Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2022/00088

 

С.Х-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, тус шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2022/00619 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух И  овогт С.Х-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /дарга Н.Б /-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Баян-Өлгий аймгийн ***** оршин суух С.Х- надаас 20,160,000 төгрөг гаргуулан Хас банкны Баян-Өлгий салбарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан.

1.2.Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч энэхүү төлбөрт бидний өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний **** багт байрлалтай 858 м.кв өмчлөлийн газартай, 7 өрөө бүхий 90 м.кв өвлийн сууц, гарааш, худаг, хэд хэдэн амбаар, зуны байшинтай бидний хашаа байшинг дуудлага худалдаанд оруулж борлуулан төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж эд хөрөнгийг “Ашид Билгүүн” ХХК-ны шинжээчээр үнэлүүлсэн байх ба уг шинжээчийн үнэлгээгээр бидний дээрх эд хөрөнгийг цогцоор нь 60,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлангийн хуулбарыг шийдвэр гүйцэтгэгч надад 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гардуулж өгсөн.

1.3.Бидний уг эд хөрөнгө одоогийн зах зээлийн ханшаар 100,000,000 төгрөг байх бөгөөд барилгын бүх материалын үнэ нэмэгдэж аймгийн төвд ойрхон хэсгээс газар олдохоо байсан өнөөгийн нөхцөлд ийнхүү 60,700,000 төгрөгөөр доордуулж үнэлснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна.

1.4.Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд хуульд зааснаар шинжээч тухайн эд хөрөнгөд биечлэн үзлэг хийх, тухайн байшингийн баригдсан материалын судалгаа хийж элэгдэл өртөг тооцон үнэлгээ хийгдэх журамтай.

1.5.Гэтэл үнэлгээ хийсэн Ч.Ж  гэгч манай өвлийн сууцыг үзэж байгаагүй. Харин салбарын мэргэжилтэн М  гэгч очиж манай гэрийн зургийг гаднаас аваад явсан болохоос миний байшингийн шинж, баригдсан материалыг судлах байтугай биднээс асуугаа ч үгүй. Үнэлгээчин гэх Ч.Ж  үнэлгээ хийх объектыг харах байтугай Өлгийд ирж байгаагүй Улаанбаатар хотод оршин суух нэгэн бөгөөд 1800 км зайнаас бүгдийг харж мэдэж байгаа мэтээр үнэлгээ хийж буйд гайхаж байгаагаас гадна түүний энэхүү үйлдэл хууль бус гэж үзнэ.

1.6. Үнэлгээ бодит бус хийсвэрээр хийгдсэн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтад үнэлгээ тогтоосныг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж заасны дагуу хуулийн хугацаанд багтаан ийнхүү гомдлоо гаргаж байна.

1.7 Иймд зохих хууль тогтоомжийн дагуу шалган миний Өлгий сумын 02 дугаар багт байрлалтай 858 м.кв өмчлөлийн газартай, 7 өрөө бүхий 90 м.кв өвлийн сууц, гарааш, худаг, хэд хэдэн амбаар, зууны байшинтай бидний хашаа байшинд дахин үнэлгээ хийхийг хариуцагч байгууллагад даалгаж өгөхийг хүсье.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай шийдвэрээр С.Х , А.А  нараас 21,016,808 төгрөг гаргуулан Хас банкны Баян-Өлгий салбарт олгохоор шийдвэрлэсэн.

2.2.Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч С.Х , А.Амангүл нар нь төлбөрөө өөрөө санаачлаад төлөөгүй. Мөн шүүгчийн захирамжид зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг даалган шийдвэрлэсэн.

2.3. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар барьцаат хөрөнгө *** багт байрлах, улсын бүртгэлийн Y-********** дугаартай 90м.кв талбайтай хувийн сууц, Г-********** улсын дугаартай 858 м.кв талбайтай газрыг урьд ажиллаж байсан шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэн хурааж хөрөнгийг үнэлэх явцад цар тахал ковидыг далимдуулж төлбөрөө төлөхгүй хугацаа хожсон байна. Уг шийдвэр гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэгч Б.Э  нь 2021 оны 02 дугаар сараас эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж нэхэмжлэгч боломжтой хугацаа зөндөө олгосон боловч сайн дураар төлөх санаачилга гаргаагүй.

2.4. Төлбөр төлөгч С.Х  2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн 17020508/01 дугаартай мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж хугацаа өгч шийдвэр гүйцэтгэгчийн 17020508/01 дугаартай тогтоолоор Хас банкны барьцаат хөрөнгө болох С.Х-ын өмчлөлийн Баян-Өлгий аймгийн ****** багт байрлах, улсын бүртгэлийн Y-******** дугаартай 90м.кв талбайтай хуувийн сууц, Г-************ улсын дугаартай 858 м.кв талбайтай газрын хамт хурааж хугацаа өгсөн.

2.5. Уг хугацаанд ямар нэгэн төлбөр төлөөгүй бөгөөд төлбөр төлөгч С.Х- нь цар тахалтай холбоотой орлого байхгүй гэсэн бөгөөд хугацаандаа төлбөр төлөөгүй тул үнийн саналаа бичгээр гаргаж өгнө үү гэхэд үл хөдлөх эд хөрөнгийг 120,000,000 төгрөгөөр үнэлж санал гаргаж өгсөн.

2.6. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч С.Х- төлбөр авагч Хас банкны Баян-Өлгий салбараас санал авсан боловч үнэ тохиролцоогүй тул 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 08/01 дугаартай тогтоолоор “Ашид билгүүн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ж  шинжээчээр томилон эрх үүргийг танилцуулж үл хөдлөх эд хөрөнгийг бодит үнэлгээ тогтоож өгөхийг даалгасан.

2.7. Дээрх дүгнэлтийг үндэслэн хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн байгууллага болох шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ж  зах зээлийн үнэлгээнд тулгуурлан үл хөдлөх эд хөрөнгийг 60,700,000 төгрөгөөр үнэлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр төлөгч С.Х  байлцуулан шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн ерөнхий байдлыг болон элэгдлийг тооцож нэг бүрчлэн үнэлсэн байгаа.

2.8. Үнэлгээний талаар төлбөр төлөгч С.Х , төлбөр авагч Хас банкны Баян-Өлгий салбарт 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хуулийн хүрээнд явагдсан.

2.9 Иймд нэхэмжлэгч С.Х  нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах үйлдэл гаргаж байгаа нь илт харагдаж байгаа тул С.Х  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2022/00619 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Х-ын үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Х  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Би өөрийн орон байр газрыг Баян-Өлгий аймгийн хэмжээнд болон Өлгий сумын хүрээнд байр, газар үнэлдэг өнөөгийн үнэ ханшаар үнэлж дүгнэж байгаад 120,000,000 төгрөг гэж үнэлсэн байсан.

4.2. Гэтэл “Ашиг билгүүн” ХХК нь улсын хэмжээнд эсвэл Улаанбаатар хэмжээнд андуурч үнэлж, миний эд хөрөнгийн эрх зүйн байдлыг дордуулсан. Үүний улмаас төлбөрийн төлөлтийн байдалд би хохирч байна.

4.3. Би шүүхэд эхнээс нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрнө гэж олон удаа хэлж байхад шүүх гомдол гаргах боломжийг надад гаргаагүй.

4.4. Иймд шүүхийн 130/ШШ2022/00619 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцож, үнэлгээнд гомдол гаргах, дахин үнэлгээг хийлгүүлэх боломж олгож, гомдлыг минь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой холбоотой дараах тайлбарыг гаргая. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд явагдсан. Хөрөнгө үнэлэх ажиллагааг хийхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээ гаргасан. Иймд хөрөнгө үнэлэх ажиллагааны явцад ямар нэгэн зөрчил, хууль бус зүйл болоогүй болохоор нэхэмжлэгч Х.Х-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч С.Х  гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр, анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

7. Нэхэмжлэгч С.Х  хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газраас явуулсан, иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахтай холбоотой, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 08/01 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн төлбөр төлөгч С.Х-ын эзэмшлийн, тус аймгийн ******* байрлах хувийн сууцыг газрын эрхийн хамт 2022 оны 4 дүгээр сарын байдлаар 60.700.000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч “үнэлгээг дахин гаргуулахаар” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гомдлоо шүүхэд гаргасан байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай, талуудын хуульд заасан арга хэрэгслээр олж авч, хэрэгт цуглуулсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хийсэн хууль зүйн дүгнэлт бүхий үндэслэгээг ойлгоно.

 

9. Нэхэмжлэгч нь “үнэлгээг дахин гаргуулах” тухай гомдлын үндэслэлээ “Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд хуульд зааснаар шинжээч тухайн эд хөрөнгөд биечлэн үзлэг хийх, тухайн байшингийн баригдсан материалын судалгаа хийж элэгдэл өртөг тооцон үнэлгээ хийгдэх журамтай. Гэтэл үнэлгээ хийсэн Ч.Ж  гэгч манай өвлийн сууцыг үзэж байгаагүй. Харин салбарын мэргэжилтэн Ө.М  гэгч очиж манай гэрийн зургийг гаднаас аваад явсан болохоос миний байшингийн шинж, баригдсан материалыг судлах байтугай биднээс асуугаа ч үгүй. Үнэлгээчин гэх Ч.Ж  үнэлгээ хийх объектыг харах байтугай Өлгийд ирж байгаагүй, Улаанбаатар хотод оршин суух нэгэн бөгөөд 1800 км зайнаас бүгдийг харж мэдэж байгаа мэтээр үнэлгээ хийж буйд гайхаж байгаагаас гадна түүний энэхүү үйлдэл хууль бус гэж үзнэ.” гэж тайлбарлажээ.

 

10. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчээс өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэ 100.000.000 төгрөг байтал 60.700.000 төгрөгөөр үнэлсэн гэх үндэслэл бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэж үзэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

11. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан, хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт эрх бүхий байгууллагаас хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ гэж хуульчилсан.

Хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ҮХХ/22-0401 дугаартай Үнэлгээний тайланг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасан хязгаарын хүрээнд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан асуудлаар судлан үзвэл, төлбөр төлөгч С.Х  эзэмшлийн тус аймгийн ******** тоотод байрлах хувийн сууцыг газрын эрхийн хамт 2022 оны 4 дүгээр сарын байдлаар үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин зах зээлийн хандлагаар үнэлэхдээ жишиж буй объекттой байршил, хийц, зориулалт, бусад шинж чанараараа ойролцоо, ижил төстэй объектын өнөөгийн зах зээлд арилжаалагдсан хэлцлийн үнэд ялгаатай байдлын тохируулга хийн үнэлсэн талаар дурджээ. Тодруулбал: Жишиг хөрөнгийн зах зээлийн үнийг үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй хувийн сууцны зориулалттай хөрөнгийн ойрын хугацаанд арилжаалагдсан үнийн судалгаа, тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн байршлын бүсэд арилжаалахаар зарласан үл хөдлөх хөрөнгийн 2-3 ширхэг зарын дагуу биечлэн хийсэн ярилцлагын үр дүнд үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй 2 хөрөнгийг сонгож, жишиг хэлцлийн үнэд тохируулга хийсэн талаар тайланд тусгажээ.  

 

12. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзаж гаргана гэж хуульчилсан бөгөөд тухайн эд хөрөнгийн үнэлгээний тайланд энэ талаар “Захиалагчийн хүсэлтийг хүлээн авсны дараа 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хөрөнгөд үзлэг хэмжилт хийж, ашиглалтын байдалтай танилцсан болно” гэж тодорхой тусгасан байна. Тиймээс хөрөнгийн үнэлгээг гаргахдаа үнэлгээний зүйлийн шинж байдлыг харгалзаагүй гэж маргаж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

 

13. Нэхэмжлэгчээс “...Гэтэл “Ашиг билгүүн” ХХК нь улсын хэмжээнд эсвэл Улаанбаатар хэмжээнд андуурч үнэлж, миний эд хөрөнгийн эрх зүйн байдлыг дордуулсан. Үүний улмаас төлбөрийн төлөлтийн байдалд би хохирч байна. Би шүүхэд эхнээс нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрнө гэж олон удаа хэлж байхад шүүх гомдол гаргах боломжийг надад гаргаагүй. Иймд шийдвэрийг хүчингүйд тооцож, үнэлгээнд гомдол гаргах, дахин үнэлгээг хийлгүүлэх боломж олгож, гомдлыг минь ханган шийдвэрлэж өгнө үү. “ гэх гомдлыг гаргажээ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гаргасан төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч С.Х   “төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээний талаар” гаргасан гомдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулж буй тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөрөнгө үнэлэхтэй холбоотой буюу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулсан тодорхой арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй, эсхүл зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй тул нэхэмжлэгчийн “эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2022/00619 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                       

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ