Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 202/МА2022/00020

 

 

                                                                                                                                                     

Ш.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2022/00320 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ш. Ц -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “****” ОНӨХХК-д холбогдох,  

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6,731,999 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ш.Ц, түүний өмгөөлөгч З.А нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н /зайнаас цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Д.О /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Цын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Ш.Ц миний бие нь тус компанид 2018 оны 09 дүгээр сарын 17-нд кассын нярваар ажилд ороод 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын байрыг жинхлэн ажиллаж ирсэн. Би ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө хийж гүйцэтгэх ажил үүргийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж биелүүлж ирсэн. “****” ОНӨХХК-ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна.

*** салбараас эхлээд 100 ширхэг грандирны ир авах захиалгын хуудас ирээд тухайн захиалга нь эрх бүхий албан тушаалтнуудаар цохогдоод захирал Эаар баталгаажуулагдсан байсан. Баталгаажуулагдсаны дараа хангамжийн менежер худалдан авалтыг нь хийгээд өгч явуулсан байхад үүнийг нь надад хамааруулж намайг  ажлаа өг гэх мэтээр ажлын байрны дарамтыг удаа дараалан үзүүлэн ажлаас халсан. Захирал Э өмнө нь захиалгын хуудсаа баталгаажуулан худалдан авалтыг хийлгүүлэх зөвшөөрлийг олгосон хирнээ, шаардах хуудсаар 20 ширхэг грандирны ирний цохолт хийсэн гэж захиалгын хуудас, шаардах хуудас хоёрын зөрүүтэй байдлыг үүсгэж өөрийнхөөрөө тайлбарлан дайрч дарамталж, ажлаас халах арга хайж шалгалт хийсэн.

Дэлгэрэхийн салбараас захиалгаар орж ирсэн 100 ширхэг грандирын ирийг хангамжийн менежер Схудалдан авалт хийгээд, материалын нярав Нэд өгсөн байсныг Н салбар хариуцсан нягтлан Хд өгсөн байсан. Х Дсалбар руу явуулаад Дсалбарын дарга Б шаардах хуудсаа бичиж явуулсан байсан. Үүний цохолтыг нь захирал Э авахаар шаардсан хуудсанд 20 ширхгийн цохолт хийж өгсөн байсан. Тухайн үед Н салбарын дарга Бд танайх авсан 100 ширхэг грандирныхаа ирний тайлбарыг захиралд хэлэхгүй бол хасаж цохоод байна гэж хэлээд орхисон. Тэгэхэд Э захирал хангамжийн менежерийг 2 няравтай дуудуулж байна гэхээр нь орж уулзахад энэ бараа материалын олголтын зарчим чинь яаж яваад байгаа юм бэ гэж асуусан. Н складанд бэлэн байгаа бараа материалд шаардах хуудас бичээд цохсоны дараа олгож байгаа, харин захиалгаар орж ирсэн бараа материалыг нь захиалгын хуудасны дагуу олгож байгаа гэсэн тайлбарыг тавьжээ. Тэгсэн захирал би 20 ширхгийг цохож байхад чи 80 ширхгийг илүү явууллаа, илүү явуулсан грандирны ирээ өөрөө төл гэсэн ба Н би яагаад гэхэд би 20-ыг цохсон  байхад чи  80-ийг илүү явуулсан болохоор чи төлөх ёстой гээд байхаар нь би хажуунаас нь алба салбарыг бараа материал нөөцөлдөггүй гэж бодож байна. Тийм болохоор хангамжийн менежер авч өгсөн бараа материалыг захиалгынх нь дагуу явуулсан гэж хэлсэн.

...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөө гэнэт л материалын тооллого хийж эхэлсэн. Бага үнэтэй түргэн элэгдэх материалын тооллогыг хийсэн. Тооллогоор бараа материалууд илүү болон дутуу гэж гарсан. ...Би өөрөө дур мэдээд бараа материалыг орлого, зарлага гаргадаггүй. Зөвхөн бараа материалаа алба салбарууд руу өгч явуулаад, шаардах хуудастайгаа тулгаад л тооцоогоо нийлүүлээд явдаг. ...Над дээр байдаг ухаалаг худгийн карт байсныг тооллого хийсэн комиссынхон хараад бүртгэлгүй бараа материал байна гэж үзсэн байдаг. ...Тухайн картуудыг компанийн үндсэн хөрөнгөд бүртгэх эсэхийг ерөнхий нягтлан мэдэхээс гадна, би тэр картыг компанийн үндсэн хөрөнгөд бүртгэх эрх байхгүй, мөн зарж борлуулж байсан удаа байхгүй байхад хэтэрхий намайг хардаж сэрдэж дарамталж байна.

...Намайг захирал зөвхөн хувийн үзэл бодлоороо тулган шаардаж, үндэслэлгүй бараа материалын илүүдэл, дутагдлыг гарган ирж ажлаас халсан тул ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гартал хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч “****” ОНӨХХК-ийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “...2022.02.15-ны өдөр *** овогтой Ш.Цын нэхэмжлэлтэй сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, уншиж танилцаад тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн дараах тайлбарыг гаргаж байгаа болно. Уг нэхэмжлэлийн үндэс болж буй 2022.01.21-ний өдрийн Б/37 дугаар тушаал нь хуульд заасан шаардлагыг хангаж, тушаалд дурдсан заалтуудыг үндэслэн гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болно. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр сууринаас оролцох болно.” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар Ш.Цын нэхэмжлэлтэй хариуцагч “****” ОНӨХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон 6,731,999 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Цын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Ш.Цын давж заалдсан гомдлын болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

4.1. “... Надад ажлын байрны дарамтыг хариуцагч тал байнга үзүүлж байсан бөгөөд эцэст нь намайг ажлаас халах шалтгааныг гаргаж ирэхийн тулд гэнэтийн тооллогыг хийж үндэслэлгүй бараа материалын илүүдэл, дутагдлыг үүсгэж ажлаас халсан. Намайг хариуцагч тал өөрөө өргөдлөө өг гэж шаардаж байсан бөгөөд би өргөдлөө өгөхгүй байхаар зориуд гэнэтийн тооллогыг хийсэн. Үүнийг нь хариуцагчийн өмгөөлөгч шүүх хурал дээр ажил олгогч тал давуу эрхийнхээ дагуу Гэнэтийн тооллогыг хийсэн гэсэн тайлбарыг гаргадаг.

Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч давуу эрхтэй байхыг зааж өгсөн зүйл харагдахгүй байхад илтэд намайг тохуурхан доромжилсон. Удаа дараалан хариуцагч талаас хурлыг хойшлуулах санал гарган хойшлуулсаар 2022 оны 08-р сарын 23-нд хуралдсан боловч намайг үндэслэлгүйгээр гүтгэж, ажлын байрны чиг үүрэгт заасан үүргээ биелүүлээгүй, тайлан мэдээ гаргаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй гүжирдэж байна. Би компанийн бага үнэтэй түргэн элэгдэх бараа материалыг хариуцдаг ба алба салбар хэлтсүүдийн дарга нарын шаардахаар бараа бүтээгдэхүүнийг явуулдаг бөгөөд сарын эцсийн тайлан мэдээг тооцооны нягтлантай тулгаж тооцоо нийлдэг.

4.2. Анхан шатны шүүх Гэрч Э.Уийн өгсөн мэдүүлгийг үгүйсгэж гаргасан байгаа нь нэг талыг барьсан нь илтэд харагдаж байна. Уийн мэдүүлэг ч бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байхад энэ бүгдийг үгүйсгээгүй хирнээ зөвхөн гэрч Уийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх хуралд гэрчээр оролцсон Н.Т, Б.Б нар нь тухайн өдрийн тооллогыг үнэн зөв тоолсон гэж мэдүүлж байгаа боловч бараа материалыг дутуу тоолсон байсныг гэрч Х, Т, бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл, шаардах хуудаснуудад бичигдсэн тайлбарууд, тооцооны нягтлан бодогч Уийн мэдүүлэг, ХАБЭА-ын инженерийн баталдаг сарын норм олгох хүснэгтийн хуудас зэргүүдээс тодорхой харагддаг. Үүнийг нягтлан бодогч Э.У, Ш.Ц миний бие нар дахин тоолж бүртгэсэн ба тухайн тооллогыг хийсэн талаар баримт үйлдээгүй гэж үндэслэлгүйгээр үгүйсгэж байна.

Гэрч үзсэн харсан зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлж байхад заавал баримт үйлдэгдээгүй гэж үгүйсгэх нь үндэслэлгүй бөгөөд баримтаар үйлдэгдсэн нь илтгэх хуудаснаас харагдана. Жишээ: Нүүрэвчтэй хамгаалалт, гар чийдэн, цаас ламинатор, ажлын гутал өвлийн, ажлын гутал зуны гэх мэт бараануудыг дутуу гэж тоолсон. Үүнийг тухайн хэрэгт авагдсан илтгэх хуудаснаас харагдана. Тухайн өдрийн тооллогод Н.Т өөрийн биеэр оролцоогүй байж шүүх хуралд гэрчээр оролцохдоо өөрийн биеэр тооллогод оролцсон мэтээр худал мэдүүлсэн. Оролцоогүй гэдэг нь 2022 оны 01-р сарын 20-ны өдрийн тооллогын дүн мэдээ танилцуулсан хурлын тэмдэглэлийн СД-ны бичлэгээс харагдаж байгаа.

Ш.Ц миний шүүхэд баримт болгон гаргаж өгсөн сиди CD болон түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлийг үнэлээгүй. Нэг талыг барьж шийдвэр гаргалаа. Би ухайн өдрийн тооллогын дүн мэдээг танилцуулах хурлын тэмдэглэлийг өөрийн гар утсан дээрээ хурааж авснаа шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн. Тэгэхэд ****" ХХК тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг бичгээр гаргаж өгсөн боловч энэ нь хурлын процессын ярианы өгүүлэмжүүдтэй таарахгүй зөрүүтэй тэмдэглэсэн байсан. Өөрөөр хэлбэл хариуцагч тал өөрт хэрэгтэйгээ бичиж тэмдэглэн, дутуу тэмдэглэл үйлдэж өгсөн байдаг. Тухайн хурлын танхимын дуу хураагуураас тус өдрийн хурлын дуу бичлэгийг бүрэн эхээр нь хэрэгт авч хийлгүүлмээр байна.

4.3. Захирал Д.Э нь удаа дараа ажлын байрны дарамт шахалт үзүүлж өргөдлөө өгөөд зайл гэх мэтээр дайрч загнаж байсан. Иймд дараагийн удаа хуралд орохдоо Ш.Ц миний бие өөрийн хувийн утсан дээр бичлэг хийснээ шүүхэд нотолгоо болгон гаргаж өгсөн. Тухайн сиди бичлэг дээр Захирал Д.Эын ёс зүйгүй харилцаа, бичигдсэн байдаг юм. Захирал Д.Э нь удаа дараа ажлын байрны дарамтанд оруулж шахалт үзүүлэхдээ намайг урд нь ажиллаж байсан захирал А, ерөнхий нягтлан бодогч Гнарын хүн гэх мэтээр хэлж хувийн үзэл бодлоо тулгаж байсан удаатай. Энэ тухайн өдрийн сиди бичлэг дээрээс ч харагдана. Ийм үл ойлголцлын улмаас шалтгаалан намайг ажлаас халж шалтгаан хайж 2 нярвын складанд тооллого хийсэн. Хоёулаа зөрчил дутагдал гаргасан гэж дүгнэгдсэн байсан ба яг адилхан албан тушаалтай хоёр няравт арга хэмжээ авахдаа ялгавартай хандаж, бараа материалын няравт цалингийн хувиар сахилгын шийтгэл ногдуулж, намайг ажлаас халах хүртэл арга хэмжээ авсанд гомдолтой байна. Би ажлаас халагдахаар зөрчил дутагдлыг гаргаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Аийн давж заалдсан гомдлын болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэнгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халж, сахилгын шийтгэл ногдуулсан хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагддаг. «Бараа бүтээгдэхүүний орлого, зарлагыг нэхэмжлэгч Ц хариуцдаггүй бөгөөд үүн дээр нэхэмжлэгчийг буруутгаж, сахилгын шийтгэлийг хүлээлгэж байгаа үндэслэлгүй юм. Дсалбар луу явуулсан грандирны ир захиалгын хуудсаар орж ирсэн бөгөөд хангамжийн менежер, бараа материалын нярав худалдан авалтыг нь хийж өгч явуулсан байсан ба бараа материалын орлого зарлагыг тооцооны нягтлан хариуцан гаргадаг. Гэвч үүнээс улбаалан Цыг явуулсан бараа материалынхаа хойноос хяналт тавьсангүй гэж буруутган ажлаас халах шалтгаан нөхцөлийг гаргаж ирдэг. Байгууллагын дотоод журмын 3дугаар журмын 3.1.9-д “ Хэрэгцээтэй бараа материал авах захиалгыг хэлтэс, алба салбарын дарга, инженер техникийн ажилтнууд бичиж ерөнхий инженер, эдийн засагч хянаж захирал баталж худалдан авалтыг ерөнхий нягтлан бодогч, хангамж үйлчилгээний тасгийн дарга хариуцна гэж зааснаас харахад нярав худалдан авалтын болон орлого зарлагыг хариуцахааргүй байгаа нь тодорхой харагдаж байна.

5.2. Ажлын байрны тодорхойлолт заагдсан чиг үүргийн талаар: Нэхэмжлэгч ажлын байранд заагдсан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж байсан бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагаа ч тасралтгүй явагдах үүднээс алба салбар хэлтсүүдэд олгогдох бараа материалыг олгож байсан байдаг. Ажлын байрны тодорхойлолтын 9 дүгээр зүйлийн 9.1-т “ Алба хэсгүүдийн шаардлагатай бараа материалыг бэлэн байлгаж, гарын үсгийн ***эл хангагдсан шаардах хуудасны дагуу материал олгох үүрэгтэйгээр заагдсан. Гэхдээ олон жилийн турш үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахын тулд хэрэгцээтэй бараа материалыг олгох шаардлага гардаг. Тухайлбал усны гутал тухайд гэвэл тухайн худаг дээр яаралтай хэрэг болж байгаа бөгөөд үүнийг заавал гарын үсгийн ***эл хангагдсан үед гаргах шаардлага байхгүйг хариуцагчийн төлөөлөгч болон ХАБЭА инженерийн өгсөн мэдүүлэг, гэрч нарын өгсөн мэдүүлгүүдэд тодорхой тусгагдсан байдаг. Нэхэмжлэгчийн тайлбарт: надаас гарч байгаа бэлэн барааны шаардах хуудаснууд бүгд бичигдээд сарын тайлан гарах болоогүй байсан болохоор тайлан мэдээнд тусгагдаж хаагдаагүй байсан. Эдгээр нь ч бүгд хэрэгт авагдсан баримтаар аль алба салбар хэлтсүүдээс хэн ямар бараа бүтээгдэхүүнүүд авсан тодорхой харагддаг. шаардах хуудасны доор авсан алба хэлтсүүд бүгд тайлбараа бичээд хүртэл ирүүлж байсан гэсэн тайлбарыг гаргадаг.

5.3. Няравын ажлын тооллогын актын талаар: Тооллого бодит нөхцөл байдалтай нийцсэн, үнэн зөв эргэлзээгүй тоологдоогүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг.

5.4. Гэнэтийн шалгалтын талаар: Гэнэтийн шалгалт 2022 оны 1 сарын 20-ны өдөр хийгдсэн ба нярав тухайн өдрөөр сарын эцсийн тайлан тооцоог гаргадаггүй байхад тайлан тооцоог гаргаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. ... Харин тухайн шалгалт нь байгууллагын дотоод журамд заагдсаны дагуу явагдаагүй. Байгууллагын дотоод журмын 4.4.2-т зааснаар байгууллагын дотоод хяналт шалгалтын ажлыг дотоод хяналт шалгалтын ажилтан, ХАБЭА инженер нар хэрэгжүүлнэ. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг захирлаар батлуулж удирдамжийн дагуу зохион байгуулна гэж заасан байгаа ба дотоод хяналт шалгалтын ажилтанг урьдаас томилогдсон байхаар харагдаж байна. Мөн тухайн шалгалтыг ямар чиглэлээр юуг үндэслэж хэн хэнийг оролцуулан, санхүүгийн ямар ямар баримтуудыг эд бараа материалтай тулган шалгахыг гаргасан удирдамжгүй шалгалт болсон. Өөрөөр хэлбэл шалгалт хийсэн гэх боловч дотоод журам зөрчигдсөн шалгалт болсон...

5.5. Ажлаас халсан сахилгын шийтгэлийн тухайд: Нэхэмжлэгч Цын хариуцдаг бараа материалууд бүгд тоо ширхгээрээ таараад тооллогын актад бичигдсэн дутсан илүүдсэн бараануудтай зөрөөд ирэхээр хариуцагч тал шаардах хуудсаараа таарсан бараа материалууд дээр бол шаардах гээд бичээд тэмдэглээд тавьсан. Ц дутсан бараа материалуудаа мэдэхгүй байхаар нь дутсанаар авсан гэсэн тайлбарыг гаргадаг. Өөрөөр хэлбэл бүх бараа материалуудаа цээжээр мэдэж байх ёстой гэж тайлбарладаг. Гэвч илүүдэл, дутагдал үүссэнийг санхүүгийн программ дээрээсээ шүүж үзэхээр бүгд тодорхой гарч ирснээр бараа материалын илүүдэл, дутагдал үгүйсгэгдэж байхад ажлаас халсан сахилгын шийтгэлийг ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрвээ тооллогын актанд дурдагдсанаар компанийн эд хөрөнгөнд дутагдал, илүүдэл үүсгэн компанид хохирол учруулсан бол ажлаас халагдсан тушаалд өр төлбөрийн асуудал тавигдахаар харагдаж байгаа юм. Гэвч ямар өр төлбөргүй ажлаас халсан тушаал гарсан нь тооллогын акт нь үндэслэлгүй тоологдсон байгааг нотлон харуулж байгаа юм....Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн...гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ... анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх буюу хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, эсвэл шүүхийн шийдвэрийг бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ц нь ажлын байрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж чадсан уу, чадаагүй юу? Хавтаст хэрэгт авагдсан тэмдэглэл дээр энэ хүн ажлаа ямархуу хийж байсан талаар хангалттай бичигдсэн байгаа. Ажил олгогчийн зүгээс тооллого явуулах эрхтэй юу гэвэл эрхтэй. Үүнтэй холбоотой заалтуудыг шүүх шийдвэртээ тодорхой заачихсан байгаа. Тэгэхээр тухайн үед тооллого хийгээд үзэхэд Цын ажилдаа хэрхэн яаж хандаж байсан нь үйл баримтуудаар тогтоогдсон. Үүнийг үндэслээд эд хөрөнгө хариуцсан ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй байна гэж үзсэн. Тийм учраас ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-ыг үндэслээд тушаал гаргасан. . ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Би өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэв

ХЯНАВАЛ:

                Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Ш.Ц болон түүний өмгөөлөгч З.А нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч “****”ОНӨ ХХК-д холбогдуулан ажлаас буруу халсан тул ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 2137190 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг нийт 5 удаа өөрчилж /1хх107,211, 2хх21,53,67/,  2022.08.12-ны өдрийн байдлаар 6731999 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч “****”ОНӨ ХХК-ийн төлөөлөгч, захирал Д.Э эс зөвшөөрч “... нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох...тушаал хуульд заасан шаардлагыг хангаж ... гаргасан ” гэсэн агуулга бүхий тайлбарыг  /1хх41/ гаргажээ.

2. Анхан шатны  шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг хэрэглэж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхээс гарах шийдвэрийн бүтцэд нийцээгүй, мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх буюу мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэрэг, маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

3. Нэхэмжлэгч Ш.Ц нь “****” ОНӨ ХХК-д кассын нярваар ажиллаж байгаад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар гомдол гаргаж, гомдол нэхэмжлэлдээ ажлаас халах үндэслэл болгосон зөрчлийн талаар “... захиалгын хуудас, шаардах хуудас хоёрын зөрүүтэй байдлыг үүсгэж өөрийнхөөрөө тайлбарлан ... гэнэт материалын тооллого хийж, ...тооллогоор бараа материалууд илүү дутуу гэж гарсан. ...” гэж дурдсан байна.

Харин хариуцагчийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, татгалзалдаа Ш.Цыг ажлаас чөлөөлөх тухай 2022.01.21-ний өдрийн Б/37 дугаар тушаалын үндэслэл болон гаргасан зөрчлийн талаар дурдаагүй байна.

**** ОНӨ ХХК-ийн захирлын 2022.01.21-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар нэхэмжлэгч  Ш.Цыг Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.5, хөдөлмөрийн гэрээний 5.1.4, компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, 6.6.4, хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3, 8.2.8, 15 дугаар зүйлийн 15.2.2-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байх бөгөөд энд зааснаас үзэхэд ажил олгогчийн санаачилгаар “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

4. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.5-д зааснаар ажил олгогч сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх ба сахилгын зөрчилд  Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тооцохоор зохицуулжээ.

Эндээс үзвэл ажил олгогчийн сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл нь ажилтан  сахилгын зөрчил гаргасан байх буюу  хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод заасныг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна гэж үзнэ.

5. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцаас үзэхэд хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч буюу ажилтны гаргасан ямар үйлдэл, эс үйлдэхүй нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод заасан сахилгын зөрчил болох талаар анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс “...2022.01.20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд үйл баримт тогтоогдсон учраас энэхүү тушаалыг гаргасан, ...ажлын байрны үндсэн зорилгыг хэрэгжүүлээгүйн улмаас ... гэнэт тооллого хийгээд тооллого нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан ...” гэснээс өөрөөр тайлбар татгалзалдаа огт дурдаагүйгээс ажилтныг ямар сахилгын зөрчил гаргасан тэр нь ажил олгогчоос сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Учир нь мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбар, татгалзалдаа сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон сахилгын зөрчлийн талаар дурдаагүйгээс хэрэг маргааны үйл баримт бүрэн дүүрэн тогтоогдоогүй, улмаар зохигчдоос гаргаж өгсөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэх нөхцөл ***ээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдагдсан агуулга болон зохигчоос анхан шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбарын агуулгаас үзэхэд хариуцагч буюу ажил олгогчоос сахилгын зөрчилд тооцсон үйл баримтыг “...гэнэтийн тооллого ...” түүний үр дүн гэж үзэж болох боловч энэхүү үйл ажиллагаагаар тогтоогдсон ямар нөхцөл байдлыг хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн болох талаарх үйл баримтын талаар хариуцагч тайлбарлаж мэтгэлцээгүйгээс нэхэмжлэгчийг ажил олгогчийн шийдвэрт заасан сахилгын зөрчлийг гаргасан эсэх, түүний шинж чанар, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох эсэхийг шүүхээс дүгнэх боломжгүй байна.

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгосон атлаа шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор заасан нь ойлгомжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан шийдвэр гаргах бүтэц, агуулгад нийцээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3-т зааснаар анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлээд шийдвэр гаргахад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, харин хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар ... иргэний хэрэг үүсгэснээс хойш 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох, энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргахаар өөр өөр агуулга, үр дагаврыг үүсгэдэг  ажиллагаа болохыг анхан шатны шүүх анхаараагүй.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд нь анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан “... шийдвэрийг хүчингүй болгох ...” тухай давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2022/00320 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Ш.Ц, түүний өмгөөлөгч З.А нарын давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

                                                     ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                                       Н.БАТЧИМЭГ