Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00628

 

 

Ч.Баасанбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны  11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05853 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 439 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ч.Баасанбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Монгол дайвин” ХХК-нд холбогдох,

Дутуу олгосон цалин, хөлс 54 434 829 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад учруулсан хохирол 7 573 085 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч С.Дэлгэрбаярын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Баасанбаяр нь 2011 оноос “Монгол дайвин” ХХК-д ажилласан бөгөөд анх сар бүр 3 000 000 төгрөгийн цалин авдаг байсныг нэмэгдүүлж 5 000 000 төгрөг, дараа нь 8 000 000 төгрөг болгон нэмэгдүүлж байсан. “Монгол дайвин” ХХК-д ажиллах хугацаандаа хариуцсан албандаа өөрийн өмчлөлийн автомашиныг ашиглаж, уг машиныг худалдан авсан 90 000 000 төгрөгийн 50 хувь буюу 45 000 000 төгрөгийг компани төлөхөөр харилцан тохиролцож байсан. Хариуцагч компани нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 5, 6 дугаар сарын цалинг олгосноос хойш өөр цалин олгоогүй. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч, тооцоо нийлж, үндсэн цалингийн үлдэгдэл 26 434 829 төгрөг болохыг баталгаажуулсан. Үүнээс өмнө 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үр дүнг баталгаажуулж, 2014, 2015 оны ажлын гүйцэтгэлийг бодож урамшуулалд 27 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Уг мөнгийг 2015 ондоо багтааж өгнө гэж байсан боловч өгөөгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар төлөгдөх ёстой. Иймд “Монгол дайвин” ХХК-иас дутуу олгосон цалин хөлсөнд нийт 53 434 829 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Баасанбаяр нь “Монгол дайвин” ХХК-д 2011 оноос эхлэн ажилласан. Ажиллах хугацаандаа 3 000 000-8 000 000 төгрөгийн цалин авдаг байсан ба 2015 оны 07 дугаар сараас цалинг олгоогүй ба 2016 оны 01 дүгээр сард бүх тооцоог нийлж 26 434 829 төгрөгийн үлдэгдэлтэй гарч, актыг талууд баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас урамшууллын 27 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг асуудлыг хууль зүйн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ч.Баасанбаяр нь “Монгол дайвин” ХХК-д 2011-2016 он хүртэл хугацаанд барилгын инженерээс барилга хариуцсан захирлын албан тушаал хашиж байсан. Барилга хариуцсан захирлаар ажиллаж байхдаа өөрийн хувийн эзэмшилд компаниас 25 000 000 төгрөгийг бэлнээр авч автомашин худалдан авсан. Мөн компанийн данснаас зөвшөөрөлгүйгээр 7 573 085 төгрөг авч, өөрийн төлөх ёстой төлбөрөө компаниар төлүүлсэн. Үүнд 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1 028 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2 056 000 төгрөг, 05 дугаар сарын 05-ны өдөр 1 028 000 төгрөг, 07 дугаар сарын 10-ны өдөр 928 500 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 2 432 585 төгрөг, нийт 7 573 085 төгрөг төлүүлсэн байна. Иймээс Ч.Баасанбаяраас манай компанийн нягтлан бодох бүртгэлийн бүртгэлд бүртгэгдсэн 7 573 085 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Талууд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний зорилго нь гэрээний Б тал буюу Ч.Баасанбаярын худалдан авч буюу Тоёото ланд крузер-200 маркийн автомашинд А буюу “Монгол дайвин” ХХК худалдан авах төлбөрийн болон ашиглалтын зардалд зориулан санхүүгийн дэмжлэг үзүүлж, уг автомашиньг гэрээнд заасан хугацаагаар өөрийн хэрэгжүүлж буй төслийн ажилд ашиглахтай холбоотой талуудын хооронд үүссэн харилцааг зохицуулсан байдаг. Гэрээний 2.1-д зааснаар хариуцагч нь 45 000 000 төгрөгийг хариуцахаар, мөн гэрээний 2.2, 2.2.1, 3.1, 3.3 дахь заалтуудад талууд аливаа төлбөр, зардал зэргийг тэнцүү хариуцахаар заасан байдаг. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 25 000 000 төгрөгийг бэлнээр авч машин худалдан авсан асуудал нь гэрээний 2.2.1-д заасны дагуу хариуцагч талын үүрэг байсан болно. Мөн талууд байгуулсан гэрээний хавсралтад 2014 оны 11 дүгээр сарын 20-ноос 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сард 1 028 700 төгрөгийг ХААН банкны лизинг төлж байхаар гэрээнд заасан. Уг мөнгө нь хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагчийн шилжүүлсэн төлбөр тул нэхэмжлэгч хариуцах үндэслэлгүй юм. Харин ч гэрээний дагуу төлөгдөх байсан автомашины үлдэгдэл төлбөрийг манайх нэхэмжлээгүй, 7 500 000 төгрөгийг хасахаар үлдэгдэлтэй асуудал байдаг ч шаардаагүй. 45 000 000 төгрөгийг бүрэн төлөх үүрэг биелэгдээгүй байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05853 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 128.1.11, 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Баасанбаярын, “Монгол дайвин” ХХК-иас дутуу олгосон цалин хөлс 53 434 829 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч “Монгол дайвин” ХХК-ийн Ч.Баасанбаяраас байгууллагад учруулсан хохиролд 7 573 085 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 136 120 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 439 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05853 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч "Монгол дайвин" ХХК-иас 26 434 829 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Баасанбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27 000 000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч “Монгол дайвин” ХХК-ийн, Ч.Баасанбаяраас байгууллагад учруулсан хохиролд 7 573 085 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг ”Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 136 120 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас 290 125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Баасанбаярт олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Баасанбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож  шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч С.Дэлгэрбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7, 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор багтаан гаргах ёстой байсныг шүүх шийдвэрээ гаргахдаа харгалзан үзээгүй. Мөн шүүх хэт хийсвэр, хууль зүйн үндэслэл нь тодорхой бус дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:            

Нэхэмжлэгч Ч.Баасанбаяр нь хариуцагч "Монгол дайвин" ХХК-д холбогдуулж дутуу олгосон цалин хөлс 26 434 829 төгрөг, урамшуулал 27 000 000 төгрөг, нийт  53 434 829 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй ба хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад учруулсан хохиролд 7 573 085 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.            

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.            

Хариуцагч “Монгол дайвин” ХХКомпани нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн гомдол гаргажээ.            

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч “Монгол дайвин” ХХКомпани нь 2015 оны 07 дугаар сараас хойш нэхэмжлэгч Ч.Баасанбаярт цалин хөлсийг олгоогүй байх ба зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тооцоо нийлж, цалинд 26 434 829 төгрөг, 2015 он хүртэлх үр дүнгийн урамшуулалд 27 000 000 төгрөг олгохоор баримт үйлджээ.

 2015 оны цалин хөлс, урамшууллыг олгох талаар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тооцоо нийлснээр хуулиар тусгайлан тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Тооцоо нийлсэн явдал нь үүрэг бүхий этгээд үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрч байсныг нотлохоос гадна хугацааг дахин шинээр тоолох үр дагавартай болохыг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасан байна.

Анхан шатны шүүх хугацааг тоолохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс  эхлэн тоолох журмыг анхаараагүй нь буруу байжээ. 

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

Хариуцагч нь  2016 оны 06 дугаар сар гэхэд үүргийг биелүүлэхийг хүлээн зөвшөөрч байсан боловч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд хандсан болохоо нэхэмжлэл, тайлбартаа дурьдсан байх ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна. Нөгөө талаар хариуцагч нь цалин хөлс төлөхөөр тооцоо нийлснийг зөвшөөрч, харин урамшуулалыг  зөвшөөрөхгүй агуулгатай тайлбар гаргасныг давж заалдах шатны шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын дагуу дүгнэж, цалин 26 434 829 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байна.

Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 439 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290 125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

        ШҮҮГЧ                                                             П.ЗОЛЗАЯА