Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2016/05853

 

2016 оны 11 сарын 24 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05853

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 6в байр, 78 тоотод оршин суух, Боржигин овогт Чулуунбаатарын Баасанбаяр /РД-ТА78060271/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг, 307 тоотод оршин байгаа Монгол дайвин ХХК /РД-2791617/-д холбогдох,

Дутуу олгосон цалин, хөлс 53,434,829 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

Хариуцагчийн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад учруулсан хохирол 7,573,085 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Баасанбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Баасанбаяр нь 2011 оноос Монгол дайвин ХХК-д ажилласан бөгөөд анх сар бүр 3 сая төгрөгийн цалин авдаг байсныг нэмэгдүүлж 5 сая төгрөг, дараа нь 8 сая төгрөг болгон нэмэгдүүлж байсан.

Монгол дайвин ХХК-д ажиллах хугацаандаа хариуцсан албандаа өөрийн өмчлөлийн автомашиныг ашиглаж, уг машиныг худалдан авсан 90 сая төгрөгийн 50 хувь буюу 45 сая төгрөгийг компани төлөхөөр харилцан тохиролцож байсан.

Хариуцагч компани нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 5, 6 дугаар сарын цалинг олгосноос хойш өөр цалин олгоогүй. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч, тооцоо нийлж, үндсэн цалингийн үлдэгдэл 26,434,829 төгрөг болохыг баталгаажуулсан. Үүнээс өмнө 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр үр дүнг баталгаажуулж, 2014, 2015 оны ажлын гүйцэтгэлийг бодож урамшуулалд 27 сая төгрөг өгөхөөр тохиролцсон байна. Уг мөнгийг 2015 ондоо багтааж өгнө гэж байсан боловч өгөөгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар төлөгдөх ёстой.

Иймд Монгол дайвин ХХК-иас дутуу олгосон цалин хөлсөнд нийт 53,434,829 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Монгол дайвин ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Баасанбаяр нь Монгол дайвин ХХК-д 2011 оноос эхлэн ажилласан. Ажиллах хугацаандаа 3-8 сая төгрөгийн цалин авдаг байсан ба 2015 оны 7 дугаар сараас цалинг олгоогүй ба 2016 оны 01 дүгээр сард бүх тооцоог нийлж 26,434,829 төгрөгийн үлдэгдэлтэй гарч, актыг талууд баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас урамшууллын 27 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг асуудлыг хууль зүйн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Монгол дайвин ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Ч.Баасанбаяр нь Монгол дайвин ХХК-д 2011-2016 он хүртэл хугацаанд барилгын инженерээс барилга хариуцсан захирлын албан тушаал хашиж байсан. Барилга хариуцсан захирлаар ажиллаж байхдаа өөрийн хувийн эзэмшилд компаниас 25 сая төгрөгийг бэлнээр авч автомашин худалдан авсан.

Мөн компанийн данснаас зөвшөөрөлгүйгээр 7,573,085 төгрөг авч, өөрийн төлөх ёстой төлбөрөө компаниар төлүүлсэн. Үүнд: 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,028,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2,056,000 төгрөг, 5 дугаар сарын 05-ны өдөр 1,028,000 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 928,500 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 2,432,585 төгрөг, нийт 7,573,085 төгрөг төлүүлсэн байна.

Иймээс Ч.Баасанбаяраас манай компанийн нягтлан бодох бүртгэлийн бүртгэлд бүртгэгдсэн 7,573,085 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Талууд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний зорилго нь гэрээний Б тал буюу Ч.Баасанбаярын худалдан авч буюу Тоёото ланд крузер-200 маркийн автомашинд А буюу Монгол дайвин ХХК худалдан авах төлбөрийн болон ашиглалтын зардалд зориулан санхүүгийн дэмжлэг үзүүлж, уг автомашиныг гэрээнд заасан хугацаагаар өөрийн хэрэгжүүлж буй төслийн ажилд ашиглахтай холбоотой талуудын хооронд үүссэн харилцааг зохицуулсан байдаг.

Гэрээний 2.1-д зааснаар хариуцагч нь 45 сая төгрөгийг хариуцахаар, мөн гэрээний 2.2, 2.2.1, 3.1, 3.3 дахь заалтуудад талууд аливаа төлбөр, зардал зэргийг тэнцүү хариуцахаар заасан байдаг.

Сөрөг нэхэмжлэлд дурдсан 25 сая төгрөгийг бэлнээр авч машин худалдан авсан асуудал нь гэрээний 2.2.1-д заасны дагуу хариуцагч талын үүрэг байсан болно.

Мөн талууд байгуулсан гэрээний хавсралтад 2014 оны 11 дүгээр сарын 20-ноос 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сард 1,028,700 төгрөгийг ХААН банкны лизингд төлж байхаар гэрээнд заасан. Уг мөнгө нь хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагчийн шилжүүлсэн төлбөр тул нэхэмжлэгч хариуцах үндэслэлгүй юм.

Харин ч гэрээний дагуу төлөгдөх байсан автомашины үлдэгдэл төлбөрийг манайх нэхэмжлээгүй, 7,500,000 төгрөгийг хасахаар үлдэгдэлтэй асуудал байдаг ч шаардаагүй. 45 сая төгрөгийг бүрэн төлөх үүрэг биелэгдээгүй байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Баасанбаяр, Монгол дайвин ХХК-иас дутуу олгосон цалин хөлсөнд 53,434,829 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч Монгол дайвин ХХК нь нэхэмжлэгч Ч.Баасанбаяраас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад учруулсан хохиролд 7,573,085 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг байна.

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаатай байсан буюу нэхэмжлэгч Ч.Баасанбаяр нь 2011 оноос Монгол дайвин ХХК-д ажиллаж байсан гэдгийг зохигчдын хэн аль нь хүлээн зөвшөөрдөг төдийгүй хариуцагч талын хувьд Ч.Баасанбаярын цалин, хөлсийг 2015 оны 7 дугаар сараас хойш олгоогүй гэх үйл баримттай маргаагүй, харин урамшууллыг олгох үндэслэлгүй гэж маргадаг. /хх-23-32, 57-58 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд зохигчид нь 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Үр дүнгийн урамшууллыг батаглаажуулсан тухай акт үйлдэн, Монгол дайвин ХХК нь Ч.Баасанбаярт 27 сая төгрөгийн урамшууллыг 2015 ондоо багтаан компанийн санхүүгийн байдал сайжрах үед санхүүгийн төлөвлөлтийн дагуу олгохоор тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-5 дугаар тал/

Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр талууд дахин тооцоо нийлж, нэхэмжлэгч Ч.Баасанбаярын өглөг авлагын тооцоог хийхдээ түүнд өгөх цалингийн өглөг 26,434,829 төгрөг, 2015 он хүртэлх үр дүн 27 сая төгрөг, мөн авлага зэргийг тусган хариуцагч нь 26,092,882 төгрөгийн өглөгийг тодорхойлон талууд зөвшөөрч, гарын үсэг зурсан байна. /хх-4 дүгээр тал/

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Монгол дайвин ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан зарчмыг зөрчиж, ажилтны цалин хөлсийг олгоогүй гэм буруутай байна.

Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны улмаас нэхэмжлэгч нь шаардах эрхгүй болжээ.

Учир нь хариуцагч Монгол дайвин ХХК нь Ч.Баасанбаярт 2015 онд багтаан урамшуулал өгөөгүйн гадна 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн өглөг, авлагын тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэгчид өгөх ёстой өглөгөө өгөөгүй байдаг тул Ч.Баасанбаярыг уг хугацаанаас хойш эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэх бөгөөд тэрээр үүнээс хойш гурван сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргаж байгаагүй байдаг.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... эхний хагас жилдээ өгнө гээд өгөөгүй учир шүүхэд хандсан гэх боловч уг тайлбараа бичгийн баримтаар нотлоогүйн гадна эрх зөрчигдсөн талаарх гомдлоо эрх бүхий байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд гаргаагүй, шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хандсан байхын зэрэгцээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Баасанбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Монгол дайвин ХХК нь Ч.Баасанбаяраас байгууллагад учруулсан хохиролд 7,573,085 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ ... компанийн данснаас зөвшөөрөлгүй авч, машиныхаа төлбөрт төлсөн байсан ... гэж тайлбарладаг.

Шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан бөгөөд ажил олгогч нь ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэлийг мөн хуулиар тогтоосон байна.

Хариуцагч тал, Ч.Баасанбаярт ямар хэмжээгээр хариуцлага хүлээлгэж байгаагаа, мөн байгууллагад учирсан хохирлын хэмжээг хэрхэн тогтоосон гэх үйл баримтаа бичгийн баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасны дагуу хариуцагч Монгол дайвин ХХК-ийн, Ч.Баасанбаяраас 7,573,085 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 136,120 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Талууд хамтран ажиллах гэрээтэй холбоотой шаардлагыг хэн аль нь гаргаагүй учир шүүх хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ болон машины үнэд 25 сая төгрөг шилжүүлсэн баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 128.1.11, 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Баасанбаярын, Монгол дайвин ХХК-иас дутуу олгосон цалин хөлс 53,434,829 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Монгол дайвин ХХК-ийн, Ч.Баасанбаяраас байгууллагад учруулсан хохиролд 7,573,085 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 136,120 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД