Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2022/00097

 

З.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00828 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух З.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудал /дарга К.Е/-д холбогдох, 

“Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгч З.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, орчуулагч Б.Жанерке нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03/01 дугаар шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймаг дахь нисэх буудалд үйлчлэгч шаардлагатай гэж үзээд Захиргаа удирдлагын газар, Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын газарт үүрэг өгч, нэг ажилтан нэмж ажиллуулахаар болсон. Үүний дагуу намайг Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар үйлчлэгчээр томилон ажиллуулж эхэлсэн.

1.2. Түүнээс хойш тус ажлын байранд тогтвор суурьшилтай 5 жил гаруй ажилласан. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж ажиллаж ирсэн. Гэтэл намайг Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар “цомхотголд орж байна” хэмээн ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхэд халдсан. Миний ажиллаж байгаа ажлын байр нь бүтэц орон тооны цомтголд орсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Учир нь, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайдын 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тушаалаар баталсан “Нэг үйлчлэгчийн цэвэрлэх талбай, ажлын үлгэрчилсэн хэмжээ”-г тогтоосон журамд зааснаар 275-325 м.кв талбайг цэвэрлэх ёстой юм байна. Манай байгууллага 1250 м.кв талбайтай учраас 4 үйлчлэгч ажиллах ёстой юм байна. 2022 оны 5 дугаар сард дээд шатны байгууллагаас орон тоо хасах тухай чиглэл ирсний дагуу ажил олгогч 5 жил тус байгууллагад тасралтгүй ажиллаж байсан намайг ажлаас үндэслэлгүй халсан. Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын дарга К.Е нь өөрийн төрсөн эгч Р гэх хүний охиныг ажилд аваад бүр тушаал гаргаад өгсөн. Тус байгууллагын дарга К.Е нь 5 жил ажилласан намайг үндэслэлгүй ажлаас халсан мөөртлөө ажилд ороод 1 жил болоогүй өөрийн төрөл садны холбоотой хүнд бүр тушаал гаргаж өгсөн нь шударга бус. Түүний энэ үйлдэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалыг зөрчиж байгаа.

1.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

 2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

 2.1. Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудал нь олон жилийн өмнө байгуулагдсан улсын төсвөөс санхүүжих төсөвт байгууллага. Тус байгууллага нь 1 үйлчлэгчийн орон тоотой. Нэхэмжлэгч З.Б- нь тус байгууллагад үйлчлэгчээр Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байсан. Иргэний Нисэхийн Үндэсний төвийн даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/132 тоот “Орон нутгийн нисэх буудлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажил үйлчилгээний жагсаалт, ажлын хөлсний хэмжээ батлах тухай” тушаалыг хүргүүлсэн, уг тушаалыг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх, мөрдүүлж ажиллах талаар мэдэгдсэн юм. Уг тушаалд тус Нисэх буудалд хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллаж байсан үйлчлэгчийн орон тоог хасаж зөвхөн 2 галч үлдээж шийдвэрлэсэн байна.

2.2. Иргэний нисэхийн Үндэсний төвийн даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/132 тоот “Орон нутгийн нисэх буудлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажил үйлчилгээний жагсаалт, ажлын хөлсний хэмжээ батлах тухай” тушаалыг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар нийт албан хаагч, ажилчдад танилцуулж, үйлчлэгчийн орон тоог цомхотгосон талаар албан ёсоор мэдэгдсэн. Үүний дараа уг тушаалыг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж ажиллахаар тусгагдсан тул З.Б-д энэ талаар мэдэгдэж 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б/12 тоот тушаалыг гардуулан өгсөн. Ингэснээр 3.Б- нь уг тушаалыг гардан авч хүлээн зөвшөөрч холбогдох материалыг бүрдүүлж аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажлаас халагдсаны тэтгэмжийг авсан болно.

2.3 А.З- нь тус байгууллагад 1993 онд ажилд ороод 29 дэх жилдээ ажиллаж байсан ба одоо үйлчилж байгаа хууль тогтоомжоор 56 насанд хүрснээр буюу 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэх юм байна. Иргэний нисэхийн Үндэсний төвийн даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/132 тоот “Орон нутгийн нисэх буудлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажил үйлчилгээний жагсаалт, ажлын хөлсний хэмжээ батлах тухай” тушаалаар тус байгууллагад 2009 оноос хойш бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.М-ийн орон тоо хасагдсан учраас түүний хүсэлтээр А.З-ийн орон тоонд ажиллуулах болсон.

2.4 Нэхэмжлэгч талаас тус байгууллагын дарга К.Еы эгчийн хүүхэд ажилд орсон гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй учраас ямар нэгэн тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Нэгэнт дээд шатны байгууллагаас орон тоо хасах тухай чиглэл ирсэн учраас К.Е дарга эсэргүүцэх боломжгүй. З.Б- нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байсан учраас гэрээг цуцлахаас өмнө мэдэгдэх шаардлага байхгүй.

2.5 Иймд иргэн З.Б-ийн орон тоо, цалинг Иргэний нисэхийн Үндэсний Төвөөс хасаж, цомхотгосон учир цаашид ажиллуулах боломжгүй болсон тул дээрх тушаалыг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00828 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1-д заалтыг баримтлан Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Б-ийг Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр хүртэл хугацаагаар ажиллуулахыг ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгож шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Нэхэмжлэгч З.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар үйлчлэгчээр томилогдон тус байгууллагад 6 дахь жилдээ ажиллаж байхад орон тооны цомхотгол хийж байгаа гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн. Бүтэц орон тоо нь хасагдаагүй, цомхотголд ороогүй байхад З.Б-ийн орон тоог хасагдсан гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. 2016, 2022 онд тус байгууллагын бүтэц орон тоо тус тус баталж байсан бөгөөд үйлчлэгчийн орон тоо аль алин дээр 1 байсан. Өөрөөр хэлбэл орон тоо хасагдаагүй гэж ойлгохоор байгаа.

4.2. Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03/01 дугаар шийдвэрийн дагуу 1 үйлчлэгчийг нэмж ажиллуулахаар болсны дагуу З.Б-ийг үйлчлэгчээр нэмж томилон ажиллуулсан байна. Учир нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайдын 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тушаалаар баталсан “Нэг үйлчлэгчийн цэвэрлэх талбай, ажлын үлгэрчилсэн хэмжээ”-г тогтоосон журамд зааснаар 275-325 м.кв талбайд 1 үйлчлэгч байх ёстой. Баян-Өлгий аймгийн нисэх буудал нь 1250 м.кв талбайтай тул хамгийн багадаа 4 үйлчлэгч байх ёстой атлаа нийт 1250 м.кв талбайг ганцхан үйлчлэгчээр цэвэрлүүлж ирсэн нь дээрх журмыг зөрчиж байгаа тул нэмж үйлчлэгч ажиллуулахаар болж байжээ. З.Б-ийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар байнгын ажлын байранд буюу үйлчлэгчээр томилон ажиллуулсан атлаа хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулж ирсэн нь тухайн үед үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг болон 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулах ёсгүй, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өг гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хөлсөөр ажиллах гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар ажиллуулахыг даалгасан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

4.3. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн атлаа мөн зүйлийн 80.4-т “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэснийг зөрчиж 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдээгүй.

4.4. Тус байгууллагад З.Б-тэй хамт ажиллаж байсан үйлчлэгч А.З- нь 2022 оны 9 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарсан ба нэг үйлчлэгчийн орон тоог цөөрүүлэх шаардлага байсан бол өндөр насны тэтгэвэрт гаргах гэж байгаа А.З-г ажлаас чөлөөлөх боломжтой байсан. Харин З.Б- нь ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, тогтвор суурьшилтай ажиллах хүсэл сонирхолтой, банк болон банк бус зээлийн хоршоонд давхардсан зээлтэй, бага насны олон хүүхэдтэй, нөхөр нь ажилгүй, хөлсний байранд амьдардаг байсан зэрэг нөхцөл байдлуудыг өндөр насны тэтгэвэрт гаргах гэж байгаа А.З-тай харьцуулан дүгнэж, хэнийг орон тооны цомхотголд оруулах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Хууль зөрчиж, шууд З.Б-ийг цомхотголд оруулж байгаа нь үндэслэлгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүх З.Б-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна гэж үзэж байна.

5.2. Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар хурлаас баталсан тус нисэх буудалд шаардлагатай байгаа үйлчлэгчийг “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний дагуу ажиллуулах шийдвэрийн үндсэн дээр аймгийн Нисэх буудлын даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б\02 дугаартай тушаалаар З.Б- нь тус нисэх буудалд гэрээт үйлчлэгчээр ажиллаж байсан нь тогтоогдсон. Гэтэл Иргэний Нисэхийн Үндэсний төвийн даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны А\132 тоот “Орон нутгийн нисэх буудлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажил үйлчилгээний жагсаалт, ажлын хөлсний хэмжээ батлах тухай” тушаал гарснаар тус нисэх буудлын даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Б\12 дугаартай тушаалаар З.Б-ийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон гэрээт үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, ээлжийн амралтын нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч З.Б-ийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай шийдвэр гарсан хууль зүйн үндэслэл муутай гэж үзэж байна. Учир нь З.Б- болон аймгийн нисэх буудлын дарга К.Е нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээнд ажиллах хугацааг хэдийгээр нэг жилээр тогтоосон боловч Иргэний Нисэхийн Үндэсний төвийн даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Орон нутгийн нисэх буудлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажил үйлчилгээний жагсаалт, ажлын хөлсний хэмжээ батлах тухай” А\132 дугаартай тушаал гарснаар уг хөлсний гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл энэхүү шинээр бий болсон нөхцөл байдалд хариуцагч К.Е-ыг буруутгах боломжгүй гэж үзэж байна.

5.3. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116дугаар зүйлийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”гэсэн зарчимд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон К.Е-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн иргэний хэргийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянан үзээд, давж заалдах гомдлуудыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

7. Нэхэмжлэгч З.Б- нь хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудалд холбогдуулан тус газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор гаргасан гомдол нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.5.2 дахь заалтаар шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан мөн бөгөөд тэрээр гомдлоо мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад заасан хугацааны дотор гаргажээ. Ажил олгогчоос гомдлыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлсэн байна.

 

            8. Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдов.

8.1. Иргэний нисэхийн Ерөнхий газрын захиргаа, удирдлагын газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 04/806 дугаар албан бичгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар хурлаар тус нисэх буудалд шаардлагатай байгаа үйлчлэгчийг “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ээр ажиллуулахаар шийдвэрлэснийг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар З.Б-ийг Баян-Өлгий аймгийн Нисэх буудлыг үйлчлэгчээр 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллуулж эхэлжээ.

8.2. Улмаар хариуцагч жил бүр нэхэмжлэгч З.Б-тэй хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж ирсэн байх ба талууд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ээр 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл гэрээлсэн бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх, няцаах хууль зүйн болон бодит үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй.

8.3. Гэтэл хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө хөлсөөр ажиллуулагчийн санаачилгаар, Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар нэхэмжлэгч З.Б-ийг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын “орон нутгийн нисэх буудлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажил үйлчилгээний жагсаалт, ажлын хөлсний хэмжээ батлах тухай” тушаалаар “бүтэц орон тооны цомхотголд орсон тул ногдох ээлжийн амралтыг олгож, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон буюу гэрээнд заасан хугацаанд, шударгаар гүйцэтгэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний үүргийг хариуцагч буюу хөлсөөр ажиллуулагч нь тогтоосон хугацаанд, шударгаар гүйцэтгэх зарчмын хүрээнд хөлсөөр ажиллагч З.Б-ийг тус нисэх буудлын үйлчлэгчийн ажилд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл буюу гэрээнд заасан хугацаанд ажиллуулах үүрэгтэй. Энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны хийгээд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна.

 

10. Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 05-ны А/104 дүгээр “Орон нутгийн нисэх буудлын орон тоог шинэчлэн батлах тухай”  тушаал гарсантай холбогдуулан Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/132 дугаар “Орон нутгийн нисэх буудлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажил үйлчилгээний жагсаалт, ажлын хөлсний хэмжээ батлах тухай” тушаалын хавсралтад Баян-Өлгий аймгийн Өлгий нисэх буудал, ажил үйлчилгээний нэр хэсэгт “галч”, гэрээт ажилтны тоо хэсэгт “2”, сарын ажлын хөлс хэсэгт 800.000 төгрөг гэж заасан зэргээс дүгнэвэл хариуцагчийн “Нисэх буудалд хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллаж байсан үйлчлэгчийн орон тоог хасаж зөвхөн 2 галч үлдээж шийдвэрлэсэн” гэх хариу тайлбар үндэслэлтэй. Гэвч энэ нь З.Б-тэй урьд байгуулсан хугацаатай гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, хөлсөөр ажиллуулагч нь гэрээнээс хугацаанаас нь өмнө татгалзах хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

11. Нэхэмжлэгч буюу хөлсөөр ажиллагч, хариуцагч буюу ажиллуулагч нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдах үед тус байгууллагад байсан үйлчлэгчийн орон тоо нь байнгын ажлын байр биш, гэрээгээр гүйцэтгүүлж байсан нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагчаас “үйлчлэгчийн орон тоо цомхотголд орсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь дээрх хөлсөөр ажиллах гэрээний хугацаа нь дуусгавар болохоос нь өмнө нэг талыг санаачилгаар цуцлах үндэслэл болохгүй.

Учир нь талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө ажиллуулагчийн санаачилгаар 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно”, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ хугацаатай байгуулагдсан бол уг гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд гэрээг дуусгавар болгох бөгөөд энэ нь гэрээгээр үүрэг хүлээсэн талууд үүргээ гэрээнд заасан хугацаанд заавал, шударгаар гүйцэтгэх иргэний эрх зүйн зарчимд нийцнэ.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч З.Б-ийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээнд заасан хугацаагаар үйлчлэгчээр ажиллуулахыг хариуцагчаас шаардах эрхтэй” гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

12. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...анхан шатны шүүхээс нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулах ёсгүй, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өг гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хөлсөөр ажиллах гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар ажиллуулахыг даалгасан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлгүйн дээр энэхүү харилцааг Хөдөлмөрийн хуулиар хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэснийг зөрчиж 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдээгүй“ гэх үндэслэл мөн хуульд нийцээгүйг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд  хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК