Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 528

 

Д.Андрейгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00005 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д. Андрейгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Отгонбаярт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Андрей

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Андрей шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ц.Отгонбаяртай 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, сарын 7%-ийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5%-ийн алданги тооцохоор зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ц.Отгонбаяр нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд зээлд 4 000 000 төгрөг, хүү 2 000 000 төгрөгийн хамт нийт 6 000 000 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Андрейтай байгуулсан гэрээнд надад маргах зүйл байхгүй, үндсэн зээлд нэхэмжилсэн 4 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн алданги болон хүүд нэхэмжилсэн 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас хүү, алданги 2 000 000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгавал үндсэн зээл 4 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Отгонбаяраас 6 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Андрейд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Андрейгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Отгонбаяраас 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Андрейд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Отгонбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үнийн дүнгийн зарим хэсгийг үл зөвшөөрч байна. Д.Андрейгаас  4 000 000 төгрөг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алдангид нэхэмжилсэн 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Андрей нь хариуцагч Ц.Отгонбаяраас зээл 4 000 000 төгрөг, алдангид 2 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч  үндсэн зээл 4 000 000 төгрөгийг төлнө, алдангийг төлөхгүй гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж Д.Андрей нь Ц.Отгонбаярын  өмчлөлд 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нь 4 сарын хугацаанд сар бүр 7 хувийн хүү төлөхөөр, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож талууд гарын үсгээ зурсан. Зээлийн гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт нийцжээ.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ц.Отгонбаяр зээл, хүү төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдсон.

 

Зээлдэгч 4 000 000 төгрөгийг буцаан төлөх үүрэгт маргаагүй. Харин алданги  2 000 000 төгрөгийг төлөхгүй гэж татгалзсан ч татгалзлалынхаа үндэслэлийг тайлбарлаж нотлоогүй байна. Д.Андрей нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүүд 2 000 000 төгрөг шаардсан ч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж алдангид 2 000 000 төгрөг шаардсан болох нь  анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогджээ.

 

Хариуцагч  буюу зээлдэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэж мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 2 000 000 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Отгонбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

     ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

          Ш.ОЮУНХАНД