Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00645

 

 

Д.Андрейгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00005 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 528 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д. Андрейгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Отгонбаярт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Ц.Отгонбаярын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Андрей, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Андрей шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Отгонбаяртай 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор зээлдүүлсэн.

Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ц.Отгонбаяр нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймд зээлд 4 000 000 төгрөг, хүү 2 000 000 төгрөгийн хамт, нийт 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Андрейтай байгуулсан гэрээнд надад маргах зүйл байхгүй, үндсэн зээлд нэхэмжилсэн 4 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Харин зээлийн алданги болон хүүд нэхэмжилсэн 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас хүү, алданги 2 000 000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгавал үндсэн зээл 4 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00005 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Отгонбаяраас 6 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Андрейд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Андрейгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Отгонбаяраас 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Андрейд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 528 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Отгонбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ц.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Андрей нь хариуцагч Ц.Отгонбаяраас зээл 4 000 000 төгрөг, алдангид 2 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч маргаж, үндсэн зээл 4 000 000 төгрөгийг төлнө, алдангийг зөвшөөрөхгүй гэжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2 000 000 төгрөгийг зээлийн хүү гэж дурьдсан боловч энэ нь хүү бус алданги болохыг шүүх хуралдаан дээр тайлбарлажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын бичгээр байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Д.Андрей нь Ц.Отгонбаярт 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг зохигчид маргаагүй байна. Гэрээний хугацаа 4 сар, сар бүр 7 хувийн хүү төлөх, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги тооцох нөхцөлийг талууд тохирч, гэрээнд тусгасан байна.

Шүүх маргааны үйл баримтад хамаарах Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 222 дугаар зүйлийн 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй гэж үзнэ.

Хариуцагч Ц.Отгонбаяр нь зээл, хүү төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул алданги төлөх үүрэг үүссэн байх ба хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгчийг анз төлөхөөс чөлөөлөх үндэслэлгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00005 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 528 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА