Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/01982

 

 

 

...........-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02407 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...........-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ..........- ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинцэцэг, Б.Одзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ...........- 2002 оноос ..........- ХХК-д борлуулалт эрхэлсэн захирал, хэлтсийн удирдлагын газрын захирлаар ажиллах хугацаандаа алдаа зөрчил гаргаж байгаагүй. Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тушаалаар ..........- ХХК-д үүрэг гүйцэтгэгч томилогдсон. Үүрэг гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Д.Ариунжаргал нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ...........-т урьдчилан сануулга, шаардлага өгөлгүйгээр ноцтой зөрчил гаргасан. ажлаас халсныг мэдэгдсэн.

..........- ХХК-ийн удирдлага ...........-ыг банкны дүрэм журам зөрчиж 2018 онд зээлийг буруу олгосон, эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлээгүй улмаас 2020 оны эцсээр нийт зээл эзэмшигч, чанаргүй зээлийн харилцаан 51.7 болж өссөн. Банкны үйл ажиллагааны зохистой харилцааны шалгуур, үзүүлэлтийг алдагдуулсан, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр ямар нэгэн хууль тогтоомж, ёс зүйн шаардлагад нийцэхгүй, хууль бус тушаалыг гаргасан. Банкны чанаргүй зээлийн харилцаа өссөн асуудлыг зөвхөн ...........-т холбогдуулж тайлбарласан. Мөн ...........-ыг бусдад зээл олгосон гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайлбал, 2018, 2019 онуудад их дүнтэй зээлүүдийг тухай үед олгож байсан. Их дүнтэй зээлд ..........- ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “Улаанбаатар импекс” ХХК-ийн зүгээс тухайн үед банкинд шаардлага тавьж, 2018, 2019 онд олгогдож байсан зээлийн мэдээллүүдийг гаргаж өгөх мэтээр харьцсан. Хувьцаа эзэмшигч н.Эрдэнэбат их хэмжээний зээл авсан асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Зээлийн хорооны хурлаар зээл олгох эсэхийг шийдвэрлэдэг ба ...........- дангаар шийдвэр гаргаагүй. Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар ..........- ХХК-ийн зээлийн үйл ажиллагааг зогсоосон. ...........- төв зээлийн хороонд гишүүнээр орж санал хэлэх эрхтэй. Аливаа зээлийг олгохдоо эхлээд эдийн засагч материалуудыг судлаад, эрсдэлийн шинжээчээр хянуулж, салбар зээлийн хороонд хянах зэрэг хэд хэдэн шат дамжиж төв зээлийн хороо хэлэлцэгдэж бүх нийтийн саналаар зээл олгох эсэх нь шийдвэрлэгддэг. 2019 оны 06 дугаар сард ..........- ХХК-д ямар үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон гэхээр нэг харилцагчаас 20,000,000 төгрөгөөс дээш хэмжээний мөнгөн хадгаламж шинээр татахгүй байх, шинээр зээл олгох, зээлтэй адил хэлцэл хийхгүй байх, өөрийн нэрийн өмнөөс баталгаа болон батлан даалт гаргахыг хязгаарласан. Мөн 2018, 2019 онуудад олгогдсон их дүнтэй зээл гэж хариуцагчийн тайлбарт дурдсан нь дотоод хяналтын газрын шалгалт хийсэн баримтад дурдагдаад байгаа эдгээр зээлүүдийн хувьд одоогийн байдлаар тухайн үед бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байхдаа шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлдэгч нартай харилцан тохиролцож шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

            2.1. ...........- нь 2016 онд ..........- ХХК-д эрсдэлийн удирдлагын захирлаар томилогдсон. Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллахдаа буруу материалд үндэслэн зээл олгох шийдвэр гаргасан, албан тушаалтны хувьд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс өндөр дүнтэй зээлүүд чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. ...........-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод үндсэн чиг үүрэгт эрсдэлийг багасгах, хязгаарлах, удирдахтай холбоотой бодлогыг сайжруулах холбогдох арга хэмжээнүүдийг авах гэж заасан. Дотоод хяналтын газрын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтээр 11 тэрбум төгрөгийн зээл олгосон ба 7 зээл нь ...........-ын хамаарал бүхий этгээд болох н.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүжин, Э.Жаргалан нар байсан нь баримтаар тогтоогдсон. Арилжааны банк дүрмийн сангаа 50 тэрбум төгрөгт хүргэх ёстой. Гэтэл ..........- ХХК-ийн дүрмийн сан 50 тэрбум төгрөгт хүрэхгүй, хувьцаа эзэмшигч н.Эрдэнэбат нь хуралдаа ирэхгүй байна гэдэг шалтгаанаар Монгол банк  тус банкны үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон. Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10.8-т өөрийн хариуцаж буй ажлын чиглэлийн холбогдох нотлох баримтыг бүрдүүлээгүй, түүний үнэн зөвийг нягталж, шалгаагүйгээс зээлийн эрсдэлд оруулах үйл ажиллагаа хийх мөн тус журмын 10.10-т зээл хүссэн өргөдөл болгон бусад холбогдох баримтыг хуурамчаар буруу бүрдүүлж байгааг мэдсээр байж хүлээн авах, судлах, зээл олгох нь ноцтой зөрчил гэж заасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 4.1.4-т хөдөлмөрийн гэрээ болон банкны дотоодод мөрдөгдөж байгаа журам бусад эрх зүйн актыг 2 ба түүнээс дээш ноцтойгоор зөрчсөн, ноцтойгоор зөрчсөн зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын холбогдох заалтууд болон зээл олгох журмуудыг ноцтойгоор зөрчсөн гэж,  4.1.6-т гүйцэтгэж буй ажил үүрэг болон албан тушаал, өөрт ногдсон тусгай эрх хэмжээ болон эд хөрөнгийг өөрийн эсхүл бусдын ашиг сонирхолд урвуулан ашигласан. Дотоод хяналтын газрын дүгнэлтээр нэхэмжлэгч нь зээл олгохдоо хөнгөн хайхрамжгүй хандаагүй, мэдсээр байж эдгээр зээлүүдийг олгосон. Өндөр дүнтэй чанаргүй зээл авсан компаниуд нь хувьцаа эзэмшигчдийн хамаарал бүхий этгээдүүдийн дансанд мөнгөө шилжүүлсэн. Гүйцэтгэх удирдлагын зүгээс эрсдэлийн удирдлагын газрын захирал ...........-ыг цаашид ажил үүргээ үнэн шударгаар гүйцэтгэх, удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлж чадах эсэхэд эргэлзээ үүссэн тул дотоод хяналтын дүгнэлтэд  тулгуурлаж хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хонгор овогт .........-гийн ........... /РД:ВК76012017/-ийг ..........- ХХК-ийн эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ..........- ХХК-аас 53,802,320 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...........-т олгож,

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч ...........-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ..........- ХХК-д даалгаж,

3.4. Нэхэмжлэгч ...........- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ..........- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 426,962 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ..........- ХХК-ийн чанаргүй зээлд хийсэн хэсэгчилсэн шалгалт нь Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.7-д аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт банк, банкны нэгдлийн бусад оролцогчийн санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт бичгийг аудитын байгууллагаар жилд 1-ээс доошгүй удаа шалгуулж баталгаажуулна. Иймд дүгнэлтийг тухайн банкны төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгах зөвлөлд танилцуулна гэснийг зөрчсөн гэж шүүх дүгнэсэн. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.9-т компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх, 62.2.5. компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар гүйцэтгэх удирдлагаас гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах нь төлөөлөх удирдах зөвлөлийн эрхэд хамаардаг. Гэтэл шүүх банкны дотоод хяналтын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуух чанаргүй зээлд хийсэн хэсэгчилсэн шалгалтыг санхүүгийн тайлан гэж дүгнэсэн  нь үндэслэлгүй. Төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулах, аудитоор баталгаажуулах шаардлагагүй.

4.2. Шүүх “...........-ыг банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан гэх боловч Авлигатай тэмцэх газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 183/АБ2020/03895 дугаар албан тоотоор үгүйсгэгдэж байна” гэж үндэслэлгүй дүгнэсэн. ...........- эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байх үедээ буруу материалд үндэслэн зээл олгох шийдвэр гаргаж удирдлагын үүрэг хэрэгжүүлж буй албан тушаалтны хувьд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс өндөр дүнтэй зээлүүд чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. ...........- нь хөдөлмөрийн гэрээ болон зээлийн үйл ажиллагааны ерөнхий журамд заасан “Эрсдэлийг багасгах, хязгаарлах, удирдахтай холбоотой бодлогыг сайжруулах, холбогдох арга хэмжээнүүдийг авах” гэж заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй тул ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч ...........- хариуцагч ..........- ХХК-д холбогдуулан тус банкны эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй бaйсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч “... удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс тус банкны өндөр дүнтэй зээл чанаргүй зээлийн ангилалд шилжиж банк эрсдэлд орсон тул хөдөлмөрийг гэрээг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр цуцалсан...” гэж маргасан.

 

2. ..........- ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаар тушаалаар эрсдэлийн удирдлагын газрын захирал ...........- нь буруу материалд үндэслэн зээл олгох шийдвэр гаргасан, эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлээгүйн улмаас 2020 оны эцсээр нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн харилцаа 51,7 хувь болж өссөн, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг алдагдуулсан, удирдлагын үүрэг хэрэгжүүлж буй албан тушаалтны хувьд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, зориудаар банкны дүрэм, журам зөрчин зээл олгосон нь банкны дотоод хяналт, холбогдох шалгалтаар тогтоогдсон гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. (хх-ийн 3)

 

3. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2022/07812 дугаар захирамжаар нэхэмжлэгч ...........-т холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа эсэх баримтыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газраас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

3.а. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 11и-3/4304 дугаартай албан бичигт “тус хэлтэст шалгагдаж байсан хэрэг бүртгэлтийн 190200610 дугаартай хэргийг энэ оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн...” гэж хариу өгсөн бол Авлигатай тэмцэх газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 06/9549 дугаартай албан бичигт “... ..........- ХХК-ийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой хэрэг бүртгэлтийн 190200610 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа тухай хариуг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06/7164 дугаартай албан бичгээр хүргүүлсэн...” гэжээ. Гэтэл хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06/7164 дугаартай албан бичиг авагдаагүй байх тул энэ талаар тодруулах нь зүйтэй байна. (хх-ийн 180, 182)

3.б. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 06/10615 дугаар албан бичгээр “... захирамжид дурдсан иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй...” гэх хариу ирүүлсэн байна. (хх-ийн 188)

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолд хэргийн бүртгэлийн дугаар, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, уг хэрэгт хэрэг бүртгэлт явуулах үндэслэлийг тусгана. Тогтоолд хүн, хуулийн этгээдийн нэрийг холбогдуулан бичихийг хориглоно” гэж заасан.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн  80.1.4-т эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр зохицуулсан ба уг заалтад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан тохиолдолд түдгэлүүлэх тухай зохицуулаагүй байна.

 

4. Иймд "..........-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус банкны Эрсдэлийн удирдлагын  газрын захирлаар ажиллаж байсан ...........- шалгагдаж байгаа эсэхийг тодруулж, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан зохицуулалтыг хэрэглэх эсэхийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй нь буруу байх тул маргааны үйл баримтын талаар  давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426,961 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                             ШҮҮГЧИД                                   Т.БАДРАХ

 

                                                                                                 Н.БАТЗОРИГ