Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01945

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01945

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/03560 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г ХХК

Хариуцагч: С ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,185,178,720 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон батлан даалтын гэрээгээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 С ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ЗГ000000000 дугаар зээлийн гэрээг Г ХХК-тай байгуулж, 1,500,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар зээлж авсан.

1.2 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ000000000 дугаартай ипотекийн гэрээгээр Ц.Сын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, 0 гудамж, 00000 тоот хаягт байршилтай, 169,2 м.кв талбайтай, хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх, мөн хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 689 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, /00/ Да хүрээ гудамж, бө дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 72,91 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, баэ гудамж, 00 тоот хаягт байршилтай, 360 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх, мөн хаягт байршилтай, 650 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Г-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, уөу, 000 тоот хаягт байршилтай, 675 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар мөн хаягт байршилтай, 828 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан.

1.3 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БДГ000000000 дугаартай батлан даалтын гэрээгээр Ц.С батлан дааж өөрийн эд хөрөнгө, данс дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн.

1.4 Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусах боловч хариуцагч нь зээл, зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр шаардаж байна.

1.5 Хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг 1013 хоног хугацаа хэтрүүлсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,381,043,680.02 төгрөг, үндсэн хүүнд 785,750,903.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,250,925.68 төгрөг, шимтгэлд 3,151,275.56 төгрөг, нийт 2,185,178,720.36 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,185,178,720.36 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон батлан даалтын гэрээнээс тус тус хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч тал шүүхэд тайлбар гаргаагүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас 1,800,238,401 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 384,940,319 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 14-р хороо, 0-р гудамж 00000 тоот хаягт байрлах, 169,2 м.кв хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний 000544974 дугаартай, Хан-Уул дүүргийн 14-р хороо, 0-00000 тоотод байрлах, 689 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 19-р хороо, /00/ Да хүрээ гудамж, бө байр, 00 тоот хаягт байрлах, 72,91 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 00-р хороо, Аы 00-р гудамж 00 тоотод байрлах, 360 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-2204007008 дугаартай, Баянзүрх дүүргийн 00-р хороо, Аы 00-р гудамжны 00 тоотод байрлах, 650 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 00-р хороо, Аы 00-р гудамж 000 тоотод байрлах, 675 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-2204091319 дугаартай, Баянзүрх дүүргийн 00-р хороо, А 00-р гудамж 000 тоотод байрлах, 828 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2204084585 дугаартай, Баянзүрх дүүргийн 00-р хороо, А 00-р гудамж 000 тоотод байрлах, 840 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,154,044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 9,229,342 /9,159,142+70,200/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Г ХХК-ийн гүйцэтгэх захирлаас 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 754 дугаар эрх олгох тухай тушаал нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасныг баримталсан ба энэ нь гүйцэтгэх захирлаас итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгосон зохицуулалт бөгөөд шүүхэд гүйцэтгэх захирал нэхэмжлэл гаргаагүй байна.

4.2 Анхан шатны шүүх шүүх хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарласан бөгөөд уг шүүх хуралдаанд АСг ХХК-аас Ц.Аыг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр шүүх хуралд итгэмжлэл олгосон. Гэтэл шүүх хуралдааны явцад шүүхээс итгэмжлэлийн техник алдааг засуулах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж болох байсан боловч хариуцагчийн төлөөлөгч Ц.Сыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийг эзгүйд шүүх хуралдааныг хийсэн нь үндэслэлгүй.

4.3 Шүүхээс 4 жилд төлөх үүргээс 1 жилд төлөх хүү болох 266,466.757 төгрөгөөс чөлөөлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс Засгийн газрын тогтоолоор Монгол улсыг хилийг хааж, хүн болон ачаа тээвэр нэвтрэхэд хүндрэл учирч, улс орны эдийн засаг хүндэрч, өнөөдрийг хүртэл хүнд байгаа. Уг нөхцөл байдлыг харгалзан нийт 3 жилийн буюу шүүхээс хассан 1 жилийн хүүг хасаад дахин 2 жилийн зээлийн хүү 532,933.514 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгох байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 532,933,514 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Норихико Като-ийн н.Энхтүвшин захиралд 3 жилийн хугацаатай төлөөлөх эрх, итгэмжлэл олгосон тушаал байгаа.

5.2 Шүүгч итгэмжлэлийн шаардлага хангаагүй гэж үзсэн. Г ХХК нь өмнөх шүүх хуралдааныг өөрийн санаачилгаар хойшлуулсан нь хэрэгт авагдсан. Иймд шүүх хуралдаан цааш үргэлжилсэн. 266,466,757 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдсэн болон цар тахлын улмаас 4 жилийн төлбөрийг хасах ёстой гэсэн хүсэлтийг огт хүлээн зөвшөөрөхгүй. 384,940,319 төгрөгийг банкны хүүгээс хасаж шийдсэн. 266,466,757 төгрөгийг хасахдаа шүүх анхнаасаа буруу тооцоо хийсэн. Харилцагчийн төлсөн хүүгийн төлбөрийг зээлийн төлбөрөөс хасаж, үлдэгдэл буюу зээлийн хүү хасаж тооцсон үлдэгдлээс зээлийн хүүг хасаж тооцсон. Энэ нь 2020 оны 11 дүгээр сард Ковид-19 цар тахал илэрч 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд нийтээр хамарсан хөл хорио тогтоосон. Банк хүүг чөлөөлөх үүрэг хүлээгээгүй. Банк болон бизнесийн байгууллагад хэвийн үйл ажиллагаа үргэлжилж холбогдох зардал гарсаар байсан.

5.3 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг үндэслэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэг хэсэгт заасны дагуу зээлийн хүү бодох хугацааг 1 жилээр багасгаж энэ хугацаанд бодсон хүүг чөлөөлсөн. Хуулийн энэ заалт нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн болохоос биш зээлийн хүүг чөлөөлөх үндэслэл болохгүй. Зээлдэгч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талд мэдэгдэнэ гэж заасны дагуу С ХХК нь гэрээнээс татгалзах эрхтэй байхад зөвхөн банканд Ковид-19 цар тахлын нөхцөл хэмээн их хэмжээний хүү хассан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 222 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Иймд давж заалдах гомдолд зааснаар дахин хүү хасах боломжгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж үндсэн зээлийн үлдэгдэл 1,381,043,680.02 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 785,750,903.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,250,925.68 төгрөг, шимтгэлд 3,151,275.56 төгрөг, нийт 2,185,178,720.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон батлан даалтын гэрээгээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

3. Хэргийн 66 дугаар талд хариуцагч С ХХК-аас Ц.Ат олгосон нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах, хэрэгтэй танилцах, шүүх хуралдаанд оролцох, хүсэлт гомдол гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдлэн үүрэг хүлээх итгэмжлэл авагдсан байна.

3.1 Ц.А нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах хүсэлт ирүүлснийг анхан шатны шүүх ...хариуцагчаас олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасан шаардлагыг хангаагүй ...мөн хуулийн 64.2-т зааснаар ...хүчин төгөлдөр бус гэж, мөн ...Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Ц.С ...шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл итгэмжлэлийн он, сар, өдөр бичигдээгүй, хэзээ олгосон нь тодорхойгүй, ...Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэл буюу итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Түүнчлэн, шүүх тухайн нэхэмжлэлийг олгосон огноог хариуцагч байгууллагаас тодруулах ажиллагаа хийх боломжтой байжээ. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Ийнхүү анхан шатны шүүх хариуцагчийг хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг, мөн шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийн зохицуулалтыг тус тус зөрчсөн гэж үзнэ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т тус тус заасан шүүх хуралдаанд оролцох, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлд хамаарч байна.

4. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбоотой байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн, мөн Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон цаг хугацаанд зээлдэгч нь зээлийг төлөх боломжгүй байсан үндэслэлээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн зэрэг нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх боломжгүй байна.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/03560 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,824,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН