Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2022/00103

 

Г.Ггийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Э.Өд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/01158 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Ггийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Өд холбогдох,

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 6.509.786 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Э.Ө, нарийн бичгийн дарга оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ггийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

Зээлдэгч Э.Өд итгэлцлээр 2021 оны 03 сараас 06 сарын хугацаанд бэлэн болон бэлэн бусаар нийт 12.105.000 төгрөг өгсөн юм. Э.Өлзийн-наран нь 2021 оны 5 сард 500.000 төгрөг, 2021 оны 07 сард 445,000 төгрөг тус тус бэлнээр, 5.03.825 төгрөг үнэ бүхий сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, 185.000 төгрөг бараа, 301.000 төгрөг хоорондын тооцоогоор, нийт 6.468.825 төгрөгийн тооцоог барагдуулсан. Үлдэгдэл тооцоог нэг бүрчлэн нийлж, үлдэгдэг 5.636.175 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сар бүр хэсэгчлэн төлөөд 2022 оны 04 дүгээр сарын 30 өдөр төлж дуусгана гэсэн боловч энэ хугацаанд нэг ч төгрөг төлсөнгүй. Зээлийн үндсэн төлбөр 5.636.175 төгрөг, "Зээлдүүлэгч нь зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, зээлдэгчид төлүүлэхээр харилцан тохиролцов" гэсний дагуу 873.611 төгрөгийн алданги тооцож, гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ИХ-ийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн үндсэн төлбөр 5.636.175 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар "хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө" 5.636.175 төгрөг 0.5 хувь алданги 28.181 төгрөг, 5 дугаар сар 31 хоногоор тооцвол 873.611төгрөг алданги тооцож, үлдэгдэл 5.636.175 төгрөг, нийт 6.509.786 төгрөгийг хариуцагч Э.Өгаас гаргуулж, Г.Гг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Ө шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Г нь 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр Сибирийн компанид орж надтай хамтарч ажилласан. Г.Ггаас би танаас мөнгө зээлье гэж зээлж аваад миний данс руу орсон мөнгө байхгүй. Энэ хүн өөрөө ашиг сонирхолтой болоод манай баг үнэхээр сайн ажиллаад байхаар өөрт нь өндөр цалин гарах учраас танай багийг дэмжье гээд надад биш компани руу картаа уншуулаад бараа авсан учраас би энэ хүнээс мөнгө зээлээгүй яагаад гэхээр энэ хүн өөрийнхөө ашиг сонирхлоор манай багийг дэмжсэн. Тэр олон хүмүүсийг дэмжээд би та нарын оноог хийгээд өгье гээд яагаад гэхээр лидер цолонд хүрээд ашгаа авах гээд байна гээд бүтээгдэхүүн авч өгсөн бид нарт мөнгө төгрөг өгөөгүй. Сүүлд хамтарч ажиллахаа болиод гэрээ байгуулсан энэ гэрээнд тодорхой байгаа. Дараа нь хамтарч ажиллахаа болиод баг унаад эхлэнгүүт энэ хүн өөрөө харьцаа нь өөрчлөгдөөд өөрийнх нь хүссэн цалинд нь хүрэхгүй байсан учраас бид хоёрын хооронд хамтарч ажиллах боломжгүй болоод бид хоёрын хооронд 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг хийсэн. Би танаас мөнгө аваагүй учраас барааг чинь буцааж өгнө гээд 5.037.825 төгрөгийн Сибирийн бүтээгдэхүүн өгнө гээд надаас 5.000.000 төгрөг Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн авсан гээд бичсэн байгаа. Бид хоёр 09 дүгээр сарын 08-ны өдөр маргалдсан би танд 6.715.875 төгрөгийн бараа өгчхөөд байхад та яагаад 5.037.825 төгрөгийн бараа гээд байгаа юм бэ 1.677.625 төгрөгийн дутуу байна үүнийгээ оруулаад өг гэхэд оруулахгүй гэсэн. Тэгээд би үүнийгээ хасаж өгөхгүй бол би гарын үсэг зурж өгөхгүй гэсэн. Надад бас үүнийг ингэж бичихгүй бол гарын үсэг зурахгүй гээд бид хоёр үүнийг оруулж гарын үсэг зурж баталгаажуулсан. Би дараа нь оффис түрээслэх гээд 350.000 төгрөг гэхээр нь 200.000 төгрөгөөр түрээслэх гээд өөрөө 50.000 төгрөгийг нь аваад найздаа 150.000 төгрөгийг нь авч өгсөн. Би та Цэнгээ эгчид худлаа хэлсэн байна гэсэн би тэр найзыг нь гэрчээр оролцуулъя гэж тайлбартаа бичсэн. Би гэрт нь 2.776.000 төгрөгийг бүтээгдэхүүн яг гэрт нь оруулж өгсөн байгаа. Ингээд 750.000 төгрөг, 2.776.000 төгрөг, 1.677.625 төгрөгийг нэмээд одоо нэхэмжлээд байгаа 5.636.175 төгрөгт алданги тооцно гэсэн. Би алдангийг төлж чадахгүй, яагаад гэхээр бид хоёр нэг нэгнээсээ мөнгө зээлээгүй гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Өгаас 2.427.625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Гд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 4.082.161 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119.107 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Өгаас 53.792 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Гд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх ... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж мөнгө болон эд зүйл зээлдүүлсэн гэж байгаа боловч хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс хувьдаа мөнгө зээлээгүй талууд 2021 оны 03 дугаар сарын 21-нд Сибирийн бүтээгдэхүүний сүлжээнд элсэж хамтран ажиллахаар тохиролцсон, мөнгийг нэхэмжлэгчийн данс руу хийгээгүй 4-20-д байх агуулахын ажилтны данс руу хийж оноо авах зорилгоор шилжүүлж сибирийн бүтээгдэхүүн авсан болох нь батлагдаж байна... талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй ... нэхэмжлэгч нь нэхэмжилж буй 5.636.167 төгрөгийг аваагүй, нэхэмжлэгчид 1.677.625 төгрөгийн бүтээгдэхүүн өгсөн мөн хариуцагч түүний байрыг 5-9 сарын хугацаанд сарын 350.000 төгрөгөөр түрээсэлсэн мөртлөө 200.000 төгрөгөөр тооцоо хийснийг хүлээн зөвшөөрөхгүй 5 сарын зөрүү 750.000 төгрөгийг хасуулж, 2.427.625 төгрөг төлнө гэж байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа үнийн дүнгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.Зохигчдын хооронд Иргэний Хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагджээ... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Үндэслэл нь: Хариуцагч Э.Өгаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримтыг нэхэмжлэгч Г.Г өөрийн биеэр шүүхэд ирж, танилцаад ийм бичиг бид хийгээгүй, тэр тусмаа түрээсийн үлдэгдэл 750.000 төгрөг, сибирийн бүтээгдэхүүн болох 2.677.000 төгрөгийн бүтээгдэхүүн хүлээлгэн өгөв... 25% болох 1.677.625 төгрөг хасуулахаар тохиролцов... гэсэн тооцоонд Г.Г би гарын үсэг зураагүй.Миний гарын үсгийг ашигласан байна гэсэн тайлбар хийгээд энэ талаар Г.Г өөрийн гараар бичсэн тайлбар, тэдний хоорондын тооцоог нарийвчлан гаргасан баримтыг шүүхэд хүргүүлж байна.Анхан шатны шүүхэд гаргасан Тооцоо нийлсэн баримтаар батлагдана. Шүүх үндэслэл хэсэгтээ ...нэхэмжлэгч нь нэхэмжилж буй 5.636.167 төгрөгийг аваагүй, нэхэмжлэгчид 1.677.625 төгрөгийн бүтээгдэхүүн өгсөн мөн хариуцагч түүний байрыг 5-9 сарын хугацаанд сарын 350.000 төгрөгөөр түрээсэлсэн мөртлөө 200.000 төгрөгөөр тооцоо хийснийг хүлээн зөвшөөрөхгүй 5 сарын зөрүү 750.000 төгрөгийг хасуулж, 2.427.625 төгрөг төлнө... гэсэн гэж дүгнэлт хийхдээ... нэхэмжлэгч нэхэмжилж буй 5.636.167 төгрөгийг аваагүй,... гэж логик алдаа хийсэн. Нэхэмжлэгчид 1.677.625 төгрөгийн бүтээгдэхүүн өгсөн мөн хариуцагч түүний байрыг 5-9 сарын хугацаанд сарын 350.000 төгрөгөөр түрээсэлсэн мөртлөө 200.000 төгрөгөөр тооцоо хийснийг хүлээн зөвшөөрөхгүй 5 сарын зөрүү 750.000 төгрөгийг хасуулж гэсэн хариуцагчийн тайлбар үнэлэхдээ нэхэмжлэгч Г.Г-н шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2021-09-08-ны өдрийн тооцоо нийлсэн баримт ба зээлийн үлдэгдлийн баталгаа баримтыг үнэлээгүй, түүнд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүй нь хэтэрхий нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт болжээ. Дээрх баримтад дурдсан Үлдэгдэл 5.636.175.00 төгрөгийг сар бүр хэсэгчилж төлөөд сүүлийн хугацааг 2022 оны 04 сарын 30-ны өдөр гэж тохиролцов... гэсэнд шүүх мөн дүгнэлт хийгээгүй. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх тооцоо нийлсэн баримтыг үнэлэхгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзнэ. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй алдааг залруулж, 01158 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Г.Г зээлийн үндсэн төлбөр- 5.636.175 төгрөг, алданги-873.611 төгрөг, нийт 6.509.786 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Ө эс зөвшөөрч маргаж, мэтгэлцсэн байна.

3.Шүүх талуудын хооронд Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн дүгнэж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д зааснаар хариуцагч Э.Өгаас 2.427.625 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 4.082.161 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.Зохигчид бараа бүтээгдэхүүн худалдан авч, борлуулж улмаар ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон боловч талууд хамтын үйл ажиллагааг хэрхэн явуулах, гэрээний дагуу төлөх хураамжийг ямар хэлбэрээр хариуцах, ашиг алдагдлыг хэрхэн хуваарилах талаар хэрхэн тохиролцсон болох нь тодорхой бус байхад талуудын хооронд Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

5.Нэхэмжлэгч Г.Г 2021 оны 3 сараас эхэлж 09 сар хүртэлх хугацаанд 12.105.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагчийн худалдаж байсан барааны тооцоог 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хийж, нийт 5.636.175 төгрөгийн бараа бүтээгдэхүүн үлдсэн болох нь хэрэгт авагдсан Тооцоо нийлсэн баримт болон зээлийн үлдэгдэл баталгаа, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон байна.

6.Хариуцагч Э.Ө шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ...нэхэмжилж буй 5.636.175 төгрөгнөөс өөрийнх нь надаас авсан 1.677.625 төгрөг, түрээсийн зөрүү-750.000 төгрөг хасуулж үлдсэн 2.427.625 төгрөгний сибирийн барааг өгөх хүсэлтэй байна, энэ хүнээс мөнгө аваагүй учир бүтээгдэхүүнийг өгнө гэх тайлбар, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ...нэхэмжилж байгаа үнийн дүнгээс өгсөн -750.000 төгрөг, 2.677.000 бүтээгдэхүүн өгсөнөө хасуулж үлдсэн мөнгөнд дүнд нь тохирох сибирийн барааг өгөх хүсэлтэй байна гэх тайлбар тус тус гаргахдаа нэхэмжлэгчид өгсөн барааны үнийг өөр өөр бичсэн байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

7.Түүнчлэн хариуцагч Э.Ө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...... хамтарч ажиллахаа больж тооцоо нийлсэн баримт-ыг шүүхэд ирүүлсэн ба тухайн баримтанд ...түрээсийн үлдэгдэл -750.000 төгрөг, Сибирийн бүтээгдэхүүн 2.677.000 төгрөгийн бүтээгдэхүүн хүлээлгэн өгөв. мөн өмнөх авч 25% болох 1.677.625 төгрөг хасуулахаар тохиролцов гэж тодорхойлж бичсэн байна.

8.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн барааны үнэ зөрүүтэй байдлаар тайлбар гаргаж байхад шүүх хариуцагч Э.Ө ...нэхэмжлэгчид 1.677.625 төгрөгийн бүтээгдэхүүн өгсөн, ...түрээсийн 5 сарын зөрүү мөнгө-750.000 төгрөг хасуулж 2.427.625 төгрөг төлнө гэж байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа үнийн дүнгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

9.Харин нэхэмжлэгч нь хариуцагчид төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө болох .... бараа бүтээгдэхүүн шилжүүлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги тооцохоор харилцан тохиролцоогүйгээс гадна тэрээр хариуцагчийг гаргасан ...үлдэгдэл бараанаас 2.677.000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн гэх тайлбар, тооцооо нийлсэн баримтыг үгүйсгэж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул алданги-873.611 төгрөг, барааны үнэ- 2.677.000 төгрөг нийт 3.550.611 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.

10.Иймд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, нотлох чиг үүргийг оролцогч нарт адил хэмжээгээр ногдуулж хариуцагч Э.Өгаас барааны үнэ -2.959.175 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх -3.550.611 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/01158 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.Өгаас барааны үнэ-2.959.175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгож, үлдэх -3.550.611 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дах заалтанд ...Э.Өгаас 53.792 төгрөг гэснийг ....төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.265 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ Б.О