хишигдорж, О.Д , өсвөр насны шүүгдэгч М.Пнарыг хохирогч Ч.Отгонбаяр, Б.Амаржаргал нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Д д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож, шүүгдэгч Ш.Хишигдоржид Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, шүүгдэгч М.Б, өсвөр насны шүүгдэгч М.Пнарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэнд, шүүгдэгч О.Д ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд, шүүгдэгч Ш.Хишигдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ш.Х холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч нь хохирогчтой эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч М.П-ийг 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.П-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, өсвөр насны шүүгдэгч М.П-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын цагдан хоригдсон 30 /гуч/ хоног, өсвөр насны шүүгдэгч М.П-ийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Д д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 03 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж,  ялтан О.Д ийн ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн 201622000757 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Хнь 36 /гучин зургаа/ хоног,  шүүгдэгч О.Д  нь 44 /дөчин дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг, шүүгдэгч М.Б, Ш.Х, О.Д , өсвөр насны шүүгдэгч М.Пнар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д , Ш.Хнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Б, өсвөр насны шүүгдэгч М.Пнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн М.Бын өмгөөлөгч Б.Отгонцэцэг давж заалдах гомдолдоо: ... шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хэргийн бодит байдлаас үзэхэд шүүгдэгч О.Д , М.Б, Ш.Х, өсвөр насны шүүгдэгч М.П, нар нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөрдөн шалгах ажиллагаанд өөр хоорондоо зөрүүтэй тогтворгүй мэдүүлэг өгсөн байх ба тэдгээр мэдүүлгийн алиныг нь үнэн зөв өгсөн эсэхэд эргэлзээтэй, хохирогч Б.Амаржаргал Ч.Отгонбаяр нар нь мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас хэн, ямар байдлаар зодож мөнгө, эд зүйл шаардсаныг мэдүүлж чадахгүй байгаа зэргээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтоож, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэсэн болно...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 36.7.2.2 мөн 36.7.2.3-д заасныг тус тус зөрчсөн мөн нэг шүүгдэгчийн мэдүүлгээр нөгөө шүүгдэгчийг болон өөрийн мэдүүлгээр гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй бөгөөд өөр хоорондоо зөрүүтэй тогтворгүй мэдүүлгүүдийг нотлох баримтад тооцсон нь үндэслэлгүй байгаа бөгөөд М.Б нь М.П той бүлэглэн согтуугаар иргэн Ш.Баярмагнайд хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан довтолж гар утас, түрүүвч, 27.000 төгрөг зэрэг дээрэмдсэн нь ...М.П-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна...” гэж гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй түүнчлэн хохирогч болон бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдсон эсэх, хохирогч Ш.Баярмагнайн мэдүүлэгт “... Өндөрдүү шар царайтай монхор хамартай залуу нь гараараа миний зүүн нүд рүү цохиж унагасан. Тэгээд би ухаан алдчихсан байсан..” гэх мэдүүлгээр хэн цохисныг тодорхой мэдүүлсэн байх боловч эд зүйлээ дээрэмдүүлсэн хэн нь хаана нь хэдэн удаа цохисон эсэхийг мэдүүлээгүй хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй байхад М.Б нь М.П-той бүлэглэн согтуугаар иргэн Ш.Баярмагнайд хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан довтолж гар утас, түрүүвч, 27.000 төгрөг зэрэг дээрэмдсэн хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Мөн М.Бын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгт “...Энэ үед М.Пзамын боржур дээр унасан байсан хүнээс “Монгол стандарт” нэртэй 0.75 гр-ын архи авсан. Мөн дөрвөлжин зүйл аваад байсан. ...” гэж мэдүүлсэн байхад уг архийг хэн авсан аль хохирогчийн архи байсан зэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй байгаа болно. Мөн 2017 оны Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хуульчилсан ба уг хуулийн 8.1.5-д шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж заасан байгаа тул М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч М.П-ийн өмгөөлөгч Г.Баянбилэг давж заалдах гомдолдоо: ... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч нар нь бусдын эд зүйлийг авахаар санаа зорилгоо нэгтгэн хүч хэрэглэн довтолсон гэх асуудал огт тогтоогдоогүй байдаг. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ: “... Хэргийн байдлаас үзэхэд шүүгдэгч О.Д , М.Б, Ш.Х, өсвөр насны шүүгдэгч М.Пнар нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөрдөн шалгах ажиллагаанд өөр хоорондоо зөрүүтэй, тогтворгүй мэдүүлэг өгсөн байх ба тэдгээр мэдүүлгийн алиныг нь үнэн зөв өгсөн эсэхэд эргэлзээтэй, хохирогч Б.Амаржаргал, Ч.Отгонбаяр нар нь мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас хэн, ямар байдлаар зодож мөнгө, эд зүйл шаардсаныг мэдүүлж чадахгүй байгаа зэргээс ... талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэсэн болно.” гэж дүгнэсэн хэрнээ эсрэг сонирхолтой нэг шүүгдэгчийн үгээр өөр нэг шүүгдэгчийг гэм буруутай болгож байгаа болон шүүгдэг нарын өөрийнх нь мэдүүлгүүдийг үндэслэн Эрүүгийн хуулийн өөр өөр зүйл ангиар гэм буруутайд тооцоод байгаа нь огт ойлгомжгүй байна. ... Мөн хэргийн материалыг судалж үзэхэд дээрх шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь танхайн гэмт хэргийн шинжтэй байдаг.

...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч М.Пдавж заалдах гомдолдоо: ... 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө О.Д , М.Б, Ш.Хнартай согтууруулах ундаа хэрэглэж, шөнө оройн цагаар хүн амьтны амгалан тайван байдал алдагдуулж явсан нь миний буруу. Гэхдээ хэн нэгнийг зодож гэмтээн эд зүйлийг нь дээрэмдсэн зүйл огт байхгүй. Иймд шүүх зөв бурууг тогтоож өгнө үү гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч М.П-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сэлэнгэ давж заалдах гомдолдоо: ... Манай хүү нь хувийн байдлын хувьд МУБИС-ийн биеийн тамирын багшийн ангид 1-р курст сурдаг бөгөөд арван жилийн сургуульд байхдаа маш сайн суралцаж уралдаан тэмцээнд оролцдог, аймагтаа конкурсдээд 1-рт жагсаж байсан. 12-р анги алтан медальтай төгсөж байсан. Гэмт хэрэгт холбогдох үед ихээхэн шаналж би хэрэг хийгээгүй гэдэг байсан юм. Шүүх хэрэг хийсэн гэж үзэхэд заавал хорих ял оногдуулахгүйгээр өөр байдлаар шийдэж болохгүй байсан юм болов уу гэж бодож байгаа юм. ... хүүхдэд хэтэрхий хүнд ял оногдуулсан болов уу гэж бодож байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Д , Ш.Х, М.Б, өсвөр насны шүүгдэгч М.Пнарыг бүлэглэн, согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 27 ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 19 дүгээр гудамжны үзүүрт иргэн Ч.Отгонбаяр, Б.Амаржаргал, Ш.Баярмагнай нарын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар Ч.Отгонбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ш.Баярмагнай, Б.Амаржаргал нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан довтолж, Ш.Баярмагнайгийн гар утас, түрүүвч, 27 000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдэн авсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.Д , Ш.Хнарыг “Б.Амаржаргал, Ч.Отгонбаяр нарыг дээрэмдсэн гэх үйлдэл, тухайн дээрэмдсэн гэх үйлдлийн үр дагаврын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл тэднийг дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ “...дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдохгүй байна. ...мөнгө нэхэж байсан гэсэн үйлдлийг тогтоох боломжгүй байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч О.Д , Ш.Хнарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болгон зүйлчлэлийг өөрчлөх болсон үндэслэл нь нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүй. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарт холбогдох хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт, үндэслэл, тэдгээрийг нотолсон баримтын агуулгыг огт тусгаагүй байна.

Хохирогч Ш.Баярмагнайгийн “...Тэгээд миний энгэрийн карманд байсан нокиа маркийн утас, 27000 төгрөг, хар өнгийн түрүүвч 1000 төгрөгтэй байсан аваад явсан байсан /1-р хавтас 39-р хуудасны ар тал/, ...Хар өнгийн дундуураа нугалаад дөрвөлжин болдог түрүүвч, энгэрийн карманд байсан 20000 төгрөг, өмдний баруун халаасанд байсан 6000 төгрөг, нокиа 6030 маркийн гар утас алдагдсан. Би өөрийнхөө гар утсыг цагдаагаар олуулж авсан. Түрүүвчин дотор утасны дугаар тэмдэглээд авчихсан байсан жижиг цааснууд, 1000 төгрөг байсан. Мөн нокиа маркийн гар утасны цэнэглэгч, сахлын татуурга байсан байхгүй болсон байна лээ” гэх мэдүүлэг /1-р хавтас 42-р хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хавтас 84-р хуудас/ зэргээс үзэхэд хохирогч Ш.Баярмагнайд 73000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэх үндэстэй байхад улсын яллагч “...гар утас, түрүүвч, 27000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Мөн хохирогчийн “...Баруун талын 3 хавирга хугарсан, цээжнээс ус авахуулсан, толгойд гэмтэлтэй гэсэн, баруун нүдний дээр оёо тавиулсан, зүүн нүд хавдсан, цээж нэлэнхүйдээ өвчтэй, толгой өвдөөд байна...” гэх мэдүүлэг /1-р хавтас 40-р хуудас/, “...Баруун талын 6, 7, 8-р хавирга хугарсан гэсэн байх ямар ч байсан 3 хавирга хугарсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 42-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.01.11-ний өдрийн 61 дугаартай дүгнэлтээр “...хүнд зэрэгт хамаарах гэмтэл учирсан” /1-р хавтас 75-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.06.21-ний өдрийн 414 дугаартай дүгнэлтээр “...хүндэвтэр, хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан” гэх баримтуудаас үзэхэд хохирогч Ш.Баярмагнайгийн биед ямар гэмтлүүд учирсан, гэмтлийн ямар зэрэгт хамаарах нь эргэлзээтэй байна.

Мөн улсын яллагчийн яллах дүгнэлтийн 2 дахь хэсэг болох “Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга” хэсэгт Ш.Баярмагнайгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэсэн атлаа хүндэвтэр хохирол учруулсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтад дурдаагүй байна. Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэс болох юм.

М.Б 2017.08.05-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Өмнө өгсөн байцаалтандаа нэмж ярих зүйл байна. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ Пүрэвдоржийг замын хажууд нэг хүний дээрээс тонгойсон байдалтай байсан гэж мэдүүлэг өгсөн байгаа. Энэ үед Пүрэвдорж замын боржур дээр унасан байсан хүнээс Монгол стандарт нэртэй 0,75 гр-ын архи авсан, мөн дөрвөлжин зүйл аваад байсан. Архийг нь гэрт ороод Пүрэвдорж тойруулаад намайг уух уу? гэхээр нь би уугаагүй.” гэжээ /2-р хавтас 179-р хуудас/, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бын өгсөн “...замын нөгөө талд боржур дээр байсан хүний дээрээс М.Пдоошоо тонгойсон байсан юм. Тэгээд тэр хүний дээрээс нэг дөрвөлжин юм авч байсан. Орж ирээд Монгол стандарт гэсэн архи тойруулсан...” гэх мэдүүлэг /3-р хавтас 37-р хуудас/ зэргээс үзэхэд замын боржур дээр хэн байсан, тухайн үед Монгол стандарт нэртэй 0,75гр-ын архи дээрэмдүүлсэн эсэхийг огт шалгаагүй байна.

Мөн хохирогч Ш.Баярмагнайгийн “...Би нүдээ нээгээд харахад монхор хамартай, өндөр залуу л миний цээжин дээр суучихсан энгэрийн кармай ухаад байсан” /1-р хавтас 40-р хуудас/ гэх мэдүүлгээс үзэхэд хохирогч Ш.Баярмагнай нь цээжин дээр сууж байсан хүнийг таних боломжтой бөгөөд түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах боломжтой.

А.Лхагвабаярыг 2016.12.28-ны өдөр сэжигтнээр тооцож мэдүүлэг авсан байх ба сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглодог. Гэтэл А.Лхагвабаярт холбогдох хэргийг 2017.03.22-ны өдөр хэрэгсэхгүй болгосон байх тул түүнийг гэрчийн хувиар мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй юм.

Дээрх мөрдөн шалгах ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6-д заасан нотолбол зохих байдлуудыг тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Д , Ш.Хишигдорж, М.Б, өсвөр насны шүүгдэгч М.Пнарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан шүүгдэгч М.Б, өсвөр насны шүүгдэгч М.Пнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1-1.4, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Д , Ш.Х, М.Б, өсвөр насны шүүгдэгч М.Пнарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч О.Д , Ш.Хнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, өсвөр насны шүүгдэгч М.Пнарт урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                Н.БАЯРХҮҮ