Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 0004

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

                                                  Н.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгч: Н.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Энхболд, Д.Содномдорж,

Хохирогч: Д.Х,

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Тэрбиш, Э.Ганбат,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолтой Н.Бхолбогдох 201722000247 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, В.Энхболд нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Н-ын Б, … оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, … настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ......................./.

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 5 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын захиргааны байрны гадаа Д.Нтай маргалдан улмаар түүнийг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б Н-ын Б-ийг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ын Б-ийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Боногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийн цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Н.Бээс 13.617.158 /арван гурван сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Д.Хт олгож, 12.266.159 /арван хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга нэг зуун тавин ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн 201722000247 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гавал тархины зураг, 4 ширхэг CD бичлэг, амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт, талийгаач Д.Нын өмсөж явсан хар өнгийн пиджак, урд хэсэгтээ 3 ширхэг товчтой хар хөх өнгийн, хар улаан судалтай цамц, хар саарал өнгийн /бирюк/ өмд, улаан өнгийн бэлтгэлийн өмд, хар хөх өнгийн гуятай дотоож зэргийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Бийн хамтран өмчлөлийн Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар баг 2-6-3 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-170500082 дугаартай хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийг хохиролд гаргуулахаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бурьд авсан хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдолдоо: Галт сумын Засаг даргын Тамгын газар дээр буюу хэрэг гарсан гэх газар очиж өөрийн биеэр оролцон урьд өгсөн мэдүүлгээ газар дээр нь шалгуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч хангаагүй. Засаг даргын Тамгын газрын байрны гаднах хаалганд шалгалт хийлгэж пүршин татуургатай төмөр хаалга хэр хүчтэй хаагддаг болох, талийгаачийн нүүрний гэмтэл нь хаалганд цохиулсан байж болох эсэх талаар бас удаа дараа хүсэлт гаргасан боловч хангаагүй. 2017 оны 5 дугаар сарын 10-ны орой талийгаач Д.Н бид хоёрыг маргалдан барьцалдаж авсан байхад галч Ж.Өлзийбаатар салгасан. Салгасны дараа талийгаач над руу үгээр дайрч доромжлон зодохоор дайрч байхад Ж.Өлзийбаатар түүнийг захиргааны урд хаалгаар аваад гарсан. Би арын хаалгаар сэмээрхэн зугтаж гараад машинаа унаад явсан. Би замаараа айлд очиж хоол халаалгаж идээд гэртээ харьж хэсэг болоод гэнэт Нараа даргыг гэрт нь хүргэж өгнө гэснээ санаад эргэж захиргаан дээр очиход талийгаач газар хэвтэж байгаа харагдсан. Ж.Өлзийбаатар хажууд нь сандал дээр сууж байсан. Би ирээд “Нараа даргыг яасан юм бэ? хоёулаа хүргэж өгье” гэтэл Ж.Өлзийбаатар “Чи яагаад буцаад ирсэн юм. Чамайг харвал дахиад дайраад болохгүй. Чи гэртээ харь би жаахан байж байгаад хүргээд өгчихнө.” гээд байсан. “За тэгвэл би харилаа шүү” гээд хариад амарсан.

Намайг захиргааны арын хаалгаар гарч явахад над руу дайрч давшлан зүгээр байсан хүн эргэж ирэхэд яагаад газар хэвтэж байсан, Ж.Өлзийбаатар намайг яагаад ойртуулахгүй байсан , мөн Ж.Өлзийбаатарын мэдүүлэгт миний эргэж ирсэнийг хэлээгүй байдаг. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаанд нарийвчлан шалгаагүй. Гэрч Ж.Өлзийбаатар тухайн үед болсон явдлыг удаа дараа үнэн зөвөөр мэдүүлсэн боловч сүүлд бодит байдлыг үгүйсгэж Билэгдэмбэрэл нь талийгаачийг боосон, цохисон, миний амьдралдаа хэлж үзээгүй үгнүүдийг хэлсэн мэтээр мэдүүлэг өгүүлж энэ нь гэрчийг доромжилсон нь илт байтал үүнийг нотлох баримт болгон хэргийг шийдсэн нь хууль бус байна. Хохирогчийн өмгөөлөгч Э.Ганбат нь өмнө нь Шүүхийн шинжилгээний үндэсний төвд шинжээч эмч, ерөнхий эмч, дарга зэрэг алба хашиж байсан учраас дүгнэлт гаргаж байгаа шинжээч нарт нөлөөлөн хууль бус дүгнэлт гаргуулсан гэж үзэж байна. Мөн талийгаачийн дүү Д.Х нь их эмчээр олон жил ажиллаж байгаа. Аймгийн хурлын төлөөлөгч учир танил тал ихтэй. Талийгаачийн хоёр охин хоёулаа их эмч нэг нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, нөгөө нь хотод ажилладаг. Тухайн шөнө Галтын эмнэлэгт гарч байсан сувилагч Д.Бямбачулуун нь талийгаачийн төрсөн ахынх нь охин байсан. Хоёр дахь дүгнэлт буюу 906 тоот дүгнэлт нь хоёр сар гаран болж байж ирсэн бөгөөд эхний 08 тоот дүгнэлтийг бүгдийг нь үгүйсгэж тэс өөр болж ирсэн. Гуравдахь 125 тоот дүгнэлт нь бас арай өөр болж ирсэн. Нүүрний гэмтэл нь уналтаас авсан зулгаралт, хүзүүний сэртэнгийн хугарал нь хуучин гэж ирсэн. Гэхдээ зарим хариултууд нь өмнөх 906 тоот дүгнэлтдээ хөтлөгдөж гарсан нь илт байгаа. Тиймээс 5-7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хангаагүй. Одоо дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулмаар байна. Улсын яллагч П.Итгэл нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурал дээр “Талийгаач нь Н.Бийг хулгайч хэмээн хэлж байсан гэсэн. Тэгэхээр зүгээр хүнийг хулгайч гэхгүй ямар нэг юм байгаа.” гэж байсан.  Үүнд маш их гомдолтой байна. Миний хувийн байдлыг нарийвчлан шалгаж тодруулаагүй, ер нь шалгаж болох бүгдийг шалгуулмаар байна. Хохирогч Д.Хыг адилхан шалгуулмаар байна. Шинжээч нар ирж шарилд задлан шинжилгээ хийж хэд хоногийн дараа Д.Х Хаан банкнаас арав гаран сая төгрөгийн зээл авч Улаанбаатар хот явсан. Улмаар танил талаа ашиглаж хууль бус дүгнэлт гаргуулсан. Иймээс Д.Хын зээл авсан асуудал болон тухайн зээлийг чухам юунд хэрхэн зарцуулсныг шалгуулах хүсэлт амаар гаргаж байсан боловч хангаагүй. Талийгаач бол манай ээж Е.Тогтохбаяртай ойрхон төрөл хүмүүс юм. Талийгаачийг аймагт эмнэлэгт ирээд хэвтсэний дараа ээж маань хамаатнуудтайгаа эмнэлэгт байнга сахидаг байсан. Нэг эмч гарч хоорондоо “имфаркт” болчихлоо гэж ярихыг нь ээж сонсоод хажуудаа байсан Д.Хын эхнэр Г.Оюунчимэгээс юу гэсэн үг болохыг асуухад зүрхний шигдээсийг хэлдэг юм гэсэн гэдэг. Гэтэл дараа нь энэ талаар мэдүүлэг авахуулсан чинь тийм юм огт яриагүй. Би тэгж хэлээгүй гээд тас гүрийчихсэн. Тэгэхээр 906 тоот дүгнэлт анхны гарсан 68 тоот дүгнэлтээ үгүйсгээд зүрхний өвчний талаар байхгүй болоод тархины гэмтэл болчихсон. Шинжээчийн дүгнэлтүүдэд маш их гомдолтой байна.

Анхан шатны шүүх хуралдааны явцад талийгаачийн нүүрэнд учирсан гэмтлийн байдал, гэмтлийн эх үүсвэрийн талаар шинжээч нараас асуусан өмгөөлөгчийн асуултанд шинжээч нар хариулахдаа нүүрний хэсэгт учирсан гэмтлүүд нь “зулгаралт” болох талаар санал нэгтэй хариулт өгч байсан. Гэтэл Д.Х зулгаралт биш гэж өөрийнхөөрөө зүтгэж шийдвэрт нөлөөлсөн. Гараар цохиход зулгаралт үүсэхгүй гэдгийг шинжээч нар баталж байсан. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт намайг талийгаачийг цохиогүй, цохиж байхыг хараагүй, харин талийгаач гаднаас орж ирэхдээ нүүрний аль нэг хэсэгтээ зулгарсан шархтай, хувцас нь шороо болчихсон байсан тухай мэдүүлгийг гадаа гараад зодсон гэж хийсвэр дүгнэлт хийж намайг хэлмэгдүүлсэнд маш их гомдолтой байна. Талийгаачийн үхлийг заавал надтай холбож гадаа цохисон л байх ёстой гэж хардан түүндээ хөтлөгдөн шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна. Би өдийг хүртэл нэг ч удаа зодоон цохион хийж үзээгүй, тийм асуудлаас байнга зайлсхийж явдаг. Тийм байтал намайг талийгаачийн үхэлтэй заавал холбохыг эрмэлзсэн ажиллагаа явагдаж үр дүнд нь энэ олон жилийн ялаар шийтгүүлсэндээ маш их харамсаж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугүй болохыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, ... шалгаж болно.” Мөн энэ зүйл заалтын 2-т зааснаар “... тодорхой үйлдлийг хийж үзүүлэх, шинжпэн судалж байгаа хэргийн нөхцөл байдалд ямар зүйл ямар үүрэгтэй байсан, үйл явдал болсон газрын байдал яаж өөрчлөгдсөн тухай зааж, урьд өгсөн газар дээр нь тодорхой болгон дэлгэрэнгүй тайлбарлана.” гэж заасны дагуу ялтан Н.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгаагүйд гомдолтой байна. Хэрэг учрал болсон гэх Галт сумын Тамгын газрын даргын хашааны 00-ын хажууд одоо болтол янзлаагүй бохир сувгийн нүх байдгийг давхар шалгуулах хүсэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1-т зааснаар “Мөрдөгч хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийж болно.” гэж заасны дагуу талийгаач н.Наранбаатарыг тээвэрлэсэн гэх авто машин хэдэн км цагийн хурдтай явсан эсэх, хүн тархиндаа гэмтэл авсан хүнийг тээвэрлэж болох байсан эсэх, тээвэрлэх горимыг баримталсан эсэх дээр туршилт хийгдээгүйд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4-т зааснаар “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Галт сумын Тамгын газрын манаач н.Өлзийбаатарын зөрүүтэй мэдүүлэгийг анхан шатны шүүх анзаарч үзээгүйд гомдолтой байна. н.Өлзийбаатарыг Давж заалдах шатны шүүхэд гэрчээр оролцуулж асуулт асууж, мэдүүлгийн зөрүүг гаргах.

П.Итгэл болон Н.Бийн төрсөн ээж Е.Тогтохбаяр хоорондоо төрөл садангийн холбоотой болох талаар гэрч Е.Тогтохбаярыг гэрчээр оролцуулах хүсэлтэй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/306 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй.

Нэг. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй эсэх талаар

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “… Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын захиргааны байрны гадаа Д.Нтай маргалдан улмаар түүнийг зодож алсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнээд шүүгдэгч Н.Бийн өөрийнх нь мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийх тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт… зэргийг уг дүгнэлтийнхээ үндэслэл болох нотлох баримтууд болгон дурдсан байна. Гэвч шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн дээрх нотлох баримтууд дотор Н.Б нь Д.Ныг Галт сумын захиргааны байрны гадаа “зодож алсан” болохыг нотолсон баримтууд байхгүй байгаа болно.

Хоёр. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэх талаар

Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын тэргүүлэх зэргийн шинжээч эмч Т.Амартүвшин, шинжээч эмч Ч.Эрдэмболор, С.Чулуунсүх нарын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан  125 дугаартай дүгнэлтийн 3-т “ Тархины аксоны тархмал гэмтэл гэдэг нь цохилт, доргилтын улмаас толгой хүчтэй эргэх хөдөлгөөнд ороход тархины багана хэсэг бэхэлгээ сайтай учир энэ хөдөлгөөнөөс хоцорч түүний эдэд гэмтлийн өөрчлөлт орохыг хэлнэ” гэжээ. Гэтэл улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “… Гэмтлийн хувьд их онцлогтой гэмтэл. Тархины аксоны гэмтэл нь огцом хурдсаж, огцом мэдээлэл тасрах зүйл ажиглагдана. Хүн хүчтэй толгойгоо хөдөлгөх үед багана тухайн хэсгийг барьж тархи тайван байдлаа алдаж гэмтэл үүснэ” гэсэн. Иймээс энэ гэмтэл нь тухайн хүний өөрийнх нь хөдөлгөөний улмаас үүсч болох эсэхийг болон энд дурдсан хүчтэй эргэх хөдөлгөөнөөс үүсэлтэй аксоны гэмтэл нь хүний хүчин зүйлээс үүсэх боломжтой эсэхийг, дээрх гэмтэл нь учирсан даруйд ямар шинж тэмдэг илэрдэг болох энэ талаар энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг оролцуулан дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа. Талийгаач Д.Нын  хүзүүний 5 дугаар нугаламын арын сэртэнгийн хугарал гэмтэл нь хэзээ, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр ямар нөхцөл байдалд үүссэн болохыг тусгайлан нарийвчлан шалгаагүй,

… Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Н.Бийг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Бийг хохирогч Д.Ныг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Учир нь тухайн үйл явдал болохоос өмнө талийгаач Д.Н нь ямар нэгэн гэмтэлгүй байсан, халдлага болсон гэх газар шүүгдэгчээс өөр хүн байгаагүй, талийгаач нь шүүгдэгч Н.Бтэй хамт гараад, гаднаас эргэж орж ирэхдээ нүүрэндээ гэмтэл авч, хувцас нь шороо болсон, ханцуй нь урагдсан байсан нь гэрч С.Нарантуяагийн “...тэгээд 10-20 орчим минутын дараа Наранбаатар дарга гаднаас нүүр, царай, хувцас хунар нь тэр чигээрээ цагаан саарал шороо болсоор орж ирсэн. Орж ирэхдээ Дэмбээ шиг хүүхэд тэгдэггүй л байх юу гэж хэлсээр ууртай орж ирсэн. ...Наранбаатар даргын нүүрийг нь хальт арчихад хамар дээр нь шалбарчихсан байсан. ...Наранбаатар даргын хувцсыг арчиж байхад дээгүүрээ өмссөн хүрэмнийх нь ханцуй хэсэг нь байхаа оёдлоо дагаад урагдчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 57, 58-р тал/,

Гэрч С.Өлзийжаргалын “...Наранбаатар дарга жорлон орчихоод ирье гэж хэлээд гараад явсан. Түүнийг гарч явахад Билэгдэмбэрэл Нараа дарга уначихаж магадгүй гээд араас нь гарсан. Тэр хоёрыг гарч явсны дараа би Нарантуяа нягтлантай юм яриад байж байхад барагцаагаар 10 минутын дараа Наранбаатар дарга хаалга татаад орж ирсэн. Орж ирэхдээ Дэмбээ гэж хэлсээр нүүр царай, үс, хувцаснууд нилэнхүйдээ битүү шороо болчихсон, өмсөж явсан пиджакны ханцуй нь урагдчихсан байдалтай орж ирсэн. ...Даргын нүүрийг арчихад хамарны зүүн хэсэгт нь шалбарчихсан, зүүн хөмсөгний дээд тал нь овойчихсон байдалтай байсан. Бид нарыг архи уугаад сууж байхад бид нарын дунд ямар нэгэн маргаан, хэрүүл огт болоогүй. Наранбаатар дарга зүгээр хэвийн байдалтай өрөөнөөс гарсан. Гарчихаад орж ирэхдээ л аймаар зүс царайтай, хувцаснууд нь битүү шороо болчихсон орж ирсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас 61, 62-р тал/ зэргээр тогоогдсон байна.

Мөн шүүгдэгчийг гаднаас орж ирэхэд талийгаач Д.Н болон шүүгдэгч Н.Б нар бие биенийгээ хараад шууд барилцаж авч цохилцож байсан талаар гэрч С.Нарантуяа “...Наранбаатар дарга өрөөнөөсөө гарч ирээд манаачийн хаалгыг онгойлгоод намайг хүргээд өг гэж хэлээд эргэж байхад дотор талын ордог хаалгаар Билэгдэмбэрэл орж ирж таарсан, тэгээд тэр хоёр шууд барилцаад авсан. Тэр хоёрыг барилцаад авах үед нь би Баагий бушуу гарч ирээрэй гэж хэлсэн. ...Наранбаатар дарга, Билэгдэмбэрэл хоёр үүдэнд таараад барилцаж аваад Баагийгийн дээгүүр доогуур цохилцсон...” гэж /1-р хавтас 57-р тал/,

Гэрч Ж.Өлзийбаатар “...шөнийн 02 цаг өнгөрч байхад Наранбаатар дарга үүдээр шагайснаа Баагий ахын дүү босоод ир, ахыгаа хүргээд өг гэж байсан. Тэгэхээр нь би босоод гутал хувцсаа өмсөөд өрөөнөөс гарахад Наранбаатар дарга Билэгдэмбэрэлтэй хаалганы үүдэнд хоолойгоо боолцчихсон байдалтай зогсож байсан. ...Наранбаатар дарга Билэгдэмбэрэл хоёр бараг 10 орчим минут өөд өөдөөсөө арцалдаад барилцаж авсан” гэж /1-р хавтас 68-ийн ар тал/ мэдүүлжээ.

Тэрхүү үйлдлийн дараа талийгаач Д.Нын бие муудсан талаар гэрч Ж.Өлзийбаатар “...Тэгэхээр нь би Наранбаатар  даргыг шатаар буулгаад захиргааны урд талын сандал дээр аваачиж суулгасан. Тухайн үед Наранбаатар дарга өвдгөн дээрээ сөхөрч сууж байсан. Энэ үед Нарантуяа эгч, Өлзийжаргал хоёр гадаа хараад зогсож байсан. ...Тэр хоёрыг явсны дараа Наранбаатар дарга сууж байснаа газарт доошоогоо хараад хэвтчихсэн. Би тэр үед доошоогоо хараад янз бүр болчих юм болов уу гэж бодсондоо Наранбаатар даргыг хажуу тийш нь харуулж хөндөлсүүлж хэвтүүлсэн. Наранбаатар дарга хэвтчихээд шууд хурхираад л унасан” /1-р хавтас 68-ийн ар тал/, “...Би тэгээд талийгч Наранбаатар ахыг гадаа гаргаж сандал дээр суулгасан боловч талийгч сандлаас унаад сөхөрч сууж байгаад газарт хэвтээд өгсөн. Би тухайн үед түүнийг унтаад өгсөн гэж л бодсон. Яагаад түүнийг унтаад өгсөн гэж бодсон бэ гэвэл талийгч хурхираад байсан...” /1-р хавтас 70-р тал/ гэж мэдүүлсэн байх ба үүнийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүхээс Н.Бийг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Н.Бхолбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Н.Б болон түүний өмгөөлөгч В.Энхболд, Д.Содномдорж нар нь “урьд өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгуулах, мөрдөн шалгах туршилт хийлгэх, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын байрны гадна хаалганд үзлэг, шалгалт хийлгэх, гэрч Ж.Өлзийбаатартай шүүгдэгчийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахуулах, талийгаач Д.Нын үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор дахин шинжээч томилуулах, Н.Бийн хувийн байдлыг нарийвчлан шалгаж тодруулах”-аар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгах агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Н.Бхолбогдох хэрэгт шүүгдэгч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийж, хэргийн газарт үзлэг хийх, гэрчүүдээс мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах ажиллагаануудыг хангалттай хийсэн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүхэлдэхүүн үзлээ.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд заасан мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа нь заавал хийгдэх ажиллагаа биш, өөрөөр хэлбэл хууль тогтоогч “...мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно” гэж хуульчилсан нь “заавал шалгана” гэж үүрэг хүлээлгэсэн заалт биш юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2-т “яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж заасан ба гэрч Ж.Өлзийбаатартай шүүгдэгч Н.Бийг нүүрэлдүүлэн мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй юм. Учир нь гэрч Ж.Өлзийбаатар зөвшөөрсөн тохиолдолд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болох ба нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагаа заавал хийгдэх ажиллагаа биш.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...талийгаачийг сумаас төв рүү тээвэрлэхдээ ямар машинаар, хэдэн цаг километрийн хурдтай явсан, хаана хаана зогсож явсан, тухайн үед машинд хэн хэн явсан гэдгийг шалгаж тогтоогоогүй байгаа. Энэ нь хэргийн бодит үнэнтэй нийцэхгүй байна. Иймд туршилт хийлгэх саналтай байна” гэж тайлбарлаж байх хэдий ч талийгаач Д.Ныг Галт сумаас аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргэхээр тээвэрлэхээс өмнө тэрээр ухаангүй, орчинтойгоо харьцах чадваргүй болсон байсан нь хохирогч Д.Хын “...намайг явж очиход ЗДТГ-ын үүдэнд явган хүний зам дагуу сандлын урд талд газарт хэвтчихсэн нэг хүн байсан. Түүний хажууд нэг хүн суучихсан байсан. Би тэгэхээр нь явж очоод харахад газарт хэвтэж байгаа хүн нь миний ах Наранбаатар байсан. Тухайн үед Наранбаатар ах түрүүлгээ харчихсан, царай нь хөхөрчихсөн, хэл нь унжчихсан, өтгөн нь гарчихсан байдалтай байсан. ...2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн өглөө эрчимт эмчилгээ хийсний дараа талийгаач ах маань сэргэж нүдээ нээсэн. Нээсэн нүднээс нь нулимс гоожиж байсан. Тухайн үед ахын маань баруун гар, хөл мэдээгүй байсан. Харин зүүн гар, хөл нь мэдээтэй байсан. Зүүн гараараа толгойруугаа заагаад ар дагз хэсгээ гараараа барьж илээд байсан. Ахаас юм асуухаар хариулж мэдэхгүй, ам нь ангалзаад хэл нь мэдэгдэхгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 50-р тал/,

Гэрч Г.Нямжавын “...Захиргаан дээр очиход талийгч нөхөр маань сандлын урд талд ухаангүй, амнаас нь хөөс сахарчихсан, хэлээ хазчихсан, бие нь хөрчихсөн, өтгөн нь гарчихсан байдалтай хэвтэж байсан. ...эмчилгээ хийж эхэлснээс хойш талийгч нөхрийн маань нэг талын гар, хөл нь мэдээгүй, нэг талын гар хөл нь мэдээтэй байсан. ...Талийгч нөхөр маань эмчилгээг хийлгэж байсан боловч ухаан орохгүй байсаар байгаад 12-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад нас барсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 98-р тал/,

Гэрч Д.Бямбачулууны “...Талийгч Наранбаатар нь Галт сумаас Мөрөн суманд хүргэгдэж ирэх хугацаандаа ямарч ухаангүй, байнгын хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалж байгаад ирсэн. Бид нар хүчилтөрөгчийн аппаратыг мотор залгаж асааж ашиглаж явсан. Наранбаатар нь Галт сумаас анх гарсан байдалтайгаа явсаар байгаад л Мөрөн суманд ирсэн гэх мэдүүлэг /1-р хавтас 89-р тал/, гэрч Ж.Өлзийбаатарын дээрх мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 906, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр талийгаач Д.Н нь тархины аксоны тархмал гэмтлийн улмаас тархи хавагнаж комд орж нас барсан нь тогтоогдсон байх тул Д.Нын үхлийн шалтгааныг тээвэрлэлтийн улмаас үүссэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Б, өмгөөлөгч В.Энхболд, Д.Содномдорж нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                                Т.ГАНБАТ

                                                                                 Н.БАЯРХҮҮ