Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2022/00106

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч С.М-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, шүүгч С.У, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/01034 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.М-т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг, гэрээнээс үүдэлтэй хохирол нийт 43.121.023 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, А ХХК-д урьдчилгаанд тооцуулсан 15.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.М-т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг, гэрээний үүрэгтэй холбоотой хохирол нийт 43.121.023 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай компани нь С.М-тай 2020 оны 07 сарын 18-ны өдөр №УТ2007/13 тоот санхүүгийн /лизинг/ түрээсийн гэрээ (автомашины түрээсийн гэрээ гэх нэртэй) байгуулан улсын дугаар 0000, V T автомашиныг худалдсан. С.М нь 2020 оны 08 сарын 3, 4-ны үед манай компанийн инженер Г.Б-той утсаар холбогдон гол туулсан чинь ус руу ороод унтарчихлаа гэж ярихад Батзориг нь асааж болохгүй, уснаас гаргаад ачлагын машинаар засварын газарт үйлчилгээнд оруулах хэрэгтэй" гэж хэлсэн байдаг. Түүнчлэн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр машиндаа үйлчилгээ хийлгэхээр манай компани дээр ирсэн бөгөөд машин нь усанд орсон, агаар шүүгч норсон, хөдөлгүүр доголдолтой байсан. Манай компанийн инженер Б машины хөдөлгүүрийг яаралтай задалж үзэх хэрэгтэй байна, дээр ярихад ус туулж байсан чинь унтарчихлаа гээд байсан, яаж асаасан, хөдөлгүүрээс ус гарсан уу гэхэд, 2 дугаар цилиндрээс ус гарсан гэж хэлсэн. Г.Б хөдөлгүүр чинь дуугараад байна даа, яаралтай оношилгоонд оруулж задалж үзэх хэрэгтэй байна гэхэд, тоохгүй зүгээрээ гээд хөдөлгүүрийн тос, шүүр, агаар шүүгч, 1 дүгээр цилиндрийн катушкийг солиулаад явсан. 4-5 хоногийн дараа манай борлуулагч Б.Б рүү яриад энэ машин чинь хамаг тос мос нь гоожоод зогсчихлоо энийгээ ирж ав гэж хэлсэн. Түүнчлэн манай компанийн менежер Б.У утсаар холбогдож машиныг оношилогоонд оруулахыг хэлсэн боловч машиныг авчирч оношилгоонд оруулахгүй байсан тул бид дахин холбогдож асуудлын талаар тодруулахад машин аваачиж чадахгүй, та нар өөрсдөө ирж аваад ямар ч байсан оношилгоонд оруулчих гэж ярьсны дагуу машиныг өөрсдийн зардлаар ачуулж авчирсан. Түүнчлэн машиныг оношилгоонд оруулахаар 9111-7825 гар утас, [email protected] цахим шуудан, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/80 албан тоотоор мэдэгдэж, хамтарч оношилгоонд оруулахар тохиролцсон боловч хөл хорионоос шалтгаалж, С.Мын хүсэлтээр С.Б-той хамтран 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд тус машины Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар Т б моторс компанийн В засварын төвд оношилгоонд оруулсан. Оношилгоо нь ...хөдөлгүүрийн доод анги буюу хөдөлгүүрийн блок, касчер, насос, АС мотор жанамны суурь хагарсан, 1, 2 цилиндрийн шатун гулзайсан хугарсан, 1-р цилиндрийн орох гарахын клапан гулзайсан, моторын духны хар таг, жийргүүд солих шаардлагатай болсон байна. Автомашин нь моторт ус орсноос болж дээрх эвдрэлүүд гарсан. Хөдөлгүүрийн блок солигдохгүй ба бүтэн мотороор солигдоно. Шинэ моторын үнэ 220.000.000 төгрөг, үүнд солих ажлын хөлс ороогүй болно гэх дүгнэлт гарсан. Бид оношилгоог С.Мт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/35 тоот албан бичгээр хүргүүлж, хохирлоо барагдуулахыг мэдэгдсэн боловч барагдуулахгүй, манай компанийн ажилчдын утсыг авахгүй, хохирлоо барагдуулахаас илт зайлсхийж байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Манай компани тус автомашиныг С.Мт 57.000.000 төгрөгөөр Санхүүгийн түрээсийн гэрээгээр худалдаж урьдчилгаа 15.500.000 төгрөгөнд S маркын машиныг тооцож авсан. Үлдэгдэл төлбөр болох 41.500.000 төгрөгийг сар бүр 2.584.000 төгрөгөөр төлж барагдуулахаар байсан боловч төлж барагдуулахгүй хохироож байна. С.М нь өөрийн буруутай үйлдлээс болж автомашиныг эвдэж, эвдрэлийг засуулахад дээрх оношилгоогоор 220.000.000 төгрөг байна. Гэвч манай компанид учирч байгаа бодит хохирол нь гэрээний үлдэгдэл төлбөр 41.500.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хооронд гэрээний дагуу төлөх хүү 532.583 төгрөг, Эрдэнэт хотоос ачуулж ирсэн 700.000 төгрөг, буулгалт 60.000 төгрөг, оношилгооны 328.440 төгрөг нийт 43.121.023 төгрөг ба улсын дугаар 0000, V T автомашиныг С М-т шилжүүлж, бодит хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд Иргэн С М-с 43.121.023 (дөчин гурван мянга нэг зуун хорин нэгэн мянга хорин гурван) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

А ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. С.М миний бие 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр А э с-с өөрийн өмчлөлийн П маркийн суудлын машиныг 7.500.000 төгрөгөнд тооцож 2011 онд үйлдвэрлэгдсэн 0000 улсын дугаартай Т S маркийн машиныг 18.500.000 төгрөгөөр худалдан авч үлдэгдэл 11.000.000 төгрөгийг А ХХК-иас 6 сарын хугацаатай зээлж төлж дуусгасан юм. Дараа нь дээрхи машинаа томруулахаар шийдэж А ХХК-иас 2020 оны 7 дугаар сарын 18-нд лизингээр 2010 онд үйлдвэрлэгдсэн 0000 улсын дугаартай V T маркийн машиныг 58.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд үнийн дүнд Т S маркийн машинаа 15.500.000 төгрөгөнд тооцож өгөөд үлдэгдэл мөнгийг зээлээр төлөхөөр тохирсон. Машиныг хүлээлцэх үед уг машины мотор кропыг сольж өгнө гэсэн боловч сольж өгөхгүй нилээд удсан. Удахгүй маргааш нөгөөдөр гэсээр нилээд хэд хоносон. Тэгээд би гачигдал гараад хөдөө явж байхад 2020 оны 8 дугаар сарын 7-нд машин эвдэрсэн. А ХХК нь надад мотор кроп нь эвдэрхий машин хүлээлгэж өгсөн тул 20 ч хонолгүй эвдэрсэн юм. Тэгээд уг компани 2020 оны 8 дугаар сарын 28-нд машинаа буцааж авсан. Надад мотор кроп нь эвдэрхий машин худалдсанаа өөрсдөө хүлээн зөвшөөрч буцааж авсан тул би машины төлбөр болон бусад зардлыг төлөх ёсгүй. Харин би машины төлбөрт төлсөн 15.500.000 төгрөгөө буцааж авна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

А ХХК нь С.Маас худалдаж авсан автомашины үлдэгдэл төлбөр гэж нэхэмжилсэн байна. Энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин машины үнийн төлбөрт тооцож өгсөн машиныхаа мөнгийг буцааж нэхэмжилнэ гэсэн тайлбарыг С.М нь гаргасан байна. С.М нь 0000 дугаарын улсын дугаартай Т s маркийн автомашиныг 15.500.000 төгрөгөнд тооцож А ХХК-иас авсан V t маркийн машины төлбөрт тооцож өгчээ. Энэ талаар тэдний хооронд байгуулсан гэрээнд дурьджээ. А ХХК нь мотор кроп нь эвдэрхий машиныг С.М-т шилжүүлэн өгсөнөөс болж уг машин тэр дорхноо эвдэрч улмаар А ХХК нь машинаа буцаан авч засварын газраар засуулсан болох нь нэхэмжлэл болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. С.М нь нэгэнт эвдэрхий машиныг надад худалдсан байна гэж үзээд хичнээн зассан ч гэсэн шаардлага хангахгүй тул төлсөн мөнгөө авах шаардлага гаргахыг Д.О надад үүрэг болгож итгэмжлэл өгсөн байна. Иймд А ХХК-иас 15.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч С.М нь 2021 оны 5 сарын 10-ны өдрийн нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа ... Машиныг хүлээлцэх үед уг машины мотор, хропыг сольж өгнө гэсэн боловч сольж өгөхгүй нилээн удсан. Удахгүй, маргааш, нөгөөдөр гэсээр нилээд хэд хоносон. Тэгээд би гачигдал гараад хөдөө явж байхад 2020 оны 8 дугаар сарын 7-нд машин эвдэрсэн юм гэх тайлбарыг өгсөн байдаг. Энэ тайпбар нь үндэслэлгүй юм. Учир нь А ХХК нь санхүүгийн түрээс буюу лизингээр машин худалдсан. Лизингээр худалдаалж байгаа машин нь дараах шаардлагьг хангасан байдаг. Үүнд: А л э с ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний 3.4-д зааснаар мотор, хропонд 1 жилийн баталгаа олгосон байдаг.Техникийн үзлэг, оношилгоо хийгдсэн, баталгааны хуудас олгосон байдаг. Дээрх баримтууд нь хэргийн материалд авагдсан байгаа.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мотор, хроп нь эвдэрхий машин өгсөн гэдэг нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Мөн А ХХК нь тухайн машинаа буцаан авч, засварын газраар засуулсан болох нь нэхэмжлэлд болон бусад нотлох баримтаар нотлогдож байна гэсэн байдаг. Манай компанид тухайн машиныг засуулсан зүйл байхгүй. Харин тухайн машины эвдрэлийн шалтгааныг хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-той хамтран 2021 оны 01 сарын 25-ны өдөр оношлуулсан. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/01034 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 263 дугаар зүйлийн 263.2.3, 227 дугаар зүйлийн 227.3. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.М-аас 43.121.023 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, А ХХК-иас 15.500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1034 тоот шийдвэрийг эс зөвшөөрч байна. А ХХК-иас С. М 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 0000 улсын дугаартай W T (2010 он) машиныг авто машины түрээсийн гэрээгээр худалдан авсан. Машины үнэ 58.000.000 төгрөг байсан бөгөөд 15.500.000 төгрөгт тооцож Т S маркын машинаа өгсөн. Үлдэгдэл 41.500.000 төгрөгийг сар бүр хувааж төлөхөөр тохирсон. Машиныг 2020 оны 07 дугаар сарын 18-нд авсны дараа 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрөөр хэлбэл гол гатлах үед машин унтарч, асахгүй болсон. Энэ талаар А-ийн инженер лүү утсаар ярихад авчир гэсэн. Ингээд 08 дугаар сарын 07-нд нь үйлчилгээ хийлгэхээр очиход агаар шүүгч, хөдөлгүүр норсон байна гэсэн. 2020 оны 08 дугаар сарын 07-нд машин эвдэрсэн. Ингээд машины талаар хэлэхэд 08 дугаар сарын 28-нд ирж машиныг буцааж авсан. Машиныг аваад ердөө 14 хоногт эвдрэл доголдол үүссэн. Анх машиныг хүлээлгэн өгөхдөө инженер ер хүлээлцээгүй. Нарийн компьютер оношлогооны үзүүлэлтээр шалгаж өгөөгүй. Мотор, крон солих гэсэн тэмдэглэл, гэрээний хавсралт хүлээлцсэн бүртгэл дээр бичсэн байдаг. Мэдээж ус туулахад унтрах машин В компани үйлдвэрлэхгүй. Гэрч Б шүүх хуралд нарийн автофиксээр оруулсан зүйл байхгүй, гаднах байдлаар нь оношилсон гэх утгатай хариулт өгсөн. Тэгэхээр 2010 онд үйлдвэрлэгдсэн уг машины элэгдэл хорогдлын эдэлгээний хугацаа нь 10 жил байдаг, нэгэнт нарийн оношилгоо хийгээгүй өгсөн нь аваад 12 хоногт ус туулахад унтарч буй нь доголдолтой байсан гэж үзэж байна. А ХХК нь уг машины тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг гаргаж өгөөгүй, энэ талаар шүүхэд хүсэлт тавьж байсан. Аваад 1 сар ч болохгүй унтарч буй байдал нь уг машин эвдрэл, доголдолтой байсан гэж үзэхэд хүрч байна. Бид уг машиныг аваад 4 дугуй шинээр авч тавьсан. 2020 оны 08 дугаар сарын 28-нд компани уг машинаа авч явсан тул магад ч үгүй зарсан байхыг үгүйсгэхгүй. Шүүхээс даатгалын гэрээг хариуцагчаас гаргуулахгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Уг машин даатгалд хамрагдсан бол ямар нөхцлөөр хамрагдсаныг мэдэх боломж байсан. Мөн уг машиныг 57.000.000 төгрөгөөр үнэлсэн бол машиныг үйлдвэрлэгдсэнээс хойшхи 10 жилийн элэгдэл, хоргодол тооцогдох ёстой. Шүүхийн шийдвэрт шүүх хуралд гаргасан хариуцагч талын тайлбар огт дурьдагдаагүй байна. Шүүхийн шийдвэрт хариуцагч талыг эвдрэл, гэмтэлтэй байсан бол авахгүй байх эрхтэй байсан. Тухайн үед доголдолгүй гэж үзээд С.М авчээ гэсэн байгаа. Шүүх хуралд гэрээний хавсралт машин хүлээлцсэн акт дээр А-ХХК-иар оношлуулсан дүгнэлт байхгүй, инженер хүлээлцэж өгөөгүй байна. Бид мэргэжлийн автын хүмүүс биш, гэтэл дотор хөдөлгүүр, кроп зэрэг нь гэмтэлтэй байсныг үгүйсгэх аргагүй байна. Хэрэв автофиксээр оношлуулсан бол доголдолгүй эд хөрөнгө өгсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Ер нь тэгээд худалдсан машин 12 хоноод доголдол үүсч байгаа, бүрэн нарийн оношлогооны дүгнэлт хийгээгүй өгсөн байдалд шүүх дүгнэлт хийсэнгүй. Яагаад оношлогооны дүгнэлт байхгүй талаарх нэхэмжлэгч талын тайлбар хэрхэн үзсэн нь ойлгомжгүй байна. Худалдан авсан машин 12-14 хоногт гол гатлахад эвдэрсэн байх нь тэгээд доголдолгүй хөрөнгө гэж үзэхэд эргэлзээтэй юм. Шүүх хуралд судалсан СД бичлэгийг хэрхэн дүгнэсэн нь байхгүй байна. Ус туулсны улмаас автомашины моторт гэмтэл учирсан нь нотлогдож байгаа гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. W гэдэг Германы автомашины үйлдвэр бол ус туулахад эвдрэх машин үйлдвэрлэхгүй. Герман чанар ямар байдгийг бид мэдэх тул чанартай гэж үзэж уг машиныг авсан. Иймд шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргасан хүсэлтийг бүрэн хангаагүй /даатгалын гэрээг гаргуулах/, оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, мөн нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр шийдвэрийг үндэслэлгүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч С.Мт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг, гэрээнээс үүдэлтэй хохирол нийт 43.121.023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С.М нь нэхэмжлэгч А ХХК-д холбогдуулан урьдчилгаанд тооцуулсан 15.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 263 дугаар зүйлийн 263.2.3, 227 дугаар зүйлийн 227.3. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.М-аас 43.121.023 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, А ХХК-иас 15.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний 3.4-д худалдагч тал автомашины мотор хропонд 1 жилийн баталгаа олгоно. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заажээ.

Хариуцагч С. М нь нэхэмжлэгч А ХХК-иас 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 0000 улсын дугаартай W T авто машины түрээсийн гэрээгээр 58.000.000 төгрөгөөр худалдан авчээ. Машиныг худалдан аваад 2020 оны 08 дугаар сарын 03-наас 04-ний өдөр гол гатлах үед машин унтарч, асахгүй болсон. 2020 оны 08 дугаар сарын 07-нд нь үйлчилгээ хийлгэхээр очиход агаар шүүгч, хөдөлгүүр норсон байсан. 4-5 хоногийн дараа машин эвдэрсэн. А ХХК нь 08 дугаар сарын 28-нд ирж машиныг буцааж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч С.М нь А ХХК-иас өгсөн баталгаат хугацааны болон Иргэний хуульд заасан хугацааны дотор автомашин доголдолтой болохыг мэдэж буцаан өгчээ.

Хариуцагч С.М шүүхэд ...Машиныг хүлээлцэх үед уг машины мотор кропыг сольж өгнө гэсэн боловч сольж өгөхгүй нилээд удсан. Удахгүй маргааш нөгөөдөр гэсээр нилээд хэд хоносон. Тэгээд би гачигдал гараад хөдөө явж байхад 2020 оны 8 дугаар сарын 7-нд машин эвдэрсэн. А ХХК нь надад мотор кроп нь эвдэрхий машин хүлээлгэж өгсөн тул 20 ч хонолгүй эвдэрсэн юм. Тэгээд уг компани 2020 оны 8 дугаар сарын 28-нд машинаа буцааж авсан. Надад мотор кроп нь эвдэрхий машин худалдсанаа өөрсдөө хүлээн зөвшөөрч буцааж авсан тул би машины төлбөр болон бусад зардлыг төлөх ёсгүй. Харин би машины төлбөрт төлсөн 15.500.000 төгрөгөө буцааж авна гэжээ... гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хариу тайлбар гаргажээ.

Хариуцагчийн хүсэлтээр 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан ба дүгнэлтээр ... цилиндрт ус орсноос болж автомашины хөдөлгүүр эвдэрсэн... , гэжээ.

Хариуцагч С.М эвдэрхий автомашин надад худалдсан гэсэн хариу тайлбар гаргасан байхад шүүх эвдрэл гэмтэл юунаас болсон гэсэн асуулт тавьж шинээчийн дүгнэлт гаргуулсан байх ба дээрх автомашин зарагдахаас өмнө ямар нэгэн эвдрэл, гэмтэлтэй байсан эсэхэд дүгнэлт гаргуулаагүй нь буруу болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 235.450 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/01034 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 235.450 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.О

ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б