Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 123/Ш2017/0001

    Төв аймаг

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ЖБЦБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамжийн “Чонон саарал” ХХК-д, 02 дугаар захирамжийн “Арвижих заяа” хоршоонд, 03 дугаар захирамжийн Л.Оюунцэцэгт холбогдох хэсэг, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар захирамжаар Б.Батбаярт 2 га, 37 дугаар захирамжаар Л.Даваасамбууд 2 га, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/58 дугаар захирамжаар “МНТЭ” ХХК-д 25 га газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгохыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгах, МҮ-016809 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газрын хэвлийг олгосон шийдвэр гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, гуравдагч этгээд Б.Батбаяр, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЖБЦБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 332 дугаар тушаалаар Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Бөхөг хөндий нэртэй газарт орших 31.12 га уурхайн талбайд МҮ-016809 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2039 он хүртэл хугацаагаар авсан. Бид уурхайн талбай дээр материалаа боловсруулж, үйлдвэрлэлээ өргөтгөх зорилготой ажиллаж байгаа тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай бүхий газрыг ашиглах эрх олгож өгөхийг Алтанбулаг сумын Засаг даргаас хүссэн өргөдөл гаргахад татгалзсан. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авсны үндсэн дээр аймгийн Засаг дарга зөвшөөрсөн хариу өгснөөр Ашигт малтмалын газраас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, энэ тухай сумын Засаг даргад мэдэгддэг. Хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг эзэмшин хөрөнгө зарцуулан ашиглалтын үйл ажиллагаа явуулж байхад газар ашиглах эрхийг олгохгүй байгаа нь үндэслэлгүй, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч “газар олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэсэн хариу ирүүлсэн. Иймд Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамжийн “Чонон саарал” ХХК-д, 02 дугаар захирамжийн “Арвижих заяа” хоршоонд, 03 дугаар захирамжийн Л.Оюунцэцэгт холбогдох хэсэг, “Жавцагийн гол” ХХК-д 25 га газрыг олгосон 2003 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасны дагуу Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, тайлбартаа: Тус компани нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Бөхөг хөндий нэртэй газарт орших 31.12 га талбай бүхий уурхайн талбайд М\/-016809 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, 298.000.000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөн тусгай зөвшөөрлийн төлбөрөө жил бүр төлж, байгаль хамгаалах санд төлбөрийг байршуулах зэргээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай бүхий газрыг ашиглах эрх олгож өгөхийг Алтанбулаг сумын Засаг даргаас хүсэхэд “хуулиар хориглосон голын энгийн хамгаалалтын бүс, иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн газруудтай давхацсан” гэсэн үндэслэлээр татгалзсан. Газар тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхийг олж авсан иргэн, хуулийн этгээдүүд нь тухайн газартаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй бол сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй. Гэтэл сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20.2.2-д газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах, 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авахад аймгийн Засаг дарга зөвшөөрсөн санал өгсөн, Ашигт малтмалын газраас ашиглалтын тусгай зөвшөөрөл тухайн талбайд олгосон тухай сумын Засаг дарга нь мэдсэн. Өөрөөр хэлбэл, манай компанийн ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Гэтэл одоо хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг эзэмшин ашиглалтын тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрөө төлж, хөрөнгө зарцуулан ашиглалтын үйл ажиллагаа явуулж байхад газар ашиглах эрхийг олгохгүй байгаа нь үндэслэлгүй. Мөн бидний ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр, бид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр байхад газар олгох үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 13 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна. Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамжийн “Чонон саарал” ХХК-д, 02 дугаар захирамжийн “Арвижих заяа” хоршоонд, 03 дугаар захирамжийн Л.Оюунцэцэгт холбогдох хэсэг, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар захирамжаар Б.Батбаярт 2 га, 37 дугаар захирамжаар Л.Даваасамбууд 2 га, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/58 дугаар захирамжаар “МТНЭ” ХХК-д 25 га газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгохыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгаж, М\/-016809 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газрын хэвлийг олгосон шийдвэр гаргаж, газар ашиглах эрхийг гэрчилгээ олгохыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Алтанбулаг сумын Засаг дарга Б.Цэрэнбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ЖБЦБ” ХХК-ний эзэмшиж буй Алтанбулаг сумын 2-р багийн нутаг Бөхөгт орших ашигт малтмалын талбай нь анх 2006 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон газарт олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-д заасныг зөрчин Бөхөг голын энгийн хамгаалалтын бүсэд олгосон. 2009 онд “Гантиг-Уул” ХХК нь ХҮ-11588 тоот хайгуулын тусгай зөвшөөрлөө “ЖБЦБ” ХХК-д шилжүүлснээр МҮ-016809 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 31.12 га талбайг “ЖБЦБ” ХХК нь эзэмших болсон бөгөөд уг компаний эзэмшиж буй 31.12 га талбайн 15 га нь Бөхөг голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон, хамгаалалтын бүсээс гарч буй 16 га талбайд нь сумын Засаг даргын 2003 оны 10 сарын 31-ний өдрийн 36 тоот захирамжаар “Жавцагийн гол” ХХК-д олгогдсон төмс хүнсний ногооны зориулалттай 50 га газар, 2005 оны 01 сарын 17-ны 01 тоот захирамжаар “Чонон саарал” ХХК-д олгосон төмс хүнсний ногооны зориулалттай 3 га газар, 2005 оны 01сарын 17-ны өдрийн 02 тоот захирамжаар “Арвижих заяа” хоршоонд олгогдсон төмс хүнсний ногооны зориулалттай 2 га газар, 2005 оны 01 сарын 17-ны өдрийн 03 тоот захирамжаар иргэн Л.Оюунцэцэгт олгосон төмс хүнсний ногооны зориулалттай 1 га газруудад газар эзэмшлийн гэрчилгээ олгогдсоноос хойш давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн. Уг компани нь 2011 оноос эхлэн Газрын тухай хуулийн 27.4-д заасныг зөрчиж хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна. “ЖБЦБ” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх заалтыг зөрчсөн. Иймд тус компаний үйл ажиллагааг орон нутгийн зүгээс дэмжих боломжгүй гэжээ.

Хариуцагч Алтанбулаг сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЖБЦБ” ХХК-ийн одоо ашиглаж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 2006 онд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох газар олгогдсон. Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2009 онд Туул гол болон Бөхөг голын энгийн хамгаалалт 500 метрээр тогтоосон байсан. Харин урт нэртэй хуульд өөрчлөлт орсны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал голын энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоосон. Сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид газар олгосноос хойш тусгай зөвшөөрөл олгосон. “ЖБЦБ” ХХК-ний газар ашиглах хүсэлт нь 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн. 2013-2014 онд хяналт шалгалтын ажил зохион байгуулж явуулж, зөрчилтэй аж ахуй нэгжийг 4 удаа лацадсан. “ЖБЦБ” ХХК-ний үйл ажиллагааг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дахин зогсоосон. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасан техник эдийн засгийн үнэлгээ, үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг бичиг баримтууд уурхай дээр байх ёстой. Энэ байгууллага ямар нэгэн бичиг баримт байхгүй. Намайг 2013-2016 онд улсын байцаагчаар ажиллаж байхад бичиг баримт гаргаж өгч байгаагүй. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар баталдаг. 2014 онд 350 га газрыг уул уурхайд ашиглахаар газрын төлөвлөгөөнд оруулж байсан, түүнээс хойш уул уурхайд ашиглах газрыг төлөвлөгөөнд оруулаагүй. Тухайн газар нь ямар нэгэн давхцалгүй бол орон нутгаас татгалзалгүй олгодог, харин бусад аж ахуй нэгж, иргэний газартай давхацсан бол газар олгохоос татгалздаг. “ЖБЦБ” ХХК түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласан боловч төлбөрөө орон нутгийн төсөвт төлөөгүй гэжээ.

Гуравдагч этгээд Б.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 10 жилийн өмнө олгосон газар дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ маргааныг газар давхацсан талаарх маргаан, харин газраа зориулалт бусаар ашигласан талаарх маргаан биш гэж бодож байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Даваасамбуу шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Газрын тухай хуулийн 29, 33 дугаар зүйлүүдийг үндэслэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Алтанбулаг сумын Засаг дарга газар эзэмшүүлж, 2006 оны 06 дугаар сарын 20-ны 36 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 180100449 дугаар бүхий газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болж, гэрээний дагуу газрын төлбөрөө албан ёсоор жил бүр өгч ирсэн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.1.3-т заасныг зөрчиж Ашигт малтмалын газар нэхэмжлэгчид газар олгосон нь хууль бус байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “МНТЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Жавцагийн гол” ХХК нь Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 36 тоот захирамжаар Бөхөгийн хөндийд фермерийн аж ахуй, хүнсний ногоо тариалах зориулалтаар 50 га газрыг эзэмшихээр авсан. Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 517 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс өөрийн хүү Б.Мөнхтүвшингийн “МТНЭ” ХХК-д 25 га газрыг хуулийн дагуу шилжүүлсэн болно. Иймд “ЖБЦБ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Чонон саарал” ХХК, “Арвижих заяа” хоршооны эрх залгамжлагч иргэн Лхагва-Очир, иргэн Л.Оюунцэцэг нарын шүүхэд гаргасан тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Гуравдагч этгээдүүд нь 2005 онд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт газар эзэмшихээр холбогдох хүсэлтүүдийг гаргаж газар эзэмшсэн. Газрын тухай хуулийн 29, 33 дугаар зүйлүүдийг үндэслэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хариуцагч нь гуравдагч этгүүдэд газар эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. “Чонон саарал” ХХК нь Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын өдрийн 01 тоот шийдвэрийн дагуу нэгж талбарын 180100251 дугаар бүхий 3 га газрыг, “Арвижих заяа” хоршоо нь Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 тоот шийдвэрийн дагуу нэгж талбарын 180100252 дугаар бүхий 2 га газрыг, иргэн Л.Оюунцэцэг нь Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 тоот шийдвэрийн дагуу нэгж талбарын 180100253 дугаар бүхий 1 га газрыг жаран жилийн хугацаагаар тус тус эзэмшсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, мөн хуулийн 19.4-д зааснаар төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын ерөнхий газар нь Аймгийн Засаг даргад мэдэгдээгүй, холбогдох саналыг Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөөс авалгүйгээр “ЖБЦБ” ХХК-нд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл өгсөн байна гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасны дагуу нэхэмжлэгчид Ашигт малтмалын ерөнхий газар татгалзсан хариу өгөх байжээ. Учир нь дээрх маргаан бүхий газрууд нь нэхэмжлэгчийг Ашигт малтмалын ерөнхий газар хүсэлт гаргахаас өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээ гуравдагч этгүүдэд олгогдсон байсан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж Ашигт малтмалын ерөнхий газар нэхэмжлэгчид газар олгосон хууль бус болжээ. Газрын төлбөрийг 2016 оноос өмнө төлсөн, 2016 оны газрын төлбөр төлсөн төлөөгүй асуудал жилийн эцсээр гарч ирэх асуудал юм. Арвижих заяа хоршоо нь хадгаламж зээлийн хоршоонууд татан буугдахад мөн адил татан буугдсан. Хувьцаа эзэмшигч нар газрыг шилжүүлэн авахыг зөвшөөрсөн, сумын засаг даргад хүсэлтээ өгч, газрыг эрх залгамжилж авсан. Тийм учраас дээрх захирамжуудыг хүчингүй болгох боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамжийн “Чонон саарал” ХХК-д, 02 дугаар захирамжийн “Арвижих заяа” хоршоонд, 03 дугаар захирамжийн Л.Оюунцэцэгт холбогдох хэсэг, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 захирамжаар Б.Батбаярт 2 га, 37-р захирамжаар Л.Даваасамбууд 2 га, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/58-р захирамжаар “МНТЭ” ХХК-д 25 га газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгохыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгах, МҮ-016809 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газрын хэвлийг олгосон шийдвэр гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлээ “ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2011 онд авч 298.000.000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тусгай зөвшөөрлийн төлбөрөө жил бүр төлж, байгаль хамгаалах санд төлбөрийг байршуулан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн, тусгай зөвшөөрөлтэй талбайд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохыг Алтанбулаг сумын Засаг даргаас хүсэхэд газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн газруудтай давхацсан гэсэн үндэслэлээр татгалзсан нь хууль бус, анх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход аймгийн Засаг дарга зөвшөөрсөн хариу өгснөөр тусгай зөвшөөрөл олгогдсон, газар эзэмшигч нар газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, сумын Засаг дарга газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох эрх, үүрэгтэй ч шийдвэр гаргахгүй байгаа, “Арвижих заяа” хоршоо татан буугдсан учир газар эзэмших эрх нь дуусгавар болсон гэжээ.

Хариуцагчаас “ЖБЦБ” ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчин Бөхөг голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон, тусгай зөвшөөрөл бүхий талбай нь иргэн, аж ахуйн нэгжид газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн газруудтай давхацсан, “ЖБЦБ” ХХК нь 2011 оноос газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрөө орон нутгийн төсөвт төлөөгүй гэсэн тайлбар гаргасан байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2006 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Бөхөг хөндий нэртэй газарт L-48-10 планшетийн дугаартай 138 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 11588Х дугаартай тусгай зөвшөөрлийг иргэн Г.Батхолбоод олгож, уг тусгай зөвшөөрлийг тус хэлтсийн даргын 2007 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн 451 дүгээр шийдвэрээр “Гантиг-Уул” ХХК-д шилжүүлж, улмаар 2009 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн шийдвэрээр “Гантиг Уул” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр “Гантиг-Уул” ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 31.12 гектар талбайн тусгай зөвшөөрлийг “ЖБЦБ” ХХК-д хэсэгчлэн шилжүүлж МV-016809 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2039 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар олгосон[1].

 

Мөн Төв аймгийн Засаг дарга 2006 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаар саналаар[2] иргэн Г.Батхолбоод Алтанбулаг сумын нутаг Бөхөг хөндий нэртэй 138 гектар талбайд хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжиж байсан болох нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2006 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 7-1236 тоот албан бичиг[3], Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл[4] МV-016809 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, хавсралт, тусгай зөвшөөрлийн солбицол зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэн Г.Батхолбоо болон “Гантиг-Уул” ХХК, “ЖБЦБ” ХХК-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрт холбогдуулж Алтанбулаг сумын Засаг дарга, эрх бүхий байгууллага албан тушаалтан болон бусад этгээдээс гомдол гаргаагүй, “ЖБЦБ” ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн “Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь заалт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчин тусгай зөвшөөрөл олгогдсон” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.

“ЖБЦБ” ХХК нь Төв аймгийн Алтанбулаг сумын Бөхөг хөндийд байршилтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа 2011 оноос эхэлж ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2013 онд Алтанбулаг сумын байгаль орчны улсын байцаагч зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүний үйл ажиллагааг зогсоосон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 19-04-323 дугаартай акт, Алтанбулаг сумын Бөхөгт үйл ажиллагаа явуулж буй ААН-д хяналт шалгалт хийсэн ажлын тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Улсын байцаагчийн акттай холбогдуулан “ЖБЦБ” ХХК гомдол гаргаагүй бөгөөд дээрх акт, хяналт шалгалтын ажлын тайлан зэрэгт “ЖБЦБ” ХХК-ийг уурхай дээр байлгавал зохих бичиг баримт байхгүй, улсын байцаагчийн тавьсан актыг зөрчиж 2 удаа лац хөндсөн, газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг орон нутгийн  төсөвт төвлөрүүлээгүй зэрэг зөрчил гаргасан гэж бичжээ.

“ЖБЦБ” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд газар ашиглах эрх олгохийг хүссэн өргөдлийг 2016 оны 01 дүгээр сарын 05, 26-ны өдрүүдэд Алтанбулаг сумын Засаг даргад гаргахад “2005 онд иргэн, аж ахуй нэгжүүдэд газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн газруудтай давхацсан” гэсэн үндэслэлээр татгалзсан хариуг өгсөн, нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч Төв аймгийн Засаг даргад гомдол гаргахад “газар ашиглах эрх олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэсэн хариу өгсөн байна.

 

“ЖБЦБ” ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Алтанбулаг сумын Засаг даргын 2003 оны 10 сарын 31-ний өдрийн 36 дугаар захирамжаар “Жавцагийн гол” ХХК-д эзэмшүүлсэн төмс хүнсний ногооны зориулалттай 50 га газрын зарим хэсэг буюу 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар “МНТЭ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн 25 га газрын 4.2 га газартай, 2005 оны 01 дүгээр сарын 17-ны 01 дүгээр захирамжаар “Чонон саарал” ХХК-д эзэмшүүлсэн төмс хүнсний ногооны зориулалттай 3 га газар, мөн өдрийн 02 дугаар захирамжаар “Арвижих заяа” хоршоонд эзэмшүүлсэн төмс хүнсний ногооны зориулалттай 2 га газар, 2005 оны 01 дүгээр сарын сарын 17-ны өдрийн 03 дугаар захирамжаар иргэн Л.Оюунцэцэгт эзэмшүүлсэн  төмс хүнсний ногооны зориулалттай 1 га газар, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар захирамжаар иргэн Б.Батбаярт эзэмшүүлсэн төмс хүнсний ногооны зориулалттай 2 га газар, мөн өдрийн 37 дугаар захирамжаар иргэн Л.Даваасамбууд эзэмшүүлсэн төмс хүнсний ногооны зориулалттай 2 га газруудтай давхцаж байгаа ба Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар тогтоолоор тогтоосон Бөхөг голын энгийн хамгаалалтын бүстэй давхцаж буй болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчдийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 07/660 тоот, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/761 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтүүд, Алтанбулаг сумын Засаг даргын захирамж, газар эзэмшигчдийн нэгж талбарын хувийн хэрэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2006 онд иргэн Г.Батхолбоод /“Гантиг Уул” ХХК-ний захирал/ Алтанбулаг сумын нутаг Бөхөг хөндий нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос өмнөх хугацаанд буюу 2003 оны 10 дугаар сар, 2005 оны 1 дүгээр саруудад тус сумын Засаг дарга нь “Жавцагийн гол” ХХК, “Чонон саарал” ХХК, “Арвижих заяа” хоршоо, иргэн Л.Оюунцэцэг нарт Бөхөг хөндий нэртэй газарт хүнсний ногоо тарих зориулалтаар газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй байх ба иргэн, хуулийн этгээдийн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрыг “ЖБЦБ” ХХК-д ашигт малтмал ашиглах зориулалтаар олгоогүй Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүйг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцсэн байна гэж дүгнэлээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхойлон заасан, харин уг зүйлд “Ашигт малтмалын газраас ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд тухайн талбайд газар эзэмшиж буй иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай үндэслэл заагаагүй байна. Үүнээс гадна газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж газрын төлбөр төлсөн эсэх, газраа зориулалтын дагуу ашигласан эсэхийг Газрын тухай хуулийн  34 дүгээр зүйлийн 34.1, 34.8-д зааснаар сумын газрын даамал, газар эзэмшигч нарын хооронд байгуулсан газар эзэмших гэрээг сумын газрын даамал  дүгнэж тогтоох ба тухайн дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна. Мөн газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж болон сумын Засаг дарга нарын хооронд газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх маргаан үүсээгүй, газар эзэмшигчид шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн “газар эзэмшигчид газрын төлбөр төлөөгүй, газраа ашиглаагүй” гэх тайлбар нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохыг сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий маргаанд хамааралгүй байна. Харин “ЖБЦБ” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2011-2013 онуудад үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдийг эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй, мөн Арвижих хоршоо, түүний эрх залгамжлагчаас бусад газар эзэмшигчид газрын төлбөр төлж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй.

2003 оноос эхлэн сумын Засаг даргын хүчин төгөлдөр шийдвэрээр газар эзэмшиж байсан “Жавцагийн гол” ХХК-ний эзэмшлийн газраас 25 га газрыг 2015 онд “МНТЭ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн сумын Засаг даргын шийдвэрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайтай давхцуулан “МНТЭ” ХХК-д газар эзэмшүүлсэн гэж үзэхгүй болно.

Алтанбулаг сумын Засаг дарга 2015 оны 36, 37 дугаар захирамжуудаар иргэн Б.Батбаяр, Л.Даваасамбуу нарт “ЖБЦБ” ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулан газар эзэмшүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч энэ талаарх гомдлыг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.1-д зааснаар Төв аймгийн Засаг даргад гаргаж  шийдвэрлүүлээгүй байх тул шүүхээс маргаанд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй. Мөн Б.Батбаяр, Л.Даваасамбуу нарын эзэмшлийн газраас “ЖБЦБ” ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцаж буй хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 24.4.1-д заасан ашигт малтмалын уурхайн талбай нь тал бүр тийш 500 метрээс багагүй урттай, уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй байх шаардлагад нийцэхгүй хэлбэртэй байгааг дурьдах нь зүйтэй.

Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01, 02, 03 дугаар захирамж, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36, 37 дугаар захирамж, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/58-р захирамжуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01, 02, 03 дугаар захирамж, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36, 37 дугаар захирамж, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/58 дугаар захирамжуудыг эдгээр захирамжуудыг хүчингүй болгохыг сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д зааснаар газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх ба сумын Засаг дарга нь газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах бүрэн эрхтэй байх тул хүсэлт гаргаж буй этгээдийн ашиглахыг хүсч буй газар нь тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх шаардлагатай байна. Харин Алтанбулаг сумын 2011-2013, 2015, 2016 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашигт малтмал ашиглах зориулалтаар газар ашиглуулах талаар тусгаагүй, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Бөхөг бор толгой нэртэй газарт “Гангар инвест ХХК-д 114,36 га, Ташгайн даваа нэртэй газарт 150 га газрыг ашигт малтмал ашиглах зориулалтаар олгохоор тусгасан байна. Алтанбулаг сумын 2011-2016 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Бөхөг хөндий нэртэй газарт ашигт малтмал ашиглах зориулалтаар газар ашиглуулах тухай тусгагдаагүй учир нэхэмжлэгчийн “Алтанбулаг сумын Засаг даргад “ЖБЦБ” ХХК-д газар ашиглах эрх олгох тухай шийдвэр гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 55 дугаар зүйлийн 55.1, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д  тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамжийн “Чонон саарал” ХХК-д, 02 дугаар захирамжийн “Арвижих заяа” хоршоонд, 03 дугаар захирамжийн Л.Оюунцэцэгт холбогдох хэсэг, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар захирамжаар Б.Батбаярт 2 га, 37 дугаар захирамжаар Л.Даваасамбууд 2 га, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/58-р захирамжаар “МНТЭ” ХХК-д 25 га газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгохыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгах, МҮ-016809 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газрын хэвлийг олгосон шийдвэр гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН

 


[1]Хавтаст хэрэг: 1-р хавтас 5,6 дугаар хуудас,

[2]Хавтаст хэрэг: 2 дугаар хавтас 132-р хуудас,

[3]Хавтаст хэрэг: 2 дугаар хавтас 131-р хуудас,

[4]Хавтаст хэрэг: 2 дугаар хавтас 89-90 дүгээр хуудас