Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2018/0614

 

 

 

 

2018 оны 11 сарын 29 өдөр         Дугаар 221/МА2018/0614              Улаанбаатар хот

 

“Б-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0551 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0551 дүгээр шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 2681 дүгээр зүйлийн 2681.1.1, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б-А” ХХК-ийн Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 тоот татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-д тус тус заасан үндэслэлээр “Б–А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь заалтыг хэрэглэж хуулийн үйлчлэлд хамруулахыг Гаалийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиудыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг тайлбарлаж хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй дүгнэлт өгснөөс үүдэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Захиргааны акт буюу 06/14 дүгээр актын үндэслэлийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, тус актаар тогтоосон хариуцлагыг өршөөлд хамруулах үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийн үндэслэлийг энэ хэрэгт хамааруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Улсын төсөвт орох ёстой мөнгөн хөрөнгө буюу татвар гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Энэхүү барааны үнэ болох 54 542 772 төгрөг нь бүхэлдээ татвар бус, энэхүү 54 542 772 төгрөгт татвар хамраач байгааг Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 54 дүгээр тогтоолын хянавал хэсэгт тайлбарласан байдаг.

2. Улсын байцаагчаас барааны үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “Албадлагын арга хэмжээ” бөгөөд татвар ногдуулж байгаа хэлбэр биш юм. Өмнө тухайн харилцааг зохицуулж байсан 2014 оны Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар тус албадлагын арга хэмжээ нь шийтгэлийнхээ төрөлд хамаарч байсан. Иймээс анхан шатны шүүх 06/14 дүгээр актаар авсан арга хэмжээг албадлагын арга хэмжээ биш гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

3. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасныг буруу тайлбарлаж үндэслэх хэсэгтээ бичжээ. Тус зохицуулалт нь нотлох ажиллагаатай холбоотой хэм хэмжээ байна. Гэтэл шүүх өөрөө хууль хэрэглэн тайлбарлаж шийдвэрлэх ёстой маргаан буюу хууль хэрэглээний хүрээнд шийдвэрлэгдэх асуудал байтал тус зохицуулалтыг баримтлан шүүх дахин нотлох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

4. Шүүх Гаалийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 дугаар албан бичгийг захиргааны акт биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүх захиргааны акт биш гэж үзэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актуудын шинжүүдээс эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинжгүй байна гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн тайлбарт “ ... заавал хэрэгжүүлэх эрх үүргийг тогтоосон байх ёстой ...” гээд жишээ авахдаа “ ... давуу тал олгохыг хүссэн өргөдөлд татгалзсан шийдвэр байж болно” гэжээ. Үүнээс үзвэл “Б-А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхийг хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсөн нь эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Мөн анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хориглосон, зөвшөөрсөн, журмалсан шинжгүй гэж тайлбарласан байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” заасан байна. Үүнээс үзэхэд татгалзсан үйлдэл захирамжилсан шинжийг агуулж байна.

5. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д “... хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ... албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж заасан үндэслэлээр мөн хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3-д “... гаалийн шалгалтаас нуун далдалсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь “Б-А” ХХК-ийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт юм. Мөн 06/14 дүгээр актыг гүйцэтгээгүй байгаа болно.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0551 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Б-А” ХХК-аас “...Гаалийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 дугаар татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-д тус тус заасан үндэслэлээр “Б-А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь заалтыг хэрэглэж хуулийн үйлчлэлд хамруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3-д “...гаалийн шалгалтаас нуун далдалсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь “Б-А” ХХК-ийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт, ...мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д “...албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж зааснаар тус компанид Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар нөхөн татвар ногдуулж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах боломжтой...” хэмээн тодорхойлон маргажээ.

Гаалийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр “... Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэх нь “Б-А” ХХК-ийн хувьд эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт байх тул хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй” гэж татгалзсан хариу өгчээ.

Энэ албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан актын шинжийг агуулаагүй тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч “Б-А” ХХК-ийн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-д тус тус заасан үндэслэлээр “Б-А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь заалтыг хэрэглэж хуулийн үйлчлэлд хамруулахыг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Б-А” ХХК-ийн 2010-2012 онд улсын хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийж, зарим барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэж үзэн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүн болох 54,542,772.0 төгрөгийн төлбөрийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан. Энэ хууль болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд улсын байцаагчийн барааны үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зайлшгүй төлөх татвар байхад хариуцагчийг албадлагын арга хэмжээ авч татвар ногдуулсан гэж буруутгах боломжгүй.

Түүнчлэн, Улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 324, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 54 дүгээр тогтоолуудаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнэ 54,542,772 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах, улсыг хохиролгүй болгож буй хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө байх тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй талаар тодорхой дүгнэсэн байхад улсын байцаагчийн барааны үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “Албадлагын арга хэмжээ” бөгөөд татвар ногдуулж буй хэлбэр биш гэх гомдол нь үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д “... шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж зохицуулсан байхад нэхэмжлэгч “Б-А” ХХК-ийн гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнэ 54,542,772 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь албадлагын арга хэмжээ биш, зайлшгүй төлөх ёстой татвар тул энэ тохиолдолд дээрх хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0551 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ