Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0631

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 12 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0631

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0592 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0592 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг баримтлан “Н” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 20 өдрийн 407 дугаар шийдвэрийн “Н” ХХК-д холбогдох хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гарсан болох нь Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр, “Н” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэсэн холбогдох хувийн хэргийн баримтууд, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр зүйлийн 4.5-д заасан зохицуулалт зэргээр хангалттай тогтоогдсоор байтал шүүхээс уг асуудлаар үнэлэлт өгөхдөө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” гэсэн саналыг хууль бус болохыг тогтоосон хэдий ч тухайн үед уг санал хүчин төгөлдөр байсан болохыг дурьдах нь зүйтэй Text Box: щтЩЖ;.

Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон байх тул хариуцагчийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна” гэсэн нь нэг талаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр буюу нотлох баримтын ач холбогдлыг илт буруугаар үнэлсэн, түүнчлэн Ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврыг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага /хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах/-ыг хангах боломжгүй гэж үзсэн үндэслэлээ дээр дурьдсанаар “шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай бөгөөд хуульд өөрчлөлт орсон тул” гэж тодорхойлсон нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв үнэлээгүй, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах агуулгатай нэхэмжлэлийн шаардлагатай андуурсан гэж ойлгогдохоор байна.

Товчхондоо маргааны зүйл болсон захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг “хуульд өөрчлөлт орсны улмаас заавал биелэгдэх боломжгүй байна” гэж тухайн шаардлагад огт хамааралгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхой ойлгогдож байна.

Хууль зүйн утгаар авч үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 407 дугаар шийдвэр бол зөвхөн захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр төдийгүй, илт хууль бус болох нь шүүхээс тогтоогдсон “дэмжихгүй” гэх хууль зүйн үндэслэлгүй саналд тулгуурлан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4.5-ыг зөрчиж гарсан байх тул нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа явуулах, түүнчлэн хариуцагчаар татагдсан захиргааны байгууллагаас хуульд нийцсэн төрийн үйлчилгээ авах эрх ашгийг зөрчсөн, эрх зүйн зөрчил бүхий хууль бус захиргааны акт юм.

Энэхүү 407 дугаар шийдвэрийг анхан шатны шүүх хүчингүй болгохгүй орхисноор “Н” ХХК нь холбогдох захиргааны байгууллагын хуульд нийцэхгүй үйл ажиллагаанаас тодорхой утгаар эрх ашиг нь зөрчигдсөн боловч хууль бус захиргааны акт хүчинтэй хэвээр үлдэхээр байна.

Хууль хэрэглээний өөр нэгэн алдаа гарсан нь хуульд өөрчлөлт орсон тул “нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ” гэсэн үнэлэлтийг өгсөн.

Шүүх хуралдааны явцад чухам яг энэ асуудлаар “Н” ХХК-ийн зүгээс хангалттай тодорхой тайлбар гаргаж хэлсэн бөгөөд хууль зүйн утгаараа нэхэмжлэгч тал хариуцагч захиргааны байгууллагаас хуульд нийцсэн төрийн үйлчилгээ авах хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөж байгаа болохыг тодруулж тайлбарласан /хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ байтал шүүхээс энэхүү эрх ашиг зөрчигдсөн байдлыг бүхэлд нь хяналгүй орхиж, огт үнэлэлт өгөөгүй нь хууль дээдлэх ёсонд нийцээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасантай харшилсан үнэлэлт болжээ.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0592 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр “Н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах гол үндэслэл болсон Дархан-Уул аймгийн Засаг даргын “Дэмжихгүй” саналыг тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ын өдрийн 14 дүгээр шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон ч, нэгдүгээрт цаг хугацааны хувьд, хоёрдугаарт одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль зүйн зохицуулалтын хувьд, гуравдугаарт нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэх боломжтой эсэхийн хувьд дээрх шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй, энэ талаар анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн тухайн үед мөрдөгдөж байсан 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэгт /энэ зүйл бүхэлдээ 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/ заасны дагуу аймгийн Засаг даргын гаргасан дэмжсэн эсэх санал нь эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт бөгөөд харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс уг саналын эрх зүйн үндэслэлийг хянах эрхгүй, иймд давж заалдах гомдлын нэг үндэслэл болсон Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр зүйлийн 4.5-д заасан “Засаг даргын дэмжихгүй гэсэн санал нь үндэслэлгүй бол Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох” зохицуулалтыг шүүх маргааныг шийдвэрлэхдээ харгалзахгүй.

Кадастрын хэлтсээс Засаг даргын гаргасан саналыг хянах эрхгүй талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны нэг бус удаагийн тухайлбал, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 374 дүгээр тогтоолд эцэслэн дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байдаг.

Харин шүүхийн шийдвэрээр Засаг даргын дэмжихгүй саналыг илт хууль бус болохыг тогтоосон энэ тохиолдолд саналыг анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэж болох ч, энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлд үл хамаарна.

Учир нь цаг хугацааны хувьд хариуцагчаас татгалзсан шийдвэр гаргах үед санал хүчин төгөлдөр байсан, мөн шийдвэрийн холбогдох хэсгийг дээрх үндэслэлээр хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавар үүсэхгүй.

Давж заалдах гомдолд “маргаан бүхий тушаалын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулахыг л хүссэн, түүнээс “хайгуулын тусгай зөвшөөрлийг олгуулахыг даалгах” шаардлага байхгүй” гэдэг ч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү шаардлагыг нэмэгдүүлж, улмаар өөрчлөх байдлаар багасгасан болох нь хэргийн 47-48, 209-212 дугаар талд авагдсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон өөрчилсөн шаардлагаар тогтоогддог, түүнчлэн даалгах шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлээгүй ч одоогийн нэхэмжлэлийн үндэслэл нь үүнтэй салшгүй холбоотой байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгох эрх зүйн зохицуулалт 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс үйлчилж байхад “…захиргааны байгууллагаас хуульд нийцсэн үйлчилгээ авах эрх ашиг нь зөрчигдсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор хуульд нийцсэн үйлчилгээ авах нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН