Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2022/00102

 

Ц.Я, А.Х нарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Л.У-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.Б, С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2022/01040 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Я, А.Х нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Ут холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12.834.813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дгийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Я, А.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга Х.Буджав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Я, А.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Я би Л.Уийн хүсэлтээр 11.000.000 төгрөгийг 3 сарын хугацаагаар зээлдүүлэхээр болсон. Ингээд өөрийнх нь Хаан банкны 5096393912 тоот данс руу шилжүүлчих гэж биечлэн хэлсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр түүний Хаан банкны 5096393912 тоот данс руу 11.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд Л.Уээс зээлийн төлбөр 11.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ

Нэхэмжлэгч Ц.Я, Л.У нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

2022 оны 01-р сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бид 1.834.813 төгрөгийн хүүг Тэгш саятан ББСБ-д төлөөд байна. Иймд Л.Уээс 1.834.813 төгрөгийг нэхэмжлэл дээр нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Л.У би Ц.Яын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Л.Хишигжаргалын 5093268827 тоот дугаартай данснаас миний ХААН банкан дахь 5096393912 дугаартай дансанд 10.394.500 төгрөг орж ирсэн. Энэ мөнгийг миний дансаар оруулаад нэхэмжлэгчийн төрсөн дүү Янжиндуламын нөхөр Өлзийсайхан миний хувийн хагас боловсруулсан бүтээгдэхүүний цехийг хариуцан ажиллаж байсан байдлаа ашиглаж "Бэрс" ББСБ-аас Приус-30 маркийн авто машин зээлээр авах гэж дээрх мөнгийг дансанд маань хийсэн. А.Хын данснаас орж ирсэн 10.394.500 төгрөгийг би А.Хын хэлснээр түүний өгсөн данснууд руу шилжүүлсэн. Үүнд: 1. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өлзийсайханы Хаан банкан дахь 5090620249 дугаартай дансанд 327.500 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөн дээрх 5090620249 дансанд 4.800.000 төгрөгийг машины урьдчилгаа, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Яын ХААН банкан дахь 5270596710 дугаартай дансанд 500.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөө Өлзийсайханы ХААН банкан дахь 5090620249 дугаартай дансанд 500.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Янжиндуламын ХААН банкан дахь 5093247965 дугаартай дансанд 10.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Я-ын ХААН банкан дахь 5093247965 дугаартай дансанд 2.000.000 сая төгрөг, А.Хын зээлийг хаана гээд энэ мөнгийг орж ирэхийн урд өдөр А.Амгаланбаатар гэдэг хүний 340502510043 дугаартай дансанд 1.330.000 төгрөг хийлгэсэн байсан. Өлзийсайхан ББСБ-ынхаа зээл төлнө гэж 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр надаас 450.000 төгрөгийг авч явсан. 2022 оны 01 дүгээр сарын 21-нд Ц.Янжиндуламын ХААН банкан дахь 5093247965 дугаартай дансанд 200.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 677.000 төгрөг А.Хын "Т Б" ББСБ ХХК-ийн дансанд хийлгэсэн. Ингээд нийт 10.584.500 төгрөгийн тооцоо хийсэн. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн нөхөр, дүү, дүүгийнх нь нөхөр нь миний дансыг ашиглаж дансаар минь мөнгө оруулаад гаргасан болохоос би нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй. Миний дансаар А.Х 10.860.000 төгрөг оруулаад буцаагаад 10.584.500 төгрөг шилжүүлж ямар нэгэн тооцоогүй болсон. Иймд Ц.Яын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Я, А.Х нарын гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гардан аваад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч А.Х нь Л.Уийн дансанд мөнгө шилжүүлэх болсон шалтгаан нь эхнэр Ц.Яын төрсөн эгч Ц.Янжиндуламын нөхөр Өлзийсайхан нь түүний бууз, баншны цехэд түгээгчээр ажилладаг, тэрээр та орлого нотлох шаардлагагүй, би зээлээр машин авах гээд туслаач гэсний дагуу А.Хаас дансанд мөнгө шилжигдсэн байдаг. А.Хаас орж ирсэн 10.860.000 төгрөгийг буцааж төлөхдөө: Өлзийсайханы данс болон бэлнээр 5.877.500 төгрөг, Янжинлхамд 500.000 төгрөг, А.Хын Төрийн банкны зээл 1.330.000 төгрөг, ББСБ-д зээл 677.000 төгрөг, нийт 10.594.500 төгрөгийг тус тус шилжүүлж, тооцоо дууссан тухай шүүхэд бичгээр тайлбарласан байгаа. Л.Уийн дансанд нь 10.860.000 төгрөг орж ирснээс хойш буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Итгэлцлийн гэрээ" гэсэн цаасан дээр Ц.Я Д.У-ийг гарын үсэг зураад өг танд асуудал болохгүй гэж зуруулсан байдаг. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзнэ. Мөнгө шилжүүлсэн А.Х энэ гэрээнд огт оролцоогүй байдаг. Нэхэмжлэгч нарын хүсэлтээр шилжүүл гэсэн нь тэдний төрсөн эгч Ц.Я, хүргэн ах Ө нарын данс болон ББСБ-д зээл төлж, тэдний өгсөн үүргийг бүрэн биелүүлсэн тул үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2022/01040 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 227 дугаар зүйлийн 127.3. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Уээс 9.775.912 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Я, А.Х нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.058.901 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.245 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Уээс 171.365 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Я, А.Х нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх ...Үндэслэх хэсгийн 4а. хариуцагч Л.У нь А.Х, хамтран зээлдэгч Ш.Б нараар 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Тэгш саятан ББСБ-иас 11.000.000 төгрөгийн зээл авхуулсан .. уг мөнгийг өөрөө тус ББСБ-д төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт ирүүлсэн итгэлцлийн гэрээ, Тэгш саятан ББСБ, А.Х, Ш.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, дансны хуулга, талуудын тайлбар, хариуцагч Л.Уийн Т С ББСБ-д мөнгө төлсөн болон, гэрчүүдийн мэдүүлэг бусад баримтуудаар нотлогдож байна... гэж шүүх дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.Үндэслэл нь: 1. Шүүх шийдвэрийн ...6а ... хариуцагч нь А.Х, Ц.Я нарын хэлсний дагуу түүний өгсөн данснууд руу шилжүүлсэн гэдэг боловч энэ тайлбар нотлогдоогүй болно... гэснийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Л.Уийн тэдний хэлсэн данснууд руу шилжүүлсэн гэх шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг хэрхэн үнэлсэн эсэх нь тодорхойгүй, дэндүү ерөнхий дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Шийдвэрийн 7-д Нэхэмжлэгч нар Тэгш саятан ББСБ-аас Л.У нь түүний хүсэлтээр 11.000.000 төгрөгийн зээл авч өгсөн бөгөөд Л.У нь эхний сарын төлбөрийг төлсөн, дараа сарын хагас төлбөрийг төлсөн, түүнээс хойших хугацааны төлбөрийг төлөөгүй байх тул 3 дугаар сарын хүүгийн тал хувь 4, 5, 6 дугаар сарын зээлийн хүүг Тэгш саятан ББСБ, А.Х нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эргэн төлөлт хуваарийн ...дагуу гаргуулан олгох нь зүйтэй... гэж дүгнэлт хийгээд байгааг хариуцагч зөвшөөрөхгүй байна. Учир нь А.Хын эхнэр Ц.Я нь А.Хын данснаас түүний дансанд мөнгө орж ирснээс хойш буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Итгэлцлийн гэрээ"-нд гарын үсэг зуруулсан. Энэ гэрээний агуулгыг харахад ББСБ-аас авсан зээлийг төлж барагдуулах тухай ярилцсан болохоос энэ гэрээний үүргийг хариуцагч Л.У нь барагдуулах үүрэг хүлээхгүйд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй алдааг залруулж, 01040 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах гомдолд хязгаарлахгүй бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Ц.Я, А.Х нар хариуцагч Л.Уээс зээлийн төлбөрт 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1.834.813 төгрөгөөр нэмэгдүүлсэн, хариуцагч Л.У нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд зохигчдын хооронд итгэлцлийн үндсэн дээр 11.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлэх, зээлдүүлэхээр тохиролцож 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Л.Уийн Хаан банкны дансанд нь 10.394.500 төгрөг шилжин орсон болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Л.Уийн хүсэлтээр 11.000.000 төгрөгийг Тэгш саятан ББСБ-аас зээлж авч өгсөн гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч Л.У нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Л.Хишигжаргалаас 10.394.500 төгрөг миний дансанд орж ирсэн. Энэ мөнгийг нэхэмжлэгчийн төрсөн дүү Янжиндуламын нөхөр Өлзийсайхан Бэрс ББСБ-аас Приус-30 маркийн автомашиныг зээлээр авахаар миний данс руу шилжүүлсэн.

Уг мөнгийг нь А.Хын хэлснээр ХААН банкны дансууд руу шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нөхөр, дүү, дүүгийнх нь нөхөр миний дансыг ашиглаж, дансаар минь мөнгө оруулж, гаргасан болохоос би нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй. Дансаар хийсэн мөнгийг нь буцаан шилжүүлсэн, ямар нэгэн тооцоо байхгүй гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч Л.У нь нэхэмжлэгч А.Х, хамтран зээлдэгч Ж.Б нараар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Т С ББСБ-аас 11.000.000 төгрөг авхуулж, уг мөнгийг өөрөө тус ББСБ-д төлөхөөр тохиролцсон, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн байна.

Хариуцагч Л.Уийн нэхэмжлэгч нарын болон тэдний хамаарал бүхий дансанд шилжүүлсэн мөнгийг тооцож нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба нэхэмжлэлийн бусад шаардлагын талаар нотлох баримтаар нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2022/01040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг 171.365 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.