Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 00306

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид Ц.Алтангадас, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Иргэдийн төлөөлөгч Ш.Цэнд-Аюуш,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогч Д.Х,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Ганбат, Н.Тэрбиш,

Шинжээч эмч Ч.Эрдэмболор, С.Чулуунсүх,

Гэрч Г.Нямжав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд, Д.Содномдорж,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимднээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 201722000247 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 05 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын захиргааны байрны гадаа Д.Нмаргалдан улмаар түүнийг зодож алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 05 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын захиргааны байрны гадаа Д.Нмаргалдан улмаар түүнийг зодож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “… Тухайн өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай суманд Хөвсгөл аймгийн тамгын газраас дотоод хяналт аудитын шалгалт очсон...Нараа дарга утасдаад чи хүрээд ирээч шалгалтын хүмүүс явах гэж байна гаргаж өгье гээд дуудсан. Би гэртээ дөнгөж орж ирээд хоолоо ч идээгүй байна гэхэд болохоороо хэлье чи бэлэн байж байгаарай гэсэн. Тэгээд байж байтал дахиад залгаад хурдан хүрээд ир гэхээр нь би Уламбаатар даргын 2 давхар буудлын гадаа очиход Ганбаатар дарга, Нараа дарга, Нарантуяа нягтлан гурав миний машинд суусан. Хоёр Өлзийжаргал, Насанжаргал гурав Ж.Өлзийжаргалын машинд суугаад доошоо 2 хясаа өнгөрөөд Мөрөн явах зам гараад зогссон. Шалгалтын хүмүүс араас ирсэн. Ганбаатар дарга 1 шил болор архи гаргаж ирээд тойруулчих гээд надад өгсөн. Би нөгөө архийг нь тойруулахад уух хүн байхгүй байсан. Энэ хүмүүс уухгүй байна, чи тойруул гээд Насанжаргалд өгсөн. Дараа нь Нараа дарга бүх хүмүүст гурав гурав татуулаад архи ч дууссан. Шалгалтын хүмүүс ч явсан. Бид нар машиндаа суугаад сумын төв ороход Нараа дарга бүгдээрээ ганц шил архи уучихаад тарцгаая гэсэн. Тэгээд Нараа дарга намайг ахын дүү яваад нэг шил архи аваад ир ах нь маргааш мөнгийг нь өгье гэсэн. Тэгээд би дэлгүүр ороод нэг шил болор, нэг кола, уут чихэр аваад захиргаан дээр ирэхэд тамгын даргын өрөөнд сууцгааж байсан. Тэгээд нөгөө архиа тойруулаад Нараа дарга босоод шалгалт амжилттай өнгөрлөө гээд сэтгэл нь хөдлөөд үг хэлсэн. Архиа дуусаад харьцгаая гээд тамгын даргын өрөөнөөс гарахад Нараа дарга манай өрөөнд орцгооё гээд түрүүлж гараад өрөөндөө оруулсан...Нараа дарга би 00 орлоо гээд гуйваад гараад явсан. Тэгтэл Нарантуяа юм руу уначихвий чи араас нь гараач гэхээр нь би гарсан. Намайг гадаа гарахад Нараа дарга тамхи асаагаад 00-руу явж байсан. Би бас тамхи асаагаад бид 2 шээгээд тамхиа татсан. Тэгсэн Нараа дарга ах нь чамд юм хэлье. Одоо ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байна. Чи шинэ даргыг дэмжиж ажиллана шүү гэхээр нь би ажлын талаар таны үгнээс гардаггүй. Тийм зүйл дээр таны үгэнд орж чадахгүй. Би тийм юм сонирхдоггүй гэж хэлсэн. Тэгтэл Нараа дарга уурлаад чи их том болжээ муу гөлөг гэсэн. Тэгэхээр нь одоо явъя би таныг хүргэж өгөөд харилаа гээд урагшаа явахад араас чи муу гөлөг юу гээд томроод байгаа юм гээд миний араас ухас хийсэн. Тэгэхээр нь би баригдахгүй гээд урагшаа ухас хийхэд барьж авах гэж байгаад ард унасан. Би босгох гээд эргэтэл өөрөө босоод ирсэн. Захиргааны хаалгаар орох гээд хаалга онгойгоход араас ирээд бариад авсан. Тэгээд үүдэн дээр ноцолдоод намайг цохих гээд би 2 гарнаас нь бариад өөрийгөө хамгаалсан. Тэгсэн миний нүдний шилийг аваад шидсэн. Тэгээд дотор ороод би нүдний шилээ хайгаад кордорт сууж байгаад ортол Нараа дарга сахиулын өрөөний цаанаас ирээд чи муу гөлөг гээд намайг бариад авсан. Би 2 ханцуйнаас нь бариад өөрийгөө хамгаалаад бултсан. Тэгээд чи муу хулгайчийн хүүхэд гэхээр нь та ч гэсэн хулгайч гээд үгийг нь дагуулаад хэлсэн. Тэгээд цаанаас Нарантуяа, Өлзийжаргал 2 гарч ирээд Баагийг дуудсан. Баагий гарч ирээд салгах гээд дундуур орж ирсэн. Нараа дарга намайг заамдаад тавихгүй байсан. Баагийгийн дээгүүр миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Баагий надад 00-н цаас өгөөд би цусаа арчсан. Тэгээд над руу дайраад муудалцах гээд байх юм байна гээд захиргааны арын хашаагаар гараад машинаа асаагаад гэрлээ тавихгүй эргэсэн. Тэгээд гэр рүүгээ өгсөөд явж байтал Анхбаярынх гэрэлтэй байхаар нь тэднийд ороод 2 аяга хоол халааж идээд хэсэг сууж байгаад гэртээ харьсан. Машинаа тавиад гэртээ орж ирээд хэвтэж байснаа Нараа ахыг хүргэж өгнө гээд хэлсэн гэж бодоод буцаад захиргаа орсон. Захиргааны хаалга явган зам хоёрын дунд Нараа ах хэвтчихсэн хурхирч байсан. Баагий сандал дээр суучихсан байсан. Тэгээд Нараа дарга унтаад байгаа юм уу хоёулаа хүргэж өгөх үү гэхэд чи яагаад хүрээд ирж байгаа юм. Чамайг харахаар чам руу дайраад унана чи яв, яв хэсэг унтаж байгаад сэргэхээр нь би хүргээд өгье гэсэн. Тэгээд би гэртээ харьсан. Маргааш өглөө нь 9 цагт би техникын үзлэг дээр байж байтал Нарантуяа залгаад Нараа даргын бие муу байгаа гэнэ гэж хэлсэн. Би хүний мотоцикль гуйж унаад очсон. Тэгэхэд Хадаа ах, Дамиа ах, Нэргүй багш, Нямжав багш байсан. Тэгээд Нямжав эгч чи ахыгаа хүргэж өгнө гэчихээд хүргээд өгчихгүй чадахгүй байсан юм бол ирээд ав гээд хэлчихгүй яасан юм гэсэн. Би маргалдсан гэдгээ хэлэлгүй, би харин согтоод хүргэж өгч чадсангүй гэсэн. Тэр үед Нараа ахыг харахад сайн юм ярьж чадахгүй байсан. Гуурсаар цай өгч байсан. Тэгээд би тэнднийхээс ажил руугаа явсан...” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-8, 3-р хх-ийн 112-114 дүгээр хуудас/,

Хүний биед үзлэг хийх тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-16-р хуудас/,

       Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-33-р хуудас/,

       Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 35-37, 39-40-р хуудас/,

      Эд мөрийн баримтаар хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 43-р хуудас/,

      Цогцсыг оршуулсан газраас нь гарган, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 186-188 дугаар хуудас/,

       Дуу дүрсний бичлэг болон гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 115-116 дугаар хуудас/,

       Хохирогч Д.Хын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг очиход ЗДТГ-ын үүдэнд явган хүний зам дагуу сандлын урд талд газар хэвтчихсэн нэг хүн байсан. Түүний хажууд нэг хүн суучихсан байсан. Би тэгэхээр нь явж очоод харахад газарт хэвтэж байгаа хүн нь миний ах Д.Н байсан. Тухайн үед Д.Н ах түрүүлгээ харчихсан царай нь хөхөрчихсөн, хэл нь унжчихсан, өтгөн нь гарчихсан байдалтай байсан. Би тухайн үед сандарсандаа эргэж машин руугаа очоод машинаа захиргааны хашаа руу оруулах гээд гүйхэд тэнд байсан захиргааны сахиул Баагий гэх залуу ахыг минь алгадаад цохих чимээ гарсан. Тэгэхээр нь би буцаж гүйж очоод чи одоо зодоод байгаа юм уу гэсэн чинь амьсгалгүй болчихоод байна гэж хэлж байсан. Тэгээд би талийгаач ахыгаа дээш харуулж хэвтүүлээд цээж нь дээр нь дарахад ах маань амьсгалж эхэлсэн. Би тэгээд тэр залуугаас ах маань яагаад ийм байдалд орчихсон юм бэ гэж асуухад шөнийн 02 цагаас хойш Д.Н ах ийм байдалтай байлаа Н.Б хөмсөг рүү нь цохичихсон гэж хэлж байсан...Дахиж шинжилгээ өгөхөөр шарилыг нь дахин ухаж дүгнэлт хийсэн. Нэгэнт оршуулсан хүнээ шарилыг нь дахин ухна гэхэд манайхан дургүй байсан. Дахиж шинжилгээ хийхгүй бол болохгүй гээд иксукмац хийсэн. 903, 906 дугаар дүгнэлт дээр тархины гэмтэл гэсэн оноштой гарсан. Гадны нөлөөгөөр нас барсан гэдэг нь тодорхой байсан. Арав гаруй эмч бүтэн өдөржин үзээд амь насыг нь аварч чадаагүй. Амь насыг нь аврах боломжгүй болтлоо гэмтэл авсан байсан. Шургаж унасан бол зулгаралт үүссэн байх ёстой. Нүднийх нь хонхор хэсэг зулгарсан байсан. Толгойны баруун талд овгор нь гадны нөлөөнөөс болж үүссэн байгаа. Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын хамт олонд гомдолтой байгаа. Маш их харамсаж байна. Манай ар гэр 1 жил 7 сарын хугацаанд сэтгэл санааны хувьд маш хүнд байсан. Нэхэмжлэлийн хувьд оршуулгын зардал ороод нийт 25.883.317 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нөхөр маань өглөө 8 цаг 50 минутын үед ажилдаа явна гээд гарсан. Тухайн өдөр нөхрийн маань ажил дээр Мөрөнгөөс аудит шалгалт ирсэн байсан. Тухайн өдрийн 13 цагийн үед нөхөр маань өдрийнхөө цайг уухаар гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ хэвийн байдалтай байсан. Шөнийн 03 цаг 30 минутын үед намайг сэрэхэд талийгч нөхөр маань ирээгүй байсан. Би тэгэхээр нь Н.Б рүү залгахад утсаа авахгүй байсан. Түүнийг утсаа авахгүй болохоор нь хэсэгхэн байж байгаад дахиад залгахад утсаа салгаж байсан. Тэгэхээр нь 10 минут орчим болоод дахиад залгасан чинь Н.Бийн эхнэр нь утсыг нь аваад, Н.Б шал согтуу ирээд унтчихлаа. Та тайван байж байхгүй юу даа хүрээд ирнэ биз гэж хэлсэн. Би тухайн үед тайван байж чадахгүй байсан учраас Д.Х луу залгахад утсаа аваагүй. Тэгэхээр нь Д.Хын эхнэр Оюунчимэг рүү залгаад Д.Н ах чинь ирээгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд Д.Х талийгч нөхрийг маань авчрахаар захиргаа руу явсан. Удалгүй Д.Х дүү маань эхнэр Чимгээ рүү залгаад хүрээд ир, Д.Н ах болохоо больчихсон. Ухаангүй байдалтай байна гэж хэлсэн байсан үүнийг нь Чимгээ дүү маань надад хэлсэн. Тэгээд Оюунчимэг, Очирхуяг бид гурав Очирхуягийн машинаар захиргаан дээр явж очсон. Захиргаан дээр очиход талийгч нөхөр маань сандалын урд талд ухаангүй, амнаас нь хөөс сахарсан, хэлээ хазчихсан, бие нь хөрчихсөн, өтгөн нь гарчихсан байдалтай хэвтэж байсан. Тухайн үед талийгч нөхрийн маань хажууд захиргааны галч Баагий байсан. Би тухайн үед талийгаач нөхрийнхөө толгойг барьж үзэхэд толгой нь нойтон байсан. Тэгэхээр нь Баагийгаас яагаад толгой нь нойтон байгааг асуухад: би сэргээх гэж хүйтэн усаар норгосон гэж хэлж байсан. Тэгээд нөгөө хэдтэйгээ хамт талийгаачийг өргөж Очирхуягийн машинд суулгаад шууд гэртээ аваачсан...Би талийгаачтай 30 гаруй жил хамт амьдарсан. Их шударга хүн байсан. Шударга бус юмны талаар ярьж бухимддаг байсан. Дэмбээгийн талаар ярьж их бухимддаг байсан. Төрийн төлөө зүтгэж байсан хүн байгаа юм...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр...Бид нарыг архи, дарс ууж байхад ямар нэгэн хэрүүл, маргаан болоогүй. Тэгээд явах гэж байхад Д.Н дарга гараад явсан. Яг яах гэж гарсныг мэдээгүй. Түүний араас Н.Б гарч явсан. Энэ хоёрыг гарч явсан хойгуур С.Өлзийжаргал бид хоёр юм яриад үлдсэн. Тэгээд юм яриад сууж байхад 10-20 орчим минутын дараа Д.Н дарга гаднаас нүүр, царай, хувцас хунар нь тэр чигээрээ цагаан саарал шороо болсоор орж ирсэн, орж ирэхдээ Дэмбээ шиг хүүхэд тэгдэггүй л байхгүй юу гэж хэлсээр ууртай орж ирсэн. Түүнийг тийм байдалтай орж ирэхэд нь Өлзийжаргал өөрийнхөө өрөө рүү орж нойтон салфетка авчирсан. Тэгээд Өлзийжаргал бид хоёр нойтон салфетикаар толгойноос авахуулаад доош нь өмд хүртэл арчсан. Наранбаартар даргын нүүрийг нь би хальт арчихад: хамар дээр нь /аль хэсгийг нь санахгүй байна/ шалбарчихсан байсан. Нүүрийг нь ихэвчлэн Өлзийжаргал арчсан, би голдуу хувцсыг нь арчсан. Д.Н даргын хувцсыг арчиж байхад дээгүүрээ өмссөн хүрэмнийх нь ханцуй хэсэг нь байхаа оёдлоо дагаад урагдчихсан байсан. Тэгээд Өлзийжаргал бид хоёр даргын хувцас хунарыг арчиж дуусахад Н.Б огт орж ирээгүй. Тэгээд бид гурав гэр лүүгээ явъя гэж ярилцаад Д.Н даргын өрөөнөөс гарсан. Д.Н дарга өрөөнөөсөө гарч ирээд манаачийн хаалгыг онгойлгоод намайг хүргээд өг гэж хэлээд эргэж байхад: дотор талын ордог хаалгаар Н.Б орж ирж таарсан. Тэгээд тэр хоёр шууд барилцаад авсан. Тэр хоёрыг барилцаад авах үед би Баагий бушуу гарч ирээрэй гэж хэлсэн. Тэгэхэд Баагий тэр хоёрын дундуур орсон. Энэ үед Өлзийжаргал гараад явчихсан байсан. Д.Н дарга, Н.Б хоёр үүдэнд таараад барилцаж аваад Баагийгийн дээгүүр доогуур цохилцсон. Би тэр үед айгаад гаднах хаалгыг онгойлгоод зогссон. Намайг гадаа зогсож байхад Н.Б, Д.Н нар хоорондоо барилцсан чигээрээ л маргалдаад байгаа бололтой зогсож байсан...Тэгээд Өлзийжаргал бид хоёр захиргаа руу ороход: Д.Н дарга өрөөнийхөө тушаа маягтай сууж байсан. Харин Н.Б болохоор тамгын газрын даргын өрөөний маягтай сууж байсан. Баагий болохоор дунд сууж байсан. Тэгэж байхад Н.Б миний нүдний шил алга болчихлоо. Д.Наа чи төлж чадах юм уу гэж хэлж байсан. Тэгэхээр нь Өлзийжаргал бид хоёр буцаж гараад Н.Бийн нүдний шилийг хайсан. Өлзийжаргал бид хоёр эхлээд жорлонгийн тийшээ хайхад нүдний шил нь олдоогүй. Тэгээд хайж байхад захиргааны урд талын хүн суудаг сандалны ард талын саадан дотор Н.Бийн нүдний шил хагараагүй байдалтай газарт байхаар нь Өлзийжаргалыг саад руу оруулж авахуулсан. Тэгээд Өлзийжаргал бид хоёр буцаж захиргаа руу ороод Н.Бд нүдний шилийг нь өгөөд буцаад гарсан. Гадаа гараад байж байхад Баагий, Д.Н дарга хоёр гарч ирсэн. Харин Н.Б гарч ирээгүй. Баагий, дарга гадаа гарч ирээд захиргааны урд талын сандал дээр суусан. Тэгээд Н.Бийг хаачсан юм бол гэж бодоод ганцаараа захиргаа руу орсон. Намайг захиргаа руу ороход Н.Б байхгүй байсан. Тэгээд буцаж гарч ирээд Өлзийжаргалд Н.Б байхгүй байна гэж хэлээд Өлзийжаргал руу очиж явахад Н.Бийн машин асаад хөдөлж байсан. Тухайн үед Н.Б арын хаалгаар гараад явчихсан юм байна лээ. Өлзийжаргал бид хоёр Н.Бийг машинаа гэрэлгүй асаагаад хөдөлгөж байсан учраас түүнийг хаашаа явахнуу үгүйг харж зогсож байхад Н.Б машинтайгаа захиргааны ард талаар тойроод Амаа даргын буудлын харалдаа очоод зогсчихсон. Н.Бийг машинтайгаа зогсох үед Баагий очиж уулзаад буцаад явсан. Түүнийг явсны дараа Н.Бийн машин асаад дээшээгээ хөдлөөд явсан. Тэгээд Баагийг буцаад ирэхээр нь Өлзийжаргал бид хоёр түүнтэй очиж уулзаад: чи Д.Н даргыг хүргээд өгчихөөрэй, Нараа дарга одоо яаж байна гэхэд: сандал дээр хэсэгхэн суугаадахъя гэсэн. Би хэсэгхэн сууж байгаад хүргээд гэж хэлж байсан. Тэгээд Өлзийжаргал бид хоёр тэндээсээ салаад гэр лүүгээ явсан. Би гэртээ хариад унтаж амарсан...Д.Н гарч явах үедээ зүгээр хэвийн байдалтай байсан. Гарчаад орж ирэхдээ л аймаар зүс царайтай, хувцаснууд нь битүү шороо болчихсон орж ирсэн. Орж ирэхдээ Дэмбээ шиг хүүхэд тэгдэггүй л байхгүй юу гэсээр орж ирээд сандал дээр сууснаа: хулгайч Нанзадын шээс гээд хэлж байсан...Би Д.Н даргыг орж ирэх үед та яачихваа гэж асуухад: надад юу ч хэлээгүй. Д.Н даргын байгаа байдал, амнаас нь гарч байгаа үгнээс дүгнэхэд Н.Бтэй муудалцаж зодолдсон юм болов уу гэж бодсон...Д.Н дарга галч Баагийг хүргээд өг гэж дуудчихаад эргэж байхад Н.Б гаднаас орж ирж таарсан. Тэгээд тэр хоёр учиргүй шууд барилцаад авсан. Би тэр үед Баагий бушуу гарч ирээрэй гэж хэлсэн. Тэгэхэд Баагий гарч ирээд тэр хоёрын дундуур орсон. Д.Н дарга, Н.Б хоёр үүдэнд таараад барилцаж аваад Баагийгийн дээгүүр, доогуур цохилцоод байх шиг байсан. Бие, биенийгээ онож цохисон үгүйг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-59 дүгээр хуудас/,

Гэрч С.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Н дарга жорлон орчихоод ирье гэж хэлээд гараад явсан. Түүнийг гарч явахад Н.Б Нараа дарга уначихаж магадгүй гээд араас нь гарсан. Тэр хоёрыг гарч явсны дараа би Нарантуяа нягтлантай юм яриад байж байхад барагцаагаар 10 минутын дараа Д.Н дарга хаалга татаад орж ирсэн орж ирэхдээ Дэмбээ гэж хэлсээр нүүр царай, үс, хувцаснууд нэлэнхүйдээ битүү шороо болчихсон, өмсөж явсан пиджакны ханцуй нь урагдчихсан байдалтай орж ирсэн. Би тэгэхээр нь Д.Н даргын хажуугаар зөрөөд өөрийнхөө өрөөрүүгээ орж нойтон салфетка авчираад нойтон салфеткаар Д.Н даргын нүүр, царай, хувцсыг нь арчиж өгсөн. Даргын нүүрийг арчихад: хамарны зүүн хэсэг нь шалбарчихсан, зүүн хөмсөгний дээд тал нь овойчихсон байдалтай байсан. Тэгээд би даргын хувцас хунарыг арчиж дуусчихаад шууд гарч яваад Ганбаатар даргын гэрлүү очсон...Намайг буцаж очиход Н.Б захиргааны харанхуй коридорт: миний нүдний шил алга болчихлоо, чи миний нүдний шилийг төлж чадах юм уу гэж орилж байсан. Тэгэхээр нь Нарантуяа нягтлантай хамт буцаж гараад Н.Бийн нүдний шилийг хайсан. Би захиргаанаас гараад Нараа дарга жорлонруу явсан байж магадгүй гэж бодоод жорлонгийн тийшээгээ утасныхаа гэрлийг тусгаад хайж байтал Нарантуяа нягтлан нүдний шилийг нь олчихлоо, нүдний шил нь саадан дотор байна гээд намайг дуудсан. Тэгэхээр нь би захиргааны урд талын саадруу орж Н.Бийн нүдний шилийг аваад буцаад захиргаа руу орсон. Намайг захиргаа руу ороход Д.Н дарга өрөөнийхөө хаалганы эсрэг хананд суучихсан, захиргааны галч Баагий ах дунд нь суучихсан, Н.Б эсрэг талын хананы хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би Н.Бд нүдний шилийг нь өгсөн. Тэгээд намайг хэсэг зогсож байхад Д.Н дарга Билгээгийн аавыг хулгайч, Билгээг ч хулгайч гэж хэлж байсан. Н.Б болохоор Даваагийн Д.Н чи ч гэсэн хулгайч гээд нэг нэгэнтэйгээ босож ирээд хэрэлдсэн. Тэр үед Баагий ах салгах гээд дунд зогсоод байсан. Д.Н дарга Н.Б хоёр тэгснээ барилцаж аваад бие биенийгээ түлхсээр Нарантуяа эгч бид хоёрлуу дөхөөд ирсэн. Тэгэхээр нь Нарантуяа эгч бид хоёр айсандаа хаалгаар түрүүлээд гарсан. Бид хоёрыг гадаа байж байхад Д.Н дарга, Баагий ахтай хамт гарч ирсэн. Харин Н.Б гарч ирээгүй. Д.Н дарга гадаа гарч ирснийхээ дараа захиргааны сандал дээр суусан. Түүнийг суухаар нь Баагий ах, Нарантуяа эгч бид гурав түүний хажууд очиж зогссон. Тэгээд зогсоод байж байхад Нарантуяа эгч Н.Б яачихав түүнийг харчихаад ирье гээд захиргаа явж орсноо удалгүй гарч ирээд Н.Б алга байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь эргэн тойрноо харахад Н.Б захиргааны ард талын хаалгаар гараад машиныхаа тийшээ очиж байхаар нь Нарантуяа эгчид Н.Б машинруугаа очиж явна гэж хэлсэн. Н.Б машин дээрээ очоод машинаа асаагаад захиргааны хашааг тойроод яваад өгсөн. Нарантуяа эгч бид хоёр Н.Бийг согтуу машин унаад явчихаар нь түүний хаашаа явж байгааг харахад Амаа даргын буудлын урд талд улаан машины хажууд очоод зогсчихсон. Н.Бийг тэгэж зогсох үед нь Баагий ах Н.Б дээр очиж уулзсан. Удалгүй Баагий ах буцаж ирсэн. Н.Б ч машинаа унаад өгсөөд явчихсан. Баагий ахыг ирэхээр нь Нарантуяа эгч бид хоёр та Нараа даргыг хүргээд өгчих үү гэж хэлэхэд Баагий ах та хоёр харьж бай би Нараа даргыг хэсэгхэн гадаа суулгаж байгаад хүргээд өгчихье гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-63, 65-66 дугаар хуудас/,

Гэрч Ж.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өрөөндөө ороод унтаж байхад шөнийн 02 цаг өнгөрч байхад Д.Н дарга үүдээр шагайснаа Баагий ахын дүү босоод ир, ахыгаа хүргээд өг гэж байсан. Тэгэхээр нь би босоод хувцас хунараа өмсөөд өрөөнөөс гарахад Д.Н дарга Н.Бтэй хаалганы үүдэнд хоолойгоо боолцчихсон /заамдалцсан/ байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би салгах гэж тэр хоёрын дундуур орсон. Намайг өрөөнөөс гарч ирэхэд Нарантуяа эгч зогсож байсан. Харин Өлзийжаргал гараад явчихсан байсан. Тэгээд удаачгүй Нарантуяа эгч гараад явчихсан. Д.Н дарга, Н.Б хоёр бараг 10 орчим минут өөд өөдөөсөө арцалдаад барилцаж авсан. Би тэр хоёрыг арайчүү салгах үед Д.Н дарга хальтраад дөрөв хөллөөд унасан. Тэгээд би Н.Бийн хоёр гарнаас бариад хана руу түлхээд зогсож байсан. Тэгэж зогсож байхад Н.Б миний нүдний шил алга болчихлоо чи төлж чадах уу гэж Д.Н даргад хэлсэн. Д.Н дарга тэгэхэд шалан дээрээс хана түшиж босож ирснээ уурандаа шууд Н.Бийн нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. Тухайн үед Н.Бийн хамраас цус гарсан. Би тэгэхээрнь халаасандаа байсан нойлын цаасаа Н.Бд өгч цусыг нь арчуулсан. Тэгээд би Н.Бийг үүдний коридорлуу /пэствэл рүү/ түлхэж аваачаад хүчээр түлхсээр байгаад гадаа гаргасан. Н.Бийг гадаа байж байхад Д.Н дарга араас гарч ирсэн. Тэгэхээр нь би Д.Н даргыг шатаар буулгаад захиргааны урд талын сандал дээр аваачиж суулгасан. Тухайн үед Д.Н дарга өвдөг дээрээ сөхөрч сууж байсан. Энэ үед Нарантуяа эгч, Өлзийжаргал хоёр гадаа хараад зогсож байсан. Харин Н.Б эргэж захиргаа руу ороод хойд хаалгаар гараад машин дээрээ очоод машинаа унаад явж байсан. Н.Б машинаа унаад хөдлөөд Амаа даргын хашааны харалдаа зогсчихсон. Би тэгэхээр явж очоод уулзахад би өөрөө одоо ингээд харьчихъя чи яв яв гэж ярьж байсан. Тэгээд би буцаад Д.Н дарга, С.Өлзийжаргал, Нарантуяа нар дээр очсон. Намайг очиход С.Өлзийжаргал, Нарантуяа эгч хоёр: чи Д.Н даргыг хүргээд өгчихөөрэй гэж хэлээд яваад өгсөн. Тэр хоёрыг явсны дараа Д.Н дарга сууж байснаа газарт доошоогоо хараад хэвтчихсэн. Би тэр үед доошоогоо хараа янз бүр болчих юм болов уу гэж бодсондоо Д.Н даргыг хажуу тийш нь харуулж хөндөлдүүлж хэвтүүлсэн. Наранбаартар дарга хэвтчихээд л шууд хурхираад унасан. Би тухайн үед Д.Н даргыг хэсэг хэвтэж байгаад босоод ирэх болов уу гэж бодоод хажууд нь хараад сууж л байсан. Тэгээд шөнийн 04 цаг өнгөрч байхад Д.Н даргын дүү Хадаа эмч ирсэн. Хадаа эмчийг ирсний дараа бид хоёр Д.Н даргыг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Бид хоёр хоёулаа өргөөд машин руу оруулчихъя гэж бодсон боловч дийлээгүй. Хадаа эмчийг ирсний дараа Д.Н даргын царай нь хөхрөөд хэсэг амьсгаа нь тасалдсан. Тэр үед би цээжин дээр нь дарсан, тэгэхэд буцаад гайгүй амьсгаа орсон. Тэгээд байж байхад Хадаа эмч эхнэр лүү утасдаад хоёр хүүхдээ дуудсан. Удалгүй Хадаа эмчийн хоёр хүүхэд ирсэн. Хадаа эмчийн хоёр хүүхэд ирсний дараа бид дөрөв нийлээд Д.Н даргыг өргөх гэсэн боловч дийлээгүй. Тэгэхэд Хадаа эмч том хүү Хуягаагаа Нямжав эгчийгээ ээжтэйгээ дагуулаад ир гээд буцаагаад явуулсан. Удалгүй Хуягаа, Нямжав эгч, Чимгээ эгч хоёрыг дагуулсаар ирсэн. Тэгээд ирснийх нь дараа Д.Н даргыг бүгдээрээ нийлж өргөж байгаад Хуягаагийн машины хойд талд оруулж хэвтүүлээд шууд өөрийнх нь гэрт нь аваачсан. Би Д.Н даргыг гэрт хүргэж өгчихөөд шууд ажил дээрээ ирсэн...Н.Б талийгч Д.Ныг нилээн удаан буюу 4-5 минут боосон, би тухайн үед тавиулах гэж нилээн ноцолдож байж арайчүү тавиулсан. Намайг Н.Бийн боолтыг салгах үед талийгч унаад хана түшээд босож ирж байсан. Н.Б талийгч Д.Ныг боож байхдаа чамайг ална, урдуур чинь шаагаад хойгуур чинь хошногоор чинь гаргана гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-71 дүгээр хуудас/,

Гэрч И.Г-анбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Анх шалгалтаар ирсэн хүмүүсийг гаргаж өгөхдөө  1 шил болор нэртэй архи уусан. Уг архийг шалгалтаар ирсэн 5 хүн, манай гаргаж өгсөн 7 хүн хувааж уусан. Дараа нь манай өрөөнд 1 шил 0.75 литрийн архийг Д.Н дарга, Н.Б, Насанжаргал, Нарантуяа, Өлзийжаргал бид зургаа хувааж уусан. Сүүлд Д.Н даргын өрөөнд Болор нэртэй архийг хувааж уусан. Тухайн үед би архинаас их уугаагүй архины харшилтай юм...Намайг гэртээ очоод амарч байхад шөнийн 02 цаг 30 минутын орчим Өлзийжаргал, Нарантуяа нар ирчихсэн Д.Н дарга, Н.Б хоёр барилцаж авчихаад байна та салгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд намайг үг хэлэхийн завдалгүй тэр хоёр яваад өгөхөөр нь би тоолгүй унтаж  амарсан... Би 2017 онд тус сумын ЗДТГ-ын даргаар томилогдож ажилд орсноор Н.Б, Д.Н нарын удирдах албан тушаалтны хувьд албаны харилцаатай болсон. 2014 онд засвар хийгдэхэд одоо байгаа гадна төмөр хаалгыг шинээр хийсэн. Тухайн үед би ЗДТГ-ын даргаар томилогдоогүй байсан... Гадна төмөр хаалгыг одоо болтол солиогүй мөн пүрш нугас нь бас солигдоогүй... Ямар нэгэн хүн цохиулж гэмтэж байгаагүй... Яаж тэгэж хүн цохиулж нас барж байхав дээ, энэ хаалга тийм ч хүчтэй онгойж хаагддаггүй хэвийн хаалга...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73, 3-р хх-ийн 118-119 дүгээр хуудас/, 

Гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгэхээр нь би аавын машиныг унаад захиргаан дээр очсон. Намайг захиргаан дээр очиход талийгч Д.Н ахын өрөөнд Д.Н ах, Нарантуяа эгч, Өлзийжаргал, Өлзийсайхан, Н.Б нар вино тойруулаад уучихсан сууцгааж байсан. Би тухайн үед Д.Н ахыг явах уу гэхэд ах нь өнөөдөр шалгалт шүүлэг өглөө, шалгалтаа амжилттай өглөө, ах нь энэ хэдтэйгээ жоохон юм яримаар байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би за тэгвэл тэг, тэг гээд хүлээгээд сууж байсан. Тэгсэн чинь Н.Б ахын дүү сая Мөрөнгөөс ирсэн юм бол харьж бай ах нь Д.Н ахыг гэрт нь хүргээд өгчихье чи хамгийн гол нь хашааныхаа хаалгыг онгорхой орхиорой гэж хэлэхээр нь би тэгье, тэгье гээд гэрлүүгээ харьсан. Тэгээд би гэртээ хариад хэвтэж байгаад унтсан байсан. Намайг унтаж байхад ээж Оюунчимэг маань намайг сэрээгээд Д.Н ах нь ухаангүй байна гэнээ бушуухан босоод авчраарай гэж байсан. Тухайн үед 04 цаг өнгөрч байсан. Тэгээд би босоод талийгаачийн эхнэр Нямжав, ээж Оюунчимэг, дүү Ганхуяг нарыгаа аваад өөрийнхөө приус-10 маркийн машинтай захиргаан дээр явж очсон. Намайг очиход аав Д.Х маань захиргаан дээр оччихсон байсан. Бид нарыг захиргаан дээр явж очиход талийгч Д.Н ах явган хүний замын хажуу талд ухаангүй доошоогоо харчихсан, хэл нь унжчихсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд бид нар галт Баагийгийн хамтаар талийгч Д.Н ахыг миний машины хойд талын суудал дээр өргөж суулгасан. Анх намайг Д.Н ахыг авахаар очиход Д.Н ах ажлынхаа хүмүүстэй хамт өрөөндөө сууж байсан. Тухайн үед Д.Н ахын царай зүс хэвийн байдалтай, хамт байсан хүмүүстэйгээ юм яриад л сууж байсан. Түүнийг машин руугаа өргөж оруулсны дараа түүнээс өмхий үнэр үнэртэж байсан. Тэгээд түүнийг гэрт нь аваачаад хувцсыг нь тайлахад өтгөн нь гарчихсан байсан. Мөн хамар нь халцарчихсан, баруун талын шанаа халцарсан, баруун талын хөмсөг хавдсан, толгойны орой дээр хавдсан, баруун гарын хуруу шалбарсан, зүүн өвдөг хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-80 дугаар хуудас/,

Гэрч П.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өвчтөн Д.Нын хувьд манай тасагт хүргэгдэж ирснээсээ хойш огт ухаан оролгүй байсаар байгаад нас барсан. Өвчтөн Д.Н нь амь аврагдах боломжгүй байсан...Өвчтөний биед 3 удаа зүрхний цахилгаан бичлэг хийхэд хурц зүрх шигдээсийн шинж тэмдэг зүрхний бичлэгт илэрээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-87 дугаар хуудас/,

Гэрч Д.Бямбачулууны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Н ахын гэрт очиход Д.Н ах ухаангүй, гүн комын байдалд орчихсон, нүүр, хамар, уруулын гурвалжин хөхөрчихсөн, бүх бие хөрсөн, энд тэндээ зодуулсан гэмээр шархтай, толгойн орой хэсэг нь цохиулж хавдсан гэмээр шархтай хэл унжсан, амьсгал таталдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн өглөө үүрээр 04 цагийн үед байхаа намайг өөрийн гэртээ унтаж байхад талийгаач Д.Н ахын эхнэр Нямжав миний гар утас руу залгаад: Д.Н ах чинь ирээгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн нөхөр Д.Хыгаа сэрээгээд Д.Н ах гэртээ ирээгүй байна гэнэ. Чи захиргаа орчихоод ир гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр маань босоод хувцсаа өмсөөд машинаа асаагаад явсан. Удалгүй 5-10 минутын дараа нөхөр Д.Х маань миний утас руу залгаад хурдан хоёр хүүхдээ аваад Нямжав эгчийг аваад захиргаан дээр хүрээд ир гэж хэлчихээд утсаа салгачихсан. Тэгэхээр нь би хоёр хүүхдээ сэрээгээд гэрээсээ гарах гэж байхад Нямжав эгч манай гэрт орж ирсэн. Тэгээд Нямжав эгчийг аваад хоёр хүүхдийнхээ хамтаар хүү Очирхуягийнхаа машинтай захиргааны байран дээр очсон. Бид нарыг захиргааны байран дээр очиход талийгаач Наранбааатар ах захиргааны урд байдаг сандлын урд талд ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь юу болов гэхэд захиргааны галч Баагий гэх залуу шөнийн 2 цагаас хойш унтсан байдалтай байж байна гэж хэлж байсан. Тэгээд бид нар талийгаачийг өргөж хүү Очирхуягийн машинд оруулаад шууд гэрлүү нь авч явсан...Намайг захиргааны гадаа очиход талийгч Д.Н ах баруун хажуу талаараа харчихсан, хэл нь унжчихсан, амнаас нь хөөс сахарсан, хамарнаас нь цус гарч хатсан, хувцаснууд нь нилэнхүйдээ тоос шороо болчихсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-130 дугаар хуудас/,

        Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ц.Амарсайханы 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 63 дугаартай дүгнэлтэд:

       1. Амь хохирогч Д.Нын өмсөж байсан гэж хувцсанд шинээр үүссэн гэмтэл байна.           

       2. Пиджакны баруун болон зүүн ханцуйнд ханзралт, цамцны урд хэсэгт урагдалт тус тус татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх ийн 160-162 дугаар хуудас/,

      Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Тархийн комын байдал гэдэг нь ухаангүй, хариу урвалгүй болохыг хэлэх ба энэ тархины аксоны тархмал гэмтлийн шалтгаант гэмтэл юм. Тархины аксомын гэмтэл нь нэг буюу хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176-177 дугаар хуудас/,

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболд, Ц.Бадрал, Б.Ганзориг нарын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 906 дугаартай дүгнэлтэд:

      1. Талийгаач Д.Н нь тархины комын улмаас нас баржээ.

      2 .Шүүх эмнэлэгийн цогцос шинжилгээ болон шарил шинжилгээгээр тархины аксоны тархмал гэмтэл, хүзүүний 5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, баруун хацар, хамарт зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Тархины аксоны тархмал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд, хүзүүний 5-р нугалмын арын сэртэнгийн хугарал нь 2.3.1-д зааснаар хүндэвтэр, хамар ясны хугарал, баруун хацар, хамарт зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.Н нь тархины аксоны тархмал гэмтлийн улмаас тархи хавагнаж комд орж нас баржээ.

     3. Шинжилгээгээр амьсгал бүтэлтийн цочмог шинжүүд илэрээгүй. Тархины аксоны тархмал гэмтэл, комын үед ухаангүй, өтгөн гарах, унтаа байдалд орох зэрэг шинжүүд илэрдэг.

      4. Хөвсгөл аймгийн шинжээч эмч Р.Ням-Осорын 68 дугаартай шинжилгээний онош нь зүрхний цус хомсрол, титэм судасны хатуурал, нарийслын шалтгаант зүрхний зүүн баруун ховдлын шигдээс гэсэн байх ба шигдээс нь эд эсийн шинжилгээг давтан давтан харуулахад батлагдахгүй байна.

      5.  Талийгаач нь зүрхний цочмог дутагдлын улмаас нас бараагүй.

      6.  Хэрэгт хавсаргасан 2017.05.11-ний 20:05:18, 2017.05.11-ний өдрийн 21:01:58 цагийн зүрхний цахилгаан бичлэгт цочмог шигдээсийн шинж үгүй байна. Хэрэв зүрхний шигдээс байвал зүрхний бичлэгт илэрнэ.

      7. Тархины ком нь цогцос шинжилгээ болон эд эсийн шинжилгээгээр тархины их хэмжээний хавангаар илэрнэ.

      8. Д.Нын 2017.05.11-ний өдрийн тархины КТГ-д аалзан бүрхүүл доорхи зай багассан, тархины хаван, духны баруун хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, шинжилгээнд багтсан хүзүүний нугаламд 5-р нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл илэрсэн байна.

     9. Дээрх тархины аксоны тархмал гэмтэл, хүзүүний 5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, баруун хацар, хамарт зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

    10.Нугасны усны шинжилгээнд уураг хэвийн үед 0.033г/л байдаг. Тархины гэмтэлтэй холбоотой уураг ихэссэн байна.

     11. Д.Нт үхэлд хүргэх өвчин үгүй байна.

     12. Тархины гэмтэл нь үхэл өндөртэй, эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврах боломж багатай байдаг  гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-ийн 192-196-р хуудас/,

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Амартүвшин, Ч.Эрдэмболор, С.Чулуунсүх нарын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 125 дугаартай дүгнэлтэд:

     1. Талийгаач Д.Н нь тархины аксоны тархмал гэмтлийн улмаас тархи хавагнаж комд орж нас баржээ.

     2. Урьд гаргасан 68 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь эд эсийн шинжилгээний хариуг буруу үнэлсэнээс талийгаачийн үхлийн шалтгааныг оношлож чадаагүй байна. Харин 906 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, талийгаачийн үхлийн шалтгааныг зөв тогтоосон байна.

     3. Тархины аксоны тархмал гэмтэл гэдэг нь цохилт доргилтын улмаас толгой хүчтэй эргэх хөдөлгөөнд ороход тархины багана хэсэг бэхэлгээ сайтай учир энэ хөдөлгөөнөөс хоцорч түүний эдэд гэмтлийн өөрчлөлт гарахыг хэлнэ. Энэ нь тархины аксоны задрал бөгөөд жижиг голомтот цус харвалтуудтай хавсарч илэрнэ. Уг гэмтэл нь учирсан үед тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ба уг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Толгойн хэсэгт хүч үйлчилснээс үүсэх ба цохих, цохигдох, унах аль ч үед үүсэх боломжтой.

     4. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн эмчилгээ, оношлогоо зөв байна. Тархины аксоны тархмал гэмтлийн клиник шинж тэмдэг нь ком байдаг.

     5. Эд эсийн шинжилгээг дахин харуулахад талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн томрол, голомтот сорвижил, судас хатуурал өвчтэй байх ба зүрхний шигдээс тогтоогдохгүй байна.

      6. Талийгаачийн зүрхний цахилгаан бичлэгт шигдээсийн шинж тэмдэг илрээгүй байна. Шигдээс болсон голомтын хэмжээнээс хамаарч шинж тэмдэг нь харилцан адилгүй илэрнэ.

      7. Тархины аксоны тархмал гэмтлийн үед мэс засал эмчилгээ шаардлагагүй.

      8. Талийгаачид учирсан хүзүүний 5-р нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Энэ нь КТГ зурагт илэрсэн шинж тэмдэг, задлан шинжилгээний үед авсан фото зураг (№37) зэргээр батлагдаж байна. Харин бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 2 дугаар хуудас/,

      Шинжээч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Надад гаргасан дүгнэлтүүдтэйгээ холбоотой ярих зүйл алга байна. Тархины аксоны тархмал гэмтэл нь тархины эдэд учирч буй гэмтэл гэмтэл учраас мэс заслын эмчилгээ шаардлагагүй. Талийгаачид хийсэн зүрхний цахилгаан бичлэгт шигдээсийн шинж тэмдэг илрээгүй, шигдээс нь эд, эсийн шинжилгээгээр тогтоогдоогүй. Зүрхэнд шигдээс учирсан бол зүрхний цахилгаан бичлэгт ямар нэг хэмжээгээр өөрчлөлт илэрнэ. Хүзүүний сэртэнгийн хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр хамгийн багадаа нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 122-123-р хуудас/,

      Шинжээч С.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Талийгаачид хийсэн зүрхний цахилгаан бичлэгт шигдээсийн шинж тэмдэг илрээгүй, шигдээс нь эд, эсийн шинжилгээгээр тогтоогдоогүй. Зүрхэнд шигдээс учирсан бол зүрхний цахилгаан бичлэгт ямар нэг хэмжээгээр өөрчлөлт илэрнэ…Шинэ гэмтэлд зөөлөн эдийн цус хуралт үүссэн байдаг. Цус хуралт байхгүй байсан учраас хуучин гэмтэл гэж үзсэн. Томографын зургийг харьцуулсан байгаа зурган дээрээс нь харсан. Нугалмын яс ирсэн байсан. Зөөлөн эдийн гэмтэл эдгэсэн байсан. Тархины гэмтлийн нь хүн цохисон өөрөө унасан гэдгийг яагаад ч нарийвчлан тогтоох боломжгүй алинд нь ч үүсэх боломжтой...Амбулаторын картанд тусгагдсан 2017 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн томографын зураг хүзүүний биш цээжний нугаламууд харуулсан байгаа. Хугаралыг үзэхдээ бороолт үүссэн шинж байгаа эсэх талаар үзсэн. Нас барсны дараа үүссэн гэх шинж тэмдэг илэрээгүй. Хуучин гэмтэл байх боломжтой... гэх мэдүүлэг,

        Шинжээч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Талийгаачийн биед хийгдсэн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн томографын зураг байгаа. Тэр зураг болон шарил дахин шинжилсэн шинжилгээний фото зурагнаас хараад томограф болон фото зургийг харьцуулж үзээд зөрүүтэй байна гэж үзсэн. 5 дугаар нугламын сэртэнгийн хугарлын зөрүү их байх тусам удаан хугацаанд эдгэнэ. Хамгийн доод тал нь 3 сар болж байж эдгэх боломжтой...Шигдээс болсон голомтын хэмжээнээс хамаарч шинж тэмдэг нь харилцан адилгүй илэрнэ гээд дүгнэлтийн 6-д хариулсан байгаа. Шигдээс болсон тохиолдолд зүрхний цахилгаан бичлэгт шинж тэмдэг илрэх ёстой. Үхлийн шалтгааныг тогтоогоод байгаа анхны задлан шинжилгээний дээжийг эд эсийн шинжээчээр дахин харуулсан байгаа. Эд эсийн шинжилгээний хариу гараад үхлийн шалтгааныг тогтоосон байгаа. Ялзарсан цогцосноос эд эсийн шинжилгээ аваад ямар нэгэн хариу гаргаж тогтоох боломжгүй. Ком гэдэг нь тархины үхэнги байдалтай болсон гэсэн анагаах ухааны нэршил байгаа. Архаг хууч өвчтэй байх нь гэмтэлд нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг,

       Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар дүгнэлтэд:

       1.Н.Б нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй. Картнаас анамнезээс үзэхэд багаасаа унадаг байсан. Мөрдөнд байхад нэг удаа унасан. Тиймээс унадаг өвчтэй /эпилепси/ хүн байна.

      2. Н.Бийн энэ өвчин хөдөлмөрийн чадварт одоогоор нөлөөлөхгүй.

      3. Н.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

      4. Н.Б нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй. Хэрэг хүлээх чадвартай гэх дүгнэлт /1-р хх-ийн 169 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201722000247 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Б нь 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг мөрдөгдөж эхлэхээс өмнө гэмт хэрэг үйлджээ.

       Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэж болох бөгөөд шинэ хуулиар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын дээд, доод хэмжээг багасгасан байх тул шүүгдэгч Н.Бийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцаан хэрэглэсэн нь зөв гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р ХХ-ийн 242 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Д.Х нь шүүгдэгч Н.Бээс 25.883.317 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Дээрх хохирлоос Галт Дэлгэрэх рашаан ХХК-аас авсан эмний үнэ 52.800 төгрөг /2-р хх-ийн 141-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлсэн 300.000 төгрөг /2-р хх-ийн 152-р хуудас/, Оюу эмийн сангаас авсан эмний үнэ 60.000 төгрөг /2-р хх-ийн 166-р хуудас/, Жинст эмийн сангаас авсан эмний үнэ 45.550 төгрөг /2-р хх-ийн 167-р хуудас/, Жинст эмийн сангаас авсан эмний үнэ 165.450 төгрөг /2-р хх-ийн 168-р хуудас/, Хотой эмийн сангаас авсан эмний үнэ 737.800 төгрөг /2-р хх-ийн 169-р хуудас/, Галт сумын Хайрхан дэлгүүрээс хүнсний зүйл худалдан авсны үнэ 418.800 төгрөг /2-р хх-ийн 153-р хуудас/, Харгана Ундраа ХХК-аас хүнсний зүйл худалдан авсны үнэ 1.053.000 төгрөг /2-р хх-ийн 155-р хуудас/, Агар хөгжил дэлгүүрээс вакус авсны үнэ 3.000.000 төгрөг /2-р хх-ийн 156-р хуудас/, Өсөх дэлгүүрээс хүнсний зүйл худалдан авсны үнэ 51.000 төгрөг /2-р хх-ийн 157-р хуудас/, Өсөх дэлгүүрээс хүнсний зүйл худалдан авсны үнэ 176.500 төгрөг /2-р хх-ийн 158-р хуудас/, Өсөх дэлгүүрээс хүнсний зүйл худалдан авсны үнэ 302.000 төгрөг /2-р хх-ийн 159-р хуудас/, Бүтэн Оргил ХХК-аас ундаа худалдан авсан тухай 160.000 төгрөгний Е баримт /2-р хх-ийн 161-р хуудас/, Бүтэн Оргил ХХК-аас хүнсний зүйл худалдан авсан тухай  270.500 төгрөгний Е баримт /2-р хх-ийн 162-р хуудас/, Бүтэн Оргил ХХК-аас хүнсний зүйл худалдан авсан тухай 180.358 төгрөгний Е баримт /2-р хх-ийн 163-р хуудас/, Үлэмж фармаас вакус авсны үнэ 1.100.000 төгрөг /2-р хх-ийн 164-р хуудас/, Далай ээж захаас худалдаж авсан махны үнэ 975.000 төгрөг /2-р ХХ-ийн 143-р хуудас/, Тусч буян ХХК-аас авсан хайрцаг, хөшөөний чулууны үнэ 900.000 төгрөг /2-р хх-ийн 170-р хуудас/,  МТ-ойлоос шатахуун авсан тухай  415.000 төгрөгний зарлагын баримт /2-р хх-ийн 171-р хуудас/, Галт сумын Ник ШТС-аас шатахуун авсны үнэ 430.100 төгрөгний зарлагын падаан /2-р хх-ийн 173-р хуудас/, Галт сумын Ник ШТС-аас шатахуун авсны үнэ 822.800 төгрөгний зарлагын падаан /2-р хх-ийн 174-р хуудас/, Галт сумын Ник ШТС-аас шатахуун авсны үнэ 639.600 төгрөгний зарлагын падаан /2-р хх-ийн 173-р хуудас/, Галт сумын Ник ШТС-аас шатахуун авсны үнэ 374.000 төгрөгний зарлагын падаан /2-р хх-ийн 175-р хуудас/, Галт сумын Ник ШТС-аас шатахуун авсны үнэ 280.500 төгрөгний зарлагын падаан /2-р хх-ийн 176-р хуудас/, Галт сумын Ник ШТС-аас шатахуун авсны үнэ 492.000 төгрөгний зарлагын падаан, Галт сумын Ник ШТС-аас шатахуун авсны үнэ 214.400 төгрөгний зарлагын падаан зэрэг нийт 13.617.158 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Бээс 13.617.158 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин Талийгаачийн Хаан банкны зээлийн үлдэгдэл 2.894.411 төгрөг, өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн оршуулгын зардлаас 4.371.748 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нийт 12.266.159 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201722000247 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гавал тархины зураг, 4 ширхэг CD бичлэг, амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээхийг, талийгаач Д.Нын өмсөж явсан хар өнгийн пиджак, урд хэсэгтээ 3 ширхэг товчтой хар хөх өнгийн, хар улаан судалтай цамц, хар саарал өнгийн /бирюк/ өмд, улаан өнгийн бэлтгэлийн өмд, хар хөх өнгийн гуятай дотоож зэргийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Бийн хамтран өмчлөлийн Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар баг 2-6-3 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-170500082 дугаартай хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийг хохиролд гаргуулахаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.  

      Шүүгдэгчийн цагдан хоригдсон 81 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Н.Б хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийн цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Н.Бээс 13.617.158 /арван гурван сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Д.Хт олгож, 12.266.159 /арван хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга нэг зуун тавин ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн 201722000247 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гавал тархины зураг, 4 ширхэг CD бичлэг, амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэг хавсаргаж үлдээхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт, талийгаач Д.Нын өмсөж явсан хар өнгийн пиджак, урд хэсэгтээ 3 ширхэг товчтой хар хөх өнгийн, хар улаан судалтай цамц, хар саарал өнгийн /бирюк/ өмд, улаан өнгийн бэлтгэлийн өмд, хар хөх өнгийн гуятай дотоож зэргийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Б-ийн хамтран өмчлөлийн Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар баг 2-6-3 тоотод байрлах улсын бүртгэлийн                      Ү-170500082 дугаартай хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийг хохиролд гаргуулахаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР

                        ШҮҮГЧИД                             Ц.АЛТАНГАДАС         

                                                                          Ж.ДЭЛГЭРМӨРӨН