Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 02

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Ануд номин” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн татварын хэлтэст холбогдох

“Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 140010568 тоот акт, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14/0017350 тоот акт, татварын улсын байцаагч Д.Наранцэцэгийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14/003 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14/12 дугаартай мэдэгдэх хуудсууд зэрэг захиргааны актуудыг “гаргах ажиллагаа”-г “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” гэсэн үндэслэлээр дахин хийхийг Төв аймгийн Татварын хэлтэст даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ануд номин” ХХК-ний захирал Г.Дашдулам,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ануд номин” ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ануд-номин” ХХК нь Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчаар оролцож байхдаа хуульд заасан эрхийнхээ дагуу өмгөөлөгч Б.Энхзаяагийн нэрээр Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл болсон нэмэгдсэн өртөгийн албан татвар /цаашид НӨАТ/-ын падаан болох санхүүгийн анхан шатны баримтанд шинжээч томилж, эдгээр баримт нь татварын албанаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчидөд тараасан албан ёсны баримт эсэх, тэдгээрийг хуурамчаар үйлдсэн эсэх, тэдгээрт дарагдсан компанийн болон санхүүгийн тэмдэгүүд нь жинхэнэ эсэх эсхүл түүнийг хэвлэлийн төхөөрөмж ашиглан үйлдсэн эсэхийг тогтоолгох, түүнчлэн доорхи нэр регистрийн дугаар бүхий 1. “Аврасан” ХХК, 2. “Нью хэрмтааз” ХХК, 3. “Гурван булаг сод” ХХК, 4. “Алтан ганьт” ХХК, 5. “Шагайвар” ХХК, 6. “Хээр талын салхи” ХХК, 7. “Шинэ өнгө төрх” ХХК, 8. “Дөрвөн гангууд” ХХК, 9. “Эм би ди эс” ХХК, 10. “Монгол идеал” ХХК компаниуд нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн байсан эсэх, тэдгээрт НӨАТ-ын падаан тараагдсан эсэх тараагдсан бол ямар сери дугаарын падаан тараагдсан эсэх талаарх лавлагааг Татварын ерөнхий газраас гаргуулан авах ажиллагаа хийлгэсэн билээ. Үүний ач холбогдол нь дээрх падаанууд үйлдвэрийн аргаар үйлдвэрлэгдсэн эсэх, эсхүл дахин хувилах төхөөрөмж ашиглаж хуулбарласан эсэхийг тогтоох явдал. Өөрөөр хэлвэл “хуурамч” НӨАТ-ын падаан ашигласан эсэхийг тогтоолгох явдал юм. Өөрөөр хэлвэл үйлдвэрийн анхны эхээр байна уу?, эсхүл дахин хувилах төхөөрөмж ашиглаж хувилсан байна уу?, мөн уг падаанууд дээрх “Падааны дугаар хэсэгт тавигдсан тоо нь анхны дарцаараа байна уу, дахин хувилах төхөөрөмж ашиглаж хувилсан тоо байна уу, гэдэгт хариулт авах нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан юм. Энэ ажиллагааны явцад дээрх падаануудыг нэр бүхий компаниудад татварын албанаас тараасан гэдэг нь Татварын албаны тодорхойлолтоор, мөн хуурамч биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон юм. Түүнчлэн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 151/Ш32016/02980 дугаар захирамжаар Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Эдгээр нь манай компанийн өмнө нь гаргаж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудыг татварын улсын байцаагчид бичиг хийлгэн солиулсан захиргааны акт /үйл ажиллагаа/, Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 140010568 тоот акт, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14/0017350 тоот акт, Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Наранцэцэгийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14/003 дугаар мэдэгдэх хуудас, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14/12 дугаартай мэдэгдэх хуудас зэрэг захиргааны актуудыг эргэж харах Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан үндэслэлийг бий болгосон юм. Ийм болохоор бид Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан журмын дагуу дээрх захиргааны актуудыг хаяглагдсан этгээдийн хувъд ашигтай нотлох баримт бий болсон гэсэн үндэслэлээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийлгэхээр Төв аймгийн Татварын хэлтэст хүсэлт гаргасан боловч тус хэлтэс нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 05/1543 тоот “Албан бичгийн хариу”-гаараа хүсэлтииг хүлээн авч шиидвэрлэхээс татгалзлаа. Захиргааны Ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасанчлан Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон тохиолдолд тухайн хаяглагдсан этгээдийн хүсэлтээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх үүрэгтэй. Гэтэл Төв аймгийн Татварын хэлтэс нь захиргааны акт нь “асуудалтай” болчихлоо гээд хүсэлт гаргаад байхад “асуудалгүй” захиргааны акттай холбоотой хуулийн заалтууд барьж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна. 2013 онд НӨАТ-ын падаан “Шагайвар” ХХК-иас авсан. 2014 оны эцэст тайлан гаргах үед НӨАТ-н падаан хасагдсан. Программ нь хүлээж аваагүй байсан. 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дотор жилийн эцсийн тайлангаа явуулах байсан боловч алдаа гараад тайлангаа явуулж чадаагүй. Төв аймгийн эрсдэл хариуцсан улсын байцаагчид танай байгууллагын тайлан дээр алдаа гараад байна. НӨАТ-н падаан орсон тайлангаа засна уу гэсэн хүсэлт явуул гэж хэлсэн. Үүний дагуу НӨАТ-н падаантай орлого зарлагаа хасаад, тайлангаа гаргаад явуулсан. Энэ талаар нэгдсэн журмаар Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байгаа юм чинь учир нь олдох байх гэж бодсон боловч жилийн эцсийн тайлан дээр их хэмжээний өр гарч ирсэн. Жилийн нийт орлогоосоо худалдан авалтаа хасахаар өр гарч ирсэн. Ийм падаан гаргадаг 10 гаруй аж ахуйн нэгж компанууд байгаа. НӨАТ-н падааныг хуурамч байна гээд программ хүлээж авахгүй байна гэж Татварын газраас хэлж байсан. Захиргааны актыг дахин гаргуулахыг хүссэж байна. Татварын хэлтсийн улсын байцаагч Наранцэцэг 922 000 000 сая төгрөгний акт тавьсан. Энэ актыг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Сайн дураараа худалдан авалт болон борлуулалтаа хасаад өгөх боломжтой байсан гэж хэлсэн юм. Би хуулийн зүйл заалтыг сайн мэдэхгүй. 200 хэдэн сая төгрөгний акт тавихад, “Хээр тал” ХХК-иас падаан авсан байна гээд акт тавьсан. Тус компаниас худалдан авалт хийсэн падаан нь байсан. Тухайн үед шалгалт хийхдээ Цагдаагаас бичиг ирсэн гэж хэлэхээр нь дараа нь учир олдох байлгүй дээ гэж бодож байсан. Хэнэгүйдээ би гарын үсэг зурсан. Би муу санаалаад гарын үсэг зурахгүй байсан бол тухайн үед энэ талаар заргалдаад явах байсан. Хуурамч НӨАТ-н падаан гарсан гэдгийг би яаж мэдэх юм. Татварын энэ их өрнөөс болоод би болон манай гэр бүлийнхэн сэтгэл санааны хямралд орсон. Улсын хэмжээнд ийм зүйл болж байгаа юм бол учир нь олдох байх гэж бодож байсан. Тухайн үед тайлангаа ч өгөхгүй. Хасалт ч хийхгүй байх боломжтой байсан. Худалдан авалт хийгээгүй болохоор төлөх ёстой гэдэг үүднээс хандаад байна. Иймд “Ануд номин” ХХК-ийн 2013 оны “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудыг Төв аймгийн татварын хэлтэс. татварын улсын байцаагчидаас солиулсан захиргааны үйл ажиллагаа, мөн хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 140010568 тоот акт, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14/0017350 тоот акт, татварын улсын байцаагч Д.Наранцэцэгийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14/003 дугаартай, 2015.04.28-ны өдрийн 14/12 дугаартай мэдэгдэх хуудсууд зэрэг захиргааны актуудыг “гаргах ажиллагаа”-г “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” гэсэн үндэслэлээр дахин хийхийг Төв аймгийн Татварын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 140010568 акт, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14/0017350 актыг тус тус тавьсан. Энэ захиргааны акт хуурамч падаан гэдэг зүйлээс шалтгаалж программд тайлан шивэх боломжгүй болсон. Татварын хэлтсийн өөрсдийнх нь хүсэлтээр худалдан авалтаа хасаад, тайлангаа өгсөнөөс болж, өртэй болсон. Тайлангаа гаргахдаа ийм хэмжээний нэмэгдсэн өртөгийн албан татвар төлнө гэж гарсан боловч хугацаанд нь НӨАТ-аа төлөөгүй байна гээд акт тавьсан. Тухайн үед хуурамч акт гаргасан байна гэж бодож байсан. Улс орон даяар зөрчилтэй НӨАТ-н падаан гарсан. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Төв аймгийн Татварын хэлтсээс актын төлбөрөө төлөөгүй байна гэж Төв аймгий дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, манай талаас хүсэлт гаргасны дагуу шинжээчийн дүгнэлт гарч, НӨАТ-н падаан нь хуурамч биш, эх хувь байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Нэхэмжлэлд дурьдсан нэр бүхий 10 компани НӨАТ төлөгч мөн юм уу?, биш юмуу?, НӨАТ-н падаан тараасан юм уу гэдгийг тогтоолгосон. Татварын Ерөнхий газраас нэр бүхий 10 компани НӨАТ-н падаан тарааж өгсөн гэж хэлсэн. Төв аймгийн Татварын хэлтсээс, “Ануд номин” ХХК нь өөрсдөө тайлангаа гаргасан. Манай байгууллагын зүгээс тайланг нь үндэслэж акт тавьсан гэсэн тайлбар гаргасан байсан. Энэ татвар төлөгч компаний буруу биш юм. Улсын хэмжээнд НӨАТ-н падааныг уншихгүй программ хийж байгаад, зохицуулсан зүйл гэдгийг бүгд мэднэ. Хуурамч гэж үзээд байгаа НӨАТ-н падаан нь эх хувиараа, тамга тэмдэг нь дарагдсан ийм падааныг авахгүй яах юм. Үүнийг тайландаа оруулж хасалт хийх ёстой. Захиргаа ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд зааснаар хаяглагдсан этгээдэд ашигтай нотлох баримт мөн. Ийм учраас Татварын хэлтсээс гаргасан 2 актыг эргэж хараад, дахин шалгалт хийх ёстой. НӨАТ-н падаан тараасан компаний буруу болохоос, татвар төлөгч компаний буруу биш юм. Захиргааны актыг эргэж хараач гэж Татварын хэлтэст хүсэлт гаргасан боловч энэ талаар шүүх шийдсэн. Танай танай компаниас энэ талаар маргаангүй гэж хэлсэн болохоор Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу энэ захиргааны актаа эргэж хараачээ гэдэг үүднээс нэхэмжлэл гаргасан. Татвар төлөгчийн эрх ашгийг зөрчигдсөн эсэхийг шалгаж үзэх ёстой. Захиргааны хоёр актыг гаргах болсон үндэслэл нь нэхэмжлэл дурьдсан хоёр мэдэгдэх хуудас юм. Төв  аймгийн Татварын хэлтсээс гаргасан захиргааны актаа эргэж харах юм бол хоёр мэдэгдэх хуудас дагаад хүчингүй болно гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч программд шивж болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. НӨАТ-н падаан тараасан байгууллагатай хариуцлага тооцох байхад, татвар төлөгч байгууллагад акт тавьсан. Программд шивж болохгүй учраас тайлангаа өгөөгүй. Тайлангаа өгөөгүй учраас, тайланг өгөөгүй гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэнэ. Татварын байгууллагаас хэлсний үндсэн дээр хасалт хийж тайлангаа өгсөн. Татварын хэлтсийн оролцоогүй хүсэлт өгсөн байсан ч сүүлд “Ануд номин” ХХК-д ашигтай нотлох баримт гэж тавьсан актаа өөрчлөх боломжтой. Орлогын албан татварын талаар Татварын албан татварын талаар Татварын хэлтсээс юу ч ярихгүй байна. Яагаад гэвэл “Ануд номин” ХХК нь борлуулалтаа үнэн зөв тодорхойлсон. “Ануд номин” ХХК нь худалдан авалт хийсэн нь үнэн. Борлуулалтын орлогоо нуусан бол акт тавьж болно. Гэтэл борлуулалтын орлогоо нуугаагүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 12 дугаар сарын 31-ны актын хувьд Цагдаагийн Ерөнхий газрын зохион байгуулалттай тэмцэх тасгаас газраас ирүүлсэн нотлох баримтад “Ануд номин” ХХК нь нэр бүхий компаниудаас хуурамч падаан аваад, худалдан авалтын НӨАТ-аас зайлсхийсэн байна гэсэн байсан. НӨАТ-н падаан өгдөг байгууллагууд ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй нь зөвхөн нь тамга, тэмдэгтэй, Татварын албанаас падаан авсан компаниуд байсан. Маргаан бүхий НӨАТ-н падааныг хуурамч биш гэдгийг бүгд мэдэж байгаа. Тухайн компаниас падаан худалдаж авахдаа их хэмжээ юм худалдаж авсан гэж харагдаж байгаа боловч тодорхой хэмжээний мөнгө өгөөд падаан авдаг гэдэг нь нотлогдсон. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас бичиг ирээд, падаан авсан байгууллагын санхүүгийн баримтад үзлэг хий гэсэн байсан. Үүний дагуу “Ануд номин” ХХК-ний санхүүгийн баримтад үзлэг хийсэн. Үзлэгээр “Ануд номин” ХХК нь НӨАТ-н падаан худалдаж авсан байсан боловч худалдан авалт хийсэн гэсэн ямар ч нотлох баримт байхгүй байсан. Үнэхээр худалдан авалт хийгээгүй. Тухайн байгууллагаас мөнгөөр падаан худалдаж авсан гэдэг нь нотлогдсон учир акт тавьсан. Тавьсан актыг хүлээн зөвшөөрч “Ануд номин” ХХК-ний захирал Г.Дашдулам гарын үсгээ зурсан. Актын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай баримт гэж үзээд байгаа нь манай компани ашигтай. Үүнийг тайланд тусгах ёстой байхад, хасна гэж хэлээд байгаа. Нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлтээр падаан нь хуурамч биш гэсэн хариу гаргасан гэж гуйвуулж хэлээд байна. Манай талаас НӨАТ-н падааныг хаяглагдсан этгээдэд ашигтай нотлох баримт гэж үзэхгүй байна. “Ануд номин” ХХК-ний хүсэлтийг хүлээж аваад хянаж үзсэн. Иргэний хэргийн шүүхээс хуульд заасан ажиллагаа хийгээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болохоос тавьсан захиргааны актыг хүчингүй болгоогүй. НӨАТ-н падааныг худалдан авалт хийж аваагүй гэдэг нь хоёр байгууллагын санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар нотлогдсон. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн актыг татвар төлөгчийн өөрийнх нь өгсөн тайланг үндэслэж тавьсан. Акт тавьсан тохиолдолд 15 хоногийн дотор төлбөрийг төлж барагдуулах ёстой. Хугацаанд нь төлбөрөө төлөөгүй учраас нөхөн татварыг тооцсон. Татварын программыг өөрсдөө дураараа хийгээгүй. Цагдаагийн байгууллагаас хуурамч падаан их хэмжээгээр тараагдсан гэдэг бичиг ирсэн учраас, Татварын ерөнхий газраас тус программыг шинэчилсэн. Энэ татвар төлөгчийг эрсдлээс хамгаалдаг. Хуурамч падааныг хүлээж авдаггүй. Аль аль тал нь зөв падаан хийж байж программд ордог. Татвар төлөгч талаас хуурамч падаан авахаас зайлсхийж, эрсдэлээ тооцож байх хэрэгтэй. Татвар төлөгчөөс ирсэн албан ёсны тамга тэмдэгтэй тайланг манай байгууллага дур мэдэн засварлах эрх байхгүй. Татварын улсын байцаагчийн зүгээс тайланд буруу бичилт хийсэн байна уу гэдгийг шалгадаг болохоос өөр зүйлийг шалгадаггүй. Өөрсдөө хүсэлт гаргасны үндсэн дээр тайланг засварласаны үндсэн дээр төлөх ёстой байсан татвар нь өссөн. Тайлангийн өр их гарсанд Татварын хэлтсийн оролцоо байхгүй. Манай байгууллагын зүгээс төлбөрөө төлөөч гэж шаардсан боловч төлөөгүй. Иймээс дараагийн акт тавигдсан. “Ануд номин” ХХК нь одоог хүртэл 2 тэрбум төгрөгний өртэй байгаа. НӨАТ-н тамга, тэмдэг хуурамч биш гээд татвар төлөхгүй байх үндэслэл байхгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 140010568 тоот акт, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14/0017350 тоот акт, татварын улсын байцаагч Д.Наранцэцэгийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14/003 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14/12 дугаартай мэдэгдэх хуудсууд зэрэг захиргааны актуудыг “гаргах ажиллагаа”-г “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” гэсэн үндэслэлээр дахин хийхийг Төв аймгийн Татварын хэлтэст даалгуулах” гэж тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ .

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Дээрх падаануудыг нэр бүхий компаниудад татварын албанаас тараасан гэдэг нь Татварын албаны тодорхойлолтоор, мөн хуурамч биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон юм. Түүнчлэн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 151/Ш32016/02980 дугаар захирамжаар Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Эдгээр нь манай компанийн өмнө нь гаргаж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудыг татварын улсын байцаагчид бичиг хийлгэн солиулсан захиргааны акт /үйл ажиллагаа/, Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 140010568 тоот акт, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14/0017350 тоот акт, Төв амйгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Наранцэцэгийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14/003 дугаар мэдэгдэх хуудас, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14/12 дугаартай мэдэгдэх хуудас зэрэг захиргааны актуудыг эргэж харах Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан үндэслэлийг бий болгосон юм. Ийм болохоор бид Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан журмын дагуу дээрх захиргааны актуудыг хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон гэсэн үндэслэлээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийлгэхээр Төв аймгийн Татварын хэлтэст хүсэлт гаргасан боловч тус хэлтэс нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 05/1543 тоот “Албан бичгийн хариу”-гаараа хүсэлтийг маань хүлээн авч шийдвэрлэхээс татгалзлаа. Захиргааны Ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасанчлан Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон тохиолдолд тухайн хаяглагдсан этгээдийн хүсэлтээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх үүрэгтэй. Гэтэл Төв аймгийн Татварын хэлтэс нь захиргааны акт нь “асуудалтай” болчихлоо гээд хүсэлт гаргаад байхад “асуудалгүй” захиргааны акттай холбоотой хуулийн заалтууд барьж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна.” гэж маргасан. Хариуцагч захиргааны байгууллагаас “Маргаан бүхий нэмэгдсэн өртгийн албан таварын падааныг хуурамч биш гэдгийг бүгд мэдэж байгаа. Тухайн компаниас падаан худалдаж авахдаа их хэмжээ юм худалдаж авсан гэж харагдаж байгаа боловч тодорхой хэмжээний мөнгө өгөөд падаан авч хий бичилт хийсэн гэдэг нь нотлогдсон. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас бичиг ирж, үүний дагуу “Ануд номин” ХХК-ний санхүүгийн баримтад шалгалт хийсэн. Үзлэгээр “Ануд номин” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан таварын падаан авсан байсан боловч худалдан авалт хийсэн гэсэн ямар ч нотлох баримт байхгүй, худалдан авалт хийгээгүй учир акт тавьсан. Тавьсан актыг хүлээн зөвшөөрч “Ануд номин” ХХК-ний захирал Г.Дашдулам гарын үсгээ зурсан. Актын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй. Хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай баримт гэж үзээд байгаа нь ... шинжээчийн дүгнэлтээр падаан нь хуурамч биш гэсэн хариу гаргасан гэж гуйвуулж хэлээд байна. Манай талаас падааныг дүгнэсэн дүгнэлт нь хаяглагдсан этгээдэд ашигтай нотлох баримт гэж үзэхгүй байна. “Ануд номин” ХХК-ний хүсэлтийг хүлээж аваад хянаж үзсэн. Иргэний хэргийн шүүхээс хуульд заасан ажиллагааг хийгээгүй гээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болохоос тавьсан захиргааны актыг хүчингүй болгоогүй” гэж маргаж байна.

Маргааны үйл баримтад хамаарах Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 140010568 дугаартай актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг үндэслэн 227592688,9 төгрөгийн нөхөн татвар, 92247508,5 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, 682778 төгрөгийн хүү, нийт 325522975,4 төгрөгийн төлбөрийг 15 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, мөн Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Торгууль, алданги тооцох тухай” 14/0017350 дугаартай актаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т заасныг баримтлан нийт 922853583 төгрөгийн торгууль, алдангийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосон, татварын улсын байцаагч Д.Наранцэцэгийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14/003 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14/12 дугаартай мэдэгдэх хуудсаар, “10 өдөрт багтаан татварын өрийг барагдуулахгүй бол тогтоогдсон төлбөрийг банкин дахь харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах болон шүүхэд нэхэмжлэл гаргах ажиллагааг татварын албаны зүгээс хэрэгжүүлэх болно” гэсэн мэдэгдлүүд байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон дээрх маргааны үндэслэлд холбогдох акт, баримтаас үзвэл: Нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь 2013 оны жилийн эцсийн тайлангаа Татварын албанд гаргасанд “татварын тайлангуудыг татварын улсын байцаагчид бичиг хийлгэн солиулсан захиргааны акт /үйл ажиллагаа/”-ны улмаас төлбөр бий болсон гэж тайлбарлах бөгөөд тухайн асуудалтай холбогдуулан үзвэл, тухайн үед нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хамаарах нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь шаардлага хангахгүй байгаа эсэх талаар асуудал гарч нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс “Татварын тайланд залруулга хийх тухай” албан бичигт “Манай конпани нь 2013 оны 7, 8, 9 дүгээр сарын НӨАТ-ын тайланг алдаатай гаргасан учир залруулга хийж засаж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаснаар тайланг Татварын алба хүлээн авч бүртгэсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тодорхойлогдож байна.

Энэ нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэсэн татвар төлөгчийн үүрэгт хамаарах ба тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.1-д “дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах”, 46.5.2-т “тайланд тусгасан татварын ногдол, татварын өрийг төлүүлэх” гэж татварын албаны тайлан хүлээн авах, түүний дагуу хийх ажиллагааны хүрээнд хийгджээ. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “татварын албаны шалгалтын акт, дүгнэлтийг зөвшөөрч байгаа бол гарын үсэг зурах, зөвшөөрөхгүй бол тайлбараа хяналт шалгалт хийсэн татварын албанд ажлын 10 өдөрт багтаан бичгээр гаргаж өгөх”, 34 дүгээр зүйлийн 34.3-т “Татвар төлөгчид акт, дүгнэлтийг хүргүүлснээр гардуулсанд тооцох бөгөөд үүнээс хойш Маргаан таслах зөвлөлд татвар төлөгч гомдол гаргах хугацаа тоологдоно” гэж зааснаар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь татварын албаны тухайн үйлдэл болон гаргасан актыг эс зөвшөөрвөл гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан байх боловч тухайн үед гаргаагүй байна. Үүнээс жил орчмын дараа Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 140010568 дугаартай акт гарсанд нэхэмжлэгч мөн маргаагүй, Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Торгууль, алданги тооцох тухай” 14/0017350 дугаартай акт гарахад нэхэмжлэгч актын тэмдэглэлд “Актыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэмдэглэсэн боловч зохих журмын дагуу актуудад маргаагүй өнөөг хүрчээ.

Энэ хугацаанд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 151/ш32016/02980 дугаартай захирамжаар[1] “...Төв аймгийн Татварын хэлтэс нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийн “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болох хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнээд Төв аймгийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй Ануд номин ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2418 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” [2] -ээр “Хавтаст хэрэгт авагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэсэн 21 ширхэг баримтууд үйлдвэрийн анхны эхээр байна...” гэсэн дүгнэлт гаргасан зэргээр нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь тухайн үед буюу 2013 онд худалдан авалт хийж авсан гэх Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хуурамч биш болох нь тогтоогдсон гэж үзэж, энэ баримтаараа Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд Захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх буюу уг зүйлийн 50.1-д “Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хаяглагдсан этгээдийн хүсэлтээр дараах тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно”, 50.1.1-д “захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн”, 50.1.2-т “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” гэсэн үндэслэлээр өмнө нь тавьдсан хүчин төгөлдөр актуудад холбогдох асуудлыг дахин хянуулах хүсэлт гаргасанд хариуцагч татварын хэлтсээс 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Албан бичгийн хариу” 05/1543 дугаартай албан бичгээр[3] “...хяналт шалгалтын ажлыг дахин хийх боломжгүй ...” гэсэн хариу өгсөн нь хариуцагчийг дахин хяналт шалгалт хийх үүргээ биелүүлээгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан таварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг” гэж заасан бөгөөд дээрх “Шинжээчийн дүгнэлт”-ээр нэхэмжлэгч, хариуцагч талуудын маргаад байгаа “хуурамч падаан” гэдгийг нь тухайн падаанаар борлуулалт, худалдан авалт хийсэн, худалдан авалт хийгдээгүй байж үнийн дүнгийн хий бичилт хийсэн эсэх талаар дүгнээгүй, зөвхөн тухайн падаануудын хэвлэмэл баримт нь хуурамчаар хийгдсэн эсэх талаар дүгнэгдсэн. Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр /захирамж/-ээр маргаанд холбогдох татварын актын үндэслэлийн талаар шийдвэрлээгүй буюу уг татварт холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудын талаар дүгнэн шийдвэрлээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн, хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсонд нийцэх үндэслэл бий болсон гэж үзэхээргүй байна.

Харин Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид “акт, дүгнэлт” гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Татварын алба нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд хяналт тавин хангуулж байна”, 54 дүгээр зүйлийн 54.1-т “Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулах ...”, 55 дугаар зүйлийн 55.1.3-т “татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль” нь татварын өр гэж заасан зэргээр нэгэнт татварын хяналт шалгалтаар тогтоогдож, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Улсын байцаагчийн төлбөр тогтоосон актын гүйцэтгэлийг баталгаажуулах тухай” 1657 дугаартай захирамж[4]-аар “...Ануд номин ХХК-нд төлбөр ногдуулсан Төв аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 140010568 тоот актыг баталгаажуулсугай” гэж шүүхээс баталгаажуулсан татварын өр болж, тухайн өр төлбөрийн төлөлтийн явцад татварын албанаас хяналт тавьж, татварыг төлүүлэхээр холбогдох мэдэгдлүүдийг гарган ажилласан байхад, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр 2013 оны үйл баримтад холбогдох худалдан авалт хийгдээгүй байхад хийгдсэн гэж гаргаж байсан гэх, нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийгдээгүй болох эсэх нь эрх бүхий байгууллагаар тогтоогдож, холбогдох актууд хүчингүй болсон баримт байхгүй тул хариуцагч захиргааны байгууллагын тухайн асуудлаар дахин /давхардсан/ акт гаргах боломжгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” гэж дээрх үйл баримтыг дурьдсан нь энэ хуулийн заалтад нийцээгүй гэж үзэхээр буюу актуудыг гаргасан этгээд уг актын үр дагавараар нь өөрчлөх, хүчингүй болгох эрх нь өөрт нь хадгалагдаж байгаа этгээдэд тус актын үр дагавар, түүнээс гарах нөхцөл байдлыг өөрчлөх үндэслэл бий болсон тохиолдолд эрх хэмжээнийхээ хүрээнд үр дагаварт нь нийцүүлэн дахин акт гаргах эрхийн үндсэн дээр шийдвэрлэх хуулийн заалтын агуулгад нийцэхгүй байна.

Харин энэ маргааны тохиолдолд татварын улсын байцаагчийн актууд гарч, нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д “татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах”, 17.1.9-т “татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаар гомдлоо түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах...” гэж заасан хугацаанд нэхэмжлэлд дурьдсан үйл баримтуудын актуудад зохих журмын дагуу буюу дээрх хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг тухайн татварын албаны даргын тушаалаар дараахь үндэслэлээр өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасанд хамаарах байдлаар маргаагүй, акт хүчин төгөлдөр болж баталгаажсан тул, татварын улсын байцаагч, түүний татварын хэлтэс нь өөрөө актыг шууд хүчингүй болгож, улмаар захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж акт гаргах зэргээр өөрчлөх эрх зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл: Татварын улсын байцаагчийн хүчин төгөлдөр актыг Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлд зааснаар Татварын маргаан таслах зөвлөл өөрчлөх, хүчингүй болгох буюу хянах эрх нь дээд шатны байгууллага албан тушаалтанд болон шүүхэд байхаар хуульчилсан байх тул хүчин төгөлдөр татварын актыг татварын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасныг баримтлан шууд өөрчлөх боломжгүй тул нэхэмжлэлд дурьдснаар хариуцагч захиргааны байгууллагын хариу өгсөн үйлдлыг буруутгах, улмаар нэхэмжлэгчид ашигтай нотлох батримт бий болсон гэж үзэх, дахин хяналт шалгалтыг хийгээгүй нь хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл болохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 34 дүгээр зүйлийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.1, 46 дугаар зүйлийн 46.5.1, 54 дүгээр зүйлийн 54.4, 72 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ануд номин” ХХК-ийн Төв аймгийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 140010568 тоот акт, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14/0017350 тоот акт, татварын улсын байцаагч Д.Наранцэцэгийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14/003 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14/12 дугаартай мэдэгдэх хуудсууд зэрэг захиргааны актуудыг “гаргах ажиллагаа”-г “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” гэсэн үндэслэлээр дахин хийхийг Төв аймгийн Татварын хэлтэст даалгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ЗОРИГТБААТАР

 


[1] Хавтаст хэргийн 5 дахь тал

[2] Хавтаст хэргийн 16 дахь тал

[3] Хавтаст хэргийн 15 дахь тал

[4] Хавтаст хэргийн 14 дэх тал