Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 592

 

                                          Ч.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн  нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Төгсгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С, түүний өмгөөлөгч Ч.Булган, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 863 дугаар магадлалтай Ч.Г холбогдох эрүүгийн 1905009350230 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1975 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт Ч-ын Г

Ч.Г нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт найз Б.Б дээрэлхсэн гэх шалтгаанаар хохирогч Ц.М хүзүүнд хөлөөрөө өшиглөж, хүзүүний 2 дугаар нугалмын бүрэн мултрал бүхий гэмтэл учруулж алсан,

мөн хохирогч Б.Ш найз Б.Б дээрэлхсэн гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Гийг хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус  тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсэгт тус тус зааснаар Ч.Гөөс 2005 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин М.А, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү М.Т, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин М.Т, 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин М.О нарын тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалин хөлсний зөрүүд хүүхэд тус бүрт сар тутамд 26,250 төгрөгийг гаргуулан тэдгээрийг 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар болгон эх Д.С олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж 863 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийг 9 жилийн хугацаагаар хорих ялаар, ...”,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Г оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ял дээр 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 09 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.”,

6 дахь заалтад “...хүүхэд тус бүрт 182,500 төгрөг гаргуулж...” гэсэн өөрчлөлтүүдийг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Төгсгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С, түүний өмгөөлөгч Ч.Булган нарын гаргасан гомдлуудын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сайнбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: 2019 оны 02 дугаар сарын 19-ний 21 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газар Б.Ш гэгч согтуугаар танхайрч бусадтай хэрүүл маргаан үүсгэн зодолдох явцад миний нөхөр Ц.Мыг Ч.Г өшиглөж зодон амь насыг нь хохироосон хэргийг шийдвэрлэхдээ хяналт тавьж байсан прокурор А.Намдаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад засч залруулахгүйгээр яллагдагч Б.Ш, А.Б нарт ял завшуулсанд гомдолтой байна.

Хяналтын прокурор А.Намдаг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан гэж надад хэргийн материал танилцуулаад маргааш нь яллагдагч Б.Ш, Б.Б нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгоод шүүхэд хэргийг шилжүүлсэн байсан. Ингэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид энэ шийдвэрээ 7 хоногийн дотор гардуулна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчин гомдол гаргах эрхийг эдлүүлэлгүй хасч хязгаарласан. Энэ нь Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга М.Оийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн албан бичигт  /хэргийн 3 дахь хавтас, 86 дахь тал/ хяналтын прокурор А.Намдаг нь Ч.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт хяналт тавихдаа хяналтын чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон гэснээр нотлогдож байхад шүүх энэ алдааг зассангүй.

Миний нөхөр ид залуу насандаа ямар ч буруугүй байж танхайн этгээдийн зэрлэг зодуурын улмаас амь насаа алдаж бага насны 4 хүүхэд биднийг өнчрүүлсэн, нөхөж баршгүй хохирол учруулсан байхад алуурчин этгээдэд хэт бага ял оногдуулсанд гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, яллагдагч Б.Ш, А.Б нарыг эрүүгийн хариуцлагад татуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Булган хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хэргийн материал танилцуулахад шүүгдэгч Ч.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байсан. Мөн Б.Б, Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байсан. Гэтэл хэргийг шилжүүлэх үед шүүгдэгч Ч.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж, Б.Б, Б.Ш нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гол шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах бөгөөд уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Гэтэл Б.Б, Б.Ш нарт ял завшуулж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатын шүүхээс Ч.Гд оногдуулсан ялаас үндэслэлгүйгээр 2 жил хассанд хохирогчийн зүгээс маш гомдолтой байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. Б.Б, Б.Ш нарыг яллагдагчаар татах үндэслэлтэй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Б.Ш, Б.Б нар нь хоорондоо зодолдсон болохоос миний үйлчлүүлэгч тэдэнтэй бүлэглэж хүний амь насанд халдаагүй. Тийм учраас бүлэглэсэн шинж байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн хэргийн материалтай танилцуулаагүй тухай гомдлыг анхан болон давж заалдах шатны шүүх хоёр удаа дүгнэхдээ хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн. Анхан шатны шүүх 8 жил 1 сар хорих ял оногдуулсан боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцаахдаа хүндрүүлж буюу 11 жил 1 сар оногдуулсан. Мөн Б.Ш хөнгөн гэмтэл учруулсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байтал 1 сар хорих ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Ч.Г өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн талаар тогтвортой мэдүүлж ирсэн бөгөөд хохирол 27,233,807 төгрөгийг нөхөн төлсөн. Иймд хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  Анхан шатны шүүхээс 8 жил 1 сар хорих ял оногдуулсны дараа хэрэгт ямар ч өөрчлөлт ороогүй байхад 11 жил 1 сар болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Амь хохирогчийн оршуулгын зардалд хэт их мөнгө төлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмын дагуу хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн Ч.Г тохиолдлын чанартай гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Б.Шг зохих буруутай гэж үзэж байна. Иймд Эрүүгйин хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Богино хугацаанд ял эдэлсэн тохиолдолд хохирлын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Гийн найз Б.Б дээрэлхсэн гэх шалтгаанаар иргэн Ц.Мын хүзүүн тус газар өшиглөж, хүзүүний хоёрдугаар нугалмын бүрэн мултрал бүхий гэмтэл учруулж амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ш мөн адил шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр Ч.Гийн өшиглөлтийн улмаас амь хохирогч гэмтэл авч нас барсан үйл баримт тогтоогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ өөрийн дотоод итгэлээр хуульд заасан хэмжээнд ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ.

Энэ зорилтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг … яллах ба цагаатгах, ял хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байна.

2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 30 минутын орчим Ц.М нас барсан, мөн хохирогч Б.Ш гэмт халдлагад өртсөн үйл явдлыг мөрдөн шалгах явцад үүнд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг хоёр шатны шүүх харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь хянан үзсэний эцэст Ч.Гийг хүнийг санаатай алах болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, шийтгэх тогтоол болон магадлалд дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хяналтын камерын дүрс бичлэг зэрэг нотлох баримтууд Ч.Гийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанарын талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хуульд нийцжээ.

Харин анхан шатны шүүхээс хүнийг санаатай алсан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Г оногдуулсан 11 жилийн хорих ял нь түүний гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанарт тохирсон байхад давж заалдах шатны шүүх хорих ялын хэмжээг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй болсон байх тул магадлалын ял хөнгөрүүлсэн болон нэгтгэсэн заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цалингийн зөрүүний асуудлыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх төлбөрийн хэмжээг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүх зөвтгөн тогтоосон нь хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоожээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй билээ.

Ч.Гийг хүнийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан прокурор 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 513 тоот яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд уг дүгнэлтийн тогтоох хэсэгт түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллаж байгаа талаар дурдсан байна. (хэргийн 2 дахь хавтас, 229-233 дахь тал)

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1869 дүгээр захирамжаар Ч.Гийг  прокурорын дээрх яллах дүгнэлтэнд тусгасан хэргийн хувьд шүүхэд шилжүүлэн, улмаар прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамжинд тус тус дурдсан хэргийн хүрээнд хоёр шатны шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулсан нь хуульд бүрэн нийцжээ.

Иймд “шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн, Б.Ш, А.Б нарыг эрүүгийн хариуцлагад татуулах” талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 863 дугаар магадлалаар оруулсан өөрчлөлтүүдийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад дээрх магадлалын 1 дэх заалтаар оруулсан өөрчлөлтийг хэвээр үлдээсүгэй.

3. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН