Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02008

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02008

 

 

Б.Б-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01421 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч ЭМД-дхолбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Э.М.Д-ынын эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтний албан тушаалд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар томилогдсон. Гэтэл Э.М.Д-ынын даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан тул шүүхэд гомдол гаргасан. Би өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд сахилгын шийтгэл хүлээлгэсэн эсэх талаар надад мэдэгдэж, танилцуулаагүй. Тушаалд дурдсан сахилгын шийтгэлтэй байх хугацаанд сахилгын зөрчил давтан гаргасан" гэх тайлбар үндэслэлгүй. Мөн Ковид-19 цар тахлын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан чиглэлийн дагуу ажил үүргийн тусгай горимд шилжсэн үед албаны дарга Л.Н дуудаж уулзахдаа албан хаагчид ажилдаа ирээгүй нь хамаагүй, чи яагаад ажилдаа ирдэггүй юм гэж надруу дайрч давшилсан. Үүний дараа 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлж, тушаалыг гардуулж өгсөн. Ажлаас халсан тушаалд шаардлага тавьсан удирдах ажилтныг зүй бус, хэл амаар удаа дараа доромжилж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг ноцтой зөрчсөн гэж гүтгэсэн. Миний бие нэг ч удаа удирдах албан тушаалтантай маргаж байгаагүй, хэл амаар доромжилж үзээгүй, байгууллагын ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй. Мөн ажил таслаагүй, ажлын цаг бүртгэл холбогдох дүрэм, журмын дагуу явагдаагүй бөгөөд хариуцагч байгууллагын ажилчид цагаа бүртгүүлдэггүй байсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Б нь Э.М.Д-ынын даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ажлаасаа халагдсан. Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй, удирдах ажилтан болон ажлын албаны бусад мэргэжилтэнтэй зүй бусаар харьцах, шалтгаангүйгээр ажил таслах зэрэг зөрчил гаргаж байсан. Тухайн зөрчилд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Э.М.Д-ынын даргын Б/09 дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журмын 12.1-д заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн өдөр нэхэмжлэгч Б.Бод тушаалыг танилцуулсан. Нэхэмжлэгч тушаалыг хүчингүйд тооцуулахаар шүүхэд гомдол гаргаагүй. Мөн сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчил давтан гаргаж, 2020 оны 01 дүгээр сарын 02, 03, 09, 13-15, 20, 28-30-ны өдрүүдэд, 2020 оны 02 дугаар сарын 14, 17-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан төдийгүй шаардлага тавьсан удирдах ажилтныг зүй бус, хэл амаар удаа дараа доромжлох, ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмыг зөрчих зэрэг үйлдлийг давтан гаргасан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Быг Э.М.Д-ынын Эрх зүй, хууль, тогтоомжийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Э.М.Д-ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23,331,166 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-длгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Э.М.Д-ын даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.М.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид 274,605 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 3 шаардлагыг хангаж, зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болгож шүүхэд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас ямар нотлох баримтуудыг үнэлж, хэргийн нөхцөл байдал бодитой талаар хэрхэн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т тодорхой харагдана. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй бичмэл нотлох баримт болох тойрох хуудсыг хэргийн үйл баримтад хамааруулан нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-4.5-д заасан нөхцөл байдлуудыг тогтоох үндэслэл болгосон. Хэргийн 56 дугаар талд авагдсан бичмэл нотлох баримт болох 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой тойрох хуудас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа хэдий ч уг баримтыг хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн бичмэл нотлох баримт юм. Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэг зэрэг нотолгооны хэрэгслээр давхар нотлогддог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Уг зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлж шийдвэрийн үндэслэл болох улмаар хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс тогтооход нөлөөлсөн. Тус зөрчлийг давж заалдах шатны шүүхээс засаж залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл бүрдсэн. Шүүх хэргийн 35 дугаар талд авагдсан цагийн тооцоо, 230-231 дүгээр талд авагдсан цагийн бүртгэлийн хураангүй тайлан, бичмэл нотлох баримтууд болон 245-247 талд авагдсан үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлээгүй. Дээрх бичмэл баримт болон гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлын чиг үүргээ хэрэгжүүлж байгаагүй, ажил таслалттай байсан үйл баримт нотлогддог. Нэхэмжлэгчийг ажил тасалж байгаагүйг нотолсон баримт хэрэгт байхгүй. Мөн хэргийн 35, 230-231, 245-247 дугаар талд авагдсан бичмэл нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 7.3-т ажлын цагийн бүртгэлийг хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан хөтөлж цагийн бүртгэлийг хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан төлж, ажлын албаны даргаар баталгаажуулна. Энэ бүртгэл нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно. гэж заасан. Уг журмын зохицуулалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Б.Б 2020 оны 01 дүгээр сарын 02, 03, 09, 13-15, 20, 28-30-ны өдрүүдэд, 2020 оны 02 дугаар сарын 14, 17-ны өдөр, мөн оны 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь нотлогдохгүй байна гэж үзсэн нь ойлгомжгүй болсон тул хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Иймд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тойрох хуудас нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж гомдол гаргасан. Уг баримтыг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч өөрийн байр суурь, үндэслэлийг тодорхойлохын тулд тухайн баримтыг иш татаж ашигласан тул шүүх шийдвэртээ үндэслэл болгосон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн тойрох хуудас бус, Э.М.Д-ын 2018 оны Б/02, 2019 оны Б/02, Б/09, 2019 оны А-08, А-10, А-14, 2020 оны Б/02 дугаар тушаалууд, хөдөлмөрийн дотоод журам, Э.М.Д-ынын дүрэм, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч н.Баярмагнайгийн өгсөн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын газрын ажлын албаны компьютерийн серверт хийсэн үзлэгийн тэмдэглэл гэх баримтуудыг шинжлэн судалж хэргийг шийдвэрлэсэн. Ганц баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч өдөр, хоног, цаг, минутаар ажлаа таслаж байгаагүй гэдгийг нотлох нэг ч баримт хэрэгт авагдаагүй гэсэн байна. Шүүх хэрэгт авагдсан баримтыг бодитой үнэлж дүгнэсэн. Нэхэмжлэгч шаардах эрхийнхээ хүрээнд шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргаж байхад шүүх нэхэмжлэгчийн ажлаа тасалж байгаагүйг нотлох үүрэг хүлээсэн мэт ойлгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлын үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн гэм бурууг тогтоох үүрэг хүлээхгүй. Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа нотлох ёстой. Нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад анхны Коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын Онцгой комиссын зөвлөмжийн дагуу Э.М.Д.-ын дарга Д.Д, Э.М.Д.-ын ажлын албаны дарга Л.Н нарын үүрэг болгосноор ажил үүргийн тусгай горимд шилжиж, дуудсан цагт ажилдаа очиж байсан. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд Монгол улсын нутаг дэвсгэр, захиргааны нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, үүний дотор Э.М.Д.-ын ажлын алба нь хэвийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй нь нийтэд илэрхий үйл баримт болох талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 7.3-т ажлын цагийн бүртгэлийг хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан хөтөлж, ажлын албаны дарга баталгаажуулна гэж заасан. Уг заалтын дагуу Б.Б-ыг ажил тасалсан гэдгийг хөдөлбөргүйгээр нотлох боломжгүй болсон. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт бүрийг шинжлэн судалж, үнэн зөв, бодитой дүгнэж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Б Э.М.Д-ын холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ.

4. Нэхэмжлэгч Б.Быг Э.М.Д-ын эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтнээр ажиллаж байхад нь тус ажлын албаны даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч Б.Б ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдэгдэж танилцуулаагүй тул сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн нь үндэслэлгүй, нэг ч удаа удирдах албан тушаалтантай маргаж байгаагүй, хэл амаар доромжлоогүй, байгууллагын ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй, ажил таслаагүй гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгэж нэхэмжлэгч нь ажилтны үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр биелүүлэхгүй, удирдлагатай зүй бусаар харьцах, шалтгаангүйгээр ажил таслах, ажлын албаны бусад мэргэжилтэнтэй зүй бусаар харьцах зэрэг зөрчилд нь сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчил давтан гаргаж, шалтгаангүйгээр ажил тасалсан. Мөн шаардлага тавьсан удирдах ажилтныг зүй бусаар хэл амаар удаа дараа доромжлох, ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмыг зөрчих зэрэг үйлдлийг давтан гаргасан гэж маргажээ.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан бөгөөд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно.

6. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Э.М.Д-ынын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан /1хх-23/ бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ажлаас халсан /1хх-24/ үйл баримт тогтоогдож байна.

6.а. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2020 оны 01 дүгээр сарын 02, 03, 09, 13, 14, 15, 20, 28, 29, 02 дугаар сарын 14, 17, 19, 20, 21, 27, 28, 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалсан гэж тушаалын үндэслэлээ тайлбарлан нотлох баримтаар цагийн тооцоог гарган өгч, цаг бүртгэлийн програмд үзлэг хийлгэсэн байна. Гэвч энэ тухайгаа тушаалд тодорхой заагаагүй, тушаал гарахаас өмнө ажилтны гаргасан ажил тасалсан гэх зөрчлийг шалгаж тогтоосон, түүнд танилцуулж мэдэгдсэн, тайлбар гаргах боломжоор хангасан талаар баримтгүй байх бөгөөд шүүхэд гаргасан хариу тайлбартаа энэ талаар дурдаж байгаагүй /1хх 18-19/ атлаа шүүхэд хожим гаргасан баримтаар /1хх 249-250/ ажилтны гаргасан зөрчлийг нотлогдоно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.2-т зааснаар байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлсэн байна. Иймд дээрх өдрүүдэд нэхэмжлэгч нь шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

6.б. Хариуцагч нь нэхэмжлэгчийг шаардлага тавьсан удирдах ажилтныг зүй бусаар хэл амаар удаа дараа доромжилж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг ноцтой зөрчсөн гэсэн тушаалын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

6.в. Нэхэмжлэгчийн эрхэлж буй ажил нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан төрийн захиргааны албан тушаал болон Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолд заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд тус тус хамаарахгүй тул хариуцагч тушаалын үндэслэлдээ нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албанд төрийн албаны шалгалт өгөхгүйгээр ажиллаж байгаа гэсэн нь үндэслэлгүй.

Дээрх байдлаас үзэхэд хариуцагч Э.М.Д-ын ажлын алба Б.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Э.М.Д-ынын даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 23,331,166 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

7.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд ийнхүү гаргаж өгсөн нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан байвал зохино. Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт болох тойрох хуудас /1хх-56/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлынхоо үндэслэл болгосон байх хэдий ч тухайн нотлох баримтын үнэн зөв эсэх талаар зохигчид маргаагүй төдийгүй уг баримт нь ажлаас халах тухай тушаалын үндэслэлд хамааралгүй байна. Иймд шүүх тойрох хуудсыг үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэх гомдол үндэслэлгүй.

7.б. Анхан шатны шүүх хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох цагийн тооцоо, цагийн бүртгэлийн хураангуй тайлан болон үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргийг хэргийн бусад нотлох баримттай харьцуулан үнэлж, Э.М.Д-ын ажилтан бүр ирцээ хурууны хээгээр тогтмол бүртгүүлдэггүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

7.в. Э.М.Д-ынын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/10 дугаар тушаалаар ажил эхлэх болон тарах цагийн бүртгэлийг цаг бүртгэлийн цахим системд бүртгүүлэхийг үүрэг болгосон, хөдөлмөрийн дотоод журмын 7.3-т Ажлын цагийн бүртгэлийг хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан хөтөлж ажлын албаны даргаар баталгаажуулна. Энэхүү бүртгэл нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно гэж заасан нь зөрүүтэй байх тул цаг бүртгэлийн програм дахь бүртгэл ажилтныг шалтгаангүйгээр ажил тасалсан болохыг хөдөлбөргүй нотлохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01421 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,605 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.БЯМБАСҮРЭН