Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/0410

 

 

 О.Бын нэхэмжлэлтэй, Нийслэлийн

 Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга,

 тус дүүргийн Газар зохион байгуулалтын

 албанд тус тус холбогдох захиргааны

 хэргийн тухай

 

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                  Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                     Г.Банзрагч,

                                                М.Батсуурь,

                                                Х.Батсүрэн,

            Илтгэгч шүүгч:            Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Газрын албаны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэн О.Бын нэрээр бүртгэгдсэн кадастрын мэдээллийг өөрчилсөн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Газрын албанд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийн дагуу эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгуулж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай захирамжийн иргэн Ө.Бд, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн иргэн Ө.Б, Д.Г нарт холбогдох хэсэг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 дүгээр захирамжийн Б.Нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн иргэн Ө.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18ы өдрийн 128/ШШ2020/0334 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 498 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, гуравдагч этгээд Б.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Д.Г, Ө.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18ы өдрийн 128/ШШ2020/0334 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч О.Баас Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Газрын албаны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэн О.Бын нэрээр бүртгэгдсэн кадастрын мэдээллийг өөрчилсөн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Газрын албанд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийн дагуу эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгуулж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай захирамжийн иргэн Ө.Бд, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн иргэн Ө.Б, Д.Г нарт холбогдох хэсэг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 дүгээр захирамжийн Б.Нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн иргэн Ө.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 498 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Бын өмгөөлөгч А.Мгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.  

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Иргэн О.Бын Хан-Уул дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 0334 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 498 дугаар магадлалыг эс зөвшөөрч хууль буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Шүүхүүдээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасанчлан захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтлах ёстой гэж дурдсан бөгөөд яг энэхүү заалтын агуулгаас үзэхэд хариуцагч ХУД-ын газар зохион байгуулалтын албаны явуулсан үйл ажиллагаа болох нэхэмжлэгчийн ах О.Бын өмчлөгчөөр бүртгэгдсэн мэдээллийг өөрт олгогдсон хуулийн эрхгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн танилын гуйлтын дагуу хууль бус зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн албан тушаалтан байхад уг үйл баримтыг үнэлээгүй, тухайн газрыг дахин эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй баримт, гэрч Д.Шгийн өгсөн мэдүүлгээр нотлогдож буй үйл баримтыг нотлогдож байгаатай холбогдуулан Газрын тухай хуулийн 31.2. Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3.Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна., 33.4.Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг тайлбарлан хэрэглээгүй.

5. Гуравдагч этгээд Ө.Бн журмын дагуу гаргасан газар эзэмших хүсэлтийг үндэслэж гаргасан маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэж байгаа нь хуульд нийцүүлсэн юм шиг хийсэн хариуцагч, гуравдагч этгээдийн үйлдлүүдийг хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч болон түүний ах Б.Болдын нэр дээр газар өмчлөх, эзэмших шийдвэр гарч ирээгүй тул эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг хариуцагчийн зүгээс гаргаагүй гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан зарчмуудыг алдагдуулсан, бодит байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаж буй газрыг О.Б өмчилж байсан О.Б амьдарч, хамгаалж, эзэмших хүсэлт гаргаж байсныг хариуцагч нарын зүгээс нотлох баримтуудыг устгах, бусдад хууль бусаар өгсөн байдлыг харгалзан үзэж дээрх хуулийн агуулгатай холбон тайлбарлан хэрэглээгүй нь буруу болсон гэж үзэж байна.

6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 0334 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 498 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

            7. Анхан болон давж заалдах шүүхээс маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.  

            8. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 25 дугаар гудамжны 577 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг иргэн Ө.Бд, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар мөн хаягт тус бүр 350 м.кв газрыг иргэн Ө.Б, Д.Г нарт эзэмшүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар Д.Ггийн эзэмшлийн 350 м.кв газрыг иргэн Б.Нд шилжүүлэн эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар Ө.Бд газрыг өмчлүүлж тус тус шийдвэрлэжээ. 

            9. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 32.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж тус тус зааснаар иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаж, газар эзэмшүүлэх шийдвэр гарсан бол эрх бүхий этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулж, зөвхөн эрхийн гэрчилгээгээр газар эзэмших эрхтэй байна.

            10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.Б болон түүний ах О.Б нараас маргаан бүхий Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 25 дугаар гудамжны 577 тоот хаягт байрлах газрыг эзэмших, өмчлөх тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад гаргаж байгаагүй, О.Бын нэр бүхий 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн огноо бүхий нэгж талбарын 18635306359054 дугаартай газрын байршлын кадастрын зураг нь гарын үсэггүй, тамга дарж албан ёсоор баталгаажаагүй, О.Б нь 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан, мөн нэхэмжлэгч О.Б нь 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Япон Улсад зорчоод, 2008 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад буцаж ирсэн, тэрээр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 25 дугаар гудамжны 509, 577 тоот хаягт бүртгэлтэй боловч тус хаягт оршин сууж байгаагүй, маргаан бүхий газарт 2009 оноос хойш гуравдагч этгээд Ө.Б, Д.Г нар, 2018 оноос Б.Н /577А тоотод/ оршин сууж ирсэн, түүнчлэн нэхэмжлэгчээс газар эзэмших хүсэлтийг нь шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад өргөдөл, гомдол гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогджээ.

            11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор, 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр хуульчилсан.

            12. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг дүгнэхэд, нэхэмжлэгч О.Б болон түүний ах О.Б нар нь маргаан бүхий газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших, өмчлөх хүсэлтийг дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад гаргаж, газар эзэмших, өмчлөх гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмшиж, өмчилж байгаагүй нь тогтоогдсоны гадна нэхэмжлэгчээс, тус газрыг эзэмшихээр гаргасан түүний хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй гаргасныг нотлоогүй, мөн  нэхэмжлэгч болон бусад хууль ёсны эрх бүхий этгээдээс О.Бын өвийг хүлээн авах хүсэлтийг нотариатч, эрх бүхий этгээдэд хандан гаргаж байгаагүй байна. Түүнчлэн хариуцагч нараас, тухайн газар дээр амьдарч буй гуравдагч этгээд Ө.Б, Д.Г, Б.Н нарын газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж гаргасан газар эзэмшүүлж, өмчлүүлсэн захирамж, шийдвэрүүд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай тус тус нийцсэн байна.

            13. Иймд маргаан бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар захирамжийн Ө.Бд холбогдох хэсэг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн Ө.Б, Д.Г нарт холбогдох хэсэг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/244 дүгээр захирамжийн Б.Нд холбогдох хэсэг, мөн газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн Ө.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, нэхэмжлэгч О.Бд тухайн газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

            14. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...шүүхүүд хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0334 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19ий өдрийн 498 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.    

           

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ

     ШҮҮГЧ                                                             Б.МӨНХТУЯА