Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0007

 

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0007

   Улаанбаатар хот

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, О.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0636 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.А-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0636 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг баримтлан Б.А-ийн нэхэмжлэлтэй Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Г-т холбогдуулан гаргаснаар “Стандарт хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/119 дүгээр тушаалаар Б.А-д сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгож тус тушаалаас гаргахаас өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Стандарт хэмжил зүйн газрын даргын ёс зүйн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А болон түүний өмгөөлөгч Б.Б нар давж гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт хийсэн, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

Б.А миний бие Стандарт, хэмжил зүйн байгууллагад 2004 оноос улсын шалгагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын даргаар тус тус ажиллаж байгаад Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/149 дүгээр хууль бус тушаалаар төрийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр халагдсан болно.

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2017 оны 01 дүгээр дүгнэлт, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны А/347 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, мөн тус газрын 2017 оны А/355 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/149 дүгээр тушаалын үндэслэл болсон.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/347 дугаар тушаалаар Стандарт, хэмжил зүйн газрын бүтцийн нэгжүүдийн 2017 оны төлөвлөгөөний биелэлт, нэгжийн удирдлагын манлайлал, ажилтан албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлт, ажлын цаг ашиглалт зэрэгт үнэлгээ хийх ажлын хэсгийг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/355 дугаар тушаалаар А/347 дугаар ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг тус тус байгуулсан байдаг.

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 01 дүгээр дүгнэлт нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарсан байдаг.

Мөн түүнчлэн дээрх гурван дүгнэлтийг авч хэлэлцсэн “сонсох ажиллагаа” гэж нэрлэсэн хурал 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан болно.

Өөрөөр хэлбэл Б.А намайг тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн даргын хувиар байгууллагын удирдлагад 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлсэн 04/17 тоот шаардлага, байгууллагын дарга болон хэсэг албан хаагчдын хууль бус үйлдлийг хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар өргөдөл гаргаснаас хойш хясан боож, үгсэн хуйвалдаж, зохиомол байдал бий болгон төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр ажлаас халах ажиллагааг ердөө 2 долоо хоногийн дотор зохион байгуулсан болох нь сахилгын шийтгэл оногдуулсан Б/149 дүгээр тушаал, түүний үндэслэл болсон баримтуудын хугацаанаас шууд ойлгогдож харагдахаар байна.

Б.А миний 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлт 91,8 хувь, 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлт 95.3 хувь “А” үнэлгээтэй тус тус дүгнэгдсэн бөгөөд өөрийн ажлын байрны зорилго, зорилтод нийцүүлэн Төрийн албаны хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байсан нь хавтас хэрэгт авагдан баримтаас тодорхой харагдаж байгаа болно.

Гэтэл 2017 оны 11 дүгээр сард гэнэт шалгалтын хэсэг томилон зөвхөн ганц миний биед хамааруулан ёс зүйгүй, манлайлалгүй, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй гэдэг дүгнэлтүүдийг дээрх ажлын хэсгүүд хийсэн болно.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны А/347 болон А/355 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтын мөрөөр Б.А надаас өөр ямар ч албан хаагч дээр арга хэмжээ авсан зүйл байхгүй болно.

Миний бие Стандарт, хэмжил зүйн газрын даргын Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээ, ажлын хэсэг байгуулах эрх хэмжээ болон байгууллагын дэргэдэх Ёс зүйн хорооны дүгнэлт гаргах эрх хэмжээний талаар огт маргаагүй бөгөөд харин захиргааны актын үндэслэл болсон дээрх баримтууд нь хууль тогтоомжийн дагуу үндэслэлтэй гарсан эсэх болон захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаандаа холбогдох хуулийг баримталсан эсэх, захиргааны акт гаргах үндэслэлийг хэрхэн нотолж тогтоосон зэргийг тогтоолгох улмаар түүнд үндэслэж гарсан Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/149 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээлгэхээр хандсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг” гэж хуульчилсан.

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж, мөн хуулийн 106.7 дахь хэсэгт “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасныг анхан шатны шүүх тус тус зөрчсөн гэж үзэж байна. Учир нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар байгууллагын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулах эрхтэй болохоос Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хувийн үзэл бодлыг илэрхийлэхдээ тус хорооны хэвлэмэл хуудас, тэмдэгийг ашиглаж хувийн үзэл бодлоо илэрхийлж, гишүүдийнхээ нэр төр, албан тушаалын нэр хүндийг гутаах үйлдэл хийх эрхгүй бөгөөд Б.А нь үйлдлийг хийснээр Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.5.1-т заасныг зөрчсөн гэснийг буруутгах боломжгүй байна” гэж,

Мөн “Б.А-ийн дээрх үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох А.Г-ын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Стандарт хэмжил зүйн газрын захиргаанд гаргасан гомдол, Ёс зүйн хороонд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус хэлтсийн мэргэжилтэн Д.Б, Б.П, С.Б, Г.Б, Д.Б, Б.Б нарын гаргасан гомдол, мөн Ч.Ц-ын гаргасан ... гомдол зэргээс үзэхэд Б.А нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдож байна” гэж,

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Ёс зүйн хороо нь дээрх зөрчлүүдийг хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргасан нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх журмын 2.1-т “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалыг эрхэлж байгаа төрийн захиргааны албан хаагч бүхий төрийн байгууллага бүрт төрийг захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын орон тооны бус Ёс зүйн хороо ажиллана... гэж заасныг зөрчөөгүй байна” гэж,

“Аливаа төрийн байгууллагын Ёс зүйн хороо нь тухайн байгууллагын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрхтэй этгээдийн хувьд тухайн байгууллагын төрийн албан хаагчийн хууль журмыг зөрчсөн аливаа үйлдэл эс үйлдэхүй зэрэг нь ёс зүйн зөрчил мөн эсэхэд дүгнэлт өгөх эрхтэй бөгөөд Ёс зүйн хорооны хяналт шалгалт нь зөвхөн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бусад зөрчил илэрвэл шалгах үүрэгтэй байна” гэж,

“Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын дарга Б.А нь Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн ... гэж заасныг зөрчжээ” гэж, “...Ёс зүйн хорооны дүгнэлт нь холбогдох хууль журамтай нийцсэн байна гэж үзлээ” гэж тус тус дүгнэсэн байна.

Харин Ёс зүйн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтэд Ёс зүйн хороо 29, 30-ны өдрүүдэд хуралдаж Б.А-ийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хэлэлцэж тус дүгнэлтийг гаргасан болохыг дурьдсан байна.

Бодит байдал дээр 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.Ариунааг ёс зүйн хорооны хуралд дуудан ирүүлсэн бөгөөд тус хурлаар С.Н, Г.Ө, А.Г, Л.Г, Д.Д, П.Д, Ч.Ц нараас гомдол ирсэн гэж сонсгон тайлбар авсан ба ёс зүйн хороонд гомдол гаргасан гэх албан хаагчдаас нэг ч албан хаагч оролцоогүй бөгөөд тус Ёс зүйн хорооноос гарч буй дүгнэлтийг Б.А-д танилцуулаагүй болно.

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр чухам ямар хурлаар, ямар асуудал шийдвэрлэснийг Б.А би өнөөдрийг хүртэл мэдээгүй байгаа. Түүнчлэн Д.Б, Б.П, С.Б, Г.Б, Д.Б нарын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гомдол Б.Б-ийн 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан гомдолтой анхан шатны шүүхийн хавтаст хэргээс анх харж танилцсанаас урьд нь огт хараагүй, сонсоогүй байсан.

Энэ нь мөн хавтаст хэрэгт авагдсан Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/355 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлд “Б.Э /Ёс зүйн хорооны дарга/: ... 7 хүний бүрэлдэхүүнтэй 29-30-ны өдрүүдэд хуралдсан. Хуралдсан шалтгаан нь ХХШБГ-ын дарга Б.А-ай холбоотой 6-н өргөдөл гомдол, 1 мэдээлэл ирсэн. Энэ хурлаар бүх талын нотолгоо мэдээллийг сонсож, шалгаж түүн дээрээ дүн шинжилгээ хийсэн байгаа. Б.А-г байлгаж холбогдох тайлбарыг авсан. Энэ тайлбарыг авах явцад холбогдох нэр дурдсан хүмүүсийг бас тайлбар мэдээллийг авсан.” гэж тусгагдсан байна.

Иймд Д.Б, Б.П, С.Б, Г.Б, Д.Б болон Б.Б-ийн нарын өргөдлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориулан нөхөн бүрдүүлж хийсэн болох нь нотлогдож байна. Ёс зүйн хорооны хурал болоход өргөдөл өгөөгүй байсан хүмүүсийн гомдол шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь тодорхой байна. Үүнийг шүүх анхаарч үзэж дүгнэлт хийлгүйгээр нэг талыг барьсан дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн нь илэрхий байна.

Тус захиргааны хэргийн хавтаст хэрэгт маргаан бүхий захиргааны актын үндэслэл болж буй Ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцэн гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 29, 30 –ны өдрийн хурлын тэмдэглэл нотлох баримтаар авагдаагүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн журмаар гаргуулахаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаан дээр шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/159 дүгээр тушаалаар Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилжээ. Ёс зүйн хороо өөрөө холбогдох журмаар заасан шаардлагыг хангаж байгуулагдсан байх шаардлагатай.

Мөн түүнчлэн тус Ёс зүйн хороо өмнө нь нэг ч удаа хуралдаж ёс зүйн асуудал хэлэлцээгүй байсан бөгөөд зөвхөн Б.А-г ёс зүйн зөрчил гаргасан гэж хэлэлцэж дүгнэлт гаргасан нь тус Ёс зүйн хорооноос 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан дүгнэлтийн дугаараас харагдана.

Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2014 оны А/ 144 дүгээр тушаалаар батлагдсан “Стандартчилал, хэмжил зүйн газрын албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоох ёс зүйн хорооны бүрэлдхүүнийг албан хаагчдын ирүүлсэн саналыг үндэслэн Стандарчилал хэмжил зүйн газрын даргын тушаалаар томилно” гэж, мөн журмын 3.4-т “Хорооны дарга нь ёс зүйн зөрчилтэй холбогдуулан зохион байгуулалт удирдлагыг хэрэгжүүлэх ба хорооны нарын бичгийн д дарга нь хорооны өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж ёс зүйн зөрчлийн бүртгэлийг хөтлөн шийдвэрлэлтийн тайлан мэдээг гаргаж байна” гэж, мөн журмын 3.7-д “Ёс зүйн зөрчилд холбогдсон албан хаагч нь баримт материалтай танилцах, нэмэлт тайлбар гаргах, шаардлагатай гэж үзсэн баримтыг тодруулахыг шаардлах эрхтэй” гэж тус тус заасан байна. 

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.5.2-т “гомдол мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харьяалах төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах” гэж заасан.

Тус хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

Б.А-г ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэлт гаргасан ёс зүйн хороо өөрөө хууль ёсны эсэх;

сахилгын шийтгэл оногдуулсан тушаалд Б.А-г ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчил гаргасан гэж тогтоосон байх ба энэ нь ёс зүйн хорооны нарийн бичгийн ёс зүйн зөрчлийн бүртгэлд орсон эсэхийг тодруулах;

Б.А нь ёс зүйн хорооны хуралд оролцохдоо байгууллагын ёс зүйн дүрмийн 3.7-д заасны дагуу гомдол гаргагч нартай уулзах, тодруулах, хамт ёс зүйн хорооны хуралд оролцох, нотлох баримттай танилцах хүсэлт гаргасныг хангасан эсэхийг тодруулах зорилгоор Ёс зүйн хорооны үйл ажиллагааны баримт бичигт үзлэг хийлгэх хүсэлтийг зэрэг болно.

Шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, Б.А-ийн Үр дүнгийн гэрээ зэрэг хэрэгт нэн чухал ач холбогдолтой байсан нотлох баримтаар гаргуулаагүй.

Б.А-г ёс зүйн зөрчил гаргасан гэж байгууллагын дарга болон бусад хэдэн тооны албан хаагч зохиомол байдал бий болгосон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Үүнд: Ёс зүйн хорооны гишүүн Г.Ө өөрөө Ёс зүйн хороонд гомдол гаргасан. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны А/347 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар мөн гомдол гаргагч С.Н томилогдсон, Сонсох ажиллагаа гэж нэрлэсэн хурлын тэмдэглэлийг мөн гомдол гаргагч гэх П.Д хөтөлсөн, Ёс зүйн хорооны дарга н.Э нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны А/355 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж тус ажлын хэсгийн хуралд Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг танилцуулах байдлаар оролцсон.

Түүнчлэн Б.А-г бусдын нэр төрийг гутаасан гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст нэхэмжлэл гаргасан иргэн Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа Б.У мөн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны А/355 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, ажлын хэсгийн дүгнэлт гаргах ажиллагаанд оролцсон зэргээс харагдаж байна.

Иймд Б.А нь өмнө ёс зүйн болон ямар нэг сахилгын шийтгэл авч, байгаагүй бөгөөд тус Ёс зүйн хорооны хурлаар 6 албан хаагчийн зөвхөн өргөдлийг үндэслэн өөр ямар нэг баримт нотолгоогүйгээр ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн, Ёс зүйн хорооны хурал болж өнгөрсний дараа нэмж 6 албан хаагчийн өргөдлийг нөхөн бүрдүүлж баримт бичигт хийсэн нь Ёс зүйн хороо үнэн зөв, бодитой дүгнэлт гаргаж чадаагүй болохыг харуулж байгаа бөгөөд улмаар түүнийг үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн анхан шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Б.А-д сахилгын шийтгэл оногдуулах сонсгох хурлыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хийсэн тэмдэглэл байх ба энэ хуралд нэхэмжлэгч өөрөө оролцсон байх ба үүгээрээ сахилын шийтгэл оногдуулах сонсох ажиллагаа хийсэн болох нь тогтоогдож байна.” гэж дүгнэжээ.

Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримтлах эрх зүйн зохицуулалтыг тодорхой зааж өгсөн.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заасан бөгөөд энэ үйл ажиллагааг сонсох ажиллагаа гэж үзнэ.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:” гэж, 27.3 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл гэсэн мэдээлэл”-ийг тусгахаар заасан байна.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж, 27.6 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж тус тус заажээ.

Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагын зүгээс Ёс зүйн хорооны хурлын дүгнэлт, Хяналт шинжилгээ- үнэлгээний үр дүнг танилцуулах, ёс зүйн зөрчил гаргасан ХХШБГ-ын дарга Б.А-д сахилгын шийтгэл оногдуулах сонсгол хурал” гэж нэрлэсэн хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулсан байдаг.

Энэхүү хурлын тэмдэглэлд ...Эцэст нь хэлэхэд би эрх, үүргийнхээ дагуу ажлын хэсгээс гаргасан дүгнэлтүүдийг хүлээн авч төрийн албаны хуулийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна” гэж Стандарт,хэмжил зүйн газрын дарга хэлжээ.

Тус хурлыг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа гэж үзвэл Стандарт, хэмжил зүйн газраас Б.А-д мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүргүүлсэн байх шаардлагатай. Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд өмгөөлөгчийн зүгээс шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргахад мөн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Тухайн хурлын зарыг Б.А-д утсаар мэдэгдсэн бөгөөд даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал болох гэж байна ирж оролцоно уу гэсэн мэдээлэл өгсөн байдаг. Сонсох ажиллагааны мэдэгдэл өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу оролцогчийн сонсох ажиллагаанд оролцох цаг хугацаа, тайлбар, санал гаргах боломжийг хангаж чадаагүй.

Ёс зүйн хорооны хуралд 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр дуудаж өргөдөл гаргасан 6 хүний гомдлыг уншиж сонсгосноос өөр Б.А-д ямар ч мэдээлэл байгаагүй. Учир нь Ёс зүйн хороо дүгнэлтээ танилцуулаагүй байдаг. Мөн түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлын хэсэг томиолж, тухайн ажлын хэсэг тэр өдөртөө дүгнэлт гаргасан тухайн ч мэдээлэл байгаагүй. Ямар асуудал танилцуулах гэж байгааг мэдээгүй албан хаагч ямар тайлбар, санал гаргах боломжтой вэ? Тайлбар, санал гаргах цаг хугацааны боломж гаргаагүй нь хэнд ч илэрхий харагдаж байна.

Хамгийн гол нь энэ хурлаар Б.А-д ямар сахилгын шийтгэл оногдуулахаар төлөвлөөд байгаа тухайгаа сонсгоогүй, түүндээ тайлбар аваагүй холбогдох сахилгын шийтгэл оногдуулна гэдэг зүйлийг л ярьж байсан нь хурлын тэмдэглэлийн төгсгөлийн хэсгээс харагдаж байна.

Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална” гэж заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс мөн маргаан бүхий захиргааны актын хувийн хэрэгт үзлэг хийлгэх зайлшгүй шаардлага байгаа тухай дурьдаж хүсэлт гаргахад шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Төрийн захиргааны байгууллага хуулийг хэлбэрлэлтгүй мөрдөж ажиллах үүрэгтэй. Гэтэл дээрх маягаар захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд мөрдөж ажиллах хуулийг хэрэгжүүлсэн байхад түүнийг шүүхээс сонсох ажиллагаа явуулжээ гэж дүгнэсэн мөн шүүх шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдаж ажиллах зарчмыг баримтлаагүй болох нь харагдаж байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг үндэслэн гаргах тушаалаа Б.А-д танилцуулаагүй талаар маргасан боловч шүүхээс дүгнэлт өгөөгүй болно.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иймд ёс зүйн хорооны 2017 оны 01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ” гэж дүгнэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дэх заалтад “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, бол илт хууль бус акт гэж үзнэ гэж, мөн 47.3 дахь хэсэгт “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.” гэж тус тус заасан дээр дурдсанчлан зохиомол байдал бий болгон зөвхөн гомдолд тулгуурлан нотлох баримтгүйгээр дүгнэлт гаргаж, түүнчлэн гаргасан дүгнэлтдээ тааруулан нэр бүхий албан хаагчдын гомдлыг нөхөн бүрдүүлж, “Б.А”-д Ёс зүйн хорооны дүгнэлт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдаж байна.

Шүүхээс сахилгын шийтгэл оногдуулсан тушаалд заасан нэрийн “Б...” гэснийг “Б...” гэж залруулсныг дурдаж тушаалыг зөвтгөн тайлбарласан мөртлөө маргаан бүхий Ёс зүйн хорооны дүгнэлт өнөөдрийг хүртэл “Б.А”-д холбогдон үйлчилж байгаад дүгнэлт өгөөгүй нь илт хууль бус захиргааны акт болохыг нотолж байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс Стандарт, хэмжил зүйн газрын дарга, Стандарт хэмжил зүйн газрын дэргэдэх Ёс зүйн хороог хариуцагчаар татан маргасан. Гэвч шүүхийн шийдвэрт зөвхөн Стандарт, хэмжил зүйн газрын даргад холбогдох маргааныг шийдвэрлэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авснаар энэхүү маргаан 2 хариуцагчтай болсон.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн зүгээс Стандар, хэмжил зүйн газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны ярианы бичлэгийг 16 хуудас бичмэл хэлбэрийн тэмдэглэл болон бусад нотлох баримтыг шүүхэд гаргасан өгснийг шүүх хүлээн авсан. Гэтэл хүлээн авсан нотлох баримтыг шүүгч анхан шатны шүүх хуралдаан дээр шууд нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн. Нэгэнт шүүх нотлох баримт хэрэгт авагдсан тохиолдолд шүүгчийн шийдвэрээр нотлох баримтаас хасах асуудлыг шийдвэрлэх ёстой байтал шууд шүүх хуралдаан дээр амаар хассан нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхээс Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан сахилгын шийтгэл ногдуулсан нь хариуцагч хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд гаргасан шийдвэр байна...” гэж дүгнэжээ.

Эцэст нь дахин хэлэхэд шүүхээс байгууллагын даргын шийдвэр гаргах эрх хэмжээний тухайд нэхэмжлэгч маргаагүй харин шийдвэрийн үндэслэлийг зохиомлоор бий болгосон, илт хууль бус актыг үндэслэсэн, байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн эрхийг хангаж оролцуулаагүй тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнийг шударга шүүхээр тогтоолгож өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхийг хүссэн.

Мөн шүүхээс “Төрийн албаны ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтыг зөрчсөн тул ... Ёс зүйн хорооны дүгнэлт нь холбогдох хууль журамд нийцсэн байна гэж үзлээ.” гэсэн нь “Төрийн албаны ёс зүйн дүрэм”-ийн хүрээнээс хальж дүгнэлт хийсэн байна. Харин Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар албан бичиг Үйлдвэрчний хорооны даргын үйл ажиллагаанд зөвлөмж өгсөн байгааг нотлох баримтаар үнэлээгүй байна.

Иймд дээрх гомдлыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч Б.А-аас “Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/119 дүгээр тушаалаар Б.А-д сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, тус газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “маргаж буй захиргааны актуудын үндэслэл болсон баримтууд нь хууль тогтоомжийн дагуу үндэслэлтэй гарсан эсэх болон захиргааны байгууллага шийдвэр гаргах үйл ажиллагаандаа холбогдох хуулийг баримталсан эсэх, сахилгын шийтгэл ногдуулахдаа хэрхэн нотолж тогтоосон зэргийг тогтоолгож, өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээлгэхээр хандаж байна” хэмээн тайлбарлан маргажээ.

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж тус тус нотлох баримт гаргах, цуглуулах, хэрэгт хамааралгүй гэж үзсэн нотлох баримтыг нотлох баримтаас хасах талаар тодорхой хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс Стандарт, хэмжил зүйн газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлын ярианы бичлэгийг бичсэн 16 хуудас тэмдэглэл, тус газрын албан хаагч болох нэр бүхий хүмүүстэй нэхэмжлэгч утсаар ярьсан ярианы бичлэг бичсэн 4 хуудас тэмдэглэл, 2 ширхэг CD-г нотлох баримтаар гаргаж өгснийг хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй баримт гэж үзэж, нотлох баримтаас хасч шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг баримтлан шийдвэрлэх ёстой байхад энэ заалтыг хэрэглэхгүйгээр мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан үндэслэл гэж үзнэ.

Тодруулбал, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтуудыг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж буй нөхцөлд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу шийдвэрлэж, хуульд заасан гомдол гаргах эрхийг хангах ёстой. Гэтэл энэ эрхийг олголгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

2. Нэхэмжлэгчээс маргаж буй тушаалын үндэслэл болсон тус газрын дэргэдэх Ёс зүйн хорооны дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага болгон шүүхэд хандсан байх ба Ёс зүйн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаас 01 дүгээр дүгнэлт гаргахад нэр бүхий хүмүүсийн өргөдөл, хүсэлт, гомдлыг хуралдаанаар хэлэлцэж, нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.А-аас “...гомдол гаргасан хүмүүсээс зарим хүн өөрөө бичиж өгөөгүй нь шүүхэд өгсөн баримтаар нотлогдоно, гомдол гаргасан гэх хүмүүсээс нэг ч хүн хуралд оролцоогүй, Б.А-тай холбоотой гэх тус газрын ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтүүд нь цаг хугацааны хувьд ижил хугацаанд, зарим нь тухайн хурал болсон өдөр гаргасан, зарим нь хурлаас хойно гаргасан, Д.Б, Б.П, С.Б, Г.Б, Д.Б, Б.Б нарын өргөдлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориулан нөхөн бүрдүүлж хийсэн болох нь нотлогдож байгаа. Ёс зүйн хорооны хурал болоход өргөдөл өгөөгүй байсан хүмүүсийн гомдол шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон. Үүнийг шүүх анхаарч үзэж дүгнэлт хийлгүйгээр нэг талыг барьсан, нотлох баримтыг буруу үнэлсэн нь илэрхий байна...” гэсэн гомдолд дурдсан тайлбараас үзэхэд хэрэгт авагдсан баримтуудаар Ёс зүйн хороонд гомдол гаргасан гэх хүмүүсийн хэн нь өөрөө бичсэн, хэн нь бичээгүй, хэний гомдлыг нөхөн бүрдүүлж хийсэн, хурал болсон өдөр ирсэн гомдлыг хэрхэн хүлээн авч, ямар журмаар шийдвэрлэсэн эсэхийг тогтоох боломжгүй, энэ нь нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх нэг үндэслэл болсон байх тул энэ талаар тодруулж, шаардлагатай гэж үзвэл нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, дээрх нөхцөл байдлыг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг хасч шийдвэрлэсэн атлаа хассан гэх баримтуудаа давж заалдах шатны шүүхэд хавсаргаж ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3, 114.4, 114.5-д заасныг зөрчсөн байна.

Иймд, давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ