Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 806

 

 

 

 

 

 

 

 

 

        Ц.Чулуунболд, Ө.Өлзий-Орших, С.Нэмэх-Отгон,

       Г.Ганзориг, Ц.Отгоншагай нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Д.Нямсүрэн,

ялтан Ц.Отгоншагай /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан Ц.Отгоншагайн өмгөөлөгч Ц.Алтанцол,

ялтан Ц.Чулуунболдын өмгөөлөгч Д.Батбаяр,

ялтан С.Нэмэх-Отгоны өмгөөлөгч Н.Намжилцогт,

ялтан Г.Ганзоригийн өмгөөлөгч Н.Тэрбиш,

ялтан Ө.Өлзий-Оршихын өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Нэмэх-Отгон, Ц.Отгоншагай, Ц.Чулуунболд, Ө.Өлзий-Орших, ялтан Ц.Чулуунболдын өмгөөлөгч Д.Батбаяр, ялтан Ц.Отгоншагайн өмгөөлөгч Ц.Алтанцол, ялтан Г.Ганзориг, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Чулуунболд, Ө.Өлзий-Орших, С.Нэмэх-Отгон, Г.Ганзориг, Ц.Отгоншагай нарт холбогдох 201525030775 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Бэсүд овгийн Цогтжавын Чулуунболд, 1989 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Архуст сумын 1 дүгээр баг, Ноёд шанд боголын 3 дугаар гудамжны 2 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 6-259 тоотод түр оршин суух,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, суллагдсан. /регистрийн дугаар: НД89060372/

 

2. Боржигон овгийн Өлзийсайханы Өлзий-Орших, 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 8-4 тоотод оршин суух,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, суллагдсан. /регистрийн дугаар: СБ88061518/

 

3. Цогнууд овгийн Сүхээгийн Нэмэх-Отгон, 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, “Ажилчин”-ны 2-4 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 326-127 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ТД86111094/

 

4. Боржигон овгийн Ганбатын Ганзориг, 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хэсэг, “Их Дарь Эх”-ийн 15 дугаар гудамжны 515 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 1-3 тоотод түр оршин суух,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн. /регистрийн дугаар: ЕЮ89033030/

 

5. Бэрэгчүүд овгийн Цогоогийн Отгоншагай, 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тайёос Ози” ХХК-д гэрээт таксины жолоочоор ажилладаг, ам бүл 5; эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Хоршоолол”-ын 10-3 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Шунхлай” шатахуун түгээх станцын зүүн хашаанд оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УХ90091558/

 

Ц.Чулуунболд /хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзсан хугацаанд/, Ө.Өлзий-Орших /хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзсан хугацаанд/, Г.Ганзориг /ялтай байхдаа/, С.Нэмэх-Отгон, Ц.Отгоншагай нар урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар дунд сургуулийн автобусны буудлын хажууд байрлах Вьетнам авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам улсын иргэн Нгуен Хүү Док /Nguyen Huu Doc/, Фам Мин /Рнам Minh/ нарт зэвсэгийн чанартай зүйл хэрэглэн, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Нгуен Хүү Док /Nguyen Huu Doc/-ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулан зөөврийн компьютер, гар цүнх, “Samsung Note-3” загварын гар утас, “LG-G Flex” загварын гар утас, “Mark X” загварын автомашины их гэрэл, тус бүр 200,000, 270,000 төгрөг зэргийг нь дээрэмдэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Чулуунболд, С.Нэмэх-Отгон, Г.Ганзориг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Ц.Отгоншагай, Ө.Өлзий-Орших нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Чулуунболд, С.Нэмэх-Отгон, Г.Ганзориг, Ц.Отгоншагай, Б.Өлзий-Орших нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө авах зорилгоор амь биед нь аюултайгаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн дээрэмдэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Чулуунболд, Г.Ганзориг нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 6 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар С.Нэмэх-Отгонд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 9 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Отгоншагайд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 9 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ө.Өлзий-Оршиход эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж,

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийг өршөөн хасч, Ц.Чулуунболдын биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 жил 6 cap, С.Нэмэх-Отгоны биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 9 cap, Г.Ганзоригийн биечлэн элэх хорих ялын хугацааг 3 жил 6 cap, Ц.Отгоншагайн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 9 cap, Ө.Өлзий-Оршихын биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Чулуунболдод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар,

Ө.Өлзий-Оршиход энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 5 сарыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хугацаагаар тогтоож,

Ц.Чулуунболд, С.Нэмэх-Отгон, Ө.Өлзий-Орших нарын тус бүр цагдан хоригдсон 144 хоног, Г.Ганзориг, Ц.Отгоншагай нарын тус бүр цагдан хоригдсон 128 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “Hyundai Accent Verna” загварын, 56-32 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5,000,000 төгрөгийг Ц.Чулуунболд, С.Нэмэх-Отгон, Г.Ганзориг, Ц.Отгоншагай, Ө.Өлзий-Орших нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1,000,000 төгрөг гаргуулан улсын орлого болгож, мөрдөн байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

            Ялтан Ө.Өлзий-Орших давж заалдах гомдолдоо: “... Хохирогч гэх Нгуен Хүү Док нь 50 см төмрөөр цохьсон гэж мэдүүлсэн. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсээр байтал ямар ч нотлох баримтгүйгээр эмчилгээний зардал нэхэмжилсэн. Мөн “270,000 төгрөг, Нгуен Хүү Док-т 200,000 төгрөг байсан” гэдэг. Хэрэв тийм мөнгө байсан бол эд зүйлийг буцаан өгөхөд хамт буцаан өгөх байсан. Тэр мөнгийг Г.Ганзориг авсан үгүйг мэдэхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд шалгаж өгөөгүй. Г.Ганзориг тийм мөнгө гаргаж ирээгүй гэж хэлсэн боловч мөрдөн байцаагч “нэхсэн мөнгийг нь төлчих, хохиролгүй болговол өршөөлд хамруулж өгнө” гэж хэлэхээр нь төлсөн. Иймд зөвхөн хохирогчийн мэдүүлгээр намайг яллаж байгаад гомдолтой байна...” гэжээ.

           

Ялтан С.Нэмэх-Отгон давж заалдах гомдолдоо: “... Миний бие 1 нас 4 сартай хүүхэдтэй. Эхнэр А.Оюун-Эрдэнэ нь 4 сартай жирэмсэн бөгөөд ажил хийх бололцоогүй байгаа. Намайг харж хандах төрөл садан байхгүй. Би өөрөө бүтэн өнчин, хувиараа такси үйлчилгээнд явж өрхийн амьжиргаагаа залгуулдаг байсан. Мөн эхнэр хагас өнчин бөгөөд хоёр жоохон дүүтэй, ээж болох А.Алтаннавч нь 50 дугаар сургуульд үйлчлэгч хийдэг бөгөөд урт хугацааны цалингийн зээлтэй. Одоо авч буй орлого нь амьжиргаанд нь  хүрэлцдэггүй, амьдралын доогуур түвшинд байдаг. Иймд миний эхнэр болон хүүхэд хоёрын өрхийн ямар ч орлогогүй, амьдралын хүнд нөхцөлд үлдэж байгааг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг түр хугацаагаар хойшлуулж өгнө үү...” гэжээ.

 

            Ялтан Ц.Чулуунболд давж заалдах гомдолдоо: “... шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр засварын хөлснөөс болж Вьетнам улсын иргэн Фам Мин нь хутга барин ирсэнээс зодоон эхэлсэн. Фам Мин нь 150 см төмрөөр толгой түрийгүй зодуулсан гэдэг боловч шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн. Гэтэл эмчилгээний зардалд нотлох баримтгүйгээр 270,000 төгрөг нэхэж авсан. Мөн Нгуен Хүү Док “Алеон” загварын автомашины 2 их гэрэл алга болсон гэж худал ярьсан нь тогтоогдсон. Фам Мин, Нгуен Хүү Док 270,000, 200,000 төгрөг алга болсон гэдэг боловч Г.Ганзориг тийм мөнгө байгаагүй гэдэг. Байцаагчид хэлсэн боловч зөвхөн хохирогч нарын худал мэдүүлгийг нотлох баримт болгосон. Мөрдөн байцаагч Т.Батсайхан хэлэхдээ “хохирогчийн хэлсэн мөнгийг хурдан өгөөд хохирол, гомдолгүй болго. Та нарын хэрэг Өршөөлийн хуульд орно. Камерийн бичлэг тодорхой байгаа” гэсэн учир нэхэмжилсэн мөнгийг өгсөн билээ. Намайг бүлэглэн дээрэм хийсэн гэж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Би хохирогч Фан Минийг зодож танхайрсан өөрийн буруутай үйлдэлдээ тохирсон шийтгэл оногдуулж, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Г.Ганзориг, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хэргийг өмнө Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд магадлалд дурдсан ажиллагааг бүрэн хийгээгүй. Хохирогч Нгуен Хүү Док-ийг олж байцаагаагүй, хэргийн материал ч танилцуулаагүй. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч, яллагдагчаар татаж байцаасан мэдүүлэг нь хэргийн материалд авагдаагүй, зохиомол мэдүүлэг оруулж бичсэн. Г.Ганзоригийн сэжигтнээр байцаасан мэдүүлгийг хольж, сольж яллах дүгнэлтэд бичсэн.

Хэргийн зүйлчлэлийг хүн тус бүрийн үйлдлийг харгалзахгүйгээр зүйлчилсэн. Автомашины хохирлыг шүүгдэгч нарт тэнцүү хувааж төлүүлсэн нь ойлгомжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Ц.Отгоншагай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 6 дугаар сарын 28-ны орой Г.Ганзориг, Ц.Чулуунболд, Ө.Өлзий-Орших, С.Нэмэх-Отгон нартай хамт явж байгаад “надад байгаа 100,000 төгрөгөөр буфер засуулая” гэхэд бүгд зөвшөөрөөд ойрхон байх Вьетнам засварын газар очсон. Завсарын гадаа очиход Ц.Чулуунболд, С.Нэмэх-Отгон нар ярилцахаар орсон. Тэр хооронд би дэлгүүр орж тамхи аваад буцаж ирэхэд зодоон болсон байсан. Тэнд яг юу болсныг мэдээгүй. Намайг дэлгүүрээс ирэх үед Г.Ганзориг түрүүлж гүйж ирээд “Ц.Чулуунболд, С.Нэмэх-Отгон хоёрыг хэрэлдээд зодолдоод байхаар нь нэг автомашины гэрэл, хоёр гар утас барьсан, би ийм юм авчихлаа” гэсэн. Бид нар урьдчилан үгсэж тохиролцож, дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой очоогүй, бид нарыг дээрмийн гэмт хэргээр зүйлчилсэнд гомдолтой байна... Миний хувьд гражид юу болсныг огт хараагүй болохоор мэдээгүй гэдгээ хэлсэн хэлсэн боловч зөвхөн хохирогч нарын худал үгээр нотолж, нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөрүүлж өгнө үү. Нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

 

            Ялтан Ц.Отгоншагайн өмгөөлөгч Ц.Алтанцол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заалтыг буруу хэрэглэн “Таиёос Ози” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн үнийг ялтан нараас тэнцүү байдлаар хувааж гаргуулахаар шийтгэх тогтоолд заасан нь хууль болон Улсын Дээд шүүхийн 2006 оны 1 дүгээр тогтоолын заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын уг заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Ялтан Ц.Чулуунболдын өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг өмнө нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтууд бүрэн биелэгдээгүй. Хохирогч Нгуен Хүү Докийг байцаагаагүй, хэргийн материалыг танилцуулаагүй нь. Хэргийн зүйлчлэлийг хүн тус бүрийн оролцооноос харгалзаж үзэлгүйгээр зүйлчилсэнд гомдолтой байна. Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунболд нь анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Хохирогч нартай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, хохирогч өөдөөс нь хутга барьж дайрснаас болж зодоон болсон байдаг ба үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Ялтан С.Нэмэх-Отгоны өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Нэмэх-Отгон давж заалдах гомдолдоо оногдуулсан 1 жил 9 сарын хорих ялыг хойшлуулж өгнө үү. Учир нь 1 ой, 4 сартай хүүхэдтэй, эхнэр А.Оюун-Эрдэнэ нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор 22 долоо хоногтой жирэмсэн. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор “А.Оюун-Эрдэнэ ам бүл 6: 2 дүү, эх, хүүхдийн хамт амьдардаг. Амжиргааны түвшингээс доогуур орлоготой болохыг тодорхойлов” гэсэн байдаг. Миний хувьд С.Нэмэх-Отгонд оногдуулсан хорих ялд маргах зүйлгүй. Хүн бүрээс 1,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Тухайн автомашиныг хураах ёстой байсан гэж үзэж байна” гэв.

 

Ялтан Г.Ганзоригийн өмгөөлөгч Н.Тэрбиш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ганзоригийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа. Гэтэл улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ түүний яллагдагчаар өгсөн мэдүүгийг нотлох баримтаар оруулж бичсэн. Гэтэл Г.Ганзоригийн мэдүүлж байгаа мэдүүлэг нь яллагдагчаар өгсөн мэдүүлэг биш. Г.Ганзоригийг яллагдагчаар байцаахад ийм мэдүүлэг өгөөгүй. Сэжигтнээр байцаагдсан мэдүүлгийг яллагдагчаар өгсөн мэдүүлэг болгон зориуд өөрчилж оруулсан нь яллах дүгнэлт алдаатай гарсан. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 283 дугаар магадлалд прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй. Мөн мөрдөн байцаалтын шатанд Ц.Чулуунболд, С.Нэмэх-Отгон, Ц.Отгоншагай, Г.Ганзориг нарыг сэжигтэн, яллагдагчаар байцаахдаа зөрүүтэй мэдүүлэг өгөөд байхад байцаан шийтгэх ажиллагааны явцад зөвхөн Ц.Чулуунболдыг өмгөөлөгч Н.Намжилцогтын хамт байлцуулан байцаасан. Харин бусад яллагдагч нараас өмгөөлөгчгүй байцаалт авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна гэдгийг тодорхой зааж байхад улсын яллагч энэ мэдүүлгийг үндэслэл болгож дахин яллаж байгаа нь яллах дүгнэлтийн алдаа засагдаагүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 202 дугаар зүйлийн 202.3 дахь хэсэгт яллагдагчийн мэдүүлгийн тэмдэглэлд биеийн төлөөний үгээр үгчлэн бичиж, яллагдагчид тавьсан асуулт, хариултыг тодорхой бичнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналыг тавьж байсан. Энэ саналаа дэмжиж байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтад хэлмэрч, орчуулагч оролцуулах гэсэн байсан. Хэлмэрч, орчуулагч гээд байгаа хүн нь ямар хэлний орчуулагч гэдэг нь ойлгогдохгүй. Эрх бүхий орчуулагч ороод байгаа нь тодорхойгүй. Өмнөх магадлалд заасан зөрчлийг арилгаагүй байхад шүүх эдгээр зүйлүүдийг анхаарч үзэлгүйгээр дахин хэргийн шийдвэрлэсэн нь буруу. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Ялтан Ө.Өлзий-Оршихын өмгөөлөгч Б.Лхагвацэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө.Өлзий-Орших “граж дотор орж бусдыг зодож мөнгө авсан үйлдэлд оролцоогүй. Гадаа тамхи татаад зогсч байсан” гэж удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг. Ганцхан Г.Ганзоригийн өгсөн мэдүүлгээр хаалгыг хааж зогсч байсан гэх мэдүүлгээр ялласан. Тэд үйлдлээ хуваарилаж тохиролцсон зүйл байхгүй. Тийм учраас Ө.Өлзий-Оршихын үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар нотлогдохгүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгох гэсэн байр суурьтай байдаг. Бусад ялтан болон өмгөөлөгч нарын гаргасан гомдолд байцаан шийтгэх ажиллагааг зөрчсөн, магадлалаар буцаасан зөрчлүүд арилаагүй гэдэгтэй санал нэг байна. Тухайлбал:

Мөрдөн байцаалтад Атарцэцэг гэх англи хэлний багш мэргэжилтэй хүнийг оролцуулсан. Гэтэл Атарцэцэг Вьетнам хэл мэддэг талаар ямар нэгэн тайлбар аваагүй. Хохирогч нарыг англи хэл мэддэг гэдгийг нотолсон зүйл байхгүй. Хохирогч нар хавтаст хэрэгтээ танилцаад тайлбар өгсөн байдал нь дандаа Вьетнам хэлээр бичиж өгсөн байдаг. Хохирогч нарын эрх нь бүрэн хангагдсан уу гэдэг нь эргэлзээтэй. Хохирогч Нгуен Хүү Док-т хэрэг мөрдөн байцаалтад буцаасны дараа хэргийн материалыг танилцуулаагүй. Хохирогч Нгуен Хүү Док-ийг Монгол Улсад байхгүй гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь мэдүүлсэн болохоос хилээр гарсан эсэх лавлагааг аваагүй. Ө.Өлзий-Оршихоос байцаалт авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй. Хамгийн сүүлд өгсөн мэдүүлэгт өмгөөлөгч Г.Сүхээг байлцуулсан гээд бичсэн боловч гарын үсгээ өмгөөлөгч зураагүй байдаг. Мөн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ө.Өлзий-Оршихоос сэжигтнээр өгсөн мэдүүлэгт боловсролгүй гэж биеийн байцаалтаа өгсөн байхад байцаалтын хэсэгт бичиг үсэг мэдэх үү гэж асуусан асуултад бичиг үсэг мэдэхгүй, уншиж чадахгүй гэж хэлсний дараа бичсэн үгийг гараар засвар хийсэн байсан. Ө.Өлзий-Оршихоос 4 удаа байцаалт авсан мөртлөө нэг ч удаа өмгөөлөгчийг байлцуулаагүй. Хохирогч нарын нэхэмжилсэн мөнгөний хэмжээг яллагдагч нар мэдүүлэг өгөхдөө хэлсэн мөнгөний хооронд зөрүү байгаа. Үүний нотлогдоогүй хэсгийг хэрэгсэхгүй болгох үйл ажиллагааг хийгээгүй. Хэрэгт байцаан шийтгэх ажиллагааг зөрчсөн ноцтой зөрчлүүд байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналыг дэмжиж байна” гэв.

 

Прокурор Д.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ц.Чулуунболд, Г.Ганзориг, С.Нэмэх-Отгон нар гэмт хэрэгт оролцсон оролцооныхоо талаар хүлээн зөвшөөрсөн. Г.Ганзоригийн хувьд яллах дүгнэлтэд сэжигтнээр өгсөн мэдүүлгийг яллагдагчаар өгсөн мэдүүлэг болгож бичсэн гэж байна. Үг, үсгийн алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй бөгөөд тухайн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзэж байна. С.Нэмэх-Отгон хорих ялыг хойшлуулж өгнө үү гэсэн байна. Хуульд тийм заалт байхгүй. Ө.Өлзий-Оршихын өмгөөлөгч болон Ц.Отгоншагайн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнийг Ц.Чулуунболд, Г.Ганзориг, С.Нэмэх-Отгон, Ө.Өлзий-Орших, Ц.Отгоншагай нараас хувь тэнцүүлэн 1,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан үндэслэл нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаас гадуур заавал хурааж авна гэж заасан байгаа. Тухайн автомашин нь “Тайёос Ози” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан учраас тухайн компанийн эд зүйлийг шууд хураан авах үндэслэлгүй. Харин заавал тээврийн хэрэгслийг хурааж авахаар хуульд заасан байгаа учраас тухайн автомашины үнэлгээний дагуу Ц.Чулуунболд, Г.Ганзориг, С.Нэмэх-Отгон, Ө.Өлзий-Орших, Ц.Отгоншагай нараар төлүүлэх нь зөв гэж үзсэн. Сэжигтнүүдийн анх өгсөн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлэгтээ тохирч байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ц.Чулуунболд, Ө.Өлзий-Орших, С.Нэмэх-Отгон, Г.Ганзориг, Ц.Отгоншагай нарт холбогдох хэргийг урьд нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалт бүрэн биелэгдээгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.3 дахь заалтын дагуу мөрдөн байцаалтыг хэт нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж үзнэ.

 

            Яллагдагч Ц.Чулуунболд, Ө.Өлзий-Орших, Ц.Отгоншагай, Г.Ганзориг нар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, үйлдээгүй талаар зөрүүтэй мэдүүлэг өгч, хэргийн талаар харилцан эсрэг сонирхлоо илэрхийлсээр байхад байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад нийцээгүй тухай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 283 дугаар магадлалд тодорхой заасан байхад хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулахдаа яллагдагч С.Нэмэх-Отгон /3-р хх-88/, Ц.Чулуунболд /3-р хх-92/ нарын байцаалтад өмгөөлөгч Н.Намжилцогтыг, яллагдагч Ц.Отгоншагай /3-р хх-89/, Ө.Өлзий-Орших /3-р хх-97/ нарын байцаалтад өмгөөлөгч Г.Сүхээ /өмгөөлөгчийн нэр бичигдсэн боловч гарын үсэг зурагдаагүй/ гэгчийг оролцуулсан байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтыг ноцтой зөрчжээ.

 

            Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд “дээрэмдсэн эд зүйлийн үнэлгээг бүрэн гүйцэд хийгээгүйгээс хохирлын хэмжээ зөв тогтоогдоогүй, яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй” гэсэн 3 дахь заалтын дагуу огт ажиллагаа хийгээгүй. Англи хэлний багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн /1-р хх-49/ Н.Атарцэцэг гэгчийг орчуулагчаар томилсон /3-р хх-51/ байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар орчуулга хийх мэдлэг, чадвартайг нотолсон баримтыг цуглуулаагүйгээс хохирогч Вьетнам улсын иргэдийн мэдүүлэг үнэн зөв орчуулагдсан гэж үзэхэд эргэлзээтэй байдал бий болгож байна.  

 

            Яллагдагч Г.Ганзориг нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1095 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх тул уг ялыг эдэлж дууссан эсэх талаарх баримтыг хэрэгт зайлшгүй хийх шаардлагатай.

           

            Дээрх байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг барьж, гүйцэд биш хийгдсэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хоёр удаагийн магадлалд заасан асуудлуудыг нэг бүрчлэн бүрэн гүйцэд шалгуулахаар хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан ялтнууд, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Чулуунболд, Ө.Өлзий-Орших, С.Нэмэх-Отгон, Г.Ганзориг, Ц.Отгоншагай нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраар дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтад буцаасугай.

 

            2. Хэрэг прокурорт очтол Ц.Чулуунболд, Ө.Өлзий-Орших, С.Нэмэх-Отгон, Г.Ганзориг, Ц.Отгоншагай нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.     

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                                     ШҮҮГЧИД                                                      Ц.ОЧ

 

                                                                                       М.ПҮРЭВСҮРЭН