Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00648

 

 

Н.Алдарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/07018 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 598 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Алдарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Мөнхзаяа, О.Жавхлан нарт холбогдох,

83 034 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Н.Алдарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснэ

эр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, хариуцагч М.Мөнхзаяагийн өмгөөлөгч М.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Алдар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Алдар би иргэн М.Мөнхзаяатай 2012 оны 05 дугаар сард өөрийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 19-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамжны 60/4-р байрны 9 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204030819 дугаарт бүртгэлтэй 61 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг орон сууцны зээл хөтөлбөрт хамрагдуулан 60 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож худалдах,худалдан авах гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн. Орон сууцны зээл олгох тухай банкны журмын дагуу М.Мөнхзаяа, түүний эхнэр О.Жавхлан нар худалдан авах байрныхаа үнийн дүнгийн 30%-д харгалзах 18 000 000 төгрөгийг Төрийн банкны 106-р салбар дахь харилцах дансандаа байршуулж зээл авах нөхцлөө бүрэн хангаснаар Төрийн банктай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ 2012.5.24-ний өдөр байгуулж, 42 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатайгаар авсан. 

М.Мөнхзаяа түүний эхнэр О.Жавхлан нар нь Н.Алдарт төлбөл зохих 60 000 000 төгрөгөөс 2012 оны 05 дугаар 17-ны өдөр 15 717 500 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 12 000 000 төгрөг, бүгд 27 717500 төгрөгийг данс хоорондын гүйлгээгээр төлж барагдуулсан. Үлдэгдэл 32 282 500 төгрөгийг огт төлж барагдуулаагүй. Мөн банкнаас авсан зээлийнхээ хүү, үндсэн төлбөрөөс нь нэг ч төгрөг төлөөгүй. Тэрээр банкинд зээлтэй байх хугацаандаа гадаад улс руу /Энэтхэг улс руу/ гэр бүлийн хамт ажиллаж суралцахаар гарч явсан тул банкны зээлтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль гэх мэт бүхий л төлбөрүүдийг тэдний гуйлтын дагуу би өмнөөс нь төлж барагдуулж ирсэн. Эцэст нь М.Мөнхзаяа, О.Жавхлан нарыг Энэтхэгээс ирснийх нь дараа М.Мөнхзаяатай ярьж тохиролцсоны дагуу 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлийн үлдэгдэл төлбөр болох 41409 000 төгрөгийг нь би Төриин банкин дахь М.Мөнхзаяагийн 3406012122 тоот зээлийн дансанд нь бэлнээр тушааж зээлийг нь хаасан. Харин М.Мөнхзаяа байрыг маань надад буцаан шилжүүлэх, мөн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ", "Ззэлийн гэрээ 49 тоот", "Барьцааны гэрээ 49 тоот"-ийн дагуу гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх үүднээс Н.Алдарын Төрийн банкинд төлсөн бүх төлбөрүүд 7 089 205 төгрөг, 2013 оны 07 дугаар 01-ний өдөр М.Мөнхзаяагийн банкин дахь зээлийн үлдэгдлийг төлсөн төлбөрийн дүн 41 409000 төгрөг, нийт 48 498 205 төгрөг М.Мөнхзаяа нараас Н.Алдарт шилжүүлж өгсөн мөнгө 27 717 500 төгрөгийг хасаж 20 780 705 төгрөг үлдсэн.

2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн "Орон сууц худалдах,худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр болох 32 282 500 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн "Орон сууц худалдах,худалдан авах гэрээ"-ний дагуу хариуцагч нар нь 60 000 000 төгрөг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй атал байрны үнэнд 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 15 717 500 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 12 000 000 төгрөг, бүгд 27 717 500 төгрөгийг төлж үлдэгдэл 32 282 500 төгрөгийг төлөөгүй. Хариуцагч нарын Төрийн банкны зээл, зээлийн төлбөрийг хаахад Н.Алдарын зүгээс зарцуулсан 50 751 960 төгрөгийг төлж хариуцагч нарын зээлийн төлбөрийг бүрэн хаасан. Н.Алдар би 83 034 460 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна, мөн 2012 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн худалдах,худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Мөнхзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Алдар нь анхнаасаа М.Мөнхзаяа намайг хуурч мэхлэн миний болон эхнэрийн минь нэр дээр бага хүүтэй орон сууцны зээл гаргуулан өөрийн зорилгодоо хэрэглэх санаатай байсан байдаг. Анх М.Мөнхзаяа би Н.Алдарын санаачлагыг хүлээн авч, түүнтэй хамтарч Борнуурын Арангатын сангийн аж ахуйд ногоо тариалахаар тохиролцсон юм. Н.Алдар нь хөрөнгийн эх үүсвэртэй болохын тулд өөрийн өмчлөлийн 3 өрөө байрыг миний эхнэр О.Жавхлан бид 2-той худалдах, худалдан авах гэрээ байгуулан тухайн үеийн бизнесийн зээлийн хүүнээс бага хүүтэй, урт хугацаатай мөнгө гаргаж авахаар болсон юм. Тэгээд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, өөрийн танил Төрийн банкны эдийн засагчаар дамжуулан зээл гаргуулсан. Байрны урьдчилгаа 18 000 000 төгрөг болон үлдсэн мөнгө болох орон сууцны зээл гаргаж бүх мөнгийг авсан. Энэ талаар тухайн үеийн эдийн засагч мэдэж байгаа бөгөөд гэрчлэх болно. 

Гэтэл уг орон сууцны зээл гарсны дараа хамтарч ажиллах санаачлага гаргаж байсан Н.Алдар нь хамтарч ажиллахгүй гэсэн бөгөөд тухайн үед М.Мөнхзаяа намайг ашиглаж бага “хүүтэй мөнгө зээлэхээр арга хэрэглэж” байсныг мэдсэн юм. Хэрэв Н.Алдар мөнгөө аваагүй бол тухайн өдрөө шууд Төрийн банкинд хандах байсан. Бүх мөнгө авсан учраас ямар ч гомдол гаргаагүй байна. Мөн Н.Алдарын нэхэмжлэлд зээл авахдаа биш байрыг буцаан өгөхдөө асуудал үүссэн гэж байгаа нь үнэхээр гүтгэлгийн шинжтэй байна. Тиймээс бидний нэр дээрх зээлээ төлж байж байрны бичиг баримтаа шилжүүлж авах шаардлагын дагуу Н.Алдар нь зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулсан бөгөөд байрны бичиг баримтаа буцааж шилжүүлж авсан юм. Ингэж намайг хуурч мэхлэн нэр дээр минь бага хүүтэй зээл гаргуулж мөнгийг нь ашигласан байтлаа өнөөдөр шүүхэд худлаа нэхэмжлэл гаргаж өөрийн ашигласан мөнгөнийхөө хүүг надаар төлүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа агуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

М.Мөнхзаяа, О.Жавхлан бид үнэхээр бусдаас гурван өрөө байр худалдаж авсан бол яагаад тэр байрандаа худалдсан гэх этгээд болох Н.Алдарыг байлгаад өөрсдөө тухайн байранд нэг ч хоног амьдрахгүй байх ёстой гэж, тухайн үед цахилгааны төлбөр, СӨХ-ны төлбөр, дулааны төлбөр зэрэг ахуйн хэрэглээтэй холбоотой бүх зардлуудыг хэн хийсэн бэ гэдгээс энэ худалдах, худалдан авах гэрээ ямар санаа зорилгоор, яах гэж хийгдсэн бэ гэдэг нь тодорхой харагдах боломжтой. Үнэхээр Н.Алдар нь орон сууцаа надад 60 000 000 төгрөгөөр худалдсан бол, бид тэр байрыг худалдаж авсан бол бид тэр байрандаа амьдрахгүй, яагаад Н.Алдар тэр байранд амьдраад байсан юм. Н.Алдар нь орон сууц худалдах,худалдан авах гэрээг бидэнтэй бодит байдал дээр хийсэн бөгөөд одоо буцааж орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг худалдан авсан бол 2013 оны 07 дугаар сарын зах зээлийн ханшаар 3 өрөө орон сууцны үнэ 100 000 000 хол давсан үнээр биднээс худалдаж авах шаардлага бий болно. Гэтэл Н.Алдарын тайлбарлаад байгаа шиг бодит байдал дээрээ орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй Н.Алдар нь биднийг ашиглан бага хүүтэй зээл гаргуулан авсан учраас дээрх байдлаар маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй харин 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 9 000 000 төгрөгийн худалдах,худалдан авах гэрээг татвар төлөхөөс зайлсхийж байгуулсан учир хүчин төгөлдөр бусд тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч О.Жавхлан шүүхэд гаргасан тайлбартаа: Анх М.Мөнхзаяа нь Н.Алдарын санаачлагыг хүлээн авч, түүнтэй хамтарч Борнуурын сангийн аж ахуйд ногоо тариалахаар тохиролцсон гэж хэлж байсан. Миний хувьд дургүй байсан ч нөхөр минь ажлаасаа гараад удаагүй байсан болохоор бас дэмжих үүднээс хамтран зээлдэгчээр орохыг зөвшөөрсөн юм. Гэтэл Н.Алдар нь хөрөнгийн эх үүсвэртэй болохын тулд өөрийн өмчлөлийн 3 өрөө байрыг миний нөхөр М.Мөнхзаяа бид 2-той худалдах,худалдан авах гэрээ байгуулан тухайн үеийн бизнесийн зээлийн хүүнээс бага хүүтэй мөнгө гаргаж авахаар болсон юм. Тэгээд орон сууц худалдах,худалдан авах гэрээ хийж, байрны урьдчилгаа Н.Алдар манай нөхрийн дансанд 18 000 000 төгрөгийг байршуулсан бөгөөд үлдсэн мөнгө болох орон сууцны зээл гаргаж бүх мөнгийг авсан. Хэрэв Н. Алдар зээлээ аваагүй бол тухайн үед шууд Төрийн банк болон эдийн засагч н.Ариунболдод мэдэгдэх байсан. Н.Алдарыг мөнгө авсан талаар н.Ариунболд эдийн засагч гэрчлэх байх. Гэтэл уг орон сууцны зээл гарсны дараа хамтарч ажиллах санаачлага гаргаж байсан Н.Алдар нь хамтарч ажиллахгүй гэсэн бөгөөд тухайн үед миний нөхөр М.Мөнхзаяа болон намайг ашиглаж бага хүүтэй мөнгө зээлэхээр арга хэрэглэж байсныг мэдсэн юм.Тиймээс бидний нэр дээрх зээлээ төлж байж байрны бичиг баримтаа шилжүүлж авах шаардлагын дагуу Н.Алдар нь зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулсан бөгөөд байрны бичиг баримтаа буцааж шилжүүлж авсан юм. Ингэж намайг болон нөхөр М.Мөнхзаяаг хуурч мэхлэн нэр дээр минь бага хүүтэй зээл гаргуулж мөнгийг нь ашигласан байтлаа өнөөдөр шүүхэд худлаа нэхэмжлэл гаргаж өөрийн ашигласан мөнгөнийхөө хүүг надаар төлүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа агуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/07018 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар Н.Алдар, М.Мөнхзаяа нарын хооронд байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, М.Мөнхзаяа, О.Жавхлан нараас 83 034 460 төгрөг гаргуулан Н.Алдарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Алдарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 732 073 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Мөнхзаяа, О.Хавхлан нараас 732 073 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 598 дугаар магадлалаар  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/07018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732 073 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Алдар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй тул ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг шүүх хэрэглэсэн. Хариуцагчийн шүүхээр гаргуулахаар хүссэн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй баримтууд юм. Шүүгчийн захирамжаар шүүхэд нотлох баримт баримтаар гаргуулан авах 2 нотлох баримтуудыг хэрэгт татан авахаасаа хариуцагч өөрөө сайн дураараа 2 ч удаа татгалзаж улмаар шүүх хурал завсарлаж хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж гарсан ба ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчөөгүй.

Мөн шүүх дээрх хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг хэрэглэж хариу тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх боломж олгоогүй байна гэж дүгнэсэн. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан. Шүүхээс ИХШХШТХуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу эрх, үүргийг нь тайлбарлаж, нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн. Шүүх энэ хуулийн 67 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д нийцжээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Алдар нь хариуцагч О.Жавхлан, М.Мөнхзаяа нарт холбогдуулан 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууц худалдах,худалдан авах гэрээний үүрэгт 32 282 500 төгрөг, хариуцагч нарын өмнөөс орон сууцны банкны зээлд төлсөн 50 751 960 төгрөг, нийт 83 034 460 төгрөг гаргуулах, 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь орон сууцыг 60 000 000 төгрөгөөр худалдахаар хариуцагчтай тохирсон, хариуцагч нь 27 717 500 төгрөгийг төлсөн тул гэрээний гүйцэтгээгүй үүргийг 32 282 500 төгрөг, хариуцагч нар орон сууцыг барьцаалж, зээл авсан боловч зээлээ төлөөгүй тул тэдний өмнөөс зээл, зээлийн хүүд 50 751 960 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.  

Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууц худалдах,худалдан авах хүсэл зориг талуудад байгаагүй, орон сууцыг хүлээж аваагүй, Н.Алдар нь өөртөө  зээл авахын тулд  дээрх гэрээг бид нартай байгуулж, зээлийн мөнгийг авсан бөгөөд   авсан зээлээ өөрөө төлсөн гэж маргажээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл зохигчдын байгуулсан гэрээний зүйл болох орон сууц нь “Баз интернэшнл” ХХКомпанийн өмчлөлд шилжсэн /хх-119, 122/ байна. Маргааны зүйл болох орон сууц өөр этгээдэд шилжсэн талаар нэхэмжлэгч нь хариуцагч нарыг захиран зарцуулсан гэсэн бол хариуцагч нар нэхэмжлэгч нь орон сууцыг “Баз интернэшнл” ХХКомпанид худалдаж мөнгийг нь авсан гэж маргажээ. Хариуцагчийн зүгээс  ач холбогдол бүхий уг нөхцөл байдлыг нотлох зорилгоор Н.Алдар болон “Баз интернэшнл” ХХКомпанийн байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг “Баз интернэшнл” ХХК-иас гаргуулах хүсэлт гаргасныг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 32893 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч хүсэлт хангагдаагүй тул уг үйл баримт тогтоогдоогүй үлджээ. Маргаж буй орон сууцыг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн нь захиран зарцуулсан, “Баз интернэшнл” ХХК-иас орон сууцны үнийг хэн авсан нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үйл баримт байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нар гэрээний дагуу орон сууцыг өмчлөлдөө авч, захиран зарцуулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж байгаа боловч 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Баз интернэшнл” ХХКомпанитай худалдах,худалдан авах гэрээ байгуулсан баримтын хуулбар хэрэгт авагдсан, уг баримт нь хуульд заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байв. /хх-200/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ бодитой байгуулагдсан эсэх, орон сууцны урьдчилгаа төлбөрийг хариуцагч нараас нэхэмжлэгчид төлсөн баримт хэрэгт байх боловч уг мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд өөрөө шилжүүлсэн гэх үйл баримт байсан эсэх, урт хугацаатай орон сууцны зээлийг хугацаанаас өмнө цуцалж нэхэмжлэгч зээлийг төлж дуусгасан шалтгаан зэрэг зохигчдын маргасан үйл баримтыг бүрэн дүгнэж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 598 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 732 073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА