Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/03560

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/03560

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Г б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,185,178,720 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон батлан даалтын гэрээгээр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ЗГ1405113150 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 1,500,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ1405113150 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ1405113150 тоот ипотекийн гэрээгээр Ц.Сын өмчлөлийн улсын бүртгэлийн 0 тоот хаягт байршилтай 169,2 м.кв хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх, гэрчилгээний 0 дугаартай, Нийслэлийн 0 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 689 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Нийслэлийн 0 тоот хаягт байршилтай 72,91 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх, улсын бүртгэлийн 0 дугаартай, Нийслэлийн 0тоот 360 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх, улсын бүртгэлийн Г-0 дугаартай, Нийслэлийн 0 тоот 650 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Г-0 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0тоот 675 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн 0 дугаартай, Нийслэлийн 0гудамж 607 тоот хаягт байршилтай 828 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байршилтай 840 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БДГ1405113150 тоот батлан даалтын гэрээгээр Ц.С батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно. С ХХК-ийн ЗГ1405113150 тоот зээлийн гэрээний хугацаа 2025 оны 05 сарын 10-ны өдөр дуусах боловч зээл авсан үеэс эхлэн зээлийн гэрээний 2.4, 3.1.3-д заасан зээл, зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж байгаа тул зээлийн гэрээний 4.3.-т заасныг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан шаардаж байна.

2022 оны 05 сарын 19-ний өдрийн байдлаар 1013 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 1,381,043,680.02 төгрөг, үндсэн хүүнд 785,750,903.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,250,925.68 төгрөг, шимтгэлд 3,151,275.56 төгрөг, нийт 2,185,178,720.36 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний 2.2-т заасны дагуу зээлийн хугацаа дууссанаас үл хамааран зээл төлөгдөж дуусах хүртэл хүүг үргэлжлүүлэх бодох ба гэрээний 2.5-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү бодно. Иймд Голомт банк нь С ХХК-с ЗГ1405113150 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 2,185,178,720.36 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Иймд ЗГ1405113150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ1405113150 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдээс тус тус хууль тогтоомжийн дагуу хангуулж, мөн Ц.С БДГ1405113150 тоот хувийн батлан даалтын гэрээнээс тус тус хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар болон нотлох баримт гаргаагүй болно.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, захирлын тушаал, зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, хүү тооцооллын хүснэгт, үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2860 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжууд, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан тоот зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,185,178,720 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон хувийн батлан даалтын гэрээнээс тус тус хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч С ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ЗГ1405113150 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр Голомт банк ХХК нь 1,500,000,000 төгрөгийг 84 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлдүүлэх, С ХХК нь гэрээнд заагдсан хугацаа, хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 11-14 дүгээр тал/

 

Талууд мөн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр С ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.С өмчлөлийн

- улсын бүртгэлийн 0 тоот хаягт байрлах, 169,2 м.кв хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

эрчилгээний 0тоотод байрлах, 689 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар,

- улсын бүртгэлийн Ү-2204091297 дугаартай, Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 39а байр, 21 тоот хаягт байрлах, 72,91 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- улсын бүртгэлийн 0 тоотод байрлах, 360 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- улсын бүртгэлийн 0 тоотод байрлах, 650 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

- улсын бүртгэлийн 0 тоотод байрлах, 675 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

- улсын бүртгэлийн 0 тоотод байрлах, 828 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- улсын бүртгэлийн 0 тоотод байрлах, 840 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна. /хх-ийн 15-27 дугаар тал/

 

Голомт банк ХХК, С ХХК нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан ЗГ1405113150 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус өдөр БДГ1405113150 тоот батлан даалтын гэрээгээр СХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.С нь өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар батлан даах үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 28 дугаар тал/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа, мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүсчээ.

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Зээлдэгч С ХХК нь зээлийн гэрээний дагуу 1,500,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй, энэ талаар 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс ...зээлийн дагуу мөнгө авсан, харин төлөх хүүгийн хэмжээг багасгаж, эвлэрэх хүсэлттэй байна гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Зээлдэгч С ХХК нь зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр төлөх хуваарийг 2019 оны 11 сарын 10-ны өдрөөс эхлэн зөрчиж, үндсэн хүүнээс бага хэмжээгээр төлж явсаар, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үндсэн төлбөр төлж, үүнээс хойш зээлийн үндсэн төлбөрт огт төлөлт хийгээгүй, үндсэн хүүгээс бага хэмжээгээр төлсөн болох нь хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдсон.

 

Зээлдүүлэгч Голомт банк ХХК нь зээл төлөх талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгч С ХХК-д хугацаа олгосон байх боловч 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш үр дүн гараагүй байх тул зээлийн гэрээг хугацааг өмнөөс цуцалж, зээлийн гэрээний үүрэг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч С ХХК-ийг гэрээний хугацаанд үндсэн төлбөрт 118,974,383 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 375,371,464 төгрөг, шимтгэл 4,816,022 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 248,534 төгрөг, нийт 499,410,405 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан. Хариуцагч С ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 499,410,405 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч С ХХК-иас зээлийн төлбөрт 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн нийт 99,999,998 төгрөгөөс 29,284,851 төгрөгийг үндсэн төлбөрт, 70,615,490 төгрөгийг үндсэн хүүгийн төлбөрт, 99,657 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тус тус суутгаж авсан байна.

 

Зээлдэгч С ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн дээрх нийт 99,999,998 төгрөгийн мөнгөн хөрөнгөөс үндсэн хүүгийн төлбөрт 70,615,490 төгрөгийг яагаад суутгаж авсан болохоо нэхэмжлэгч Голомт банк ХХК нь үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй. Иймд зээлдэгчийн нийт үндсэн хүүд төлсөн 375,371,464 төгрөгөөс 70,615,490 төгрөгийг үндсэн төлбөрт төлсөнд тооцож, үлдэх 305,371,464 төгрөгийг үндсэн хүүгийн төлбөрт төлсөнд тооцох үндэслэлтэй байна.

 

Мөн гэрээний хугацаанд зээлдэгчээс төлсөн нийт 499,410,405 төгрөгөөс 4,816,022 төгрөгийг шимтгэл гэх байдлаар суутган авсан байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...шимтгэл гэдэг нь даатгалын төлбөр бөгөөд манай банк даатгалын шимтгэлийг зээлийн төлбөрөөс нь татаж авдаг гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар зээлийн гэрээний үүргийг даатгуулсантай холбоотой бичгийн баримт авагдаагүй, Голомт банк ХХК нь даатгалын төлбөрийг авах эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаа гаргаж нотлоогүй.

 

Иймд Голомт банк ХХК нь зээлдэгчээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн төлбөрөөс 70,615,490 төгрөгийг үндсэн хүүд, 4,816,022 төгрөгийг шимтгэлд тус тус суутган авсан нь үндэслэлгүй байх тул уг мөнгөн хөрөнгүүд болох нийт 75,431,512 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Зээлдэгч С ХХК-ийн зээлийн гэрээгээр хүлээсэн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,381,025,616 төгрөгөөс 75,431,512 төгрөгийг хасч тооцвол 1,306,209,594 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт төлөх үүрэгтэй байна.

 

Үүнээс зээлдэгчийн төлбөл зохих үндсэн хүүг тооцвол 1,306,209,594 төгрөгийг жилийн 20.4 хувиар тооцоход 1 жилд 266,466,757 төгрөгийг үндсэн хүүд төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэгчийн шаардсан 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 60 сар буюу 4 жилийн хугацааны зээлийн үндсэн хүүгийн төлбөр төлөх үүрэг үүссэн байна.

 

Зээл төлөх хугацаа буюу 2018 оны 05 сарын 03-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсад 2019 оны 12 дугаар сард Ковид-19 өвчний цар тахал илэрч, Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарыг хүртэл хугацаанд нийтийг хамарсан хөл хориог удаа дараа тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт байна.

 

Зээлдэгч С ХХК-ийн зээлдүүлэгч Голомт банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний зориулалт нь хөрөнгө оруулалтын зээл байх ба хөл хорио тогтоосон дээрх цаг хугацаанд зээлдэгч нь зээлийн гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах замаар зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэг хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасантай нийцүүлэх замаар зээлдэгчийн нийт төлвөл зохих 4 жилийн хүүгийн төлбөрөөс 1 жилийн хүүг чөлөөлж, нийт 3 жилийн хүүгийн төлбөрт 799,400,271 төгрөг /1 жилд төлвөл зохих 266,466,757 төгрөг х 3 жил/-ийг хариуцагч төлөх үүрэгтэй байна. Уг хүүгийн төлбөрт төлвөл зохих 799,400,271 төгрөгөөс төлсөн хүүд төлсөн 305,371,464 төгрөгийг хасч тооцвол 494,028,807 төгрөгийг үндсэн хүүгийн төлбөрт хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 1,306,209,594 төгрөг, үндсэн хүү 494,028,807 төгрөг, нийт 1,800,238,401 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.5-д зээлдэгч энэхүү гэрээний хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна 2.1.1-т заасан үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов гэж заасан байна.

 

Дээрх гэрээний 2.5-д заасан зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцээгүй байна. Уг гэрээний заалтад нэмэгдүүлсэн хүүг эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлнө гэх замаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар нийт төлөгдөөгүй үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх байтал графикт хугацаанд нийцүүлэх хүртэл гэж нэмэгдүүлсэн хүүнд хугацаа тогтоосон нь хуульд нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэнэ гэж заасан.

Талуудын байгуулсан гэрээний 2.5-д заасан нэмэгдүүлсэн хүүгийн талаархи зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, уг хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч Голомт банк ХХК нь нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүд шаардсан 15,250,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч нь дээр дүгнэснээр даатгалын төлбөрийн шимтгэл гэх шаардлагаа баримтаар нотлоогүй, уг мөнгөн хөрөнгийг шаардах эрхгүй болох нь тогтоогдсон тул шимтгэлд нэхэмжилсэн 3,151,275 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүд нь зээлдэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон ба энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцэж байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд үл биелүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч С ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан тул барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч Голомт банк ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр БДГ1405113150 тоот батлан даалтын гэрээг иргэн Ц.Стай байгуулсан атлаа уг гэрээний үүргийг С ХХК-иар хариуцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч С ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,800,238,401 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж, нэхэмжлэлээс үлдэх 384,940,319 төгрөгт холбогдох болон батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 9,229,342 /9,159,142+70,200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 1,800,238,401 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 384,940,319 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох СХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сын өмчлөлийн

- улсын бүртгэлийн 0 тоот хаягт байрлах, 169,2 м.кв хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

эрчилгээний 0 тоотод байрлах, 689 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар,

- улсын бүртгэлийн 0 тоот хаягт байрлах, 72,91 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- улсын бүртгэлийн 0 тоотод байрлах, 360 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- улсын бүртгэлийн 0 тоотод байрлах, 650 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

- улсын бүртгэлийн 0 тоотод байрлах, 675 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

- улсын бүртгэлийн Ү0 тоотод байрлах, 828 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- улсын бүртгэлийн 0 тоотод байрлах, 840 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,154,044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 9,229,342 /9,159,142+70,200/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ