Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2022/00087

 

Х.М-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, тус шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2022/00629 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч тус аймгийн **** оршин суух Б овогт М-ийн  Х-ийн  /РД:ШЖ00000000/ нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Т сумын Засаг дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Д /-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болох 32163545 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1 Миний бие Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/55 дугаар захирамжаар Т сумын ЗДТГ-ын даргын ажлын үүргийг хавсран гүйцэтгэж байгаад төрийн албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг амжилттай өгч улмаар Т сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/100 дугаартай тушаалаар Т сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд бүр томилогдсон.

1.2 Гэтэл Т сумын Засаг дарга Н.Е нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай" Б/10 дугаартай захирамжаарМ.Х намайг Баян-Өлгий аймгийн Т сумын ЗДТГ-ын даргын албан тушаалаас чөлөөлсөн. Ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч миний бие Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөл нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 93 дугаартай тогтоолоор маргаан бүхий Т сумын Засаг даргын 2021 оны Б/10 дугаартай захирамжийг хүчингүй болгосон.

1.3 Хариуцагч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаас Төрийн албаны зөвлөлийн хуулийн хүчин төгөлдөр болсон тогтоолыг биелүүлэхийг татгалзсан тул миний бие Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Төрийн албаны зөвлөл нь өөрийн гаргасан шийдвэрийг биелүүлэх ёстой гэж миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай эцсийн хариу өгсөн.

1.4 Ингээд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн санаачилгаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоолын биелэлтийг хангах ажлыг зохион байгуулснаар Т сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай" Б/44 дугаартай захирамжаар М.Х намайг Т сумын ЗДТГ-ын даргын ажлыг үргэлжлүүлэн томилж, дээрх намайг ажлаас чөлөөлсөн тус сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/10 дугаартай захирамжийг хүчингүй болгосон.

1.5 Ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилд томилсон 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг буруутай этгээд болох Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаас нэхэмжилж байна. Уг хугацааны нөхөн олговор 32,263,545 төгрөг гарч байна. Миний бие Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилохоос өмнө Хөдөө аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байсан ба уг Тамгын газрын даргын ажлыг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түр хавсран гүйцэтгэж 40% нэмэгдлээр ажиллаж байсан. Харин Тамгын газрын даргаар томилогдоод 15 хоног ажиллаагүй байхад намайг ажлаас маань чөлөөлсөн байсан.

1.6 Иймд Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 32,163,545 /гучин хоёр сая, нэг зуун жаран гурван мянга, таван зуун дөчин таван/ төгрөг гаргуулан надад олгуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбар, татгалзал:

2.1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Х.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан бөгөөд түүний тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай захиргааны хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан.

2.2 Харин түүнийг аймгийн Засаг даргаас болон Төрийн албаны зөвлөлийн албан бичгийн дагуу Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилсон. Х.М-г ажлаас чөлөөлсөн шалтгааны хувьд анх ажилд томилогдохдоо нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчил үүсээгүй талаарх Авлигатай тэмцэх газраас авах мэдүүлгийг аваагүй байсан учраас түүнийг томилсон шийдвэрийг холбогдох хуулийн дагуу өмнө нь ажиллаж байсан Засаг дарга чөлөөлсөн байна. Х.М-н энэхүү зөрчил нь арилсны дараа түүнийг холбогдох байгууллагуудтай хамтран сайн дурын үндсэн дээр томилсон.

2.3 Түүнээс биш М.Х нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдоогүй, шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа хийгдэж ажилдаа эргэн ороогүй. Тус сумын Засаг даргын орлогчийн хувьд Х.М-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд томилон шийдвэрлэсэн тул түүнийг эрх ашгийг зөрчөөгүй, түүнтэй холбоотой зөрчил арилсан учраас төрийн албанд дахин томилгоо хийсэн.

2.4 Х.Мг төрийн албанаас чөлөөлсөн Т сумын Засаг дарга асан Н.Е-ы захирамж одоо ч гэсэн хүчин төгөлдөр байгаа бөгөөд дээд шатны Засаг дарга болон шүүхээс хүчингүй болгоогүй. Тухайн захирамжийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй. Иймд Х.М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2022/00629 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 29,945,966 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,217,579 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318770 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 307,680 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Нэхэмжлэгч М.Х нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болох 32,163,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4.2. Дээрх Төрийн албаны зөвлөлийн тогтоолоос үзвэл Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/10 дугаар захирамж Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон байна.

4.3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 80 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн “ ..нэхэмжлэгчийн шүүхээс шаардаж буй үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас урьдчилан шийдвэрлэгдэж хангагдсан, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх бүхий төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрх нь сэргээгдсэн...” гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ бодит байдалд нийцсэн өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд Т сумын Засаг дарга Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 82-91 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар тогтоолыг биелүүлэх боломжтой гэж үзэж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 414 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.4. Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай” Б/44 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Х.Мг өмнө ажиллаж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүх буюу эрх бүхий байгууллагын шийдвэрээр нэхэмжлэгч Х.М-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон бус, харин захиргааны байгууллага, албан тушаалтны алдаатай гаргасан шийдвэр буюу захиргааны актын улмаас нэхэмжлэгч М.Х-ад гэм хорын хохирол учирсан байж болзошгүй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг буруу тогтоосон, шүүхийн шийдвэр нь нотлох баримтад үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  

5.1. Хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх олон нотлох баримт авагдсан гэж үзэж байна. Т сумын Засаг дарга Н.Е нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай" Б/10 дугаартай захирамжаарМ.Х намайг Баян-Өлгий аймгийн Т сумын ЗДТГ-ын даргын албан тушаалаас маань чөлөөлсөн. Ингээд тус шийдвэрийг эс зөвшөөрч холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөл нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 93 дугаартай тогтоолоор маргаан бүхий Т сумын Засаг даргын 2021 оны Б/10 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлөөс уг шийдвэрийг хүчингүй болгосон учир дахин хүчингүй болгохоор дахин шүүхэд хандах шаардлагагүй гэж хэлэлцэхээс татгалзсан.

5.2. Нэхэмжлэгч Х.М-н хувьд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилд томилсон 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан. Ийнхүү ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 32,263,545 төгрөг байсан бөгөөд уг төлбөрийн зарим хэсгийг буруутай этгээдээс гаргуулах тухай шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан. Анхан шатны шүүхийн тус шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Иймд хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

7. Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч тус аймгийн Т сумын Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 32,163,545 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.  

 

8. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалбал дараах үйл баримт тогтоогдлоо.  Нэхэмжлэгч Х.М-г 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын Б/100 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилсныг мөн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар “тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшигч Х.Мн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянаагүй байхад томилсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Т сумын ЗДТГ-ын даргаар томилсон Засаг даргын Б/100 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Х.Мг Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Уг захирамжийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2-т зааснаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн 93 дугаар тогтоолоор “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшсэн Х.Мн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх хуульд заасан чиг үүргээ сумын Засаг дарга өөрөө хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр Х.Мг ажлаас чөлөөлсөн ажил олгогч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Мг Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг тус сумын Засаг дарга Н.Ед даалгаж шийдвэрлэсэн ба уг тогтоолыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн гишүүний 04/753 дугаар албан бичгээр Т сумын Засаг дарга Н.Ед хүргүүлжээ.

Гэтэл ажил олгогч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаас дээрх 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн 93 дугаар тогтоолыг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчМ.Х нь тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргад холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоолыг биелүүлэхийг болон Х.Мг Баян-Өлгий аймгийн Т сумын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг тус сумын Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 19,867,410 төгрөгийг Т сумын Засаг даргаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 16-ны Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 110/ШЗ2021/0414 дугаартай шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгчийн шүүхээс шаардаж буй үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болох Төрийн албан зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоолоор урьдчилан шийдвэрлэгдэж хангагдсан, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх буюу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллах эрх нь сэргээгдсэн байх тул сэргээгдсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс давхар сэргээх, хамгаалах хууль зүйн үндэслэлгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү захирамжийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхийн 80 дугаар тогтоолоор уг захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улмаар Төрийн албан зөвлөлийн даргын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/505 дугаар албан бичгээр Төрийн албан зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид тогтоолын биелэлт хангуулахаар шаардсанаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Досымбек нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоолыг биелүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/44 дугаар захирамжаар дээрх “нэхэмжлэгч Х.Мг ажлаас чөлөөлсөн” тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилжээ.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульчилсан бөгөөд Төрийн албан зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоолоор Х.Мг ажлаас чөлөөлсөн ажил олгогч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Мг Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг тус сумын Засаг даргаН.Ед даалгаж шийдвэрлэснийг хариуцагчаас 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/44 дугаар захирамжаар биелүүлсэн тул нэхэмжлэгчийн шаардах эрх хууль зүйн үндэслэлтэй.  

 

10. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор олгохоор заасан тул нэхэмжлэгчээс ажлаас чөлөөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилд томилсон 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаа болох 14 сар 26 хоногийн нөхөн олговрыг хариуцагч байгууллагаас нэхэмжилсэн нь дээрх журамд нийцжээ.

  

11. Дээрх журмын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заасан боловч анхан шатны шүүхээс “түүний ажлаас чөлөөлөхөөс өмнөх гурван сарын цалингаар нь дундаж цалин хөлсийг тооцох боломжгүй тул түүний НДД№А 0194583 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон цалин хөлс олгох хүснэгтэд тэрээр 2022 оны 5 дугаар сард бүтэн ажиллаж 1976284 төгрөгийн цалин авсан байх тул түүний сарын цалинг 1976284 төгрөгөөр тооцох нь зүйтэй” гэх дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Ийнхүү дүгнэхдээ нэхэмжлэгч Х.Мн цалингийн дунджийг 1,976,284 төгрөг, нэг өдөрт ногдох цалинг 87,615 төгрөг, ажилгүй байсан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин нийт 29,945,966 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний болон тооцооллын алдаа гаргаагүй, хэргийг зөв шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

12. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2022/00629 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

                       

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ