Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01838

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01838

 

 

 

 

 

М Г П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/01443 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М Г П ХХК-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 163,349,800 төгрөг гаргуулах үндсэн, гэрээний хохиролд 317,854,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, гэрээний дагуу ажлыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс гүйцэтгэж эхэлсэн боловч М ХХК сар тутам төлөх ёстой төлбөрөө дутуу төлж байсан. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 18,000,000 төгрөг, 08 дугаар сард 35,300,000 төгрөг, 09 дүгээр сард 5,000,000 төгрөг, 10 дугаар сард 9,000,000 төгрөг, 11 дүгээр сард 45,000,000 төгрөг, 12 дугаар сард 5,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сард 46,000,000 төгрөг тус тус дутуу өгсөн. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажил үүрэг гүйцэтгэх гэрээг цуцлах санал гаргаж ажилчдыг хөөн гаргасан тул гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Иймд нийт 163,349,800 төгрөг хариуцагч М ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Талууд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-т ажлын нийт төлбөр 50,000,000 төгрөг ба үүнд ажлын хөлс болон бүх төлбөр багтсан талаар заасан. 2021 оны 02 дугаар сар хүртэл нийт 239,950,200 төгрөгийг ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь итгэл алдаж анхнаасаа мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулж, ажлын үр дүн гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний төлбөрөөс илүү шилжүүлсэн мөнгийг шаардаагүй. Харин нэхэмжлэгч компанийн захирал Ц.Э д 2020 оны 08, 09 дүгээр сараас эхэлж гэрээний үүргээ үр дүнтэй, ур чадвартай гүйцэтгэхийг удаа дараа амаар шаардаж байсан боловч мэргэжлийн бус хүмүүс явуулсан. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 17 дизель генератор, 8 ширхэг компрессорын хэвийн үйл ажиллагааг хангуулах үүрэгтэй байсан. Гэтэл байнга доголдол гаргаж байсан. Дизель генератор нь хот суурин газраас хол байхад хамгийн шаардлагатай зүйл учраас мэргэжлийн хүмүүс ажиллах шаардлагатай гэж нэхэмжлэгчийн хэлсний дагуу тэднийг сонгож гэрээ байгуулсан. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр М Г П ХХК-аас гэнэтийн шаардлага гарсан тул гэрээ цуцлагдсан байна, хүн хүчээ буцаан татаж авъя гэсэн и-мэйл илгээсэн. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр уурхайд байсан хүмүүсийг татаж авсан. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сар хүртэл "М Г П " ХХК нь гэрээний 5.2.10-т зааснаар сар бүрийн төлөвлөгөө гаргаад, сар бүрийн биелэлтийг ирүүлж байгаад үүнээс хойш төлөвлөгөө болон ажил дүгнэсэн актыг дүгнүүлээгүй. Иймд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М Г П ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. "М Г П " ХХК нь уурхай дээр очиж ажиллах, 17 ширхэг генератор, 8 ширхэг компрессор, нийт 25 ширхэг техник хэрэгслийн найдвартай үйл ажиллагааг хангаж, мэргэжлийн өндөр түвшинд биет болон урсгал засварын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч нь хамтран ажиллах хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай, зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй. Хэвийн ажилладаг байсан генераторууд байнгын засвартай, эвдэрдэг болсноор уурхайн ажил удааширсан. Нэхэмжлэгч тал уурхай дээр техникүүдийг засварлаж чадахгүй байдалд орж Улаанбаатар хот руу явуулж, хашаандаа засварлана гэж авч явдаг байсан. Гэтэл генераторууд нь удаж ирдэг байсан ба ингэхдээ ажиллахгүй, эсхүл эвдэрдэг тохиолдлууд гардаг байсан. Тухайн үед Ковидын үе байсан тул нэхэмжлэгчийг дэмжээд ажиллаж байсан. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр М Г П " ХХК-ийн захирал Ц.Э гэрээ цуцлах хүсэлт гаргасан. Дизель генераторуудыг Э уурхайгаас Улаанбаатар хот руу, Улаанбаатар хотоос Э уурхай руу зөөхийн тулд том оврын шаланз автомашиныг түрээсэлж зөөвөрлөдөг байсан тул тээврийн зардлыг удаа дараа тохиролцож байсан. Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдах үед ААА 000000 , ААА00001 генераторууд дагалдах сэлбэг хэрэгслийн хамт М Г П ХХК-ийн Улаанбаатар дахь хашаанд засаагүй байсан. Гэрээ цуцлагдсаны дараа нэхэмжлэгч талтай уулзаж өөрсдийн техник хэрэгслийг авах, уурхай дээр авч очихгүй бол компанийн үйл ажиллагаа доголдож байгаа талаар удаа дараа хэлж байсан боловч дизель генераторууд болон түүний дагалдах хэрэгслүүдийг буцааж өгөөгүй. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр М Г П ХХК-ийн хуульчтай уулзаж, тоног төхөөрөмжүүдийг эргүүлэн авах боломжтой болсон. Хариуцагч нь өөрийн зардлаар тоног төхөөрөмжийг өргүүлэх кран болон Улаанбаатар хотоос Э уурхай хүртэл тээвэрлэх том шаланз маркийн машиныг нийт 4,600,000 төгрөгөөр түрээсэлж уурхай руу авч очсон. 17 дизель генераторуудаас ААА00А00000 , АААА00001 , АААА00002 , ААА00А004 , ААА00А0003 , ААА00А0003 генераторуудыг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээний компаниар үнэлүүлэхэд АААА00001 дизель генераторыг 114,276,000 төгрөгөөр, ААА00А004 дизель генераторыг 99,825,000 төгрөгөөр, ААА00А0003 дизель генераторыг 133,100,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Дизель генераторуудын их биеийг засварлаж байх явцад их бие болон холбогдох эд ангиудад гэмтэл учирсныг үнэлгээчин тогтоосон тул уг 3 дизель генераторын үнэлгээ 254,253,997 төгрөгөөр үнэлэгдсэн. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах хугацаандаа үр дүн гаргаагүй, учруулсан хохирол, эвдэлсэн дизель генераторууд болон гэрээний хугацаанд ашиглалтад оруулж хэвийн үйл ажиллагааг хангаж чадаагүй. Үйл ажиллагааг доголдуулсан, нойтон баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний доголдол гэмтлийг засуулах талаар тухай бүрд нь мэргэжлийн хүмүүстэй гэрээ байгуулж засварлуулж байсан. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр З.Т тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж Э уурхайн 800 кв дизель генераторуудын моторт их засвар хийлгэх, гэрээний хөлсөнд 15,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. З.Т нь дизель 800 генераторуудыг засварлаж хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгчийн засварлаж байсан генераторуудад 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Ш тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Э уурхай дээр байсан 2 ширхэг генераторыг чанарын өндөр түвшинд сэлбэж засварлах, гэрээний төлбөрт 15,000,000 төгрөг төлөхөөр тохиролцон тэрээр 2 ширхэг генераторыг чанарын өндөр түвшинд засварлаж дууссан. Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 15 ширхэг дизель генератор, 8 ширхэг компрессорын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллаагүй, их болон урсгал засварын ажлыг гэрээний хугацаанд хийж гүйцэтгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, компанид их хэмжээний хохирол учруулсан. Гэрээний 5.2.2, 5.2.6, 6.2-т заасны дагуу М Г П ХХК-аас гэрээнээс учирсан хохиролд нийт 317,854,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. 317,854,000 төгрөгийг хэрхэн тооцоолсноо тодорхойлох ёстой. Шинжээч генераторын үнийг зах зээлийн ханшид тулгуурлан тогтоосон, шинжээч н.Б техникийн чиглэлийн дадлага туршлага байхгүй. Үнэлгээний компани өөрсдөө хийж чадахгүй зүйлийг мэргэжлийн байгууллагыг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулдаг. 6 генераторыг цаашид ашиглалтад тэнцэж болохуйц гэж дүгнэсэн ба бүгдийг нь ажиллуулж үзсэн байна. Ажиллаагүй бол ажиллаж байна гэж дүгнэхгүй ба ажиллаж байгаа учраас цаашид ашиглаж болох гэдэг үгийг тодорхойлсон. Үнэлгээчин генераторын мотор асаж байгаа талаар сонсоод мэдэж байгаа. Харин дотор нь мотор тостой байна уу, тосгүй байна уу эсхүл тахир голын төмрийн зордос эргэлтэд ямар нөлөө үзүүлж байгаа талаар моторын гадна талаас нь хэн ч хараад мэддэг зүйл биш. Түүнийг кастер дотроос нь задалж хараад кастер дотор нь хэдий хэмжээний зордос байна, энэ зордос юунаас үүссэн байна гэдгийг техникийн шинжээч тогтоодог. Шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай болсон. Мэргэжлийн шинжээчийг оролцуулаагүй. Гэрээ байгуулснаас хойш 7 сарын дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд үнэлсэн. Энэ хугацаанд генератор яаж ч ажиллаж гэмтсэн байх боломжтой. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ байгуулаад ажиллаж байх явцад сэлбэг хэрэгсэл ирэхгүй, ажиллахгүй доголдол учирч байсан, энэ хугацаанд яагаад эвдрээд ажиллахгүй байсан талаар гэрч мэдүүлсэн.

Засварлах боломжгүй 4 генератор байсан учраас Улаанбаатар хот руу авчирсан. Гэрээнд тээврийн хэрэгслийн зардлыг хариуцагч тал даана гэж тодорхой заасан. Харин генераторуудыг янзлахаар удаа дараа сэлбэг шаардаж байсан боловч сэлбэг нь ирээгүй. н.Б захиралтай харилцсан зурваст хийсэн үзлэгээр тэрээр мөнгөтэй болохоороо сэлбэг өгнө, тэгж болохгүй байна, ингэж болохгүй байна гэдэг тайлбарыг тогтмол тавьдаг байсан нь нотлогддог. Генераторуудын хувьд сэлбэг ирээгүй буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас болж засварлагдаагүй хүлээгдэж байсан. Тодорхой хэмжээнд механик засваруудыг хийгээд буцаагаад хүлээлгэж өгсөн ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гарын үсэг зурж хүлээн авсан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.2, 355 дугаар зүйлийн 355.2-т заасныг баримтлан М ХХК-аас 158,049,800 төгрөг гаргуулж, М Г П ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 5,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар М Г П ХХК-аас гэрээнээс үүдэлтэй хохирол гэх 317,854,000 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 974,700 төгрөг, хариуцагчаас төлсөн /99,493+1,575,800+302,950/ нийт 1,978,243 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагч М ХХК-аас 948,199 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М Г П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

6.1. Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.2, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасныг баримтлан М ХХК-аас 158,049,800 төгрөгийг гаргуулж, М Г П ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 5,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт энэ талаар тодорхой тайлбарлаагүй.

6.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсгийг талаар дүгнээгүй.

6.3. Нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.10-т хариуцагч байгууллага болох манай компанийн зүгээс гаргаж өгсөн тооцоог нэхэмжлэгч тал хүлээн аваагүй үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй атлаа нэхэмжлэгч талын гаргаж өгсөн манай компанид ажил хүлээлгэж өгч байсан баримт байхгүй байхад нэхэмжлэгч талын үйлдсэн work order буюу ажил гүйцэтгэсэн акт гэх баримтыг үнэлж гэрээний үлдэгдэл төлбөр гаргасан нь хэт нэг талыг барьсан.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.4-т ажлыг гэрээнд заасны дагуу гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгч байсан үйл баримт нотлогдож байх тул ... нэхэмжлэгч компани баримтаар нотолсон байна гэж дүгнэлээ гэжээ. Бодит байдал дээр шүүгчийн нотлогдсон гэх нэхэмжлэгч талын гаргаж өгсөн work order гэх баримтуудад гарын үсэг зурсан ажил хүлээж авсан, хүлээлгэн өгсөн эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг нь дуураймал, нэхэмжлэгч талын өмгөөлөгч хүртэл тус гарын үсгүүдийг тухайн хүмүүсийн гар үсэг гэдэгт эргэлзэж гарын үсгийн баталгаа гаргуулахаар шүүх хуралдааны явцад хүсэлт гаргасан боловч шүүх уг баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн.

6.4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг нарийвчлан тогтоогоогүй, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн өмнөх шат болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс М Г П ХХК-аас 2021 оны 03 дугаар сараас гэрээнээс үүссэн хохирлыг шаардаж тус компанийн улсын бүртгэлд бүртгэлтэй үндсэн хаягаар шүүхэд удаа дараа хандсан талаар хэлсэн. Гэвч шүүх сөрөг нэхэмжлэл, гэрээнээс үүссэн хохирлын хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ хуулийг буруу хэрэглэж дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. н.Э захирлын дансны хуулгыг нэг бүрчлэн тулгаж нэхэмжлэл гаргахад тооцооллын алдаа гаргасан. 2020 оны 10 дугаар сарын ажил гүйцэтгэлд хариуцагч талаас маргадагүй. Сүүлийн 2-3 сар буюу ажлын гүйцэтгэлийн актад гарын үсэг зурсан эсэхэд маргаан үүсгэдэг. Work order гэх баримтыг шүүх хуурамч нотлох баримт байж болзошгүй гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн work order баримтыг нотлох баримтаас хасахгүйгээр шийдвэрлэсэн. Ажлын гүйцэтгэлийг 7 сарын хугацаанд хийж тухайн генераторууд нь ажиллаж байж тогтой болж байгаа учир үйл ажиллагаа доголдолгүй ажиллаж байсан. Хэрэв доголдож 1 цаг, 1 өдөр болсон бол их хэмжээний хохирол учрах байсан. Шүүх хэрэгт авагдсан баримтууд, гэрч нарын мэдүүлэг, зохигчдын тайлбараар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагч компани хүлээн авсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт зааснаар тухайн баримтыг шалгуулах шаардлагатай бол уг баримтыг хуурамч эсэхийг нотлох үүрэг хүсэлт гаргасан талд байсан. Сөрөг нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч М Г П ХХК ажил гүйцэтгэх гэрээний хөлс 163,349,800 төгрөг нэхэмжилснийг хариуцагч М ХХК эс зөвшөөрч 317,854,000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

3. Шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг нарийвчлан тогтоогоогүй, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил, өмчлөлийн 17 ширхэг дизель генератор, 8 ширхэг компрессорын найдвартай үйл ажиллагааг хангах, их болон урсгал засварын ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсөнд сар бүр 50,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /1хх5-9/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагчийн 17 ширхэг дизель генератор, 8 ширхэг компрессорын найдвартай үйл ажиллагааг хангаж, их болон урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байхад төлөх ёстой төлбөрөө төлж барагдуулаагүй .., гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч 317,854,000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаардсан боловч үндэслэл нь тодорхой бус байна.

Гэрээний зүйл болох техник хэрэгсэл одоогоор хариуцагчийн эзэмшилд байгаа талаар талууд тайлбарлаж байх ба уг техник хэрэгсэл ашиглаж болох эсэх, эсхүл засвар хийх буюу зарим гол хэсгийг солих шаардлагатай эсэх нь тодорхойгүй. /1хх40/

Мөн нэхэмжлэгчийн ... шинжээчийн дүгнэлтээр генераторын үнийг тогтоосон, шинжээч 6 генераторыг цаашид ашиглалтад тэнцэж болохуйц гэж дүгнэсэн, шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай болсон, мэргэжлийн шинжээчийг урьж оролцуулаагүй гэх тайлбарыг анхаарч үзэх нь зүйтэй.

Иймд 317,854,000 төгрөг нь дизель генератор, компрессорт хийсэн засварын үнэ, эсхүл зах зээлийнх нь үнэ үү гэдгийг тодруулан талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлон дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй байхад хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/01443 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,537,469 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

А.МӨНХЗУЛ