Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0640

 

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0640

Улаанбаатар хот

 

 

 

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй, Н.Т-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4-д заасныг баримтлан Н.Т-ын Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /Хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю/-т холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю-ын гаргасан 2018 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Н.Т давж заалдах гомдолдоо: “ ... Маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю-ын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/26 тоот тушаалаар Н.Т намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 26.1.3, 26.3-т заасан үндэслэлээр ажлаас халсан үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.4-т заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан сахилгын зөрчилд илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Ажил олгогч Н.Т надад Ажил олгогчдын зөвлөгөөнд сургалт бэлтгэж орох үүрэг өгсөн бөгөөд миний хувьд уг үүрэг даалгаврыг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш бэлтгэсэн. Гэтэл ажил олгогч нь миний бэлтгэсэн сургалтын материалыг удаа дараа шалгаж үзнэ. Миний өмнө ярьж өг гэж удаа дараа шаардаж, би уг сургалтын материалыг өөрийн хэмжээнд чанартай хийж бэлтгэсэн байхад дахин дахин шалгаж ажил олгогч ялихгүй зүйлээр шалтаглан намайг элдвээр доромжилж, ярианы өнгө чинь ийм байна тийм байна гэсэн байдлаар шоолж инээж, тохуурхан даажигнаж сэтгэл зүйн хүнд дарамтад оруулж байсан ч гэсэн би үр дүнгийн гэрээгээр хүлээсэн ажил үүрэг учраас цаг тухайд нь хийж гүйцэтгэн, удирдлагаас ирсэн үүрэг даалгаврыг ч мөн хийж гүйцэтгэж байсан. Би удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж сургалтын бүх зүйлээ бэлэн болгосон удирдах албан тушаалтанд ч 2 удаа шалгуулж байсан. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн орой ажил олгогч ажлын бус цагаар оройн 21 цагт сургалтын материалыг чинь дахин шалгана гэж хууль бус шаардлага тавьсан, би ажлаасаа тараад гэртээ харьтал ээж маань гэнэт нүд нь хараагүй болж байгаа яаралтай мэс заслын хагалгаанд орох болсныг надад хэлсэн. Би ганц охиных нь хувьд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өглөө нүд хараагүй болсон ээжийг дагуулан эмнэлэгт очиж нүдний мэс заслын хагалгаанд оруулах /мэс заслын хагалгаа нь хамгийн эхний хагалгаа байсан/ зайлшгүй шаардлага гарсан. Би ажлаасаа чөлөө авах гэж хамт ажилладаг ажилтан руу утсаар залгаж мэдэгдсэн бөгөөд мөн чих сонсголгүй хөгжлийн бэрхшээлтэй аавыгаа ажил руу явуулж үдээс өмнөх ажлын чөлөө гуйхаар явуулсан. Гэтэл аав маань ажил олгогчтой 2018 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 9 цагт ажлын байран дээр нь уулзаж чөлөө гуйж очсон боловч ажил олгогч хүлээж аваагүй бүр элдвээр хэрэлдэн маргалдсан байсан. Ээж маань намайг ажлын байрны дарамтад орсон, ажиллахад хүнд байна гэж аавд хэлснийг сонсоод даралт нь ихсээд мэс заслын хагалгааны өрөөнд орсон боловч даралт хэт өндөр учир даралт тогтворжуулж оруулна гээд тариа хийгээд хагалгааны өрөөнөөс гаргасан боловч даралт буугаагүй хагалгаа хойшлогдсон.

Миний ар гэрт гэнэтийн гачигдал гарсан байдлыг ажил олгогч ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй, мэдсэн ч мэдээгүй царайлан намайг 4 цаг ажил тасалсан гэх сахилгын ноцтой зөрчил илрүүлсэнээ  шалгуулахаар байгууллагын Ёс зүйн хороонд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажил олгогч хүсэлт гаргасан байдаг. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.5.5-д энэхүү журмын 1.2-д заасан гомдол мэдээллээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийн мөрөөр түүнчлэн өөрийн санаачлагаар болон байгууллагын удирдлагын шийдвэрээр ёс зүйн зөрчлийг шалган тогтоож дүгнэлт гаргана гэж заасан.

Гэтэл байгууллагын удирдлагын зүгээс Ёс зүйн хороо удирдах албан тушаалтан хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байгаа нь ч гэсэн тус журмын заавар зөрчсөн. Мөн журмын 2.5.2-т зааснаар Ёс зүйн хороо нь холбогдох нотолгоо материал баримт бичигт тулгуурлалгүй дүгнэлт гаргасныг би тухайн үед мэдээгүй, надад дүгнэлт танилцуулаагүй би Ёс зүйн хорооноос дүгнэлт гарсан талаар мэдээгүй түүнчлэн намайг ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халах тухай Б/26 тоот тушаалыг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх намайг байгууллагын Ёс зүйн хорооноос гаргасан дүгнэлтэд гомдол гаргаагүй гэж  буруутгаж байх боловч миний хувьд дээрх журмын 5.3-т “Төрийн захиргааны албан хаагч нь албан тушаалтны сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхд гомдлоо  гаргана” гэж зааснаар л гомдол гаргах эрхтэй байгаа.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд Н.Т-ыг ёс зүйн зөрчил гаргасан эсэхэд шалгуулж дүгнэлт гаргуулахаар байгууллагын тамга тэмдэг бүхий хүсэлтийг албан үүргийн хувьд байгууллагын удирдлагын шийдвэртэй адилтган үзэж тухайн үед Ёс зүйн хорооны шийдвэр, дүгнэлтэд Н.Т нь гомдол гаргаагүй байна гэж тус тус дүгнэсэн үзэхэд шүүх байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй адилтган үзэж, ёс зүйн хорооны дүгнэлтэд гомдол гаргаагүй гэж шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Төрийн захиргааны албан хаагчийн Ёс зүйн хороо, Төрийн албаны салбар зөвлөл, төрийн захиргааны удирдах албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн гаргасан журмыг баримтлан ажиллаж, тэдгээрээс гаргасан шийдвэр нь Төрийн албаны хуульд нийцсэн байх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Т нь шүүхэд “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4, Хөвсгөл аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хорооны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар дүгнэлт, байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг тус тус үндэслэн орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан Н.Таванзулыг үндэслэлгүйгээр ажил тасалж, удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэн түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч нь Н.Т-д “Ажил олгогч, баялаг бүтээгчдийн зөвлөгөөн”-д  зориулж  “Нийгмийн даатгалын шимтгэл, тайлан хүлээн авалт” сэдвээр мэдээлэл хийж, сургалт явуулах, сургалтын материал бэлтгэх үүрэг өгснийг Н.Т тодорхой хэмжээнд биелүүлж слайд бэлтгэн холбогдох ажилтнаар шалгуулж байсан болох нь хариуцагчийн “... миний зүгээс өмнө нь нэг удаа үзэж засварлах үүрэг өгч байсан ...” гэх, нэхэмжлэгчийн “... өмнөх орой нь слайдаа бэлдээд даргад үзүүлсэн. Одоо чи наадахыг яриадах гэхээр ярьсан чинь илүү дутуу үг их хэрэглэж байна гээд байсан ...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна. Гэвч Н.Т нь уг зөвлөгөөн болох 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 45 минутаас 13 цаг 00 минут хүртэл ажилдаа ирээгүй, бэлтгэсэн материалаа зохих этгээдэд орхиогүйгээс зөвлөгөөнд хэрэглэгдээгүй, тухайн өдөр ээжийнхээ биеийг эмнэлэгт үзүүлсэн гэх боловч энэ талаар зохих журмаар хэлж чөлөө аваагүй байх тул үүрэг биелүүлээгүй, ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлтэй юм. 

Харин уг зөрчлийн шинж байдал, зөрчил гарах болсон нөхцөл байдлаас үзвэл Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/26 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн жинхэнэ албан хаагчид энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан  үзсэний үндсэн дээр тохирох сахилгын шийтгэлийг ногдуулахаар заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. 

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ёс зүйн хорооны 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “... Н.Т-ын  одоогийн эрхэлж байгаа ажлыг муу гэж хэлээгүй дүгнээгүй, харин удирдах удирдуулах зарчим, удирдлагаас өгсөн үүрэг биелүүлээгүй гэж үзсэн талаар тэмдэглэсэн, 5 дугаар сарын 17-ны өглөө Н.Т-ын аав О.Н нь чөлөө авах зорилгоор ажил дээр нь очсон, хариуцагч нь байгууллагын удирдлага /менежер/-ын хувьд Н.Т-ын бэлтгэсэн слайд болон түүнийг танилцуулах байдал нь шаардлага хангаагүй гэж үзсэн бол ажил үүргийн хуваарийг өөрчлөх, зохицуулах, зааж зөвлөх боломжтой байсан зэргээс дүгнэвэл үндсэн үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлдэг, урьд нь сургалт явуулдаг туршлагагүй, ур чадвар эзэмшээгүй Н.Т-ыг нэг удаагийн сургалт явуулах үүрэг биелүүлээгүй гэж үзэж, төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь  зөрчлийн шинж байдалд тохироогүй, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцэхгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн “... үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг, удирдлагаас өгсөн үүргийг ч биелүүлдэг, ... миний ар гэрийн гачигдлыг ажил олгогч ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй, 4 цаг ажил тасалсан гэх сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халсанд гомдолтой байна. ... төрийн захиргааны удирдах албан тушаалтны шийдвэр Төрийн албаны хуульд нийцсэн байх ёстой ...” гэсэн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалингийн цэс авагдаагүйн улмаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг давж заалдах шатны шүүхээс тооцон олгох боломжгүй байгаа тул хариуцагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцож, дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд Н.Т-ын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан зөрчлийг маргаан бүхий актыг гаргахдаа харгалзаагүй, өөрөөр хэлбэл давтан зөрчил гаргасан гэж үзээгүй, харин удирдлагын өгсөн үүргийг биелүүлээгүй, захирах, захирагдах зарчмыг зөрчсөн нь “ноцтой” гэж үзсэн талаар тайлбарласан, мөн тушаалд дурдсан асуудал нь “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”-тэй холбоотой байх тул сахилгын зөрчил “давтан” гаргасан гэж дүгнээгүйг, хариуцагч нь Г.Т-д сахилгын зөрчилд нь тохирсон арга хэмжээ авахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Т-ыг урьд эрхэлж байсан нийгмийн даатгалын орлого шимтгэлийн байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу бодож олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Н.Т-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ