Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2022/00096

 

 “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00798 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ****** “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *****багт оршин суудаг Ж.Е-т холбогдох,  

“Зуухны үнэд шилжүүлсэн 5400000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Манай компани нь 2020 онд Баян-Өлгий аймгийн Б сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 30 хүүхдийн дотуур байрны барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2021 оны 10 дугаар сард тухайн барилгын халаалтын ажилд хэрэглэхээр Өлгий сумын иргэн Ж.Е-тэй харилцан тохиролцож 1200-ын халаалтын зуухыг 5.400.000 төгрөгөөр худалдаж авахаар амаар гэрээ байгуулсан.

1.2. Зуухны үнэ 5.400.000 төгрөгийг “Ч” ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр инженер С.Х-ын ХААН банк дахь ********* тоот дансанд шилжүүлж ирүүлснийг С.Х- нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ж.Е-ийн ХААН банк дахь ******** тоот дансанд шилжүүлж өгсөн. Тухайн үед маргаан бүхий зуухыг шалгаж авах ямар нэгэн боломжгүй байсан тул худалдагч талын “ямар нэгэн асуудалгүй, бүрэн ажиллагаатай зуух учраас баталгаа өгнө” гэсэн үгэнд итгээд зуухны гадна талаас авсан зургийг компанийн захиралд үзүүлээд харилцан итгэлцлийн үндсэн дээр зуухыг худалдаж авсан байсан.

1.3. Зуухыг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ж.Е-ийн эзэмшлийн “Н” ХХК-ийн хашаан дотроос авто кранаар өргүүлж чөлөөтэй талбайд тавиулаад 10 дугаар сарын 11-ний өдөр мөн авто кранаар ачааны автомашинд ачуулж Өлгий сумаас 270 км зайтай “Ё” гэх газар байршилтай Б сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дотуур байрны барилгад тээвэрлэн хүргэж, тус сургуулийн 4 галч, 4 манаач, захирал, нярав гэх мэт бүх эрэгтэй багш, ажилчдын хамт 10-аад хүн зуухыг ачиж хүргэсэн ачааны автомашины тээшнээс буулгаж зуухыг барилгад оруулж угсран сантехникийн шугамд холбож усаар дүүргэхэд тогооны дотор талын дээд хэсгээс ус гоожиж байсан.

 

1.4. Зуухны тогоо нь дотроо харагдахгүй хэсэг газарт гэмтэлтэй байсан, шаардлага хангахгүй болсон учир буцааж гаргаад Өлгийд тээвэрлэж ирж, 2021 оны 10 сарын 14-ний өдөр мөн Х.Ж-ын авто кранаар анх авсан хашаанд буулгаж буцааж өгсөн. Тухайн үед худалдагч Ж.Е- Ногооннуур сумын Ховд багт барилгын ажил хийлгэж явж байсан тул утас нь холбогдохгүй байсан. Бид маргаан бүхий зуухыг Ж.Е-ийн эхнэр, хүүхдийн зааж өгсөн газарт буулгаж тавьсан. Тухайн зуухыг өмнө хэрэглэж байсан зуух байсан учраас дотор нь ус үлдсэн тохиолдолд өвөл хөлдөж хадгалалтын горим алдагдаж гэмтэл үүссэн байх магадлалтай гэж Ж.Е-ийн эхнэр Е.А- хэлж байсан.

1.5. Харин “мөнгийг нь өнөө маргаашдаа буцааж өгөх боломжгүй, барилгын ажлын санхүүжилт орж ирэхээр буцааж өгнө” гэж хэлсэн боловч сүүлд хэлснээсээ буцаж зуухыг та нар угсрах үед буруу холболт хийсэн учраас гэмтээгээд хаясан гэж гэмтэлтэй зуухны үнийг манай компанид буцааж өгөөгүй. Бид маргаан бүхий зуухыг угсрах үед бүх үйл явцыг тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан. Гэмтэлтэй зуухыг буцааж өгснөөс хойш 8 сар гаруйн хугацаа өнгөрсөн боловч Ж.Е- нь 5400000 төгрөгийг буцааж өгөхгүй компанийг хохироож байна.

1.6. Иймд энэхүү нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж иргэн Ж.Е-ээс зуухны үнэд шилжүүлсэн 5400000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1.Хариуцагч Ж.Е-ээс С.Х- нь 2021 онд халаалтын зуухыг худалдан авч байсан. Тухайн үед зуухыг үзэж харж шалгаж эд хөрөнгийг шилжүүлэн авч байсан боловч 5 хоногийн дараа худалдан авсан эд зүйлээ буцаах талаар худалдан авагч хэлсэн байна. Худалдагчаас зуухыг буцааж авахыг зөвшөөрөөгүй бөгөөд буцааж авахгүй гэсээр байхад худалдан авагч түүнийг Ж.Е-ийн эзэмшлийн “Н” ХХК-ийн хашаанд үлдээгээд явсан байна.

2.2.Худалдан авагч нь эд зүйлийн талаарх доголдлыг хүлээн авахаас өмнө байсан талаар хэлж байгаа боловч худалдагчийн хувьд тухайн эд зүйлийг худалдах үед ямар нэгэн доголдол байгаагүй, худалдан авагчаас үзэж харж шалгаж авчхаад Б суманд тээвэрлэж, ачиж, буулгах явцад гэмтээсэн байх магадлалтай тул би худалдсан эд зүйлээ буцаан авахгүй гэж маргаж байгаа юм.

2.3.Хариуцагч Ж.Е-ийн зүгээс тухайн овор хэмжээ ихтэй зуухыг Б суманд аваачиж буулгах үед гараар буулгаж гэмтээсэн байх магадлалтай гэж хардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл үүнийг яг нүдээр үзэж харсан зүйл бас байхгүй. Энэ хэрэгт гэрч асуулгасан боловч тухайн гэрч Б суманд зуухыг аваачиж буулгах үед байлцсан хүн биш байсан.

2.4.Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан. “Ч” барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг, маргаан бүхий зуухыг тухайн үйл ажиллагаатай нь холбоотой худалдаж авсан учраас нэн даруй шалгаж авах үүргээ зөрчсөн байх тул худалдан авагч шаардах эрхээ алдсан гэж хууль зүйн хувьд дүгнэж байна.

2.5.Тухайн зуухыг худалдах үед худалдагч шалгаж өгөх боломжгүй гэсэн зүйл хэлсэн болохоос биш худалдан авагчид гэрээний зүйлийг шалгаж авахад саад учруулсан зүйл байхгүй. Худалдан авагч тал маргаан бүхий зуухыг худалдаж авах үедээ шалгаж авах бүрэн боломжтой байсан. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т “тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан.

2.6. Энэ тохиолдолд маргаан бүхий зууханд гэмтэл хэзээ үүссэнийг тогтоосон зүйл одоохондоо байхгүй. Хариуцагч талаас кранаар зуухыг ачааны машинд ачих үед гэмтэл үүсэх боломжгүй, харин Б суманд тээвэрлэж хүргэж гараар буулгах үед гэмтэл үүссэн байх боломжтой гэж үзэж байна. Мөн тухайн гэмтэл нь зуухыг зориулалтын дагуу ашиглахад саад болох гэмтэл эсэхийг тогтоосон зүйл ч байхгүй. Нэхэмжлэгч талаас Б сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ажилчдын гарын үсэгтэй тэмдэглэл гэх нотлох баримтыг гаргаж өгсөн боловч тухайн тэмдэглэлд яг тэр хүмүүс нь гарын үсэг зурсан уу гэдэг нь ч тодорхой бус байна.

2.7.Зуухыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гараагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т “худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй” гэж заасан боловч манай тохиолдолд худалдагч Ж.Е- нь доголдлыг нуун дарагдуулсан зүйл байхгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00798 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х овогт Ж.Е-ээс 5400000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ч” ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Ч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101350 (нэг зуун нэг мянга гурван зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Е-ээс 101350 (нэг зуун нэг мянга гурван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ч” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. С.Х- нь 2021 онд халаалтын зуухыг худалдан авч байсан. Тухайн үед тухайн зуухыг үзэж харж шалгаж эд хөрөнгийг шилжүүлэн авч байсан боловч 5 хоногийн дараа худалдан авсан эд зүйлээ буцаан өгч байгаа хэмээн миний эзгүйд “Н” ХХК-ны хашаанд аваачиж хаяж явсан байна. Тухайн зуух нь хэвийн ажиллаж байсан зуух байсан бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан тул би гэрээгээ цуцлахыг зөвшөөрөөгүй.

4.2. Худалдан авагч компани нь барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байсан гэдэг нь тогтоогдсон. Иргэний хуулийн 255.1.2-т “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг “Ч” компанийн үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгө гэдэг нь тэдний барьж байгаа барилгад тавих халаалтын зуух мөн. Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартай үүнийг хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтуудын хүрээнд зөв шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд, хууль зүйн шаардлага хангасан шийдвэр байгаа.

5.2. Энд 300 км зайтай газарт шаардлага хангаж байсан зуухыг буцаахгүй байсан. Тухайн зууханд ямар байдалтай гэмтэл байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна. Нам даралтын зуухыг халаалт өгч байж ажиллагааг нь шалгахаас биш гаднаас нь хараад шууд шалгах боломжгүй. Тийм учраас Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Тэгээд ч тус компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Барилга гэхээр сантехник зэрэг нийтлэг байдлаар ойлгох үндэслэл байхгүй. Тийм учраас хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, “Ч” ХХК-ийн  Ж.Е-т холбогдуулан  гаргасан “зуухны үнэнд шилжүүлсэн 5.400.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

8. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч Ж.Е-ээс халаалтын зуухыг худалдан авахаар 5.400.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х-ын ХААН банкны ********* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон талуудын тайлбараар тогтоогдсон. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ маргааны үйл баримтыг холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

9. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, төлбөр төлөгдсөн, гэрээний зүйлийг хүлээн авсан талаар маргаагүй, харин гэрээний зүйл болон зуух нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу эд хөрөнгийн доголдолтой байсан эсэх талаар маргаж, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Зуухны тогоо нь дотроо харагдахгүй хэсэг газарт гэмтэлтэй байсан, шаардлага хангахгүй...” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “...зуухыг үзэж харж шалгаж эд хөрөнгийг шилжүүлэн авч байсан боловч 5 хоногийн дараа худалдан авсан эд зүйлээ буцаан өгч, намайг эзгүйд “Н” ХХК-ийн хашаанд аваачиж хаяж явсан байна. Тухайн зуух нь хэвийн ажиллаж байсан зуух байсан бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан тул би гэрээгээ цуцлахыг зөвшөөрөөгүй” гэж үгүйсгэсэн.

 

10.Хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл хуульд нийцсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Гэтэл худалдагч Ж.Е-ийн худалдсан зуухны тогоо нь доголдолтой буюу зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэмтэлтэй байсан нь хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль болон “Ч” ХХК-ийн нэр бүхий хүмүүсийн гарын үсэг зурсан тэмдэглэл /хэргийн 7 дахь тал/, гэрч Х.Ж-ын мэдүүлэг /хэргийн 38-39 дэх тал/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий, хуульд нийцсэн дүгнэлт хийжээ. Тиймээс Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч буюу хулдан авагч нь худалдаж авсан эд хөрөнгө нь доголдолтой болох нь тогтоогдсон тул худалдах-худалдан авах гэрээг цуцалж, өөрт учирсан хохирол төлбөрийг хариуцагч буюу худалдагчаас шаардах эрхтэй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн болон бодит үндэслэлтэй байна.

 

11. Хариуцагч талаас Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2 дахь заалтыг үндэслэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдана гэж нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэн хариу тайлбар болон давж заалдах гомдол гаргасан боловч энэ нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Ч” ХХК нь барилгын материалын худалдаа, гадаад худалдаа, барилгын засвар, засаг чимэглэл, газар тариалан эрхлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй боловч хэргийн үйл баримтаас харахад тухайн “халаалтын зуух”-ны үйл ажиллагаатай холбоотой аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүйгээс гадна худалдаж авсан зуухны эвдрэл, гэмтэл нь худалдаж авсан даруй шалгах боломжгүй, зуухны дотор талд буюу далд хэсэгт байсан нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон бөгөөд зохигчийн тайлбарыг үндэслэн зуухны эвдрэл, гэмтлийн талаар худалдан авагчаас 5 хоногийн дотор худалдагчид мэдэгдэж, гэрээнээс татгалзсан хугацааг “худалдан авагч нь зуухны эд хөрөнгийн доголдлыг боломжит богино хугацаанд буюу нэн даруй шалгаж, илрүүлсэн” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

12. Иймээс анхан шатны шүүх маргааны үйл баримтад Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, худалдан авагч “Ч” ХХК нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг, 256 дугаар зүйлийг 256.1 дэх хэсэгт тус тус зааснаар худалдах-худалдан авах гэрээг цуцлах, улмаар мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар халаалтын зуухын үнийг худалдагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,    хариуцагч Ж.Е-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Е-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК