Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/02004

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/02004

 

 

.......гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/02828 дугаар шийдвэртэй,

.......гийн нэхэмжлэлтэй ...........д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ......., түүний өмгөөлөгч ........, хариуцагч ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ........... нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй тус тус зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулсан. Түрүүчийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч ........... нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрсэн тул зээлийн төлбөр болох 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие .......гаас 10,000,000 төгрөгийг цувуулж авсан нь үнэн. Анх 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай 2,000,000 төгрөг зээлж аваад 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлөх болсон боловч чадалгүй 3 хоногийн дараа буюу 02 дугаар сарын 13-ны өдөр хүү, алдангийн хамт 2,350,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Надад 1,000,000 төгрөг хэрэг болсон учраас .......г манай дэлгүүрт орж ирэхэд нь надад 1,000,000 төгрөг хэрэг болчихлоо гэхэд 2 монетан ээмгээ надад өгөөд 1,000,000 төгрөг 20 хувийн хүүтэй ав... гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан учир 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг сарын хугацаатай зээлж авсан. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1,200,000 төгрөг .......д өгсөн. Мөн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг сарын хугацаатай зээлж аваад 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү, алдангийн хамт 2,350,000 төгрөгийг өгсөн.

Одоо бидний хооронд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлж авсан 5,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Энэ мөнгөнөөс нэхэмжлэгчийн надаас авсан бараа, бүтээгдэхүүний үнэ 4,478,000 төгрөгийг хасаж тооцуулна гэв.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар ...........гаас 8,777,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .......д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,223,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч ...........гаас 155,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .......д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх надаас 8,777,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй.

Миний бие .......гаас зээлсэн мөнгөнөөс 5,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад нэмж төлбөр төлүүлэхээр шийдвэр гаргасан.

....... нь зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Бодит байдалд ....... нь 10,000,000 төгрөгөө зээлчхээд (2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл) огт хүүгүйгээр зээлсэн мөнгөө буцааж нэхэмжлэхгүй. Өөрөөр хэлбэл миний бие 5,000,000 төгрөгийн хүү төлж дууссан байхад, анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд зээлээс ...........гийн төлсөн төлбөрийг хасаж тооцон хүлээн зөвшөөрч байгаа 5,000,000 төгрөгийн хэмжээнд шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Тухайн 10,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хооронд зээлсэн талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч нь үндсэн зээлээ нэхэмжилсэн. Тухайн үед хүү тохиролцсон боловч хүү төлж чадахгүйг нь харгалзан үзсэн. Анхан шатны шүүх хуралдаанд талуудын гаргаж өгсөн нотлох баримт болон тайлбарыг үндэслэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

1.а. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

2. Нэхэмжлэгч ....... нь хариуцагч ...........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.а. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн барьцаат зээлийн /шинэчилсэн гэрээ/, зээлийн гэрээ байгуулах хүсэлт, харилцах дансны харилцагчийн хуулга, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч ....... нь

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй /хх4/,

2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай /хх5/, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй /хх8/,

2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй /хх9/, нийт 10,000,000 төгрөгийг хариуцагч ...........д зээлдүүлсэн байна.

Хариуцагч нь 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээгээр шилжүүлэн авсанд маргаагүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч ....... нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь зээлсэн мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж тайлбарлах боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 5,900,000 төгрөгийг хүлээж аваагүй гэж маргасан бөгөөд хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дээрх баримтад дурдагдсан мөнгийг .......д бэлнээр хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй. Учир нь энэхүү баримтад талуудын хэн аль нь хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гарын үсэг зураагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

3.б. Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 400,000 төгрөгийг хүү гэх байдлаар, 823,000 төгрөгийн хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн авснаа хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсоныг зөв гэж үзнэ./хх73-80/

Иймд хариуцагч ...........гаас 8,777,000 /10,000,000-823,000-400,000/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч .......д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,223,000 /823,000+400,000/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

4. Хариуцагч .............,төлсөн төлбөрийг хасаж тооцож, 5,000,000 төгрөгийн хэмжээнд шийдвэр гаргаж өгнө үү гэх гомдол гаргасан.

4.а Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохыг тодорхойлсон.

Хариуцагч нь зээлийн төлбөрөөс 5,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбарласан боловч энэ талаарх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/02828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ...........гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД