Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00646

 

 

“Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/01304 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 624 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шинэ азиа групп” ХХК, Ч.Отгонжаргал нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 707 593 639 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч “Шинэ Азиа групп” ХХК болон хамтран хариуцагч Ч.Отгонжаргал нараас зээлийн төлбөрт 707 593 639 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. “Шинэ Азиа групп” ХХК 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус банкнаас 1 тоот зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр 500 000 ам.долларыг, жилийн 12 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээний хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 579 328 982 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 123 457 165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4 796 991 төгрөг болсон. Зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Зээлийн гэрээний хугацааг 2014 оны 03 дугаар сарын 26, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2 удаа сунгасан. 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хугацаа дууссан.

Зээлдэгч зээлийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдэл шаардлагуудыг тавьж байсан. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 579 328 982 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 123 457 165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4 796 833 төгрөг, нотариатын зардал 10 500 төгрөг, нийт 707 593 639 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү. Мөн манайх хамтран хариуцагч Ч.Отгонжаргалаас татгалзсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төрийн банкнаас 500 000 ам.долларын зээлийг авсан. Зээлээ 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үндсэн зээл 213 267.35 ам.доллар, хүүгийн төлбөрт 86 606.22 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4 837.50 ам.доллар буюу нийт 304 771.07 ам.доллар төлсөн. Үүнийг тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцоход 539 348 414 төгрөгийг төлсөн. Хариуцагч 113 110 834 төгрөгийг илүү төлсөн байгаа. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тухайн өдрийн долларын ханш болох 2020.45 төгрөгөөр бодож 707 583 148 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.

Мөн нотариатын зардал 10 500 төгрөг орсон. Нотариатын зардал 10 500 төгрөгийг оруулахгүйгээр ханшийн зөрүү 217 796 015 төгрөг болж байна. Өмнөх 113 110 834 төгрөг дээр одоо нэхэмжилж байгаа ханшийн зөрүү 217 796 015 төгрөгийг нэмэхээр манай зүгээс нэхэмжлэгчид 330 906 850 төгрөгийн илүү төлөлт төлсөн. Манайх 330 000 000 төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн, манай дутуу төлөх ёстой 350 210.67 ам.долларыг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байгаа хэдий ч тухайн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Монгол банкны ханшаар бодож төлбөрийг төлөхөөр гаргуулж өгмөөр байна. Зээлж авсан зээлээ ямар нэг алдагдалгүй төлж байгаа. Үүнийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/01304 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Шинэ азиа групп” ХХК-с 707 583 148 төгрөгийг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10 491 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Отгонжаргалд холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 695 866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Шинэ азиа групп” ХХК-иас 3 695 865 төгрөгийг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 624 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/01304 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 695 865 төгрөгийн 1 812 484 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 883 381 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч “Шинэ азиа групп” ХХК-д буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх ...талууд зээлийн гэрээний үүргийг ам.доллароор тодорхойлж тогтоосон байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг үүссэн өдрийн ханшаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Шүүх нэхэмжлэл гаргах үеийг үүрэг үүсэх үе гэж тодорхойлж дүгнэсэн нь зөв болжээ... гэжээ. Зээлдүүлэгч өөрийн ашиг тооцож хугацаа авч, үүрэг үүсэх үеийг дангаараа тодорхойлох мэтээр дүгнэлт гаргаж байгааг Иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн үнийн дүнгээс 330 906 850 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэснээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргажээ.

Хариуцагч “Шинэ азиа групп” ХХК, Ч.Отгонжаргал нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 707 593 639 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэл 2013 оны  03 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, уг гэрээний хугацааг сунгасан 2014 оны 03 дугаар сарын 26, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гэрээнд үндэслэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Отгонжаргалд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч “Шинэ азиа групп” ХХКомпани нь зээлийн гэрээ байгуулагдах үеийн ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар зээлийн үүргийг тодорхойлно гэсэн үндэслэлээр биелүүлэх үүргийн хэмжээг 489 787 034 төгрөг гэж маргасан байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч гэрээнд заасан нөхцөлөөр 500 000 ам.долларын зээл авсан, гэрээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгасан, үндсэн зээл болон зээлийн хүүд 304 771 ам.доллар буцааж төлсөн үйл баримтыг зохигчид маргаагүй байна.

Шүүх гэрээний талуудыг зөв тодорхойлж, гэрээний агуулгыг үндэслэлтэй тайлбарласан ба гэрээний хугацаа, зээлдэгчийн биелүүлэх үүргийн талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 , 453 дугаар зүйлийн 453.1, 218 дугаар зүйлийн 218.1-д заасан зохицуулалтаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлтийг хийжээ. Зээлдэгч “Шинэ азиа групп” ХХКомпани нь үндсэн зээлд 286 732,65 ам.доллар, гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны зээлийн хүү 61 103,80 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 374,22 ам.доллар, нийт 350 210,67 ам.долларыг буцааж төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө”  гэж зааснаар мөнгөний ханш өөрчлөгдөх тохиолдолд төлбөрийг хэрхэн тооцож гүйцэтгэхийг зохицуулсан бөгөөд монгол төгрөг, гадаад валютын харьцах ханшийн талаар зохицуулаагүй юм.

 Зээлийн мөнгө нь үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөг бол төгрөгөөр, гадаад валют бол тухайн валютаар зээлдэгч буцааж төлөх үүрэгтэй. Хариуцагч нь 500 000 ам.доллар зээлж авсан, уг ам.долларыг буцааж төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн тул ам.долларыг буцаан төлүүлэх зээлдүүлэгчийн шаардлагыг шүүх хангасан нь үндэслэлтэй байна. Үүргийг ам.доллараар эсвэл нэхэмжлэл гаргах үеийн ханшаар төгрөгт хөрвүүлэн гаргуулах нь үүргийн мөн чанарт харшлахгүй болно.

Иймд зээлийн гэрээ байгуулагдах үеийн ханшаар үүргийг тодорхойлж, 330 906 850 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/01304 дүгээр  шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 624 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 812 484 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА