Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
Хэргийн индекс | 105/2016/0183/э |
Дугаар | 815 |
Огноо | 2016-12-20 |
Зүйл хэсэг | 181.3., |
Улсын яллагч | Б.Энхтуул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 815
Р.Наранболдод холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Б.Цолмон,
ялтан Р.Наранболдын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Батсуурь, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Р.Наранболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201625012429 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Рэнцэнгийн Наранболд, 1980 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Алтайн” 15 дугаар гудамжны 462а тоотод оршин суух,
1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
1998 онд Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоосон,
2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлсэн. /регистрийн дугаар: Х380031076/
Р.Наранболд нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн задгайд оршин суух Л.Нямсүрэнгийн гэрт нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн хэрүүл маргаан үүсгэж, ялимгүй зүйлээр шалтаглан Л.Нямсүрэнгийн нуруу, зүүн гуянд нь хутгалж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Р.Наранболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Наранболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 92 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар ирсэн шар өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.
Ялтан Р.Наранболд давж заалдах гомдолдоо: “... өөрийн гэмт үйлдэлдээ чин санаанаас маш их гэмшиж, харамсаж, хохирогч болон түүний гэр бүлээс уучлалт гуйж байна. Өмнөх ял шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч ялгүй болсон. Мөн хохирогч Л.Нямсүрэнд хохирол төлбөргүй, тэрээр гомдол саналгүй байгаа зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Ялтны өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Миний үйчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй. Тэрээр өмнө ял шийтгүүлж байсан боловч ялгүй болсноор анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хохирогч гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Прокурор Б.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Р.Наранболдод оногдуулсан ял шийтгэл нь тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
ХЯНАВАЛ:
Р.Наранболд нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн задгайд оршин суух Л.Нямсүрэнгийн гэрт нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн хэрүүл маргаан үүсгэж, ялимгүй зүйлээр шалтаглан Л.Нямсүрэнгийн нуруу, зүүн гуянд нь хутгалж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Л.Нямсүрэнгийн: “... 2016 оны 6 дугаар сарын 14-ний орой... Наранболд эхнэрээ зодоод байгаа бололтой эхнэр нь орилоод байхаар нь би Т.Гүндэгмаагийн ээжийг утсаар дуудсан. Удалгүй ээж нь ирэхэд Р.Наранболд гэрээсээ гараад зугтсан... Маргааш өглөө... эхнэр нь орилоод Р.Наранболд эхнэрээ зодоод байгаа бололтой байхаар нь эхнэр бид хоёр ороход Р.Наранболд эхнэр Т.Гүндэгмаагийнхаа хувцасыг тайлаад, зодоод... духнаас цус гарсан харагдсан. Р.Наранболд над руу агсамнаад “та ямар хогийн юм, хадам ээжийг дуудаад, намайг энд байгааг мэдэгдүүлчихлээ” гээд барилцаад авахаар нь түлхээд гарсан... орой 17-18 цагийн хооронд ирэхэд Т.Гүндэгмаа “би танай 2 хүүхдэд виза карт өгөөд пиво захисан, пиво байхгүй байна” гээд яриад зогсч байсан ба араас нь Р.Наранболд орж ирсэн. Манай эхнэр “юу яриад байгаа юм, насанд хүрээгүй хүүхэд пивонд явуулаад байхдаа яадаг юм” гэж хэлэхэд Т.Гүндэгмаа манай эхнэрийг алгадсан ба Р.Наранболд манай эхнэр рүү дайрахаар нь би хоёуланг нь түлхээд гаргасан. Гэтэл Р.Наранболд миний зүүн гарнаас татаад баруун талын далны доод хэсэг рүү нэг удаа, баруун талын гуяны хэсэгт нэг удаа хутгалсан...” /хх-15-16/
- Гэрч Б.Отгонцэцэгийн: “... 2016 оны 6 дугаар сарын 14-ний орой... Т.Гүндэгмаа орилоод, “аллаа, амь авар” гээд байхаар нь манай нөхөр ээжийг нь дуудсан... Маргааш өглөө нь... Т.Гүндэгмаа манайд орж ирээд “урьд шөнө танайхыг унтуулсангүй, уучлалт гуйх гэсэн юм” гээд бид хоёрт нэг нэг аяганд пиво хийж өгсөн... Бид гэртээ байж байтал дахин “аллаа, Отгоо эгчээ, Нямаа ахаа” гээд орилоод байхаар нь гүйгээд очсон чинь гэрийнх нь хаалга дотроосоо цоожтой байхаар нь нөхөр бид хоёр Э.Ганзориг гэх залуутай хаалгыг татаад орсон чинь Т.Гүндэгмаа чармай нүцгэн толгой нь хагарсан, нүүрэн хэсэг нь цус болсон байсан... Бид дүүгийнд очоод орой 17 цаг өнгөрөөд гэртээ ирсэн чинь манай охид “Т.Гүндэгмаа эгч, Р.Наранболд ах хоёр биднээс мөнгө нэхээд байна” гэхээр нь “юун мөнгө юм” гэж асуугаад байж байтал гаднаас Т.Гүндэгмаа, Р.Наранболд хоёр Э.Ганзориг гэх залуутай хамт орж ирсэн. “Юун мөнгө асуугаад байгаа юм” гэж асуухад Р.Наранболд “та 2 манай эхнэрийн виза картыг аваад явсан байна” гэхэд, Т.Гүндэгмаа хажуу талаас Р.Наранболд надаас карт нэхээд байхаар нь би та хоёрыг аваад явсан гэж хэлсэн юм, миний виза карт надад байгаа” гээд хоорондоо учраа олоод... та нар яагаад “насанд хүрээгүй хүүхдээр дэлгүүрээс архи пиво авхуулаад байгаа” юм гээд уурласан чинь Р.Наранболд миний ам руу “май янхан минь” гээд салаавч хийхээр нь хэрэлдсэн чинь Т.Гүндэгмаа ирээд нөхрийгөө өмөөрөөд намайг алгадаад авсан. Гэтэл манай нөхөр хоёуланг нь түрээд хойшлуулсан чинь Р.Наранболд чи муу яах гээд байна гээд барьцалдаад авахаар нь би цагдаа дуудах гээд байж байхад Р.Наранболд өмднийхөө дээд шуумганд хутга хавчуулсан байснаа тэр хутгаараа манай нөхрийг нуруунд нь нэг удаа, гуянд нь нэг удаа хутгалсан...” /хх-17-18/,
- Насанд хүрээгүй гэрч О.Ганцэцэгийн: “... 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дүү Хонгорзул, Отгонхишиг нарын хамт гэртээ байж байхад манай хажуу хашаанд шинээр буусан Р.Наранболд гэх хүний эхнэр Т.Гүндэгмаа “эгч нь танай аав, ээжийг миний виза картыг аваад явсан гээд хэлчихсэн шүү, манай нөхөр орж ирээд асуувал тэгж хэлээрэй” гээд гараад явсан. Түүнээс хойш өдөр нь дахин орж ирээд “эгчдээ дэлгүүр яваад нэг пиво, нэг тамхи, нэг ундаа, 4 ширхэг зайрмаг аваад ирээч” гээд гуйхаар нь захисан зүйлийг нь авчраад өгсөн... манай аав, ээж гадуур явж байгаад гэртээ ирсэн. Тэр үед гаднаас хаалга нүдээд хажуу айлын Э.Ганзориг, Т.Гүндэгмаа, Р.Наранболд нар манайд орж ирэнгүүтээ Р.Наранболд “танайд манай эхнэр виза картаа өгсөн гэсэн, карт хаана байна” гээд хоорондоо хэрүүл хийгээд манай ээж рүү салаавч өгөөд ам руу нь хийх гээд байсан чинь хажуунаас нь Т.Гүндэгмаа эгч гүйж ирээд манай ээжийг нэг удаа хацар руу нь алгадсан чинь манай аав хажуунаас нь салгах гээд хойш нь тэр хоёрыг түлхээд гэрээс гаргасан. Гэтэл Р.Наранболд ах ар нуруунаасаа нэг хутга гаргаж ирээд манай аавын даланд нь нэг удаа, гуя руу нь нэг удаа хутгалсан...” /хх-19-20/,
- Гэрч Э.Ганзоригийн: “... орой 17 цаг өнгөрч байхад Л.Нямсүрэн ах эхнэртэйгээ гэртээ ирж байгаа бололтой байсан. Би тамхи татаад сууж байсан чинь Р.Наранболд ах эхнэр Т.Гүндэгмаатай Л.Нямсүрэнгийн гэрт орсон. Удалгүй виза картнаас болоод муудалцаад байгаа бололтой гэрээс гарч ирээд хоорондоо зууралдаад хоёр гэрийнхээ гол хэсэгт давхаралдаад унаж байгаа харагдсан. Тэгээд босч ирэхдээ Л.Нямсүрэн ах Р.Наранболд намайг хутгалчихлаа гэсэн чинь Т.Гүндэгмаа хажууд нь байсан хутгыг аваад, Б.Отгонцэцэг эгч цагдаа дуудсан...” /хх-21-23/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Л.Нямсүрэнгийн биед хамар, баруун нүдний доор, зүүн мөр, нуруу, зүүн тохой, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Нуруу, зүүн гуянд шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн №8632 дугаар дүгнэлт /хх-25/,
- Р.Наранболдын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.
Р.Наранболд нь бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэм буруутай талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг хасах буюу хязгаарласан, хэргийг хянан хэлэлцэхэд саад болох ноцтой зөрчил гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэв.
Шүүх ял оногдуулахдаа Р.Наранболдын өмнө үйлдсэн гэмт хэргүүддээ ялгүй болсон тухай дүгнэлт хийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.
Р.Наранболдод оногдуулсан ял шийтгэл түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн ял хөнгөрүүлэх талаар ялтан Р.Наранболдын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Р.Наранболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
М.ПҮРЭВСҮРЭН