Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 202/МА2023/00003

 

                                                         

 

З.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 137/ШШ2022/00483 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: З. Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь *******т холбогдох,  

 

Хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***, 38 м.кв талбай бүхий, орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч З.Бын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Бын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...З.Б миний бие эхнэр О.Аийн хамт *** банкнаас 35,000,000 төгрөг зээлж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын *** хаягт байрлах А.Оийн өмчлөлийн 38 м.кв талбайтай орон сууцыг барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн. Гэвч цар тахлын улмаас ажил орлогогүй, олсон бага хэмжээний орлогоо бага насны дөрвөн хүүхдэдээ зарцуулдаг байсан тул зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр 46,586,728 төгрөгийг З.Б надаас болон эхнэр О.А нараас гаргуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж тус орон сууцыг үнэлсэн байх бөгөөд тус үнэлгээний тайлантай 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцлаа. Тус үнэлгээг З.Б миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус орон сууц м.кв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц бөгөөд А ХХК-ийн үнэлгээний тайланд 40,306,282 төгрөгөөр үнэлэгдсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлсэн байна. Иймд тус үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Югийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “...Төлбөр төлөгч З.Б, О.А нарын барьцаа хөрөнгө болох иргэн А.Оийн өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум, *** хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-*** дугаартай 38 м.кв талбайтай 3 өрөө хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022.01.21-ний өдрийн 22090004/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022.04.14-ний өдрийн 22090004/03 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээ тогтоолгох хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг 2022.04.14-ний өдрийн 22090004/05 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар талуудад мэдэгдсэн. Барьцаа хөрөнгийн өмчлөгч А.О нь зээлийг барьцаа хөрөнгийг 41,808,963 төгрөгөөр үнэлэн ирүүлсэн, төлбөр авагч Капитал банк үнийн санал өгөхөөс татгалзаж хөрөнгийн үнэлгээний шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтээ ирүүлсэн. Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 2022.04.28-ны өдрийн 22090004/04 дүгээр тогтоолоор А ХХК-иар хөрөнгийг үнэлүүлэхэд 40,306,282 төгрөгөөр үнэлж үнэлгээний тайлан ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйл, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Оийн тайлбар, түүний үндэслэлийн агуулга:   “... З.Бын *** банкнаас зээлсэн 35,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд Дорноговь аймаг Замын-Үүд сумын *** 3 өрөө 38 м.кв талбайтай хувийн орон сууц нь иргэн А.Оийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд тус байрыг уг зээлийн барьцаанд түр хугацаагаар гэсэн тохиролцоогоор тавьсан юм. Гэвч З.Б нь миний итгэлийг алдсанаар үл барам авсан зээлээ төлөхгүй одоогоор зээлийн өрийн хэмжээ 46,586,728 төгрөгт хүрсэн. ... Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж тус орон сууцыг “А” ХХК нь 40,306,282 төгрөгөөр үнэлжээ. Тус үнэлгээг А.О миний бие нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий дээгүүр үнэлсэн гэж үзэж байна. Иймд тус үнэлгээг “Тусгай мэдлэг” шаардсан үнэлгээний компаниар дахин үнэлүүлж үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Оын  тайлбар, түүний үндэслэлийн агуулга:   “... Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. 4.1. З.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацааны дотор гаргаагүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан материалуудыг шинжлэн судалж үзэхэд иргэн Ц гэдэг хүнээр  дамжуулж 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний тайланг авсан байдаг. Шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж үзсэн.

4.2. ... Гуравдагч этгээдийн зүгээс үнэлгээний тайланг өндрөөр үнэлсэн гэж үзэж байгаа. Гэхдээ 40,306.282 төгрөгийг энэ хурал дээр өндрөөр үнэлсэн гэж үзсэнгүй. Нэхэмжлэгч талаас гаргасан үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай шаардлагыг эсэргүүцэж энэхүү тайлбарыг гаргаж байна” гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д зааснаар нэхэмжлэгч З.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх  хэлтэст холбогдох хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***ын 38 мкв орон сууцыг үнэлсэн” үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч З.Бын давж заалдсан гомдлын агуулга: “... шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний бие шинжээчийн дүгнэлттэй 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцсан. Тус үнэлгээг З.Б миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тухайгаа нэхэмжлэлд тодорхой бичсэн байдаг. Тус орон сууц м.кв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц бөгөөд А ХХК-ийн үнэлгээний тайланд 40,306,282 төгрөгөөр үнэлэгдсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлсэн. Гэтэл анхан шатны шүүх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймд тус үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв. 

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “7.1. ... нэхэмжлэгч тал үнэлгээний тайлантай 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцсан гэдэг асуудлыг дурдаад байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан баримт материалууд болоод бусад шүүх хуралдаанд хэлэлцэх гэж байсан асуудалд дүн шинжилгээ хийгээд үзэхээр нэхэмжлэгч З.Б нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ц гэх этгээдээр дамжуулаад үнэлгээг гардаж авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/350 тоот мэдэгдэл, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тодорхой авагдсан байдаг. ...Нэхэмжлэлийн шаардлагадаа төлөөлөх эрхийн талаар хөндөөгүй байгаагаас үзвэл үнэлгээний тайлантай 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Мөн 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцсан гэх асуудлаар агуулга бүхий гомдлоо гаргасан байдаг ч үүнийгээ нотлох ямар ч баримт гаргаагүйгээс дүгнээд үзэх юм ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж бид бүхэн үзэж байна.

7.2. Хоёрдугаарт зах зээлийн үнэ ханш нь 1 м.кв талбайг 1,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэдэг асуудлын талаар хөндөж байгаа. Гэтэл уг үл хөдлөх хөрөнгө нь 1960 онд ашиглалтад орсон, модоор барьж, амьдарч байгаа эзэд нь өөрсдөө л жил бүр асарч тордож өнөөг хүргэсэн гэж ярьдаг. Тэгэхээр тухайн үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв талбайг 1,500,000 төгрөгөөр үнэлэх үндэслэлээ нэхэмжлэгч тал ямар ч судалгаа болоод холбогдох баримт материалыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. ...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0017 тоот давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааснаас хойш уг хэргийг дахин хэлэлцэх хүртэл буюу 1 сар 17 хоногийн хугацаанд нэхэмжлэгч талын зүгээс өөрсдийн гаргаж буй үндэслэлээ нотлох ямар ч арга хэмжээ аваагүй байгаа.

Иймээс нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. ” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч З.Бын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

1. Нэхэмжлэгч З.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь *******т холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээг хуулийн дагуу  тогтоосон гэж маргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *** банк ХХК, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч А.О нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, *** банк ХХК хариуцагчийн тайлбарыг дэмжиж, нэхэмжлэгчийг үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж, А.О шинжээчийн тогтоосон үнэлгээг  хэтэрхий өндөр гэсэн үндэслэлээр хүчингүй болгох агуулга бүхий тайлбарыг тус тус гаргасан байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлийн талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “ ...нэхэмжлэгч шүүхэд хандах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, ...нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй” гэж үзсэн нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

5. Нэхэмжлэгч З.Б нь анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч “шинжээчийн дүгнэлттэй 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцсан, ... орон сууц м.кв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц бөгөөд А ХХК-ийн үнэлгээний тайланд 40,306,282 төгрөгөөр үнэлэгдсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлсэн. ... гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү “ гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасныг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 137/ШШ2021/00132 дугаартай шийдвэрээр *** банк ХХК-д нийт 46,197,789 төгрөгийг төлөх үүрэгтэй болсон, уг шийдвэрт үүргээ биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар төлбөр төлүүлэх албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь тогтоогджээ.

 

Дээрх ажиллагааны явцад А.Оийн өмчлөлийн барьцааны зүйл болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***, орон сууцны зориулалттай, 38 м.кв талбайтай, 3 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон байна.

 

Анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч /өмчлөгч/, төлбөр авагч нар харилцан тохиролцож тогтоож болохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь талуудаас үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүйгээс шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй гэж үзэв.

 

Энэ талаар хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа “...төлбөр төлөгч З.Б, О.А нар нь барьцаа хөрөнгийн үнийн талаар санал ирүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч А.О нь 41,808,963 төгрөгөөр үнэлэн саналаа ирүүлсэн, төлбөр авагч *** банк үнийн санал өгөхөөс татгалзаж, шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн...” гэсэн боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдаагүй байна.

 

Гэхдээ энэхүү дурдсан үйл баримтыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд үгүйсгээгүй, тэд энэ талаар маргаагүй тул дээрх хуульд заасан шинжээч томилж үнэлгээ хийлгэх үндэслэл болох талууд  үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх журамд нийцсэн.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх ба нэхэмжлэгчийн хүсэлтээр  үнэлгээний мэдэгдэл болон үнэлгээний тайлан /шинжээчийн дүгнэлт/-г төлбөр төлөгчийн хүсэлтээр Б.Цд гардуулж өгсөн үйл баримтыг шүүх хуульд заасан журмын дагуу танилцуулж, мэдэгдсэн гэж тогтоож,  55.7-д заасан “...үнэлгээний талаарх гомдлоо... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэснийг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгджээ.

 

Тодруулбал хариуцагчаас үнэлгээний мэдэгдэл болон шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч З.Бын хүсч зөвшөөрснөөр 2022.05.20-ны өдөр Б.Цд гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн, энэхүү тогтоогдсон нөхцөл байдлыг буюу Б.Цгоор дамжуулан үнэлгээтэй танилцсан болохоо нэхэмжлэгч тал үгүйсгээгүй ба энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан “шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх” журмыг шийдвэр гүйцэтгэгч зөрчөөгүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл  шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний мэдэгдэл болон шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгчид мэдэгдэж танилцуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын болон төлбөр төлөгчийн эрхийг зөрчөөгүйн гадна төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч З.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан “... оршин суугаа газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх...” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тэрээр хуульд заасан хугацаанд өөрөө биечлэн танилцаж чадаагүй гэж үзэхээр байна.

 

Харин анхан шатны шүүх хариуцагчаас үнэлгээний мэдэгдэл болон шинжээчийн дүгнэлтийг Б.Цд гардуулан өгч үйлдсэн тэмдэглэлд огноог “2022.05.20” гэсэн байгааг анхаараагүй, баримтанд “хуулбар үнэн тэмдэг” дарсан огноог үндэслэн үнэлгээний мэдэгдэл болон шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчид 2022.05.18-ны өдөр мэдэгдэж танилцуулсан гэсэн нь буруу байх ба энэ нь нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч З.Б нь өөрөө Б.Цгоор дамжуулан үнэлгээний мэдэгдэл болон шинжээчийн дүгнэлтийг авч танилцахыг хүссэнээр шийдвэр гүйцэтгэгчээс эдгээр баримт бичгийг түүнд хүлээлгэн өгснийг үнэлгээний талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн гэж үзэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг тоолж эхлэх бөгөөд нэхэмжлэгчийн Б.Цгоор дамжуулан өөрийн гар дээрээ хүлээн авч танилцсан хугацаа буюу нэхэмжлэлд дурдсан 2022.05.28-ны өдрөөр гомдол гаргах хугацааг тоолох үндэслэлгүй.

 

Улмаар хариуцагчаас нэхэмжлэгч З.Бд үнэлгээний мэдэгдэл болон шинжээчийн дүгнэлтийг  2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн байхад  нэхэмжлэгч 2022.05.30-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д нийцсэн.

 

8. Нэхэмжлэгч З.Б нь нэхэмжлэлийн шаардлагадаа “...орон сууц нь м.кв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц бөгөөд “А” ХХК-ийн үнэлгээний тайланд 40,306,282 төгрөгөөр үнэлэгдсэн нь зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлсэн ... тул үнэлгээг хүчингүй болгох ...” гэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2022.04.28-ны өдрийн 22090004/04 дугаартай тогтоолоор  төлбөр төлөгч З.Б, О.А нарын үүргийн гүйцэтгэлд бүртгүүлсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***, орон сууцны зориулалттай, 38 м.кв талбайтай, 3 өрөө бүхий, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай  үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ тогтоолгохоор “А” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

 

Шинжээч “А” ХХК нь хөрөнгөд үзлэг хэмжилт хийж, ашиглалтын байдалтай танилцаж, хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагаар, жишиж буй объекттой байршил, хийц, зориулалт, бусад шинж чанараараа ойролцоо, ижил төстэй объектын өнөөгийн зах зээлд арилжаалагдсан нэгжийн үнэд ялгаатай байдлын тохируулга хийсэн талаар дурдаж хөрөнгийг 40,306,282 төгрөгөөр үнэлжээ.

 

Ийнхүү хөрөнгө үнэлсэн тухай тайлангаас үзвэл, шинжээч үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдал бусад харгалзах нөхцөлийн дагуу үнэлгээ тогтооход баримтлах аргуудыг харьцуулан, зах зээлийн үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн /2010.01.21-ны өдрийн хууль/ 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан нөхцөл, журам, шаардлагыг хангасан, шинжээч хөрөнгийг үнэлэхдээ хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргийг хүлээх ба энэ талаарх баримтыг шүүхэд  гаргаж өгөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч З.Бын үүргийн гүйцэтгэлд бүртгүүлсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***, орон сууцны зориулалттай, 38 м.кв талбайтай, 3 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 40,306,282 төгрөгөөр үнэлснээс өөр үнэлгээтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

9. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч З.Бын давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11  дүгээр сарын 29-ний өдрийн 137/ШШ2022/00483 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.Бын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч З.Бын  давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

 

                                                 ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ