Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01906

 

 

 

2022 10 19 210/МА2022/01906

И- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/01687 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И- ХХК-ийн хариуцагч П- ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр, алданги болон бусад зардалд нийт 167,394,558 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажлын байрны түрээсийн гэрээ /2020.01.10/-ний 3.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 134,287,248 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг гаргуулах, нэмэлт гэрээ /2020.10.28/-ний 1.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцааны 28,578,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутган тооцохыг даалгах, хүнсний бүтээгдэхүүний үнэ 3,273,793 төгрөгийг түрээсийн төлбөрт суутган тооцохыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ч, Б.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани нь Хан-Уул дүүргийн, 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах И- худалдаа үйлчилгээний барилгын ашиглалт, менежмент хариуцсан компани юм. Манай компани нь П- ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлын байрны түрээсийн гэрээ байгуулах санамж бичиг байгуулж, И- худалдааны төвийн 1-р давхрын 649.5 м.кв талбайд нийтийн хоол, рестораны чиглэлд үйл ажиллагаа явуулахаар тохицролсон. Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээг байгуулж, түрээсийн талбайг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр П- ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэрээ хэрэгжих явцад П- ХХК нь гэрээний эрх, үүргийг удаа дараа зөрчсөн тул манай компани түрээсийн гэрээг дангаар цуцалсан. Түрээслэгч тал утсаа авахгүй, хэрхэн яаж цаашид хамтран ажиллах талаар уулзалт хийх санал удаа дараа тавьсан боловч ирээгүй тул түрээсийн гэрээнд заагдсаны дагуу манай талаас гэрээг дангаар цуцалж түрээсийн талбайг өөрийн мэдэлд аван, түрээслэгчийн хуримтлагдсан өр төлбөрт тус компанийн эзэмшил тавилга, тоног төхөөрөмж 73,690,500 төгрөг бүхий үнийн дүнтэй хөрөнгийг битүүмжлэн хураан авсан. Зарим тавилга, тоног төхөөрөмжийг тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Занабазарын хашаанд хүргэж өгсөн. П- ХХК нь 2020 оны 02 дугаар сарын сүүлд нээлтээ хийн, 14 хоног ажиллаад хаалгаа барьсан. Тухайн үед ковид 19 цар тахлын улмаас нийтийн хоолны салбарыг хаах шийдвэр гараагүй байтал ресторанаа хаасан. Манай компани 2020 оны 04 дүгээр сараас хойш хариуцагч талд үйл ажиллагаагаа жигдрүүлэх талаар удаа дараа шаардлага хүргүүлж байсан, мөн хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулах талаар уулзалт хийж шийдвэрлэх тухай олон удаа утсаар ярьж байсан боловч арга хэмжээ аваагүй. Хариуцагч тал 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед гэрээ дуусгавар болоогүй байсан. Талууд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөрийг баталгаажуулж, үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулсан. Иймд түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 95,029,900 төгрөг, ашиглалтын зардал 13,779,805 төгрөг, алданги 54,404,852 төгрөг, талбай суллахад гарсан зардал 4,180,000 төгрөг, нийт 167,394,558 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлын байрны түрээсийн гэрээ байгуулах санамж бичиг байгуулсан. Санамж бичигт гарын үсэг зурсны дараа бид 1 давхарт барилгын засварын ажлаа эхлүүлсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн барьцаа болгож 10,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18,578,000 төгрөгийг түрээслүүлэгчид шилжүүлсэн. П- ХХК түрээсийн талбайд шууд үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй. Учир нь түрээсийн талбай нь нийтийн хоол, рестораны зориулалтаар шууд ашиглах боломжгүй буюу тус төвийн барилгын 1 давхрын барилгын ажил нь дутуу, ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй байсан. Түрээсийн талбайг гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан байдалтай болгохын тулд хийгдэх ёстой засварын зайлшгүй зардлыг гаргах үүргээ П- ХХК-аар гүйцэтгүүлсэн. И- ХХК нь түрээсийн талбайг хоолны газрын зориулалтаар ашиглах боломжтой болгохын тулд П- ХХК-ийн гаргасан барилгын ажлын бүх зардлыг нөхөн төлөх ёстой. И- ХХК нь түрээсийн талбайн барилгын ажлуудаас зөвхөн шалны ажлыг 2019 оны 11,12 дугаар сард хийж, шаланд плита суурилуулсан, харин цахилгаан кабель монтажийн ажлыг бид өөрсдөө хийсэн. 2019 оны 11 дүгээр сард П- ХХК нь зөвхөн шалны плита наасан, бусад барилгын ажил нь хийгдээгүй хоосон талбайн бусад дутуу бүх барилгын ажлуудыг өөрийн хөрөнгөөр хийлгэсэн. Барилгын ажлын зардал 259,053,034 төгрөг болсон. Мөн караокены тоног төхөөрөмжүүд, дэлгэц, проектор, өсгөгч, микрофон, пульт, гэрлүүд авч ресторандаа байрлуулсан байсан. Энэ бүх тоног төхөөрөмж, тохижилт эд хөрөнгийн зардал нь 153,553,618 төгрөг болсон. Гэтэл энэ бүх эд хөрөнгөөс И- ХХК нь 18 нэр төрлийн хөрөнгийг буцааж өгсөн бөгөөд зарим нь эвдэрч хэмхэрсэн байдалтай байсан. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нийтийн хоолны газраа анх нээн ажиллуулсан боловч цагаан сарын баяр, бас хөл хорио таарсан тул 18 хоног ажиллаад 02 дугаар сарын 21-ний өдөр хаасан. П- ХХК нь нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаанд 28,578,000 төгрөг төлснөөс гадна нийт 63,578,000 төгрөг төлсөн. Түрээсийн гэрээний 2.4-д түрээсийн талбайн төлбөр 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бодогдож эхэлнэ гэж заасан. Тиймээс 3 дугаар сарын түрээсийн төлбөр нь 14,289,000 төгрөг байсан боловч 2020 оны 2,3 дугаар сарын түрээсийн төлбөрийг 100 хувь чөлөөлсөн. Мөн 2020 оны 4, 5, 6, 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлсөн. 9 болон 10 дугаар сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөөгүй боловч 10 дугаар сард 15 хоног л ажилласны дараа гэрээ цуцлагдсан тул 10 дугаар сарын түрээсийн төлбөрт 14,289,000 төгрөг бодогдох ёстой. Мөн түрээсийн гэрээний 2.3-д нийтийн эзэмшил талбайн цэвэрлэгээ, хог тээврийн зардал сарын 800,000 төгрөг байх ба 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төлнө гэж заасан боловч 3 дугаар сарын төлбөрөөс чөлөөлөгдсөн тул нэхэмжлээгүй. П- ХХК нь ажилласан сар, өдрүүдийнхээ хог тээврийн зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрөх ба ажиллаагүй сар, өдрүүдэд нийтийн эзэмшлийн талбайг ашиглаагүй, хог гаргаагүй тул уг зардлыг төлөх ёсгүй, түрээслүүлэгч мөн нэхэмжлэх эрхгүй юм. Түрээслүүлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай цахилгааныг таслан үйл ажиллагааг зогсоосон бөгөөд үүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй. 2020 оны 11, 12, 2021 оны 1 сарын түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Түрээсийн нийт бодогдох төлбөр нь 103,249,548 төгрөг, нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, хог тээвэр нь 3,909,000 төгрөг, цахилгаан усны төлбөр 4,603,922 төгрөг нийт 111,762,470 төгрөг болох тооцоо гарч байна. Үүнээс нэхэмжлэгч талд өгсөн 92,496,000 төгрөгийг хасч тооцоход хариуцагчийн төлбөрийн үлдэгдэл 19,266,470 төгрөг байна гэж тооцсон. Нэхэмжлэгч талын бодитой төлбөрийн хэмжээ нэхэмжлэх үнийн дүн 19,266,470 төгрөг гэж үзэж байна. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компанийн зүгээс И- ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 107 тоот түрээсийн гэрээний дагуу үүссэн маргааныг шийдвэрлэх зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №01/107 дугаартай нэмэлт гэрээг байгуулсан. И- ХХК-ийн шахалт, шаардлагын дагуу байгуулсан энэхүү гэрээний 1.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, түрээсийн гэрээний дагуу урьдчилж төлсөн 28,578,000 төгрөгийг И- ХХК-д төлөх түрээсийн төлбөрт суутган тооцуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №01/107 дугаартай нэмэлт гэрээг байгуулсан. Уг нэмэлт гэрээний 1.4-т манай компаниас барьцаанд байршуулсан 28,578,000 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан үндсэн түрээсийн гэрээ цуцлагдсан тохиолдолд буцааж олгогдохгүй, түрээсийн төлбөрөөс хасч тооцохгүй байдлаар тусгасан нь хууль болоод нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна. Учир нь Иргэний хуулийн 329 дүгээр зүйлийн 329.1 дэх хэсэгт түрээслүүлэгчийн барьцааны эрхийг тодорхойлохдоо түрээслүүлэгч нь түрээсийн гэрээгээр түрээслэгчид гаргах шаардлагаа хангуулахын тулд түрээслэгчийн түрээсэлж авсан эд хөрөнгийг ашигласны үр дүнд олж авсан эд юмс, үр шимийг барьцаалах эрхтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 300 дугаар зүйлд талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүдийг төдөрхойлсон ба 300.1.3-т учруулсан гэм хороос илүү хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг хөлслөгчид үүрэг болгосон эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байна гэжээ. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №01/107 дугаартай нэмэлт гэрээний 1.4 дэх заалт нь Иргэний хуулийн 300.1.3 дахь хэсгийг зөрчсөн. Дээрх үндэслэлүүдээр талуудын байгуулсан нэмэлт гэрээний 1.4 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул энэ хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцаанд байршуулсан 28,578,000 төгрөгийг И- ХХК-д төлөх түрээсийн төлбөрт суутган тооцохыг даалгуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хаалганы цоожны голыг сольсон байсан тул бид түрээсийн талбайд орж чадаагүй, 3,273,793 төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа материалыг авч чадаагүй тул уг төлбөрийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцуулах шаардлага гаргана. Талуудын байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ажлын байрны түрээсийн гэрээний 3.5 дахь заалтын зах зээлийн үнээс 50 хүртэлх хувиар хямдруулан зарж гэсэн хэсгийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаалсан эд хөрөнгүүдийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргана. Нэхэмжлэгч 74 нэр төрлийн эд хөрөнгө жагсааж бичиж, тэдгээрийг 73,690,500 төгрөгөөр үнэлсэн баримтыг шүүхэд өгсөн байна. Уг жагсаалтад ороогүй үлдсэн олон эд хөрөнгүүд И- ХХК-ийн эзэмшилд одоо ч хэвээрээ байна. И- ХХК-ийн түрээсийн гэрээндээ байнга хэрэглэгдэхээр урьдчилан тогтоосон нөхцөл байсан тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар гэрээний стандарт нөхцөлд тооцогдож байна. Ажлын байрны түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дах заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хавсралтад заасан 134,287,248 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж, хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Гэрээ цуцалж, акт хүлээлцэх үед түрээслэгч тал өөрсдөө байгаагүй. 2021 оны 02 дугаар сарын сүүлээр гэрээ цуцлах үед түрээсийн талбайд ихэнх бараа материал муудсан, өмхийрсөн байсан, тэдгээрийг шууд хаясан. 3,273,798 төгрөгийн хүнсний бараа материал байсан гэдгийг зөвшөөрөхгүй. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээний 1.4-т заасан барьцаа төлбөрийг буцаан олгохгүй ээ гэдэг заалт бол хуулийн хүчин төгөлдөр хэлцэл. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн. Үндсэн гэрээ буюу 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний 3.5 дахь заалт нь гэрээний стандарт нөхцөл биш. Стандарт нөхцөлөө тохироод хэдий хэмжээний талбай түрээслэх, түрээсийн төлбөр хэд байх, хэдэн сарын хэднээс түрээслэх, хэн түрээслэх, ямар үйл ажиллагааны зориулалтаар түрээслэх эсэхийг бүгдийг нь тохиролцсон. Мөн нэмэлт гэрээний 1.4 дэх заалт мөн хүчин төгөлдөр гэж үзнэ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П- ХХК-аас нийт 60,537,922 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И- ХХК-д олгож, үлдсэн 106,856,636 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И- ХХК-аас нийт 73,690,500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулан хариуцагч П- ХХК-д олгож, үлдсэн 60,597,118 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах, хүнсний бараа материал, түүхий эдийн үнэ 3,273,793 төгрөгийг түрээсийн төлбөрийн өрөөс хасч суутган тооцохыг даалгах, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт гэрээний 1.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу төлсөн 28,578,000 төгрөгийн барьцаа мөнгийг И- ХХК-д төлөх түрээсийн төлбөрт суутган тооцохыг даалгуулах, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ажлын байрны түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтын зах зээлийн үнээс 50 хүртэлх хувиар хямдруулан зарж гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 994,923 төгрөгийг, хариуцагч П- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,257,942 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 460,639 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И- ХХК-д, нэхэмжлэгч И- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 526,402 төгрөгийг гаргуулан хариуцагч П- ХХК-д тус тус олгож, хариуцагч П- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн нийт 80,015 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 106,856,636 төгрөгийг хэрэгсэхгүй болгосноос зарим хэсгийг эс зөвшөөрч, алданги 44,557,961 төгрөг нэмж гаргуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

6.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг гэрээ байгуулах эрхгүй этгээд байгуулсан гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талууд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу ажлын байрны түрээсийн гэрээг нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Болдбаатар төлөөлөн байгуулсан нь хууль зөрчөөгүй. И- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Д.Билгүүндорж нь шүүх хуралдаанд өөрөө оролцсон бөгөөд тэрээр ... Н.Болдбаатар нь манай компанийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал байсан учраас гэрээ байгуулсан, бид мэдэж байсан гэж тайлбарласан. Шүүхийн дээрх дүгнэлт нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 53 дугаар зүйлийн 53.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгүүдэд заасантай харшилж байна. Талуудын байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр байх тул гэрээний 2.10-т зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй юм. Түрээслэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх алдангийг хэрэгт авагдсан байгаа хуримтлагдсан төлбөр гэх баримтаар тооцвол: нийт алданги 332,081,713 төгрөг болж байгаа хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэг болох 89,115,922 төгрөгийн 50 хувиар тооцвол 44,557,961 төгрөг болж байна.

6.б.Талуудын байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт гэрээ нь хүчин төгөлдөр байх тул уг гэрээний 1.4-т зааснаар түрээслэгчийн байршуулсан барьцаа болох 28,578,000 төгрөг эргэн олгогдохгүй, өр төлбөрөөс суутгагдахгүй билээ. Энэхүү тохиролцоо нь гомдлын 1 дэх агуулгад дурдсанчлан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн. Түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлөхгүй байсан хариуцагчид хөнгөлөлт үзүүлэхгүй байх эрхтэй байсан хэдий ч хөнгөлөлтийг нэхэмжлэгч өөрөө сайн дураар хасч тооцсон байдаг. Ийм байтал шүүхийн шийдвэрээр уг барьцаа мөнгө болох 28,578,000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлээс хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эдгээрийг нэгтгэвэл 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ажлын байрны түрээсийн гэрээ, мөн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт гэрээ зэрэг нь бүхэлдээ хүчин төгөлдөр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид гаргуулсан 60,537,922 төгрөг дээр нэмж алдангид 44,557,961 төгрөг, барьцаа 28,578,000 төгрөг, нийт 73,135,961 төгрөгийг нэмж гаргуулах хүсэлтэй байна. Иймд талуудын байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр хэмээн үзэж, хариуцагч П- ХХК-аас нийт 133,673,883 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И- ХХК-д олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: П- ХХК нь И- ХХК-тай гэрээ байгуулахад өөрийгөө захирал гэж танилцуулсан н.Болдбаатар тухайн гэрээг байгуулсан. Шүүхэд маргаан үүссэний дараа шүүхийн журмаар авсан лавлагаанд н.Болбаатарыг И- ХХК-ийн захирал биш гэж тодорхойлогдсон. Одоо шүүх хуралдаанд оролцож байгаа Д.Билгүүндорж захирал нь байсан. Үүнд шүүхээс эрх бүхий этгээд гэрээг байгуулаагүй гэх үндэслэлээр ажлын байрны түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Шүүхээс нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон учраас нэхэмжлэгчид алданги шаардах эрх байхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Мөн барьцааны 28,575,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх үндэслэлээр нэхэмжлэгч тал гомдол гаргасан. Тухайн мөнгийг нэхэмжлэгч тал авсан боловч дахин гаргуулж авах үндэслэлээр гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүх барьцаа 28,000,000 төгрөгийг буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл барьцааны 28,578,000 төгрөг, мөн нэг сарын түрээсийн төлбөр 28,000,000 төгрөг төлсөн. Гэтэл анхан шатны шүүх барьцааны 28,578,000 төгрөгийг нэг сарын түрээсийн төлбөртэй андуурч нийлүүлээд нэг төлбөр гэж ойлгоод нэг сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэл гаргахдаа хассан байдлаар дүгнэсэн. Нэг сарын түрээсийн төлбөр төлөгдсөн тооцоолол зөв гарсан. Барьцааны 28,578,000 төгрөгийг нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасаж тооцох ёстой. Тухайлбал, барьцаа гэдэг нь түрээсийн төлбөр төлөгдөөгүй үед түрээсийн төлбөрийн өрөнд суутгах зорилгоор төлөгдсөн. Гэтэлт нэмэлт гэрээ байгуулаад түрээсийн төлбөрийн үнээс барьцаа мөнгийг хасахгүй буюу гэрээ цуцлагдвал И- ХХК-ийн орлого болно гэж тохиролцоод нэмэлт гэрээ байгуулсан. Үүнд барьцааны мөнгийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцно гэсэн агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ талаар нэхэмжлэгч тал хасаж тооцохыг зөвшөөрөхгүйгээр торгууль болгоод өөрсдөө авсан гэх агуулгаар тайлбар гаргасан боловч анхан шатны шүүх барьцаа мөнгөний талаар буруу дүгнэж өмнө нь төлөгдсөн нэг сарын түрээсийн төлбөрийг хасаж тооцсон гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч барьцаа мөнгө гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан нь ойлгомжгүй бөгөөд өөрсдийн авсан мөнгөө буцааж шаардсан нь үндэслэлгүй гэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

8.а.Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 28,578,000 төгрөгийн барьцаа мөнгийг түрээсийн төлбөрт суутган тооцохыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс барьцааны 28,578,000 төгрөгийг хасалгүй шийдвэрлэсэн нь буруу юм. Анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь хариуцагч түрээсийн төлбөрт 28,578,000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй байх ба нэхэмжлэлийн үндэслэлдээ түрээсийн төлбөрөөс 28,578,000 төгрөгийг хасч тооцсон талаар дурдсан ба түрээсийн төлбөрөөс хасч тооцсон байх тул түрээсийн төлбөрт суутган тооцохыг даалгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөрт 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 28,578,000 төгрөгийг авсан талаар дурдаж, түрээсийн төлбөрөөс хасч тооцсон талаар тайлбарласан ба хариуцагч нь уг тайлбарын талаар маргаагүй. Харин хариуцагчийн түрээсийн төлбөрөөс хасч тооцуулахаар шаардаж буй барьцааны 28,578,000 төгрөг нь нэхэмжлэгчийн хасч тооцсон гэх түрээсийн төлбөрийн 28,578,000 төгрөгөөс тусдаа, ялгаатай байхад шүүх энэ талаар буруу дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримт, тайлбаруудыг зөвөөр харьцуулан судалж чадаагүй. Тодруулбал, хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан түрээсийн байрны гэрээ байгуулах санамж бичгийн 10 дугаар зүйлд заасны дагуу 10,000,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 12 ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 18,578,000 төгрөгийг тус тус барьцаа болгож нийт 28,578,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн өдөртөө нэг сарын түрээсийн төлбөрт 28,578,000 төгрөгийг нэмж шилжүүлж нийт түрээсийн барьцаа болон нэг сарын түрээсийн төлбөрт нийт 57,156,000 төгрөгийг өгсөн. Дансны хуулга болон хариуцагчийн тайлбараар энэ нь эргэлзээгүй нотлогддог. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №01/107 дугаартай нэмэлт гэрээний 1.4-т хэрэв талууд 107 тоот үндсэн гэрээг цуцалсан тохиолдолд түрээслэгчийн байршуулсан барьцаа мөнгө эргэн олгогдохгүй, өр төлбөрөөс суутгагдахгүй гэх заалтын дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хавсаргасан төлбөрийн тооцоололдоо барьцааны 28,578,000 төгрөгийг оруулаагүй, орхигдуулсан байсан тул хариуцагч нь уг барьцааны 28,578,000 төгрөгийг түрээсийн төлбөрийн өрөнд суутган тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар гаргасан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулж шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талын хэлсэн түрээсийн гэрээний барьцаанд 28,578,000 төгрөг авсан нь үнэн, гэхдээ нэмэлт гэрээний дагуу түрээсийн төлбөрөөс хасч тооцохгүй, хасч тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбараар барьцаанд байршуулсан 28,578,000 төгрөг нь нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрөөс хасч тооцсон гэх 28,578,000 төгрөгөөс тусдаа ялгаатай болох нь тодорхой байна. Ийнхүү анхан шатны шүүх түрээсийн төлбөрт төлсөн 28,578,000 төгрөг болон барьцаанд байршуулсан 28,578,000 төгрөгийг зөв ялгаж салгахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч талын тайлбарыг буруу дүгнэж, 28,578,000 төгрөгийн барьцаа мөнгийг түрээсийн төлбөрт суутган тооцохыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс барьцааны 28,578,000 төгрөгийг хасалгүй шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс гомдолтой байна.

8.б.Хариуцагч нь 134,287,618 төгрөгийн үнэ бүхий, 105 нэр төрлийн 550 ширхэг эд зүйлсийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлдээ эд зүйлсийн жагсаалтыг хавсаргаж өгсөн байсан. Шүүх уг шаардлагаас 60,597,118 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, 73,690,500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн. Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ хариуцагчийн гаргаж өгсөн эд зүйлсийн жагсаалтыг үнэлэхгүйгээр, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн огноотой П- ХХК бараа материалын тооллого гэх баримтыг үндэслэсэн нь буруу болсон. Учир нь уг бараа материалын тооллогыг хариуцагчийн төлөөллийг байлцуулалгүйгээр нэхэмжлэгч тал дангаараа хийсэн тул хариуцагч нь уг жагсаалтыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд уг жагсаалт нь хариуцагчийн олон тооны эд хөрөнгийг орхигдуулсан байсан. Иймд нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа П- ХХК-ийн эд зүйлсийн талаар талуудаас шүүхэд гаргаж өгсөн тоо хэмжээ, үнийн дүн их хэмжээний зөрүүтэй байхад шүүх уг зөрүүтэй байдлыг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс И- ХХК-ийн эзэмшил, хадгалалтад ямар үнэтэй, хэдэн ширхэг эд зүйлс, бараа материал түүхий эд үлдсэн нь тодорхойгүй байгаа тул эргэлзээтэй байдлыг арилгах зорилгоор нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа П- ХХК-ийн бүх эд хөрөнгийн нэр төрөл, тоо хэмжээ, зах зээлийн үнэлгээ, бүрэн бүтэн байдлыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх П- ХХК-ийн бүх эд хөрөнгийн нэр, зах зээлийн үнэлгээ, бүрэн бүтэн байдлыг тодруулахаар шинжээч томилуулах шаардлагагүй гэж дүгнэн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/Ш32021/11025 дугаар захирамжаар уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ийнхүү П- ХХК-ийн эд зүйлсийн талаар талуудаас гаргасан үнийн дүн болон тоо хэмжээний зөрүүтэй байдлыг арилгуулахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан атлаа нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 134,287,618 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбараа хэлсэн тул хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанаас өмнө шинжээч томилуулах хүсэлтээ дахин гаргах боломжгүй болсон. Эцэст нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад 73,690,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, 60,597,118 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хангаж буй 73,690,500 төгрөгт хамаарах эд зүйлс нь юу болох, хэрэгсэхгүй болгож буй 60,597,118 төгрөгт хамаарах эд зүйлс юу болох талаар заагаагүй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

9.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч гомдлоо 2 агуулгын хүрээнд гаргасан. Үүнд 2020 оны 10 дугаар сарны 28-ны өдрийн гэрээний 1.4-д талууд гэрээг цуцалсан тохиолдолд түрээслэгчийн байрлуулсан мөнгө эргэн олгогдохгүй бөгөөд өр төлбөрөөр суутгагдахгүй болохыг талууд тодорхойлов гэсэн торгуулийн зохицуулалтыг оруулсан. Энэ зохицуулалтын дагуу барьцаа мөнгө нь И- ХХК-д үлдэх ёстой мөнгө юм. Мөн 134,287,000 төгрөгийн үнэ бүхий 105 нэр төрлийн эд зүйлийг гаргуулах шаардлагын тухайд И- ХХК-д нэхэмжлэгчийн ямар эд зүйл байгаа талаар тооллогын эд баримтыг гаргаж өгсөн. Энэ баримтын хүрээнд шүүх шийдвэрээ гаргасан. Хариуцагч дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Хариуцагчийг байлцуулахгүйгээр эд зүйлийн тооллогыг гаргасан гэж тайлбарласан үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй. И- ХХК-аас хүргүүлсэн бүх албан бичигт түрээсийн талбайг хүлээлцээд бүх эд зүйлээ авахыг удаа дараа шаардсан боловч хариуцагч зугтаадаг байсан. Нэмэлт гэрээгээр талууд түрээсийн төлбөрийн өртэй болохоо хүлээн зөвшөөрдөг. Түрээсийн өрийн дүнг 78,000,000 төгрөг гэж тухайн үед байсан үнийн дүнгээс тодорхойлсон. Гэтэл алдангийн хэмжээ нэмэгдсэн учраас шаардсан. И- ХХК-д 28,578,000 төгрөг байгаа хэдий ч буцааж шаардсан талаар хариуцагч тал тайлбарласан. Үүнд торгууль болсон 28,578,000 төгрөгийг хасаж, төлсөн төлбөр дээр нэмж тооцсоныг шүүхийн шийдвэрийн 23 дугаар талд дурдсан. Нэхэмжлэлийн үндсэн дүнг дээрх нөхцөлөөр бууруулсан учраас барьцаа мөнгийг шаардаж давж заалдах гомдол гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч И- ХХК нь хариуцагч П- ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр, алданги болон бусад зардалд нийт 167,394,558 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ажлын байрны түрээсийн гэрээ /2020.01.10/-ний 3.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 134,287,248 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг гаргуулах, нэмэлт гэрээ /2020.10.28/-ний 1.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцааны 28,578,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутган тооцохыг даалгах, хүнсний бүтээгдэхүүний үнэ 3,273,793 төгрөгийг түрээсийн төлбөрт суутган тооцохыг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг бөгөөд талууд маргааны зүйлийн талаар хангалттай мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, хариуцагч П- ХХК нь ажлын байрны түрээсийн гэрээ /2020.01.10/-ний 3.5 ... түрээсийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд хураагдсан бараа материалыг зах зээлийн үнээс 50 хүртэлх хувиар хямдруулан зарж борлуулан өөрт учирсан хохирлоо барагдуулах эрхтэй гэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 134,287,248 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. /хх-ийн 243-245-р тал/

3.а.Нэхэмжлэгч И- ХХК нь түрээсийн талбайг чөлөөлөхөд доторх эд хөрөнгийг хүлээлцээгүй, саатуулагдсан хөрөнгийн үнэлгээ 134,287,248 төгрөгт хүрэхгүй, 73,690,500 төгрөгийн хөрөнгө байгаа, зарим эд хөрөнгийг хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч Ц.Занабазарын хашаанд хүргэж өгсөн гэж тайлбарлажээ. /хх-ийн 2-р тал/

3.б.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П- ХХК нь И- ХХК-ийн эзэмшилд ямар үнэтэй, хэдэн ширхэг эд хөрөнгө үлдсэнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 72-76-р тал/. Хэдийгээр тухайн үед хариуцагч П- ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй байсан боловч хожим саатуулагдсан эд хөрөнгийг гаргуулах шаардлага гаргаж, талууд тухайн эд хөрөнгүүдийн тоо хэмжээ, төрөл, үнийн дүнд маргажээ.

3.в.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр эд хөрөнгийн үнэлгээг тогтоож, тэр хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

3.г.Өөрөөр хэлбэл, хариуцагч П- ХХК-ийг түрээсийн төлбөрөө төлөөгүйтэй холбоотойгоор саатуулсан гэх эд хөрөнгийн тоо хэмжээ, төрөл, үнийн дүнг талууд өөрөөр тайлбарласан буюу нэхэмжлэгч И- ХХК нь 74 нэр төрлийн нийт 73,690,500 төгрөгийн эд хөрөнгө байгаа гэсэн бол хариуцагч П- ХХК нь 104 нэр төрлийн нийт 134,287,618 төгрөгийн эд хөрөнгө байгаа гэжээ. /хх-ийн 20-31, 247-249-р тал/

3.д.Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт 63 нэр төрлийн эд хөрөнгийг зааж, нийт 73,690,793 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч И- ХХК-аас гаргуулж, хариуцагч П- ХХК-д олгож шийдвэрлэсэн боловч эд хөрөнгийн нэр төрөл, тоо хэмжээний хувьд нэхэмжлэгч, хариуцагчийн гаргаж өгсөн аль алины жагсаалтаас зөрүүтэй, энэ талаар талууд хангалттай мэтгэлцээгүй, шүүх уг үйл баримтыг тодруулах ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

3.е.Зарим эд хөрөнгийг хариуцагч П- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Занабазарт хүлээлгэж өгсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч дээрх эд хөрөнгийг хоёр тал хүлээлцэж баримтжуулсан талаарх баримт мөн хэрэгт авагдаагүй байгааг дурьдах нь зүйтэй.

4.Түүнчлэн, барьцаа гэх 28,578,000 төгрөгийг нэхэмжлэгч И- ХХК нь нэмэлт гэрээний 1.4-т заасны дагуу хохиролд тооцно гэсэн бол хариуцагч П- ХХК нь нэмэлт гэрээний 1.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 28,578,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутган тооцохыг түрээслүүлэгчид даалгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

4.а.Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт тооцоолол хийхдээ хариуцагч П- ХХК-ийн төлбөл зохих төлбөр гэх 85,734,000 төгрөг дээр 28,578,000 төгрөгийг нэмсэн байх бөгөөд уг үндэслэлээ тодорхой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх 28,578,000 төгрөг нь барьцааны мөнгө эсхүл хариуцагч П- ХХК-аас нэхэмжлэгч И- ХХК-д түрээсийн төлбөрт төлсөн мөнгө эсэх нь тодорхойгүй байх бөгөөд энэ талаар зохигчийн хэн аль нь гомдол гаргасан нь үндэслэлтэй.

Дээрх тохиолдолд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/01687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч И- ХХК-аас төлсөн 523,630 төгрөг, хариуцагч П- ХХК-аас төлсөн 603,826 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ