Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2022/00039

 

 

Номин реалтор ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 138/ШШ2022/000620 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Номин Реалтор ХХК,

Хариуцагч Хэрлэн хивс ХК-д холбогдох,

1 168 384 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Номин Реалтор ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компани нь 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний үйлдвэрийн барилга болох 39 000 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-064003485 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Энэ үеэс эхлэн манай компани өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх үүднээс тус үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, ашиг олох гэсэн боловч Хэрлэн хивс ХК-ийн хууль бус үйлдлээс шалтгаалан 2608 м.кв талбайг одоог болтол ашиглаж чадахгүй байна. Хэрлэн хивс ХК-иас талбайг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Манай компани 2018 онд Хөрөнгийн үнэлгээний төв-д хандаж, уг талбайг 10 жилийн хугацаанд бусдад түрээсэлсэн бол хэдий хэмжээний орлого олох байсан талаар үнэлгээ хийлгэсэн. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тус компанийн 2018 оны 2 дугаар сарын 23-ний өдрийн 28 дугаартай үнэлгээний дүгнэлтээр 10 жилийн хугацаанд 2 190 720 000 төгрөгийн орлого олох байсан гэж гарсан. Уг дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүнг 10 жил буюу нийт  120  сард хувааж тооцоход нэг сард ногдох түрээсийн ажиллагаанаас олох орлого нь 18 256 000 төгрөг болж байна. Манай компани тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс  2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 48 сарын хугацаанд бусдад талбайг түрээслэхэд 876 288 000 төгрөг олохоор тооцоо гаргасан. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах Номин Реалтор ХХК-ний өмчлөлийн хивсний үйлдвэрийн барилгын 2608 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслүүлэх, ашиглуулснаас олох байсан орлого 876 288 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Мөн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байгаа. Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг нэмж тооцоод 292 096 000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн ба нийт 1 168 384 000 төгрөг гаргуулахаар шаардлагаа ихэсгэсэн. Энэ үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Номин Реалтор ХХК нь тус хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Энэ гэрчилгээ нь 39 000 м.кв бүхий худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай талбай гэж гарсан байдаг. Энэ талбайд машинууд байрлаж байсан 5200 м.кв талбай байгаа бөгөөд энэ талбай дээр үйлдвэрийн 20 машин байрлаж байсан. Энэ 20 машины 10 машин нь Хэрлэн хивс ХК-ийн өмч гэдэг нь шүүхээр тогтоогдсон учраас энэ 10 машин байрлаж байгаа 2608 м.кв бүхий талбайгаа бид ашиглаж чадахгүй байна. Энэ 2608 м.кв талбайг бид ашигласан бол ямар хэмжээний орлого олох байснаа тогтоолгох гэж хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ гаргуулсан. Хөрөнгийн үнэлгээний төв нь газар дээр нь тус обьект дээр ажиллаж маш үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан байдаг. Энэ дүгнэлтийг бид хэрэгт хавсаргаж өгсөн. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу бид энэ өмч хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж чадахгүй байна. Учир нь энэ талбай дээр байгаа тэр 10 машиныг шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлөх ажиллагааг эхэлсэн байдаг. Гэхдээ 10 машиныг буулгахдаа тарааж байрлуулсан учир зөвхөн 2608 м.кв талбай бус нийт 5200 м.кв талбайг бүхэлдээ ашиглах боломжгүй болсон. Одоо энэ заалыг бүхэлд нь ашиглаж чадахгүй байна. Энэ зааланд байсан 20 машинаас Эрдэнэт хивс өөрийн өмчлөлийн машинуудаа 2018 онд аваад явсан байдаг. Одоо Хэрлэн хивс ХК-ийн 10 машин тарааж буулгасан байдалтай байгаа учир манайх уг талбайгаа ашиглах, захиран зарцуулах хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадахгүй энэ олон жил гацаанд орсон байдалтай байгаа юм. Хэрлэн хивс ХК-ийн гүйцэтгэх захирлын зүгээс энэ талбайг ашиглуулахгүй он удаан жил болгосон асуудлаа Номин Реалтор ХХК-ийн буруугаас болсон гэж тайлбарлаж байгаа нь маш буруу юм. 2009 онд шүүхийн шийдвэр гарснаас хойш 2010 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ талбайг чөлөөлөх ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд тэр бүрт Ганцогт нь цагдаагийн газар болон бүх хуулийн байгууллагад гомдол гаргадаг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хийж байгаа шийдвэр гүйцэтгэгч нарыг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулдаг байсан. Ийм байдлаар олон жил гацаанд орсоор ирсэн. Өнөөдрийн буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш ч гэсэн хариуцагчийн зүгээс удаа дараа үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулж, өмгөөлөгчөө олон удаа сольсны улмаас цаг хугацаа алдаж байгаа гэдгийг эрхэм шүүгч нар анхааралдаа авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Урьд нь бид 5200 м.кв талбайныхаа 50 хувийг ярьж байсан. Одоо бол машинуудыг тарааж байрлуулсан учраас нийт 5200 м.кв талбайн хэмжээгээрээ ярих болно. Мөн нэхэмжлэлийн дүнг нэмэгдүүлснээс хойш 1 жил өнгөрчихөөд байна. Тиймээс бид дахиад өнгөрсөн 1 жилийнхээ мөнгийг нэмж нэхэмжилнэ гэдгийг хэлмээр байна. ...Номин тав трейд ХХК-ийн эрхлэгч П.Бадам нь албан бичиг танайд хандаж өгөх ёсгүй байсан юм. Энэ бол алдаа гарсан байна. Тухайн үед би хаана байсан юм, би гаргаж өгөх ёстой байсан юм. Гэхдээ явуулсан бичгийн утга санаа нь зөв. Ганцогтыг чи байгаач, оролцооч гэж хэлсэн байна. Тэр үйл ажиллагаа бол манай обьектод байгаа, өөрийнхөө өмчлөлд хүрэх гэж байгаа болохоос гадны зүйлд халдсан асуудал биш юм. ...Тухайн үед Ганцогт нь 2 машиныг л босгочихвол бусад нь хамаагүй гэсэн. Хоёр машин юм бол энд байгаа хорин хэдэн машинаас тоночихвол болох уу гэхэд болно гэсэн. Тэгвэл дуртайгаа ав гэж би хэлсэн. Тэгээд эвлэрлийн гэрээ бичихдээ хоёр машины сэлбэгийг өгнө, авна гээд биччихсэн байхаар нь би  өгнө, авна гэхээр чинь заавал мөнгөөрөө худалдаж аваад авчирч өгөх болчихоод байна, тийм зүйл байхгүй, тэнд байгаа машинаас  ав, би Дорнодод гэдэг үгийг маш тодорхой бичиж өгөхийг Одбаяр шүүгчид хэлээд тэр үгийг сүүлд нь Дорнодод байгаа машинаас авна гэж тодорхой бичсэн. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болохоос биш наана нь хэлэлцээд, боломжоо яриад сууж байгаа асуудлыг тэмдэглэсэн тэмдэглэлийг үндэслэл болгоод яриад байж болохгүй. Шүүхийн тогтоол нь үг, үсгээрээ хэлэгдэх ёстой. ...Ганцогт баримтуудыг ярихдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэл рүү ажлаа хийгээч, би юмыг нь суллаад өгчихмөөр байна гэж шаардсан маягтай албан бичгүүдийг дурдаад байна. Эцсийн эцэст Ганцогт шүүхийн шийдвэр гүйцэтгэл, цагдаагийн ажлыг дэмжих биш харин ч гацааж, зогсоож байсан. Харин би өдийг хүртэл дэмжиж явсан. Харин чи бол бүгдийг гацаахын тулд, доошоо хийхийн тулд ажлаа хийж байгаа хүмүүсийг бүгдийг нь Авлигатай тэмцэх газар, тагнуулын газарт өгч, бүр хууль зүйн яаманд хүртэл өгч шалгуулсан. Бүгдийг нь чи айлгаж байдаг. Дандаа бүх юмыг эзэнгүй болгож байдаг. Өдий болтол 17 жил бүх асуудлыг ийм болгож байна. Тийм учраас бид нар өнөөдрийн хурлаар иргэний энэ хэргээ шийдэхгүй бол цагдаа дээр шалгагдаж байгаа эрүүгийн хэргийг энд оруулж ирвэл асуудал юу ч үгүй болно. Дахиад хэдэн жил болохыг мэдэхгүй байна. гэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Улсын дээд шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Хэрлэн хивс компанийн өмч болох 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг ХХБанкны гэх өрөнд Дорнод аймгийн ШШГГазар битүүмжлэн хурааж авснаас хойш өмч хөрөнгөө хүлээж авч чадаагүй. 2009 онд Номин холдинг ХХК-иас талбай чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба манай компани сөрөг нэхэмжлэл  гаргасан. Учир нь:  Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 64 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн 338 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт Худалдаа хөгжлийн банк нь Хэрлэн хивс ХК-ийн машиныг тоносон гэдэг нь тогтоогдохгүй байна. Харин Эрдэнэт хивс компани нь 2 машин болон бусад сэлбэг хэрэгслийг авч явсан гэдэг нь Ганболд, Сэрээтэр, Дамидмаа болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан юм. Энэ шийдвэрийн дагуу бид нар 2009 онд талбай чөлөөлөх асуудлаар Номин холдинг ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргаж 11 машинаа нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэл дээр 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 19А шийдвэрээр  ******* шүүгч эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон. Эвлэрлийн гэрээ яагаад байгуулах болсон юм бэ гэхээр талбай чөлөөлөх асуудлыг шийдчихвэл яасан юм бэ, танайх машинаа аваад талбайг чөлөөлчих юм бол эднийх үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Харин энэ талбайг чөлөөлсөн ч гэсэн танайх  шүүхээр нэхэмжлэх эрх нь хэвээрээ байна гэж тохиролцож байсан. Тухайн үед Болдбаяр оролцогч байсан, хоёр тал тохиролцсон. Бид 2 машиныг бүтэн болгох асуудлыг тавьсан. Харин талбайг нэхэмжлэх эрх байгаа учир та нарын ажилд саад учруулахгүйгээр бид нар талбайг чөлөөлье гэж Болдбаяртай тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээнд гол тусгагдсан заалт нь манай талын зорьсон зорилт бол 2 машиныг бүтэн болгуулах, нөгөө тал талбайг чөлөөлүүлэх байсан. 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр манай 10 ширхэг машинаас дутуу эд ангийг тодорхой тогтоож өгсөн. Энэ шинжээчийн дүгнэлтийн дагуу бид 2 машиныг хүлээж авна гэсэн заалт эвлэрлийн гэрээнд оруулсан. Хэрвээ бид талбайг чөлөөлж өгвөл 2 машинаа бүтэн болгуулна, гэхдээ 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж чөлөөлнө гэсэн ийм заалтыг оруулсан. Ингээд энэ ажиллагаа явагдаж эхэлсэн. Тухайн үед Сайнбилэг гэж шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг эхэлж бид хамт үйлдвэр дээр очсон, ингээд дутуу эд ангиудаа авах талаар ярилцсан. Тухайн үед Эрдэнэт хивсийн эзэмшлийн 11 машин байсан. Тэдний машинаас авах юмнуудын тооцоог бид гаргасан. Гэтэл дээр нь тэнд байхгүй цөөн тооны эд анги үлдсэн. Үүнийг шүүхийн шийдвэр гаргах тэмдэглэл дээр тусгуулсан. Би өөрөө хивсний нэхмэлийн мэргэжилтэй хүн. Тэгэхэд эдгээр машинуудаас авах юмнуудаа авч болно, харин үлдсэн жижиг зүйлсийг олж өгөх талаар тэмдэглэл дээр тусгуулсан юм. Тэгэхэд Болдбаяр олж өгч болно. Харин  гарах зардлаа хамтран гаргана гэхэд нь би хамтрах боломжгүй, харин ямар сэлбэгийг хаанаас олж авч болохыг зөвлөж болно гэж тэмдэглэл дээр тусгуулаад эвлэрлийн гэрээ хийсэн. Гэтэл эвлэрлийн гэрээг гүйцэтгэх явцад нөгөө байхгүй эд ангиудыг тоолж эхэлсэн. Үүнд утасны дамар, рафир гэх мэт зүйл байхгүй байна. Эдгээр зүйлсийг олж ирэхгүй бол машин ажиллахгүй. Яагаад гэвэл нөгөө тал хоёр машиныг бүтэн болгож ажиллуулна гэсэн үүрэг хүлээсэн байсан. Ингээд боломжгүй байгаа 2, 3 жижиг зүйлийг олж өг, бусдыг нь танай машинаас авч болно гэж тэмдэглэлдээ тусгуулж байсан юм. Гэтэл Болдбаяр эвлэрлийн гэрээн дотор байгаа машинаас л эд ангиа ав гэсэн. Үүнээс болоод эвлэрлийн гэрээ хийгдэх боломжгүй болж ажиллагааг түдгэлзүүлсэн. Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга бичиг өгөхдөө 2 машиныг бүтэн болгох ажиллагаа бүтэлгүй болсон, Номин холдинг ХХК үүргээ биелүүлэх боломжгүй болсон, тиймээс уг ажиллагааг түдгэлзүүлсэн гэсэн. Ингээд Сайнбилэг гэдэг хүнээс Дорждэрэм гэдэг хүн гүйцэтгэлийн ажиллагааг авсан. Одоо энэ хүн Номин холдинг ХХК-д ажиллаж байгаа. Дорждэрэм тухайн үед талбайг чөлөөл гэж хэлэхэд нь би эвлэрлийн гэрээнд хоёр тал тэнцүү эрх, үүрэг хүлээдэг учир хамт үүргээ биелүүлнэ гэсэн. Манайх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тулгалтаа хийнэ, эднийх машиныхаа эд ангийг бүрэн болгоно гэж хэлсэн. Гэтэл Дорждэрэм тийм зүйл байхгүй, эндээс авах зүйл байхгүй бол танай машиныг буулгана гээд буулгаж эхэлсэн. Ингээд өөрийн сайн дураар зөвхөн манай ажиллагааг хийж эвлэрлийн гэрээг зөрчиж эхэлсэн. Энэ үед би Одбаяр шүүгчид шүүхийн шийдвэр дэх эвлэрлийн гэрээгээ тайлбарлаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Одбаяр шүүгч шүүхийн шийдвэр биелүүлж байгаа газар нь өөрсдөө тайлбарлуулах хүсэлт гаргадаг юм, нөгөө байгууллага чинь хүсэлтээ өгөхгүй байна. Тийм учраас шийдвэр гүйцэтгэгчдээ тайлбар гаргуулах хүсэлтээ өгнө үү гэж хэл гэсэн. Би Дорждэрэмд энэ асуудлыг хэлэхэд ...тийм зүйл байхгүй, бид нар тайлбарлуулах хүсэлгүй байна гэсэн. Эвлэрлийн гэрээ бол хоёр тал адилхан эрх, үүрэгтэй, яагаад зөвхөн манай ажиллагааг явуулаад байгаа юм бэ гэхэд манай машинуудыг талд нь хүртэл Номин хэрлэн компанийн ажилчид буулгасан. Машинуудыг хамаагүй буулгаж байсан. Тухайн үед нь би энэ машинууд их эмзэг эд зүйл, ингэж хамаагүй мэргэжлийн бус хүн буулгадаггүй юм, эвдэрч хэмхэрдэг юм гэхэд хүлээж авахгүй шууд л буулгасан. Ингэж буулгачихаад дараа нь талбайг чөлөөлөх ажилд орно гэхэд нь би анхааруулсан. Талбайг чөлөөлөх явцад 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээс хойш дахин эд анги дутах юм бол чи хариуцна шүү гэж анхааруулсан. Ингээд Дорждэрэм талбай чөлөөлөх ажлаа зогсоогоод шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй удаж байгаад манай компани тойргийнхоо УИХ-ын гишүүн, Засгийн газарт гомдол гаргаж байгаад ажиллагааг 2017 онд эхлүүлэхээр болсон. Эднийх бол дандаа талбай чөлөөл л гэдэг болохоос шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар шаардлага тавьдаггүй. 2017 онд Амаржаргал гэж ахлах шийдвэр гүйцэтгэгч эвлэрлийн гэрээг гүйцэтгэх талаар Болдбаярын хамт уулзалт хийж аль аль нь үүргээ биелүүл гэж 2 талд үүрэг өгсөн. Болдбаяр биелүүлж чадахгүй, танай машинд өгөх эд анги байхгүй байна гэдэг ганц тайлбар хэлдэг байсан. Амаржаргал нь эвлэрлийн гэрээг биелүүлэх боломжтой байна, гэхдээ хоёр тал тэнцүү үүрэг хүлээнэ гэсэн. Хэрвээ Номин холдинг ХХК үүргээ биелүүлэхгүй, сэлбэгээ гаргуулж чадахгүй бол мөнгөн төлбөрөөр гаргуулах бүрэн боломжтой байна гэсэн албан бичгийг Анхтуяа гэдэг шийдвэр гүйцэтгэгчид явуулсан боловч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг Анхтуяа нь энэ албан бичгийн хариуг өгөөгүй. Дараа нь Амаржаргал дахиад албан бичиг явуулсан. 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн дагуу тулгалтыг хий, машинуудыг үнэлэх боломжтой, үнэлгээг манайх хийх болно. Яагаад гэвэл байшин барилгыг мөнгө болгож болдог, мөнгийг бас байшин барилга болгож болно. Ийм албан бичиг явуулаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд заагдсан машинуудыг тулгах ажиллагаа хийгдэхээр болсон. Ажиллагаа хийх явцад Амаржаргал шийдвэр гүйцэтгэгч ажлаас чөлөөлөгдөж Цэрэнханд гэж хүн ирсэн. Цэрэнханд нь өмнө шийдэгдсэн байсан эвлэрлийн гэрээнд заагдсан шинжээчийн дүгнэлтийн дагуу тулгалт хийх ажлыг болиод танай бүтэн болох 2 машинд чинь л тулгалт хийж өгнө, үлдсэн 8 машинд хийхгүй, та талбайгаа чөлөөл гэсэн шийдвэрийг амаар өгсөн. Эвлэрлийн гэрээнд заагдсан хоёр талын үүргийг биелүүлье, шинжээчийн дүгнэлтийн дагуу тулгалтаа хийлгүүлж байж талбайг чөлөөлнө гэж гомдлыг би гаргаад бүх машинд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар болсон. Ингээд Уртнасан шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 9 дүгээр сард 3 хүний бүрэлдэхүүнтэй /Даваасүрэн, Батхүү, дулааны цахилгаан станцын нэг инженер байсан/ шинжээч томилох тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу шинжээч нар үйлдвэрт ороход 2009 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас лацадсан хэвээр байсан. Лацыг онгойлгож ороод шинжилгээ хийж эхэлсэн. Энэ үед ямар нэгэн хөдөлгөөн байхгүй байсан. Харин Номин тав трейд ХХК гэсэн толгойтой, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 84 дугаартай Номин тав трейд ХХК-ийн Хэрлэн салбарын эрхлэгч П.Бадам гэсэн бичиг явуулсан байдаг. Энэ бичигт манай байгууллагын нэр  дээр байгаа Хэрлэн хивс ХК-ийн 10 машиныг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр буулгах тул танай байгууллагаас гэрчээр оролцож туслалцаа үзүүлнэ үү гэж бичээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандсан байсан. Дараа нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хэрлэн хивс ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ганцогт танаа, Хэрлэн номин бизнес төвийн агуулахад байрлах таны өөрийн өмчлөлийн 10 ширхэг машиныг буулгахад байлцана уу гэсэн албан бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч Цэрэнханд надад ирүүлсэн. Энэ бичгээр шууд буулгахаар шийдчихсэн байсан, уг нь ажиллагаанд байгаа битүүмжтэй зүйл шүү дээ. Манай зүйлийг ачих магадлалтай байна гэж мэдээлэл өгсний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр буюу яг маргааш нь би Хэрлэн хивс ХК-аас 13 тоот албан бичгээр Цэрэнхандад гомдол хүргүүлсэн. Энэ гомдлын агуулга нь 10 машинд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгч Амаржаргал, Уртнасан нар гүйцэтгэх бичиг үйлдэж байсан. Цэрэнханд нарын хууль бус үйлдлээр 2 машинд шинжээч томилохоор болсон. Гэтэл одоо ******* шүүгчийн 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр талбайг чөлөөлнө гэсний дагуу 10 машинд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар болсон. Ийм учраас 19А шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа явагдаж байгаа учраас бид дараах шаардлагыг гаргасан. 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр машин буулгах үйл явцтай танилцахад мотортойгоо үлдсэн бүрэн бүтэн 3, 4 тоот машинууд байна. Яагаад гэвэл тэнд байгаа босоо машинууд нь бүгд Эрдэнэт хивс болон Номин холдинг компанийн машинууд үлдсэн байсан. Манай машинуудыг газар энд тэнд тараагаад хаячихсан байсан. Тийм учраас эвлэрлийн гэрээнд зааснаар бүтэн шахуу 3, 4 тоот машинуудыг авья, бүтэн шахуу гэдэг нь бараг ажиллахад бэлэн, ганц нэг жоохон эд зүйлс нь дутуу байгааг хэлээд байгаа юм, энэ машинуудыг эвлэрлийн гэрээнийхээ дагуу авъя, үлдээж өгнө үү гэсэн. Тэгээд 3, 4 тоот машинуудад Номин холдинг ХХК-ийн бусад машинуудаас авч сэлбэхэд эвлэрлийн гэрээнд заагдсан 2 ширхэг Техтима-4312 маркын машин бүрэн бүтэн болох боломжтой байна гэж анхааруулж хэлсэн, ...талбай чөлөөлөх ажиллагааг зогсоож өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн. 3 өдрийн дотор ийм хуйвалдаан явагдаж бүх машиныг буулгаад явуулчихсан. Энэ ажиллагааг хийгээд дууссаны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гарч дууссан. Энэ шинжээчийн дүгнэлтээр машинууд тоногдож, бүрэн бүтэн болох боломжгүй болсон байна, 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг машин тус бүрээр харьцуулаад дээрх дүгнэлтээс хойш нэмж алдагдсан зүйлийг гаргаж ирсэн. Нөгөө машины нийт дээд талын 8 рам, хөлнүүд нь бүгд алга болсон. Ингээд тэр дотор байдаг хэрэгцээтэй болох үлдсэн сэлбэгүүдийг бүгдийг нь нэмж ачаад явсан. 300 кг-аас 1 тонн гарангийн хэмжээтэй зүйлсийг авч явсан. Үүнийг зөвхөн кранаар авч явдаг. Үүний дараа ажиллагааг зогсоочихсон байсан. Ингээд бид үлдсэн машинаа тулгалт хийгээд авъя гэсэн албан бичиг явуулахад 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 19А эвлэрлийн гэрээний ажиллагааг сэргээсэн. Энэ үйл явцтай хамт шинжээчийн дүгнэлт гарснаас хойш нөгөө машинуудыг нэмж ачаад явсан учраас бид цагдаад 2019 оны 4 дүгээр сард хандаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд  шалгаж эхэлсэн ба дахиад шинжээчийн дүгнэлт гарсан. Яагаад гэвэл өмнөх шинжээчийн дүгнэлтээр зарим деталь эд ангиудын размер зэргийг нарийвчилж тавиагүй байсан учраас нарийвчилсан шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Цагдаагаас нэмж алдагдсан буюу 2018 онд лацадсан хаалгыг нээж орсноос хойш алдагдсан эд ангиудын үнэлгээг гаргуулсан. Энэ ажиллагаа одоог хүртэл эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээгдээд дараа нь бид цагдаагийн газар, Ууганбаатар прокурор, Хосбаяр прокурор, мөрдөгч Одхүү нартай уулзсан. Тэгэхэд танай машинуудын байшин доторх цагдаагийн ажиллагаа дууссан, нотлох баримтууд бүгд авагдаад шинжээчийн дүгнэлт гарсан учраас байшин дотор байгаа өөрийнхөө машиныг авч болно гэж амаар хариу өгсөн.  Ингээд ажиллагааг сэргээх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх газарт мөн л өгсөн. Тэр үед Намсаманд гэдэг шийдвэр гүйцэтгэлийн даргатай уулзсан. Намсаманд дарга хэлэхдээ бид нар та нарын юмыг гаргаж өгч болно, харин энэ Номин компани иймэрхүү асуудал яриад жижиг компаниудыг маш их хохироодог асуудал гаргадаг. Тиймээс та эрүүгийн хэрэг үүсчихээд явж байгаа юмыг дуусгахгүйгээр авбал дараа нь дахиад шинжээч томилно гэдэг асуудал гаргавал яах вэ гэсэн. Тэгээд сэргээсэн ажиллагааг түдгэлзүүлж 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түдгэлзүүлсэн тогтоол гаргасан. Бид нарын хувьд бол юмаа авах сонирхолтой байсан. Бид нар өөрсдөө хувьцаат компанийн үйл ажиллагаа явуулдаг учир санхүүгийн зохицуулах хорооноос түргэн үйл ажиллагаагаа явуулахыг шаарддаг. Ингээд Загджав даргад ...эрүүгийн хэрэг дуустал хэдэн жил үргэлжлэх байх, бид яаралтай юмаа авъя, ажиллагааг сэргээж өгөөч гэсэн гомдол гаргасан. Тэгээд Анхтуяа, Өнөрцэцэг гэж шийдвэр гүйцэтгэгч нар уулзаад 19А шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаа хэрхэн явуулах талаар харилцан тохиролцоод үнэлгээгээ тогтоолго гэсэн үүрэг өгсөн. Харамсалтай нь Намсаманд дарга ажлаасаа халагдаад Дашдаваа захирал ирээд ажиллагааг зогссон. Ингээд одоо болтол түдгэлзүүлсэн явж байгаа. Миний бие дахиад Баатарчулуун даргад сэргээх ажиллагааг явуулж өгнө үү гэсэн албан бичиг өгсөн боловч ...ажиллагааг сэргээх ажил явуулж өгнө, прокурор руу бичиг өгөөд прокуророос ачиж болно гэсэн бичгээ авъя, тэгээд танай хэргийг сэргээж өгнө гэж явж байгаад тэтгэвэрт гараад явчихсан. Харамсалтай нь намайг хуурсан юм билээ. Мэдүүлэг өгөхдөө дандаа эсрэг мэдүүлэг өгсөн байсан. Би бол машинаа татах ажлаа байнга хийж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Намсаманд дарга, Амаржаргал зэрэг сайн хүмүүс таарч ажиллагааг хийж өгье гэсэн боловч тэр хүмүүс нь дандаа ажлаасаа халагдчихдаг, дараагийн хүмүүс нь орж ирээд ажиллагааг зогсоодог. ...Ийм байдлаар одоог хүртэл манайх машинаа авах гээд хүсэлт гаргаад ажиллагаа хийлгэх гээд явж байгаа. 19А шүүхийн шийдвэр дээр шүүхийн тайлбарыг гаргуулж чадахгүй Дорждэрэм явсаар байгаад сүүлд Амаржаргал шүүхээр тайлбар гаргуулсан. Энд Ганчимэг шүүгчийн тайлбар байгаа. Энэ тайлбарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэл бүр ойлгохгүй байгаа. Яагаад гэвэл ойлгохыг хүсэхгүй байгаа юм. ...Одоо бид прокурорт хүсэлт гаргасан. Танай байгууллагаас дотор байгаа эд ангиудыг шалгаж дуусаад шинжээчийн дүгнэлт гарчихсан, манай ажиллагаа дууссан гэсэн учраас энэ ажиллагааныхаа талаар тайлбар буюу Хэрлэн хивс ХК машин, эд ангийг авахад татгалзах зүйлгүй гэсэн хариугаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгнө үү гэсэн албан бичгийг гаргасан. Энэ талаарх холбогдох албан бичгүүдийг танайд нотлох баримтаар өгчихсөн байгаа. Ийм байдлаар ажиллагаа хийхийн тулд маш олон удаа албан бичиг өгөөд явж байгаа. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зөвхөн нэг талын буюу манай буулгах ажиллагааг хийчихээд Номингийн ажиллагааг ерөөсөө хийж өгөхгүй байна. Ажиллагаа хийж болохгүй байна, 2 машин бүтэн болохгүй байна гээд өмнө нь түдгэлзүүлсэн, одоо бол эрүүгийн хэрэг дууссаны дараа ажиллагаа хийж өгнө гэсэн зүйл яриад түдгэлзүүлчихээд явж байна. Ийм үндэслэл байгаад байхад буюу нэг гараараа эрүүгийн хэрэг үүсгэчихээд нөгөө гараараа иргэний журмаар манайхаас мөнгө нэхэмжлээд байна гэдэг бол маш том ашиг сонирхол явагдаж байна гэж үзэж байна. Ямар нэгэн аргаар шүүхийн шийдвэр гаргуулах хүсэл сонирхол Номин Реалтор ХХК-д байна. Номин Реалтор ХХК нь 2016 онд байшингийн эзэн болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд 2016 онд Номин тав трейд-ийн буюу Болдбаярын эхнэр Бадам гэж хүн хүсэлт өгсөн байгаа. Тэгэхээр энэ байшин дотор байгаа хөрөнгийг, гэрээний бус үүргээр хүний өмчийг хамгаалах үүрэг нь анхнаасаа шүүх дээр явж байсан. Тийм учраас хүний өмчийг Номин Реалтор ХХК нь Номин тав трейд юмуу, Номин холдинг ХХК-аас шилжүүлж авчихаад, худалдаж аваагүй шүү дээ. Ийм байдлаар хамт явчихаад одоо манайхаас юу нэхээд байгаа юм. Өөрөө харин манай өмч хөрөнгөд саад учруулж, алдагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Харуул хамгаалалт нь Номин Реалтор ХХК-ийнх байдаг. Энэ ******* нь Номин тав трейд ХХК, Номин холдинг ХХК, Номин Реалтор ХХК гэсэн 3 компанид яваад байдаг. Ийм байж манайхаас юу нэхээд байгааг би гайхаж байна. Эдний эзэмшлийн эд хөрөнгөд байгаа манай машин 2018 оноос алдагдсан байдаг. Яагаад гэвэл лацтай байж байгаад 2018 онд шинжээчийн дүгнэлт гаргахдаа лацыг авсан. Тийм учраас эдний нэхэмжлээд байгаа асуудалд харин бид нар сөрөг нэхэмжлэл гаргах ёстой боловч эрүүгийн хэрэг дуусаагүй болохоор болохгүй байна. Байран дотор байсан юмнаас алдчихсан. Хэдийгээр тэр асуудлыг бид Номин холдинг ХХК-тай холбож байгаа боловч байрны эзэн бол гарцаагүй үүрэг хариуцлагаа өвлөж авсан байх ёстой. Аливаа нэгэн эрх, үүрэг тэгж л шилжигддэг. Тэр дотор байгаа зүйлийн хадгалалт, хамгаалалтыг бүгдийг хариуцах ёстой байдаг. Ингээд ажиллагаа дуусаагүй байгаа зүйлийг нэхэмжлээд байгаа учир энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 5. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 106 дугаар зүйлийн 106.2, 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2-т тус тус зааснаар хариуцагч Хэрлэн хивс ХК-иас хохиролд 165 486 777 /нэг зуун жаран таван сая дөрвөн зуун наян зургаан мянга долоон зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Номин Реалтор ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 002 897 223 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 157 820 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэрлэн хивс ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 985 384 төгрөгийг гаргуулан Номин Реалтор ХХК-д олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хариуцагч Хэрлэн хивс ХК-иас шинжээчийн зардалд 1 412 927 төгрөгийг гаргуулан Вендо ХХК-д олгож,... шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө Нэхэмжлэгч, хариуцагч талууд нь хүлээсэн үүргээ зохих ёсоор, сайн дураар биелүүлээгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 19А дугаартай шүүгчийн захирамжаар үүссэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2010 оноос эхлэн одоог хүртэл үргэлжилж байгаа, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг олон удаа түдгэлзүүлж, сэргээж хугацаа алдсанаас нэхэмжлэгч, хариуцагч нарын эд хөрөнгөө өмчлөх эрх зөрчигдсөн байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хохирлын хэмжээг 50 хувиар багасгах нь зүйтэй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Номин холдинг ХХК болон хариуцагч Хэрлэн хивс ХК нар шүүгчийн захирамжаар харилцан үүрэг хүлээсэн хэдий ч нэхэмжлэгч Номин Реалтор ХХК-ийн өмчлөлийн талбайг чөлөөлөх үүрэг хариуцагчид байсан ба уг үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн мөн анхан шатны шүүхээс Номин холдинг ХХК-ийн шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргийг нэхэмжлэгч Номин Реалтор ХХК-ийн үүрэг мэтээр тайлбарлан Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн үнийн дүнг 50 хувь хүртэл бууруулан багасгасан хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл 19А дугаартай шүүгчийн захирамжаар Номин холдинг ХХК болон хариуцагч Хэрлэн хивс ХК нарын хооронд үүссэн харилцааг зохицуулж үүрэг болгосон захирамж гарсан болохоос бус нэхэмжлэгч Номин Реалтор ХХК-д хамааралгүй үүрэг бөгөөд Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. гэж заасантай нийцэхгүй байна.

Мөн дээрх нөхцөл байдал буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2010 оноос хойш өдийг хүртэл биелэгдээгүй олон удаа түдгэлзэж, сэргээж байсан шалтгаан нь Номин Реалтор ХХК-ийн шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлээгүйгээс бус хариуцагч Хэрлэн хивс ХК-ийн үүргээ биелүүлээгүй буруутай үйл ажиллагаа буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүйн тулд аливаа зүйлээр шалтаглан санаатайгаар удаашруулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргадаг мөн шударгаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж буй албан тушаалтнуудыг удаа дараа Авилгатай тэмцэх газарт гомдол гаргаж шалгуулдаг зэрэг үйлдлээс шалтгаалан хугацаа алдсан байтал шүүхээс нэхэмжлэгчийн үүргээ биелүүлээгүйгээс гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулж өгөхийг удаа дараа шаарддаг бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад саад учруулж байсан үйлдэл, эс үйлдэхүйг гаргаж байгаагүй бөгөөд 19А дугаартай шүүгчийн захирамжаар хүлээх үүрэг буюу хивс нэхэх зориулалт бүхий 2 машины эд ангийг Дорнод аймаг дахь өөрийн компанийн өмчлөлийн машинуудад байгаа эд ангиудаас бүрдүүлж өгөх үүргийг хүлээсэн ба уг үүргээ биелүүлэх гэхэд хариуцагчийн зүгээс манай машинд байхгүй эд ангиудыг гаргаж өгөхийг шаарддаг. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт заагаагүй үүргийг биелүүлэхийг хариуцагч шаардаж шүүхийн шийдвэрийг өдий хүртэл биелүүлээгүй.

Дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгчийн зүгээс үүргээ биелүүлээгүй буруутай гэх байдал тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчаас гаргуулах хохирлын хэмжээг 50 хувиар багасгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Вендо ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон олох ёстой байсан орлого болох 330 973 554 төгрөгийн тал хувь болох 165 486 777 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн бүх талаас нь шинжлэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, хууль тогтоомжийн зөв хэрэглэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 330 397 554 төгрөгийг хариуцагчаас бүрэн гаргуулж өгнө үү. гэжээ.

7.Хариуцагч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар давж заалдах гомдолдоо: ... Тухай байрыг шууд ашиглах боломжгүй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Хэрлэн сумын 2009 оны 4 дүгээр сарын 19А шийдвэрээр 2 машиныг ажиллууж өгнө гэсэн тохиролцооны үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан.

Энэ талаар Ээрмэл ХК-ийн нэхэмжлэлтэй Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 09 тоот 42 514 200 төгрөгийг Хэрлэн хивс компаниар төлүүлэх шийдвэр гарсан. Үүний ажиллагааг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажиллагаа явуулж, Хэрлэн хивс ХК-ийн 2 ширхэг Техтима 4312 маркийн машин авахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэх акт бичигдсэн. Энэ ажиллагаа одоо дуусаагүй байгаа.

Энэ талаар 2009 оны 4 дүгээр сарын Хэрлэн сумын шүүхийн 19А эвлэрлийн гэрээний захирамжид дурдагдсан байгаа. Нэгэнт Хэрлэн хивс ХК-ийн талбай чөлөөлөх ажиллагаа явуулсан ч Ээрмэл ХК-ийн 2 машин буюу 19А шийдвэрт байгаа 2 машин үлдэж таарна. Нөгөө талаар шүүхээс хивсний үйлдвэрийн байранд үзлэг хийх хүсэлт гаргасан. Тухайн хивсний үйлдвэрийн байранд үзлэг хийсэн. Шүүгч үзлэг хийхэд Номин холдинг ХХК-ийн эзэмшлийн машинуудыг 2018 онд зарж, 4 машин үйлдсэн байсан талаар үзлэгийн тэмдэглэлд байгаа. Шүүгчид миний бие бусад байрыг үзэх, түрээслэх боломжтой байгаа талаар үзнэ үү гэж хүсэлт тавьсан. Гэтэл Ганчимэг шүүгч татгалзсан. Номин холдинг ХХК-ийн барилга 4.1 га талбай бүхий барилгатай. Гэтэл энэ талбайн 60 хувийг ашиглах, үлдсэн 40 хувийг ашиглах, түрээслэх түрээслэгч одоогоор Дорнод аймагт байхгүй. Шүүхийн шийдвэр худалдаа үйлчилгээний чиглэлээр дулаантай байр түрээслэх шийдвэр гарсан. Гэтэл уг барилгад манай буюу Ээрмэл ХК-ийн 2 ширхэг машин, Номин холдинг ХХК-ийн 4 ширхэг машин байгаа талбайтай, дулаангүй барилгыг иргэн, аж ахуй нэгж агуулахын чиглэлээр түрээслэх боломжгүй байгаа. Мөн 2009 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын битүүмжлэлд байгаад 2018 оны 9 сард Номин тав трейдийн 11 ширхэг Техтима 4312 машиныг авч явах хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт орон нутгийн захирал Бадам гаргаж, машинаа ачиж явсан боловч 4 ширхэг машинаа үлдээсэн байдаг. Үүнийг шүүгч нар түрээслэх боломжтой эсэх, 2018 оны 9 сард Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэл тавьж өмч ашиглах, захирах эрх нээгдсэн нөхцөл байдлыг анхаарч үзээгүй нөхцөл байдал дутуу үнэлсэн.

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2609 м2 бүхий талбайд Хэрлэн хивс ХК-ийн 10 машин байгаа талаар нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч баталдаг. Энэ зааланд байсан 23 машинаас 2008 онд Номин тав трейд, өөрийн өмчлөлийн Техтима 4312 маркийн машиныг маргаж буй талбайгаас тонож буулгаж авч явахдаа Хэрлэн хивс ХК-ийн 10 машинаас тонож авч явсан байдаг. Энэ үйлдэл нь нэхэмжлэгч талын зөвшөөрлөөр хийгдсэн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Болдбаяр нотолдог. Хэрлэн хивс ХК-ийн төлөөлөл талбайд нэвтрэх эрхгүй, бүх эрх нь хязгаарлагдмал байж өнөөдөр ч ийм байдал хэвээрээ байгаа. Хэрлэн хивс ХК-ийн өмчлөлийн гэх 10 машиныг тоносон, буулгасан асуудлыг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдаж байгаа талаар мэдэж байгааг хэлдэг.

Анх Хэрлэн хивс ХК-ийн өмчийг Худалдаа хөгжлийн банкны өрөнд 1998 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийн дагуу битүүмжилсэн. 2009 онд Номин Холдинг ХХК-иас талбай чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Номин холдинг ХХК, Номин тав трейд ХХК, Номин Реалтор ХХК гэх мэтээр өөрчлөгдөн Хэрлэн хивс ХК-тай маргалддаг. Хэнд ямар эрх үүрэг нь шилжсэн, хэрхэн өөрчлөгдөж байгаа нь тодорхойгүй Хэрлэн хивс ХК-аар тоглож нэхэмжлэл гаргадаг. Үнэндээ Хэрлэн хивс ХК нь өөрийн хөрөнгө гэх уг талбайд байгаа эд хөрөнгөө захиран зарцуулах эрх нь хаалттай, хязгаарлагдмал байсан. 2009 оны 4 дүгээр сарын 29-ний 19А шийдвэрээр боломж олдсон нь Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүйгээс үүргээсээ татгалзсан. Энэ байдлаас болоод шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзэхэд хүрсэн. Номин холдинг ХХК-ийн зүгээс талбайг чөлөөл гэсэн шаардлага тавьдаг. Манай талын гол өмч болох 2 үлдсэн машиныг бүрэн болгох талаар хүлээсэн үүргээ биелүүлэх талаар ярьдаггүй. Уг талбайд байх бүтэн шахуу машин тоногдож шинжээч томилох тухай хүсэлт гаргаж дүгнэлт гаргаж байсан.

2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 19А захирамжийн эвлэрлийн гэрээний ажиллагааг сэргээж байсан. Мөн ажиллагааг явуулахад хүндрэл гарч 10 сар Шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн. Хэрлэн номин бизнес төвийг хариуцдаг Номин Реалтор компани өөрийн эзэмшлийн талбайд эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа битүүмжлэгдсэн эд хөрөнгө талбайд нэвтрэх эрхгүй гэж үзэж байна.

Битүүмжлэгдсэн эд хөрөнгө алдагдсан нь Номин Реалтор компанийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой. Энэ талаар Дорнод аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдаж байгаа. Уг талбайтай холбоотой хууль зөрчсөн үйлдлийн талаар болон 19А захирамж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр явагдаж байгаа талаар нотлох баримт, хууль ёсны албан бичгийг өгсөөр байтал шүүхээр хянан хэлэлцэж хууль бус шийдвэрт хэт нэг талыг барьж гаргасан.

Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ:

1. 19А захирамжаар эвлэрлийн гэрээг зааж захирамж нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2010 оноос эхлэн одоог хүртэл үргэлжилж байгаа болох нь тогтоогдож байна. гэжээ. Энэ нь уг талбайтай холбоотой маргаан шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд явагдаж байгааг баталж байна. Шүүх талбай чөлөөлөөгүй нь Хэрлэн хивс ХК-иас болсон гэж удаа дараа дүгнэсэн байна. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх хуульд заагдсан бүрэн эрх олгогдсон байгаа. Гэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 машин гаргах ажиллуулах боломжгүй болсон гэсэн хариу өгөхөөс манай байгууллагыг гэрээгээ биелүүлэхгүй байна гэсэн нэг ч баримт байхгүй. Харин энэ талаар баримт гаргах бололцоог шүүх олгоогүй.

2. 19А захирамжаар баталгаажсан эвлэрлийн гэрээ болон манай тайлбарын агуулгыг зөрчсөн шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Мөн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн.

Мөн үндэслэлд нэхэмжлэгч хариуцагч талууд нь хүлээсэн үүргээ зохих ёсоор цаг хугацаанд нь биелүүлээгүй. 19А захирамжаар үүссэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон удаа түдгэлзүүлж, сэргээж хугацаа алдсанаас нэхэмжлэгч, хариуцагч нарын эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн байна гэж заасан нь нэг шүүхийн нэг шийдвэрт эргэлзээ бүхий өөр утгатай үндэслэл дурдсан нь эргэлзээтэй байна.

Номин Реалтор ХХК-ийн өмчлөлийн обьектод буй Хэрлэн хивс ХК-ийн өмчлөлийн эд хөрөнгөд Номин Реалтор ХХК-ийн харуул хамгаалалтын дор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хохирол учирч эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдон шалгагдаж байгаа үндэслэлийг үйлдвэрийн гадна байгаа 08 тоот машинд 182100722 хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн нь нэхэмжлэгчид хамааралгүй гэж нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 5/53 тоот Э.Идэрбат прокурорын хариу мэдэгдэх хуудсанд Техтима 4312 маркийн 1, 2, 5, 6, 7, 15, 17, 21, 22, 23 дугаар бүхий машины хийцийн рам, хамгаалалтын труба эд анги алдагдсан гомдлыг 08 тоот машин алдагдсан эрүүгийн 182100722 дугаартай хэрэгт хамтатган шалгахаар мөрдөгч Б.Мөнхдалайд шилжүүлсэн байдаг. Мөн 2022 оны 6 дугаар сард Болорбат ахлахын албан бичиг тодорхойлолтод Хэрлэн хивс ХК-ийн 1, 2, 5, 6, 7, 8, 15, 17, 21, 22, 23 хувийн дугаартай Техтима 4312 маркийн машинуудыг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэсэн нотлох баримтыг анхаарч үзээгүй байна.

3. Шүүгч манай гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломжтой байсан гэж дүгнэж компанийн 10 мянган хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтгүй шүүх хуралд оруулсан талаар.

Бат-Амгалан өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаан болох үед өмгөөлөл хийхээ больсон. Иймд эрхээ хамгаалуулах үүднээс А.Мөнхбат өмгөөлөгчийг ажлын сүүлийн өдөр буюу 6 дугаар сарын 25-ны өдөр хэргийн материалтай танилцуулсан. А.Мөнхбат өмгөөлөгч зайлшгүй шаардлагатай нотлох баримт гаргуулахгүй бол эргэлзээтэй олон асуудал байна гээд нотлох баримт цагдаагаас нэмж гаргуулах, 2007 оны Улсын Дээд шүүхийн 338 тоот шийдвэртэй хэргээс энд хамааралтай нэхэх машинтай холбоотой, эд хөрөнгийг хариуцаж гэрээ хийж байсан гэрчийн мэдүүлэг зэрэг шаардлагатай баримт гаргуулах хүсэлтээ Даваа гарагт буюу 6 дугаар сарын 27-ны өдөр өгөхөөр болсон.

Мөн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 19А баримт байхгүй байгаа нь хэргийг шударгаар үнэн зөв шийдэх боломжгүй байна. Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 6 сарын 27-ны өдөр хүсэлт гаргах болсон. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан боловч нотлох баримт гаргаж өгч амжаагүй.

Дорнод аймгийн шүүхийн Тамгын газарт 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гаргасан боловч 338 тоот хэрэг олдохгүй, архиваас олж чадахгүй, анхан шатны шүүхийн хэрэг шийдсэн 123, 64 дугаар, Дээд шүүхийн 338 дугаараар архивт хадгалагдаагүйн улмаас архивын ажилтан шүүх хурлын өмнөх өдөр хэргийн материал олсон учир бусад хүсэлт гаргасан нотлох баримтын хамт хэргийг гаргаж өгөөгүй шүүх хуралд оролцсон.

Өглөө буюу 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн өмнө нотлох баримт гаргаж өгнө гэсэн боловч нотлох баримт өгч амжаагүй. А.Мөнхбат өмгөөлөгч Номин холдинг ХХК, Номин тав трейд ХХК, Номин Реалтор ХХК-ийн хоорондын харилцан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаар хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Энэ баримтыг шүүхийн журмаар авахаас өөр боломжгүй байсан. Шүүх нэн ач холбогдолтой хүсэлтийг хангаагүй. Мөн эрүүгийн хэргээс гэрчийн мэдүүлгүүд авах хүсэлт гаргасан боловч шүүх шийдээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчсөн.

Шүүгч зайлшгүй шаардлагатай хариуцагч Номин холдинг ХХК-ийг татаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг зөрчсөн. Дээр дурдсанаар шүүх иргэний процесс ажиллагааг тус тус зөрчсөн.

4. Шүүх шийдвэртээ 19А эвлэрлийн гэрээг нэг талын гэрээ, бие биенээсээ хамаарахгүй гэж дүгнэжээ. Гэтэл нэг талын ямар гэрээ, ямар хуулийн заалттай гэрээ гэдгийг тодорхой дурдаагүй. Тус гэрээ 2 машин ажиллуулж өгнө гэсэн урьдчилан тохиролцоонд хүрсэн хоорондын харилцан хамааралтай гэрээ юм. Шүүх Иргэний хуулийн 209.1, 215.1 дэх зүйл, заалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хавтаст хэргээс илт харагдаж байна.

5. Шүүгч 2009 оны 4 дүгээр сарын 19А эвлэрлийн гэрээнд 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдөр талбай чөлөөлөх ёстой гэж тодорхойлжээ. Үүнийг Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 215 дугаар зүйлийн 215.1-д хамаарах учир манай байгууллага эвлэрлийн гэрээнд заагдсан талбайг чөлөөлөхдөө 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн талбайг чөлөөлнө гэсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Дорждэрэм энэ ажиллагааг хийлгэхгүй шууд талбайг чөлөөл гэсэн шаардлага тавьсан. Харин Хэрлэн сумын сум дундын шүүхийн 64 буюу дээд шүүхийн 338 тоот хэргийн ажиллагаа, Хэрлэн сумын 19А шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан. Үр дүнд 2018 онд Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх ажлаа эхлүүлж 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлттэй тулгалт хийж шинжээчийн дүгнэлт 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан. 19А шүүхийн шийдвэр биелүүлж шинжээчийн дүгнэлт гаргасан талаар Уртнасан шийдвэр гүйцэтгэгчээс шүүхээс гэрчийн мэдүүлэг авсан талаар хавтаст хэрэгт тодорхой байгаа.

Мөн 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Амаржаргал шүүхийн шийдвэр тодруулах хүсэлт гаргаж 2017 онд Ганчимэг шүүгчийн 2009 оны 19А шийдвэрийг тайлбарласан учир ажиллагаа хийх эхлэл тавигдсан. 2009 оны 19А шийдвэрийг тэмдэглэл дээр хоёр тал харилцан тохиролцсон талаар шүүхийн тэмдэглэлд тусгагдсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.5-д зааснаар шүүхийн тэмдэглэлд заасан харилцан тохиролцсон 2 тал харилцан үүрэг хүлээсэн нь тогтоогдсон байдлыг шүүгч анхаарч үзээгүй. Ач холбогдол бүхий ажиллагаа хийх, нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүйн улмаас шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг шүүх шийдэхдээ буруу дүгнэжээ. 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ганчулуун өмгөөлөгч шүүх хуралд оролцож амжихгүй болсон учир өмгөөлөгч авах мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнаас 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг үндэслэн чөлөөлнө гэсэн үндэслэлээр шинжээч дүгнэлт гаргасан талаар гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хурлаа хийж эхэлсэн учир шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг шүүх хүлээн авч хүсэлт шийдсэн. Яг энэ процесс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралд давтагдсан боловч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан үндэслэл буруу гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч ******* хариу тайлбартаа: Нэг. Иргэний хуулийн 106.2 нь хохирлыг арилгуулах хуулийн үндэслэл болохгүй.

1.1 Анхан шатны шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 106 дугаар зүйл буюу 106.2-ын Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэсэн заалтыг үндэслэл болгосон байна. Энэхүү заалт хохирол арилгуулах хуулийн үндэслэл болохгүй. Харин энэ заалт нь зөрчлийг арилгуулах буюу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нөхцлийг арилгуулахад хамаарна. Гэтэл нэхэмжлэгч нь зөрчлийг арилгуулах шаардлага гаргаагүй зөвхөн хохирол нэхсэн байна.

1.2 Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-ийн Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэсэн заалт нь хохирлын төрөл хэмжээг тодорхойлсон хуулийн зохицуулалт юм. Шүүх шийдвэр гаргахдаа (1) хохирлыг арилгуулах үндэслэл, (2) хохирлын төрөл хэмжээг тогтоох үндэслэлийг ялгаж шийдвэр гаргаагүй байна.

Хоёр. Нэхэмжлэгч Номин Реалтор ХХК нь Номин холдинг компанийн эрх, үүрэг залгамжлагч, хамтран үүрэг гүйцэтгэгч болно.

2.1 Хэрлэн хивс ХК 2000 оноос хойш НОМИН ХОЛДИНГ ХХК-тай хуучин хивсний үйлдвэрийн байранд байсан 11 ширхэг машиныг тонож эвдсэн асуудлаар маргалдахад өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байна. Дуусаагүй байгаа шалтгаан нь НОМИН ХОЛДИНГ ХХК түүний эрх залгамжлагч НОМИН РЕАЛТОРХХК-тай холбоотой юм.

2.2 НОМИН ХОЛДИНГ ХХК нь хуучин хивсний үйлдвэрийн байрны өмчлөх эрхийг өөрийн хамаарал бүхий, зэргэлдээ компанидаа шилжүүлсэн нь зориуд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн үйлдэл буюу төөрөгдүүлсэн арга гэж үзэхээр байна.

2.3 Хэдийгээр НОМИН РЕАЛТОР ХХК нь өөрийн эрх үүргийг НОМИН ХОЛДИНГ ХХК-иас тусдаа гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг шударгаар биелүүлэх зарчимд нийцэхгүй байна.

2.4 Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас үзэхэд НОМИН ХОЛДИНГ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Шагдарсүрэн овогтой Баярсайхан, мөн НОМИН РЕАЛТОР ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Шагдарсүрэн овогтой Баярсайхан байна. Энэ нь Компанийн тухай хуулийн 6 дугаар 6.15.-д Нэг толгой компанийн хараат болон охин компаниуд, эсхүл нэг этгээд дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг компаниудыг зэргэлдээ компани гэнэ. гэсний дагуу эдгээр нэг хувьцаа эзэмшигчтэй компаниуд нь нэгдмэл сонирхолтой байна. Энэхүү хэргийг шийдвэрлэхэд НОМИН ХОЛДИНГ ХХК-г хэргийн оролцогчоор татан оролцуулаагүй нь процессын алдаа болсон байна.

2.5 НОМИН РЕАЛТОР ХХК байрны өмчлөх эрхийг шилжүүлж авснаар НОМИН ХОЛДИНГ ХХК-ийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийг нэгэн адил хариуцахаар байна. Түүнчлэн НОМИН ХОЛДИНГ ХХК нь шүүхийн шийдвэр биелүүлэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй НОМИН РЕАЛТОР ХХК-тай Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаас хамтран үүрэг гүйцэтгэгч болно. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүргийг хивсний үйлдвэрийн байрыг өмчлөх эрхийг эзэмших эрхээс зааглах боломжгүй байна. Учир нь үүргийн зүйл нь үл хуваагдах шинжтэй юм. Өмчлөх эрхийг нь авч байгаа тал үйлдвэрийн байранд бэхлэгдэж, тоноглогдсон 11 ширхэг үйлдвэрийн машинтай холбоотой эрх, үүргийг мөн хамтран хүлээх үүрэгтэй байна.

Гурав. Энэ хэрэгтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа учраас шүүх хэргийг хүлээн авахаас татгалзах ёстой.

3.1. Номин Реалтор ХХК-ийн 2608 м.кв талбайг чөлөөлөөгүйгээс үүдэж хохирол учирсан хэмээж байгаа энэхүү талбайд байгаа манай үйлдвэрийн машины эд анги алдагдсан талаарх гомдлыг Хэрлэн хивс ХК-аас Номин холдинг ХХК, Номин Реалтор ХХК болон бусад холбогдох албан тушаалтанд холбогдуулан Дорнод аймаг дахь цагдаагийн газарт гаргаж, улмаар ахлах мөрдөгч Э.Амартайван нь 182100722 тоот хэрэг үүсгэн шалгаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа.

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл 65.1-д Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:, 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа; гэж заасны дагуу захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг эрүүгийн журмаар эцэслэн шийвэрлэж байж энэхүү иргэний хэргийг шийдвэрлэхгүй бол Үндсэн хууль болон Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй аливаа нэг этгээдийн эрх ашгийг хилсдүүлэн зөрчих магадлалтай байгаа тул бидний зүгээс удаа дараа хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчид ашигтайгаар нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэхүү эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.Үүнийг давж заалдах шатны шүүх харгалзан үзнэ үү. гэжээ.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанид талбайг чөлөөлөх боломжгүй болсон гэж хэлдэг. Гэхдээ тус тусдаа талбайд байршсан байгаа. Анхан шатны шүүхээс бидний маргаж байгаа асуудлыг зөв зүйтэй тогтоосон гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2010 оноос хойш одоог хүртэл үргэлжилж байгаа. Бидний эд хөрөнгөө өмчлөх эрх зөрчигдөж байна. Шүүхээс хариуцагч талд оногдуулах төлбөрийг 50 хувиар бууруулах ёстой гэж үзсэн байсан. Хоёр машиныг бүрэн болгох боломжтой техник хэрэгслийг өөрсдийнхөө машинаас авахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн Хэрлэн хивс ХК-ийн хөрөнгийг буцаан авч талбайг чөлөөлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж байсан. Үүн дээр Хэрлэн хивс ХК нь манай компанийн талбайг 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор суллаж өгөхөөр гэрээ хийгдсэн. Үүн дээр барьцаа үүсэх буюу аль нэгтэйгээ барьцах асуудлын талаар гэрээнд тусгагдаагүй гэж үзэж байна. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаа дараа удаашруулж, түдгэлзүүлж, үүнтэй холбоотой ажилтан албан тушаалтныг авилгатай тэмцэх газарт шалгуулах гэх мэт аргаар удаашруулж ирсэн. 50 хувиар төлбөрийг бууруулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Бид санаатайгаар нөхцөл байдлыг хүндрүүлсэн зүйл байхгүй. Хариуцагчийг хохирсон гэж үзэх үндэслэлгүй юм. Вендо ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон олох ёстой байсан орлогыг бүхэлд нь гаргуулж өгнө үү гэж хүсч байна. ... гэв.

9.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талбай чөлөөлөхтэй холбоотой маргаан нь Номин, Хэрлэн хивс нарын хооронд үүссэн. Номин холдинг ХХК нь өмчлөх эрхээ Номин Реалтор ХХК-д шилжүүлсэн. 2016 онд албан ёсоор өмчлөгч болсон. 2016 оноос хойш өмчлөх эрхээ сэргээлгэх шаардлага үүссэн. Хөрөнгийн үнэлгээний төвийн гаргасан үнэлгээг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Вендо ХХК-иас үнэлгээ гаргуулсан. Гэтэл энэ үнэлгээний компанийн гаргасан дүн нь манай нэхэмжлэлийн шаардлагаас маш бага гарсан. "Вендо ХХК-иас агуулах гэж үзэж мөнгөн дүнг тодорхойлсон байна. Гэтэл уг дүнг дахин шүүхээс 50 хувиар бууруулж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ...Номин холдинг ХХК-ийн хүлээсэн үүрэг нь хоёр машиныг бүтэн болгоход шаардлагатай тоног төхөөрөмжийг өгөхөд татгалзах зүйлгүй гэж дурдсан. Хоёр инженерийг ажиллуулахаар оруулсан ба уг инженерүүд нь тухайн машиныг бүрэн болгох боломжгүй болсон гэдгийг хэлсэн. Мөн тухайн машиныг бүтнээр нь гаргах боломжгүй учраас буулгах шаардлагатай болсон. Ер нь бол тухайн хоёр машиныг бүтэн болгох тоног төхөөрөмж нь Монгол Улсад байхгүй. Харин бүтэн болгоно гэвэл заавал гадаадаас авч ирэх ёстой гэдгийг төлөөлөгч Болдбаяр хэлсэн ба энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагддаг. ...Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой бүхий л шийдвэр гүйцэтгэгч, ажилтан, албан тушаалтан бүр дээр гомдол гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож ирсэн. Энэ хугацаанд нийт 3-аас 4 удаа цагдаагийн байгууллагаар шалгагдаж ирсэн. Ерөнхийдөө машины эд хөрөнгө хулгайд алдагдсан гэж гомдол гаргадаг. Бидэнд хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай бичгийг ирүүлсэн. Бид давж заалдах шатны шүүхэд баримт өгч болохгүй учраас баримтыг хавсаргаж чадсангүй. Тиймээс манай талаас гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

10. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөгөө талаас хоёр машины асуудлыг ярьж байна. Бүрэн болгох сэлбэгийг дотор байгаа машинуудаас авах ёстой байсан талаар ярьж байна. Мөн шүүхийн шийдвэрт 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гарах ёстой гэж ярилцсан. Гэрээг хоёр тал саналаа дэвшүүлж байж баталдаг. Шүүхээс нэг талын гэрээ гэж үзсэн байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Энэ чинь ээрмэлийн хоёр ширхэг машин юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын акттай байсан. Бид энэ хэсгийг чөлөөлчих юм бол өөрсдөө өрөнд орчих гээд байсан юм. Тиймээс бид энэ хоёр машиныг чөлөөлж чадахгүй, бусад машиныг чөлөөлж болно гэж зааж өгсөн. Харилцан тохиролцож нөхцөл байдлаа илэрхийлсэн. Бид хоёр машиныг бүтэн болгож өгөх юм бол чөлөөлөхөөр гэрээнд зааж өгсөн байгаа. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр явагдаж эхэлсэн. Энэ талаар тэмдэглэл хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. Энэ биднээс хамаараагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ажиллагаа хийгдэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоо ч хийгдэж байгаа. Бид нар авилгатай тэмцэх газар хандаж байж 10 сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан шүү. Хэрэв гэрээ ойлгомжгүй бол өмнө нь хийгдэж байсан хэлцэл, тэмдэглэл, ёс заншлаа харна гэж зааж өгсөн байгаа. Номингоос намайг хоёр машиныг бүтэн болго гэдэг даалгавар өгсөн байгаа. Гэрээг маш тодорхой тайлбарлаж өгөхгүй бол нэхэмжлэгч талаас дандаа мушгиж тайлбарлаад байгаа юм. Зөвхөн Хэрлэн хивс ХК-ийн талбайд байгаа машинаас л авна. Өөр газраас өвч болохгүй гэж хэлэх гээд байх юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа яагаад зогссон гэдгийг тайлбарлах ёстой юм шиг байна. Номингоос өөрсдөө тэр хоёр машиныг гаргаж чадахгүй учраас гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзүүлсэн байдаг юм шүү. Чөлөөлөх ажиллагааг хийгээгүй байж шууд хохирол нэхэмжлээд байх юм. Номин холдинг нь чөлөөлөх ажиллагааг зогсоож байгаа газар юм. Энэ газрыг хариуцагчаар татах ёстой байтал шүүгч санаачлагаараа өөрөө татаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг үүсэхтэй холбоотой эргэлзээтэй асуудал үүсч байна. Бидний гаргасан хүсэлтийг шүүхээс хүлээж аваагүй. Иргэний шүүхээс газар дээр нь очиж үзлэг хийсэн. Тэгэхэд 4 машин байсан. Манай хоёр машин байсан. Энэ 6 машин байхад ажиллуулах боломж байхгүй гэж үзэж байна. Дараагийн асуудал нь манай талаас гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй, процессын зөрчил гаргасан гэж үзэж байна. 10 машины хэргийг хамтатган шалгаж байгаа талаар прокурорын мэдэгдэх хуудсыг өгсөн байдаг. 012101722 дугаартай эрүүгийн хэрэгт 10 машины хэргийг хамтатган шалгаж байна гэж мэдэгдсэн байгаа. Гэтэл иргэний шүүхээс ганцхан 8 номерийн машины асуудлыг сөхсөн байдаг. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5/53 тоот албан бичгээр Хэрлэн хивс ХК-иас Идэрбат гэж прокурорт мэдэгдэж байсан. Эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа. Шинжээчийн дүгнэлт гарч хэрэгт хавсаргагдсан. Дахиж нэмж шинжээчийн дүгнэлт хүртэл гарсан. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нөхцөлд 117 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой юм. 80.1.4 дэх хэсэгт зааснаар түдгэлзүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Шалгагдаж байгаа нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байгаа. 6 дугаар сарын 01-ний өдөр суллаж өгөх ёстой гэж буруу дүгнэж байна. Эрх, үүргийг хамтатган шалгах ёстой. Маш чухал хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа. Шийдвэрийг хэрэгсэхгүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү. гэв.

11.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлоо хариуцагчийн төлөөлөгч өөрөө сайн тайлбарлаж хэллээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад ч тодорхой байна. Гомдол бүрэн үндэслэлтэй байх тул дэмжиж байна. Энэ хэрэг хэлэлцэж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрч байна. Нэхэмжлэлийг гаргаад 2 жил гаруйн хугацаа өнгөрч байгаа юм байна. Хэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан. Номингийн зүгээс түрээсийн гэрээ байгуулж олох ёстой орлогоо нэхэмжилж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ дан ганц Хэрлэн хивс ХК-ийн буруутай үйлдлээс болж асуудал шийдэгдээгүй гэж үзэх боломжгүй. Харилцан адил эрх, үүргийг хүлээсэн гэж үзэж болохоор байна. Аль аль талын тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас эвлэрлийн гэрээ байгуулагдсан байгаа. Өөрсдөө үүргээ биелүүлж чадаагүй байна. Тухайн хоёр машиныг бүрэн болгож өгөх саналыг хүлээж авсан байдаг. ...Аль аль нь өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд орж байна. Бүтэн 10 жилийн хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа гэж ярьж байх юм. Энэ төрийн байгууллага яг ямар ажил хийгээд байдаг юм бэ? Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж бусдад учирсан хохирлыг төр хариуцах ёстой юм. Хариуцагч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татан оролцуулах санал гаргасан ч хүлээж аваагүй байна. Энэ тухайн байгууллагын буруутай үйл ажиллагаа бүрэн нөлөөлж байгаа юм. Хэдэн ч хариуцагч иргэний хэрэгт татагдан орох боломжтой байгаа. ...Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой Улсын Дээд шүүхийн шийдвэртэй хэргийг үзэх саналыг гаргасан боловч баримт байхгүй гэдэг тайлбарыг гаргасан байсан. Анхан шатын шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Шударга шүүхэд итгэх итгэл байхгүй болж байна. Маш ноцтой баримттай хэрэг алга болно гэж байхгүй гэж үзэж байна. Хариуцагч ч гэсэн давхар хохирч байгаа гэдгийг шүүх ойлгох хэрэгтэй. гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Номин Реалтор ХХК нь хариуцагч Хэрлэн хивс ХК-иас олох байсан орлогод 1 168 384 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...Тус компани нь 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний үйлдвэрийн барилга болох 39 000 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-064003485 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Энэ үеэс эхлэн манай компани өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх үүднээс тус үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, ашиг олох гэсэн боловч Хэрлэн хивс ХК-ийн хууль бус үйлдлээс шалтгаалан 2608 м.кв талбайг одоог болтол ашиглаж чадахгүй байна. ... Манай компани 2018 онд Хөрөнгийн үнэлгээний төв-д хандаж, уг талбайг 10 жилийн хугацаанд бусдад түрээсэлсэн бол хэдий хэмжээний орлого олох байсан талаар үнэлгээ хийлгэсэн. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тус компанийн 2018 оны 2 дугаар сарын 23-ний өдрийн 28 дугаартай үнэлгээний дүгнэлтээр 10 жилийн хугацаанд 2 190 720 000 төгрөгийн орлого олох байсан гэж гарсан. Уг дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүнг 10 жил буюу нийт  120  сард хувааж тооцоход нэг сард ногдох түрээсийн ажиллагаанаас олох орлого нь 18 256 000 төгрөг болж байна. ... Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах Номин реалтор ХХК-ний өмчлөлийн хивсний үйлдвэрийн барилгын 2608 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслүүлэх, ашиглуулснаас олох байсан орлого 876 288 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Мөн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 292 096 000 төгрөгийг нэмж нэхэмжилж, нийт 1 168 384 000 төгрөг гаргуулахаар шаардлагаа ихэсгэсэн. Энэ үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. ... гэж тайлбарлажээ. /1хх 1-2/

3. Дээрх шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч ******* бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлалын үндэслэлээ ... Улсын дээд шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Хэрлэн хивс компанийн өмч болох 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг ХХБанкны гэх өрөнд Дорнод аймгийн ШШГГазар битүүмжлэн хурааж авснаас хойш өмч хөрөнгөө хүлээж авч чадаагүй. ... Бид нар 2009 онд талбай чөлөөлөх асуудлаар Номин холдинг ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргаж 11 машинаа нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэл дээр 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 19А шийдвэрээр  ******* шүүгч эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон. Эвлэрлийн гэрээ яагаад байгуулах болсон юм бэ гэхээр талбай чөлөөлөх асуудлыг шийдчихвэл яасан юм бэ, танайх машинаа аваад талбайг чөлөөлчих юм бол эднийх үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Харин энэ талбайг чөлөөлсөн ч гэсэн танайх  шүүхээр нэхэмжлэх эрх нь хэвээрээ байна гэж тохиролцож байсан. ... Уг эвлэрлийн гэрээнд гол тусгагдсан заалт нь манай талын 2 машиныг бүтэн болгуулах, нөгөө тал талбайг чөлөөлүүлэх байсан. ... Ингээд энэ ажиллагаа явагдаж эхэлсэн. Гэтэл эвлэрлийн гэрээг гүйцэтгэх явцад нөгөө байхгүй эд ангиудыг тоолж эхэлсэн. ... Гэтэл Болдбаяр эвлэрлийн гэрээнд дотор байгаа машинаас л эд ангиа ав гэсэн. Үүнээс болоод эвлэрлийн гэрээ хийгдэх боломжгүй болж ажиллагааг түдгэлзүүлсэн. Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга бичиг өгөхдөө 2 машиныг бүтэн болгох ажиллагаа бүтэлгүй болсон, Номин холдинг ХХК үүргээ биелүүлэх боломжгүй болсон, тиймээс уг ажиллагааг түдгэлзүүлсэн гэсэн. ... Эвлэрлийн гэрээ бол хоёр тал адилхан эрх, үүрэгтэй, яагаад зөвхөн манай ажиллагааг явуулаад байгаа юм бэ гэхэд манай машинуудыг талд нь хүртэл Номин хэрлэн компанийн ажилчид буулгасан. Машинуудыг хамаагүй буулгаж байсан. Тухайн үед нь би энэ машинууд их эмзэг эд зүйл, ингэж хамаагүй мэргэжлийн бус хүн буулгадаггүй юм, эвдэрч хэмхэрдэг юм гэхэд хүлээж авахгүй шууд л буулгасан. Ингэж буулгачихаад дараа нь талбайг чөлөөлөх ажилд орно гэхэд нь би анхааруулсан. Ингээд Дорждэрэм талбай чөлөөлөх ажлаа зогсоогоод шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. ...Эдний эзэмшлийн эд хөрөнгөд байгаа манай машин 2018 оноос алдагдсан байдаг. Яагаад гэвэл лацтай байж байгаад 2018 онд шинжээчийн дүгнэлт гаргахдаа лацыг авсан. Тийм учраас эдний нэхэмжлээд байгаа асуудалд харин бид нар сөрөг нэхэмжлэл гаргах ёстой боловч эрүүгийн хэрэг дуусаагүй болохоор болохгүй байна. ... Ингээд ажиллагаа дуусаагүй байгаа зүйлийг нэхэмжлээд байгаа учир энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ. /1хх 34-36/

4.Хэргийн үйл баримтын тухайд: Номин Реалтор ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний үйлдвэрийн барилга болох 39 000 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-064003485 дугаарт бүртгэгдэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон байна. /1хх 6/

5.Уг үйлдвэрийн барилгын 2608 м.кв талбайд Хэрлэн хивс ХК-ийн өмчлөлийн 10 ширхэг нэхмэлийн машин байсан, одоо хүртэл машины эд ангиуд байгаа болох нь хариуцагчийн төлөөлөгч *******ын тайлбар /1хх 34-36/, түүний хүсэлтээр шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 87-92/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

6. Номин холдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй Хэрлэн хивс ХК-д холбогдох эд зүйлийг албадан гаргуулж, талбай чөлөөлүүлэх, Техтима-4312 маркийн 2 ширхэг нэхмэлийн машины эд анги, сэлбэгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцэж, 19 А дугаар шүүгчийн захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэрээр зохигчид тухайлбал, нэхэмжлэгч тал Номин холдинг ХХК нь -Хивс нэхэх зориулалт бүхий 2 машины эд ангийг Дорнод аймаг дахь өөрийн компанийн өмчлөлийн машинуудад байгаа эд ангиудаас авахад татгалзахгүй өгөх; Туслах ажилчнаар хангах /1 хүнийг 2 машин бүрэн ажиллуулах боломжит хугацаанд өөрийн зардлаар ажиллуулах/  үүргийг хүлээнэ; 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор талбайг чөлөөлж өгсөн байхыг шаардах,

Хариуцагч тал  Хэрлэн хивс ХК нь -Техникийн мэргэжлийн хүнээ ажиллуулах /өөрийн зардлаар/; 2 машины эд анги, сэлбэг хэрэгслийг бүрдүүлж 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор машинуудыг гаргаж, талбайг чөлөөлсөн байх үүргийг хүлээж; Хивс нэхэх зориулалт бүхий 2 машины эд ангийг Номин холдинг ХХК-ийн Дорнод аймаг дахь аль ч машинаас гаргуулан авахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан байна. /2хх 204/

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэж заасан бөгөөд энэ хэргийн зохигчид нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19А дугаар шүүгчийн захирамжийг одоо хүртэл биелүүлээгүй байна.

8. Хариуцагчийн төлөөлөгч нь манай хивс нэхэх зориулалт бүхий 2 машины эд ангийг нэхэмжлэгч тал бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй учир манай компани талбайг чөлөөлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтүүд болон тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаа дараа түдгэлзүүлж байсан зэргээс харахад хариуцагч тал нь машин байрлаж байсан талбайг бүгдийг нь эзэмших биш талбайг чөлөөлөх боломжтой байжээ.

9.Иргэний хуулийн  101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж заасан.

10.Хариуцагч Хэрлэн хивс ХК нь 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Номин Реалтор ХХК-ний өмчлөлийн талбайгаас өөрийн өмчлөлийн машинуудыг гаргаж, талбайг чөлөөлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Номин реалтор ХХК нь ...олох байсан орлогод нийт 1 168 384 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

11.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасныг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн Вендо ХХК-ийн он тус бүрээр тооцоолон гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан 330 973 554 төгрөгийг олох байсан орлого гэж үзэж, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хохирлын хэмжээг 50 хувиар багасгаж 165 486 777 төгрөгийг хариуцагч Хэрлэн хивс ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Номин Реалтор ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 002 897 223 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. /2хх 20-37/

Учир нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19А дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагааны явцад Номин Реалтор ХХК нь Дорнод аймаг дахь өөрийн компанийн өмчлөлийн машинуудад байгаа эд ангиудаас авахад татгалзахгүй өгөх-ийг зөвшөөрсөн байх боловч тухайн машинуудаас ямар ямар эд анги өгөхөд таарч тохирохгүй байсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй; мөн хариуцагч Хэрлэн хивс ХК нь Номин Реалтор ХХК-ийн нэхмэлийн аль машины эд анги нь таарахгүй байсан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүйгээс гадна зохигчдын хэн аль нь хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүх дүгнэлт үндэслэлтэй байна.

12.Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

13. Мөн хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон тайлбартаа: ...Иргэний хуулийн 106.2 нь хохирлыг арилгуулах хуулийн үндэслэл болохгүй; нэхэмжлэгч Номин Реалтор ХХК нь Номин холдинг компанийн эрх, үүрэг залгамжлагч, хамтран үүрэг гүйцэтгэгч болно; энэ хэрэгтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа учраас шүүх хэргийг хүлээн авахаас татгалзах ёстой; ач холбогдол бүхий ажиллагаа хийх, нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүйн улмаас шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг шүүх шийдэхдээ буруу дүгнэсэн. ... гэсэн байх боловч энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

14. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, үйл баримтуудыг зөв тогтоосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын төлсөн 985 384 төгрөг, хариуцагчийн төлөөлөгч *******ын төлсөн 985 384 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Энхсаруул, хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28ы өдрийн 138/ШШ2022/00620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын 985 384 төгрөг, хариуцагчийн төлөөлөгч *******ын 985 384 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                  О.БААТАРСҮХ

                                                 Ж.ДОЛГОРМАА