Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01807

 

 

 

 

 

 

 

 

2022 09 23 210/МА2022/01807

 

 

П.Г-, Н.У- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01906 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Г-, Н.У- нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Г-, түүний өмгөөлөгч А.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01668 дугаар захирамжаар П.Г-, Н.У-ээс 139,059,000 төгрөгийг гаргуулж П- ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрийг гүйцэтгэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохих ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгө болох орон сууцыг үнэлүүлэхдээ миний саналыг тусгалгүй уг хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлэгдсэнийг нэхэмжлэгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон үнэлгээний дүнг бидэнд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр тогтоолгосон хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгчдийн зүгээс шүүхэд гомдол гаргаж байна. Тодруулан дурдвал төлбөр төлөгч бидний зүгээс дуудлага худалдаагаар оруулахаар гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргах эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа ба улсын бүртгэлийн Ү-2206058729 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 49/2-07 тоот хаягт байрлах 93.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч П.Г-, Н.У- нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэн удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул П.Г-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2206058729 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17060/ үйлдвэрийн гудамж 49/2 дугаар байр, 7 тоот хаягт байрлах 93.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хураасан. Төлбөр төлөгч П.Г-, Н.У- нарт үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Баян модот ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 193,900,000 төгрөгөөр үнэлснийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр албан бичгээр талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч П.Г-, Н.У- нар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2021/13026 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: Хоёрдахь албадан дуудлага худалдааг мэдэгдэх хүртэл ямар нэгэн процесс зөрчөөгүй. Тухай бүрт нь шуудангаар мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан. Төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулдаг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлэн, гомдлоо гаргасан. Иймд шаардах эрх дууссан гэж үзэж байна гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын бүртгэлийн Ү-2206058729 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17060/, үйлдвэрийн гудамж, 49/2 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 93.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 193,899,761.45 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.Г-, Н.У- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч бид Баян модот ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан үнэлгээ нь зах зээлийн бодит ханшид нийцээгүй, хэт багаар үнэлсэн байгаа тул зөвшөөрөх боломжгүй байна. Үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус хэт их нуршсан зэрэг ойлгомжгүй үйл баримтыг тогтоолгүй шийдлээ.

5.а.Түүнчлэн шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэлдэлгүйгээр хурлыг хийсэн нь хэргийн оролцогч бидний эрхийг ноцтойгоор зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6.Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч П.Г-, Н.У- нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01668 дугаар захирамжаар төлбөр авагч П- ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 139,059,000 төгрөгийг төлбөр төлөгч П.Г-, Н.У- нар нь 2020 оны 09 дүгээр сард багтаан төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, үүргийн сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох П.Г-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэрийн гудамж, 49/2 дугаар байр, 7 тоот хаягт байршилтай, 93.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 63-64-р тал/

 

3.а.Төлбөр төлөгч П.Г-, Н.У- нар нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч П- ББСБ ХХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 828 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 62-р тал/

 

3.б.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн байна. /хх-ийн 66, 69, 73, 77, 80, 85-р тал/

 

3.в.Төлбөр төлөгч П.Г-, Н.У- нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотойгоор хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцаа хөрөнгө болох гурван өрөө орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 70, 82-р тал/

 

3.г.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч П.Г-, Н.У- нараас үнийн санал авахаар албан бичиг хүргүүлсэн боловч санал ирүүлээгүй байна. Иймд хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч П- ББСБ ХХК-ийн хүсэлтээр Баян модот ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна. /хх-ийн 88, 91-р тал/

 

3.д.Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК нь төлбөрт хураагдсан 3 өрөө орон сууцыг 193,899,761.45 төгрөгөөр үнэлснийг хариуцагч байгууллага нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч П.Г-, Н.У- нарт мэдэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 111-р тал/

 

4.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэргийн 115 дугаар талд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15369 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай захирамж авагдсан бөгөөд уг захирамжид 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй талаар заажээ.

 

4.а.Дээрх захирамж гарснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх бөгөөд захирамжид гомдол гаргах хугацаа 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дууссан байна. Энэ хугацаанаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч П.Г-, Н.У- нар нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгч нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

4.б.Харин нэхэмжлэгч нар үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байх боловч хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасанд нийцээгүй гэх, мөн нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.Хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

6.Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шүүхэд мэдүүлсэн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх арга хэмжээ авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 57-59-р тал/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.8 дах хэсэгт тус тус зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, оршин суугаа хаяг өөрчлөгдсөн талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд оролцоогүйд шүүхийг буруутгах боломжгүй.

 

6.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01906 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ