Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02553

 

Н.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03100 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.М-, О.Ж- нарт холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 32 282 500 төгрөг, зээлийн гэрээний үүргийг өмнөөс нь төлсөн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50 751 960 төгрөг, нийт 83 034 460 төгрөг гаргуулах, зохигчдын хооронд 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 9 000 000 төгрөгний үнэ бүхий худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч М.М-, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, хариуцагч М.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.А- нь М.М-тай 2012 оны 5 сард өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 60/4 дүгээр байрны 9 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204030819 дугаарт бүртгэлтэй 61 мкв бүхий 3 өрөө орон сууцыг орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдуулан 60 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Банкны журмын дагуу М.М-, О.Ж- нар нь худалдан авах байрныхаа үнийн дүнгийн 30 хувьд ногдох 18 сая төгрөгийг Төрийн банкны 106 дугаар салбар дахь харилцах дансандаа байршуулж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг 2012 оны 5 сарын 24-ний өдөр байгуулж 42 сая төгрөгний зээлийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатай  авсан. М.М-, О.Ж- нар нь Н.А-т төлбөл зохих 60 сая төгрөгнөөсөө 2012 оны 05 сарын 17-ны өдөр 15 717 500 төгрөгийг, 2017 оны 05 сарын 25-ны өдөр 12 000 000 төгрөгийг, бүгд 27 717 500 төгрөгийг данс хоорондын гүйлгээгээр шилжүүлж, үлдэгдэл 32 282 500 төгрөгийг огт төлж барагдуулаагүй, банкнаас авсан зээлийн хүү, үндсэн төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй. Тэд  банкинд зээлтэй байх хугацаандаа гадаад улс руу /Энэтхэг улс руу/ явсан тул банкны зээлтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль гэх мэт бүхий л төлбөрүүдийг нь Алдар  өмнөөс төлж барагдуулсан. Мөнхзаяа, Жавхлан нарыг Энэтхэгээс ирсэний дараа Мөнхзаяатай ярьж тохиролцсоны дагуу 2013 оны 7 сарын 01-ний өдөр тэдний зээлийн үлдэгдэл төлбөр болох 41 409 000 төгрөгийг нь Алдар Төрийн банкин дахь М.М-гийн 3406012122 тоот зээлийн дансанд нь бэлнээр тушааж зээлийг нь хаасан. Харин М.М-  байрыг  буцаан шилжүүлэх, мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Зээлийн гэрээ №49, Барьцааны гэрээ №49-ийн дагуух гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх явцад үүссэн М.М-, О.Ж- нарын Н.А-т төлөх 20 780 705 төгрөгийн өр төлбөрийг 1 жилийн дотор буцаан төлөх үүрэг хүлээсэн. Энэ өр төлбөр нь 2012 оны 06 сарын 29-ний өдрөөс 2013 оны 06 сарын 21-ний өдөр хүртэл М.М-гийн өмнөөс Н.А-ын Төрийн банкинд төлсөн 7 089 205 төгрөг,  2013 оны 07 сарын 01-ний өдөр төлсөн  41 409 000 төгрөг нийт 48 498 205, үүнээс 27 717 500 = 20 780 705 төгрөг болсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 83 034 460 төгрөг болгон нэмэгдүүлсэн.  Үүнд 2012 оны 4 сарын 12-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 32 282 500 төгрөгийг гаргуулах, орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч нар нь 60 сая төгрөгийг төлөхөөс  27 717 500 төгрөг  төлж үлдэгдэл 32 282 500 төгрөгийг төлөөгүй. Хариуцагч нар Баз интернэшнл ХХК-нд орон сууцыг 45 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2012 оны 7 сарын 02-ны өдөр байгуулан Баз интернэшнл ХХК-ний өмчлөлд шилжүүлж мөнгийг авсан. Төрийн банкны зээл, зээлийн төлбөрийг хаахад Алдарын зүгээс төлсөн 50 751 960 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах. Нийт  83 034 460 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч М.М-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.А- нь хуурч мэхлэн хариуцагч нарын нэр дээр бага хүүтэй орон сууцны зээл гаргуулан өөрийн зорилгодоо хэрэглэх санаатай байсан. Анх Н.А-ын санаачлагыг хүлээн авч, түүнтэй хамтран Борнуурт ногоо тариалахаар тохиролцсон юм. Алдар нь бизнесийн зээлийн хүүгээс бага хүүтэй, урт хугацаатай мөнгө гаргаж авахаар болсон юм. Тэгээд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, өөрийн танил Төрийн банкны эдийн засагчаар дамжуулан байрны урьдчилгааг 18 сая төгрөг болгон үлдсэн мөнгө болох орон сууцны зээл гаргаж бүх мөнгийг авсан. Хэрэв Н.А- мөнгөө аваагүй бол тухайн өдрөө шууд Төрийн банкинд хандах байсан. Бүх мөнгө авсан учраас ямар ч гомдол гаргаагүй. Н.А-ын нэхэмжлэлд зээл авахдаа биш байрыг буцаан өгөхдөө асуудал үүсгэсэн гэж байгаа нь үнэхээр гүтгэлгийн шинжтэй байна. Н.А- нь бидний нэр дээрх зээлээ төлж байж байрны бичиг баримтаа шилжүүлж авах шаардлагын дагуу зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулсан бөгөөд байрны бичиг баримтаа буцааж шилжүүлж авсан юм. Бид үнэхээр бусдаас 3 өрөө байр худалдаж авсан бол яагаад тэр байрандаа Н.А-ыг байлгаад өөрсдөө тухайн байранд нэг ч хоног амьдрахгүй байна гэж. Тухайн үед цахилгааны төлбөр, СӨХ-ийн төлбөр, дулааны төлбөр зэрэг ахуйн хэрэглээтэй холбоотой бүх зардлуудыг хэн хийсэн бэ гэдгээс нь худалдах, худалдан авах гэрээ ямар санаа зорилгоор, яах гэж хийгдсэн бэ гэдэг нь тодорхой харагдах боломжтой. Түүнчлэн Н.А- нь өөрөө бидний нэр дээр гаргуулсан, өөрөө авч ашигласан зээлээ хугацаа хэтрүүлсэн бөгөөд хүү, нэмэгдүүлсэн хүү, торгуулийг өөрөө төлөх нь мэдээжийн асуудал юм. Бодит байдал дээр худалдах, худалдан авах гэрээгээр тухайн орон сууцыг худалдан авсан бол 2013 оны 7 сарын зах зээлийн ханшаар 3 өрөө орон сууцны бодит ханш нь 100 сая хол давсан үнээр биднээс худалдаж авах шаардлага бий болно. 9 тоотыг Мөнхзаяагаас Алдар уруу шилжүүлэх байсан боловч Баз интернэшнлийн Жаргалсайхан рүү шилжүүлсэн байдаг. 2013 оны 6 дугаар сарын 13-нд Баз болон Алдар нарын хооронд энэ 9 тоот болон бусад байрыг шилжүүлэх гэрээ хийсэн байдаг. Мөн байрны үнийн дүнд юу юу төлөх талаар тодорхой байгаа. Зээл нь 15 жилийн хугацаатай байсан боловч нэхэмжлэгч 1 жил гаруй хугацаанд төлсөн байдаг. Яагаад миний өмнөөс төлсөнөө тайлбарлахгүй байгаа. 2013 оны 6 дугаар сарын 19-ний гэрээний дагуу 7 дугаар сарын 02-нд надаар буцаан шилжүүлүүлсэн. 9 саяын гэрээ нь татвараас зайлсхийх гэж хийсэн гэрээ юм. Хэрэв бодит байсан бол би 9 саяаар хийхгүй байсан. Татвараас зайлсхийх болон миний нэр дээр бага хүүтэй зээл авах зорилготой гэрээ байсан. Иймд энэ 9 саяын гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 496 дугаар зүйлийн 496.1, 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэгч Н.А-, хариуцагч М.М- нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 9,000,000 төгрөгний үнэ бүхий Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 60/4-9 тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч М.М-, О.Ж- нараас 19,684,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,349,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 890,023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-, О.Ж- нараас 256,373 төгрөг, хариуцагч М.М-гаас 158,950 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.А-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.М-, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх М.М-, О.Ж- нарт орон сууцыг худалдан авч, өмчлөлдөө шилжүүлэх хүсэл сонирхол байгаагүй бөгөөд орон сууцыг барьцаалан зээл авах хүсэл зорилго байгаагүй болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон атал түүнийг хэрхэн үнэлсэн үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн Н.А- нь орон сууцыг худалдах буюу М.М-, О.Ж- нарын өмчлөлд шилжүүлэх хүсэл зорилго байгаагүй болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хангалттай нотлогдон байхад энэ талаар шийдвэр гаргахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Н.А- ч анх нэхэмжлэл гаргахдаа байраа буцааж авсан талаар бичсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар тайлбарласан. Түүнчлэн "Баз интернешл" ХХК, Н.А- нар нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн талаархи гэрээнд маргаан бүхий орон сууц хамт шилжсэн болон Улсын бүртгэлийн лавлагаагаар энэ нь нотлогдож байхад энэ талаархи баримтыг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр үнэлэхгүй орхигдууллаа. Шүүхээс М.М-, О.Ж-, Н.А- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ бодитой байгуулагдаагүй бөгөөд Улсын бүртгэлд 60 сая төгрөгний гэрээ бүртгэгдээгүй талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.  Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар М.М- нь Н.А-т орон сууцыг буцаан өгсөн нь нотлогдож байгаа бөгөөд ямар үндэслэлээр уг нотлох баримтуудыг үнэлээгүй нь ойлгомжгүй байна. Мөнхзаяа нь Н.А-т хууран мэхлүүлж өөрийнхөө нэр дээр зээл авч өгсөн бөгөөд энэ нь Н.А- зээлээ төлж байгаад уг орон сууцыг Баз интернешл ХХК-д бусад олон үл хөдлөх эд хөрөнгийн хамтаар шилжүүлсэн баримт, Н.А- Баз нтернешл ХХК-тай   байгуулсан гэрээгээр хангалттай нотлогдсон. 

 Н.А- нь зээлийг хугацаанаас өмнө төлсөн, тухайн орон сууцанд худалдан авсан гэх М.М-, О.Ж- нар нь амьдарч байгаагүй, тухайн орон сууцыг Н.А- нь объектийн нэг хэсэг болгон худалдсан. М.М-, О.Ж- нараас үндэслэлгүйгээр 19 684 600 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.  

 

Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч М.М-, О.Ж- нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 32 282 500 төгрөг, хариуцагч нарын зээлийг  өмнөөс нь төлсөнөөр үүрэг бүхий этгээдүүд 50 751 960 төгрөгийн хэмжээгээр үүргээс чөлөөлөгдсөн тул нийт 83 034 460 төгрөг гаргуулахаар, зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 9 000 000 төгрөгний үнэ бүхий худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсаныг хариуцагч нар 9 000 000 төгрөгийн хэлцэл хүчин төгөлдөр бус гэдгийг зөвшөөрч, бусад шаардлагын тухайд эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд  2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 9 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц худалдах худалдан авах гэрээг татвараас нуугдахын тулд дүр үзүүлэн хийсэн талаар   маргаагүй, хэлцэл талуудын хэн алинд эрх, үүрэг үүсгэхгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй./ хх-ийн 130/

 

Хариуцагч М.М-, О.Ж- нар нь 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр №49 тоот орон сууцны зээлийн гэрээг Төрийн банк ХХК-тай байгуулж, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 60/4 дүгээр байрны 9 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204030819 дугаарт бүртгэлтэй, 61 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан 42 000 000 төгрөгийн зээлийг авсан. Зээлийн мөнгөн хөрөнгө болох 42 000 000 төгрөг М.М-гийн дансанд шилжиж орсон нь хэрэгт авагдсан зээл, барьцааны гэрээ, дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 7-11, 12-13, 14-15/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа Төрийн банк ХХК, М.М-, О.Ж- нарын хооронд үүссэн, Банк зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул уг зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг нэхэмжлэгч Н.А-т биш, хариуцагч нарт үүссэн гэж үзэхээр байна. Хэдийгээр уг зээлийг нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч нарын нэрээр авахуулж, өөртөө авч ашигласан гэх тайлбарыг хариуцагч тал гаргасан ч энэ байдлаа бүрэн нотлож чадаагүй гэж үзнэ. Учир нь дээрх зээлийн 42 000 000 төгрөгөөс 12 000 000 төгрөгийг  хариуцагч тал Н.А-т шилжүүлсэн боловч үлдэх 30 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөнөө нотлоогүй болно. /1-р хх-ийн 27, 1-р хх-ийн 71/

 

Дээрх зээлийн төлбөрт Н.А- 47 402 100 төгрөг төлж, зээлийг хаасан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч М.М-, О.Ж- нар нь зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн байна. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн  этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч Н.А- нь өөрийн төлсөн 47 402 100 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 27 707 500 төгрөгийг хасч үлдэх 19 964 600 төгрөгийг шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /1-р хх-ийн 66-94/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт 32 282 500 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч нар нь уг гэрээний дагуу ямар ч үүрэг хүлээгээгүй, түүгээр зогсохгүй банкнаас зээл авахын тулд урьдчилгаа болгож банкинд байршуулсан 18 000 000 төгрөгийг ч хариуцагч нар төлөөгүй, нэхэмжлэгч өөрөө төлсөн гэж тайлбарласан тул диспозитив зарчмын дагуу уг гэрээгээр хариуцагч нар ямар ч зардал гаргаагүй, төлбөр төлөөгүй гэж үзэхээр байна.

 

Маргааны зүйл болох орон сууц нь “Баз интернэшнл” ХХК-ийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. Харин уг орон сууцны үнийг зохигчдын хэн нь “Баз интернэшнл” ХХК-иас хүлээн авсан талаар маргаантай байгаа боловч энэ нь нэхэмжлэгч хариуцагчийн өмнөөс зээлийн гэрээний үүргийг төлсөнтэй холбоотой маргаанд шууд хамааралтай үйл баримт биш юм. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд “Баз интернэшнл” ХХК орон сууцны мөнгийг зохигчдын хэнд төлсөн талаарх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхгүй.

 

Хариуцагч нар нь Төрийн банкнаас авсан зээлийн мөнгөн хөрөнгийг  нэхэмжлэгч Н.А- авсан гэж тайлбарлаж байгаа боловч уг зээлийн гэрээ хариуцагчийн нэр дээр хийгдэж, тэдний дансанд 42 000 000 төгрөг шилжиж орсон талаарх М.М-гийн Төрийн банкны дипозит дансны хуулгыг няцаасан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаагүй, өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно. Тиймээс хариуцагч нарын хувьд уг мөнгөн хөрөнгийг 15 жилийн хугацаанд гэрээгээр тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэг үүссэн байх бөгөөд уг үүргийг нэхэмжлэгч гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан дансны хуулга, гүйлгээний баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Н.А-ын нийт зээлд төлсөн 47 402 100 төгрөгөөс хариуцагч нарын нэхэмжлэгчид буцаан төлсөн 27 707 500 төгрөгийг хасч, 19 684 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдсэн нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Харин Н.А-ын хариуцагч нарын өмнөөс банкинд мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн төлбөрийн баримтуудаас тусдаа, хариуцагч нарын төлсөн гэх 3 242 950 төгрөгийн баримт байх бөгөөд хариуцагч нар өөрсдийн авсан зээлийн үүрэгт банкинд шууд төлсөн байх тул нэхэмжлэгчид төлөх үүргээс суутган тооцох боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч М.М-, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.М-, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.М-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 373 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

                                                                        Ш.ОЮУНХАНД