Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 116/2020/0022/з |
Дугаар | 001/ХТ2020/0430 |
Огноо | 2020-12-21 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2020/0430
Дорнод аймгийн Дашбалбар сумын АН, Б.Ба, Б.Би нарын
нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Дашбалбар сумын
болон аймгийн Сонгуулийн хороонд тус тус
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны “Бүртгэлээс татгалзах тухай” 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны “Маргаан хянах тухай” 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, Б.Ба даргатай ХНТ3868, Б.Би даргатай ХНТ1029 тамгатай АН-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дашбалбар сумын Сонгуулийн хороонд даалгах”
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 578 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Ба, түүний өмгөөлөгч В.Д, Ж.С, нэхэмжлэгч Б.Би, түүний өмгөөлөгч С.Ч,
Хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Б, хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны дарга Ү.Б, түүний өмгөөлөгч Б.А нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч Б.Би, түүний өмгөөлөгч С.Ч, хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны дарга Ү.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Дорнод аймгийн Дашбалбар сумын АН, Б.Ба, Б.Би нарын нэхэмжлэлтэй, Дашбалбар сумын Сонгуулийн хороо, Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан, Дашбалбар сумын Сонгуулийн хорооны 2020.08.20-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 02, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2020.08.24-ний өдрийн “Маргаан хянах тухай” 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Дорнод аймгийн Дашбалбар сумын АН-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг, Дашбалбар сумын Сонгуулийн хороонд даалгаж, Б.Ба даргатай ХНТ3868 дугаар тамгатай, Б.Би даргатай ХНТ1029 тамгатайгаар бүртгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 578 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ба-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны “Бүртгэлээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын Б.Ба-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, Б.Ба даргатай ХНТ3868 дугаар тамгатай Дорнод аймгийн Дашбалбар сумын АН-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дорнод аймгийн Дашбалбар сумын сонгуулийн хороонд даалгаж”, нэхэмжлэгч Б.Би-ий “Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны “Бүртгэлээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын Б.Би-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Б.Би даргатай ХНТ1029 дугаар тамгатай Дорнод аймгийн Дашбалбар сумын АН-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дорнод аймгийн Дашбалбар сумын сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
шийдвэрийн Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Би-ий гаргасан “Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ба-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооноос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Ба-д олгон, нэхэмжлэгч Б.Би-ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж, 3 дахь заалтын дугаарыг 4 болгон тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Б.Ба-ын давж заалдах гомдлыг хангасан байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч Б.Би хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 578 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
4. Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны “Бүртгэлээс татгалзах тухай” 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны “Маргаан хянах тухай” 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, Б.Ба даргатай ХНТ3868, Б.Би даргатай ХНТ1029 тамгатай Дашбалбар сумын АН-ыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дашбалбар сумын Сонгуулийн хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн аваад Сонгуулийн хорооноос гарсан 02, 03 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгон Дорнод аймгийн АН-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дашбалбар сумын Сонгуулийн хороонд даалгаж, Б.Ба даргатай ХНТ3868 дугаар тамгатай, Б.Би даргатай ХНТ1029 тамгатайгаар бүртгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж анхан шатны шүүхээс шийдвэр гаргасан.
5. Энэ шийдвэрийг нэхэмжлэгч Б.Ба эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахад давж заалдах шатны шүүхээс хянаад 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 578 магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ба-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны “Бүртгэлээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын Б.Ба-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, Б.Ба даргатай ХНТ3868 дугаар тамгатай Дорнод аймгийн Дашбалбар сумын АН-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дорнод аймгийн Дашбалбар сумын сонгуулийн хороонд даалгаж, нэхэмжлэгч Б.Би-ий Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны “Бүртгэлээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын Б.Би-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, Б.Би даргатай ХНТ1029 дугаар тамгатай Дорнод аймгийн Дашбалбар сумын АН-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дорнод аймгийн Дашбалбар сумын сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрлэсэн юм.
6. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Дашбалбар сумын Сонгуулийн Хороо 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дашбалбар сумын Сонгуулийн хорооны 08 дугаар тогтоолоор бүртгэж авах тухай шийдвэрийг АН-ын дарга Б.Би надад хүргүүлсэн. Үүний хавсралт болгон 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 07 тоот албан тоотоор Тус сумын ээлжит 2020 оны Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Дорнод аймгийн Прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4/682 дугаар тогтоолыг үндэслэн ХНТ1029 дугаар бүхий сумын намын тамгатай хүсэлтийг хүлээн авахаар шийдвэрлэв гэснээр Б.Би даргатай манай намын ХНТ1029 дугаар бүхий АН-ын баримтуудыг бүртгэн авч орон нутгийн сонгуульд оролцсон. Бид 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаартай тоотоор сонгуульд нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлсэн. Ингээд орон нутгийн сонгуульд манай намын ХНТ1029 дугаартай тамга бүхий материалыг хүлээн авч бид тодорхой тооны иргэдийн төлөөллийг авч сонгогдсон. Харин Б.Ба нь сумын ИТХ-ын сонгуульд бүртгүүлээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасантай нийцэхгүй байна.
7. Бидний хамгийн гол гомдол гаргаж буй асуудал бол давж заалдах шатны шүүх Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, намын дотоод асуудалд орж хэн нэгэн намын даргыг нэр заан бүртгэхийг даалгах, бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох гэхчилэн хууль зөрчин шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн Улсын дээд шүүхийн Улсын төрийн намын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт заасан...удирдлагын тогтолцоо... зэрэг намын дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой маргаанууд хамаарна гэж зохицуулсан байгаагаас харахад шүүх шууд намын даргын асуудлыг хэн нэг нь юмаа гэж онцлон тогтоож шийдвэрлэсэн байдал нь хууль зөрчсөн байна. Эцсийн үр дүнд хэн аль нь дарга гэдгийг бид шүүхээр шийдүүлэх биш АН-ын үндсэн дүрэм шийдвэрээр л зохицуулагдах ёстой. Тийм ч учраас Б.Би даргатай Дашбалбар сумын АН гэж хүлээн зөвшөөрөгдсөн байна.
8. Хэрвээ давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг баримтлах үндэслэлтэй гэж үзвэл 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр санал хураалт явагдан үр дүн нь тодорсон сонгуулийн үйл явцыг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгжих боломжгүй байдалд хүрсэн. Дашбалбар сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай нэр бүхий нэр дэвшигчийг баталгаажуулсан болно.
9. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгч Б.Би-ий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
10. Давж заалдах шатны шүүхээс миний өмгөөлүүлэх эрхийг маань хангаагүй, шүүх хуралдаанд өмгөөлөгчийг минь оролцуулаагүй. Би өөрөө хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэжээ.
11. Нэхэмжлэгч Б.Би-ий өмгөөлөгч С.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 578 дугаартай магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.
12. Өмгөөлөгч С.Ч миний бие нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд үйлчлүүлэгч Б.Би-ий эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж Дорнод аймгийн Дашбалбар сумын АН, Б.Ба, Б.Би нарын нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ЗХХШТХ-ын 30 дугаар зүйлийн 30.2-т заасан үндэслэлээр Б.Би-тэй гэрээ байгуулж хэргийн материалтай танилцсан боловч 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Модны-2 нэршилтэй газар 17 цагийн орчим явж байгаад унаж нуруу, баруун хөлөндөө гэмтэл авч Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэгдэн яаралтай тусламж авсан. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өглөө харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн эмчийн хяналтад орж эмчлэгдсэн.
13. Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өөрийн биеэр оролцох хүсэлтэй тул ЗХХШТХ-ын 80 дугаар зүйлийн 80.2-т заасан үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өвчтөний карт, эмчийн магадалгаа, эмчилгээний хуудас зэрэг нотлох баримтын хамт хүргүүлсэн, хуралдааныг 3 өдрөөр хойшлуулж 10 дугаар сарын 12-нд товлосон боловч миний бие сайжраагүй хэвтрийн дэглэм сахиж байсан учир 12-ны өдөр 13.30-д товлогдсон хуралдааныг дахин хойшлуулж хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтийг эмчийн магадалгааны хамт 8.30 минутад хүргүүлсэн. Шүүх ЗХХШТХ-ын 6 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.4.1-г хэрэглээгүй зөрчиж мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрхийг хангаагүй, үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 578 дугаартай магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж гомдлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
14. Хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны дарга Ү.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 578 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
15. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр Дорнод аймгийн Дашбалбар сумын АН-ыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дашбалбар сумын Сонгуулийн хороонд даалгасныг Дашбалбар сумын Сонгуулийн хороо бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Дашбалбар сумын АН-ыг 2020 оны Орон нутгийн ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж авсан болно.
16. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр “Б.Ба даргатай ХНТ3868 дугаар тамгатай, Б.Би даргатай ХНТ1029 тамгатайгаар бүртгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шийдвэр гарснаас хойш хоёр намын дарга нэгдээд нэг болж орж ирэх болуу гэж харсан боловч нэгдээгүй тул сумын Сонгуулийн хороо 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж Дорнод аймгийн Прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4/682 дугаар тогтоолд “Б.Би нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын АН-ын даргаар сонгогдож уг албан тушаалыг эрхэлж байгаа болох нь тогтоогдож байх тул Б.Би нь “баримт бичиг, тамга тэмдэг... хулгайлах, устгасан, нуусан...” болох нь тогтоогдохгүй өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна” гэснийг үндэслэн ХНТ1029 дугаар тамгатай Дашбалбар сумын АН-ын дарга Б.Би-ий хүсэлтийг хүлээн авч бүртгэхээр шийдвэрлэсэн.
17. Энэ шийдвэрийг нэхэмжлэгч Б.Ба эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахад давж заалдах шатны шүүхээс хянаад 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 578 дугаар магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ба-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны “Бүртгэлээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын Б.Ба-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, Б.Ба даргатай ХНТ3868 дугаар тамгатай Дорнод аймгийн Дашбалбар сумын АН-ыг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг даалгасан. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгжүүлэхээр бид 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор АН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн.
18. Дорнод аймгийн АН-ын Үндсэн дүрмийн салбар хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Дашбалбар сумын АН-ын дарга асан Б.Би нь өөрт хадгалагдаж байсан тамгыг ашиглан шат шатны Сонгуулийн хороонд гаргасан хүсэлтээ буцаан татаж авах хүсэлт гаргасныг үндэслэн тогтоол гаргасан байна. Уг тогтоолын үндэслэлийг хянан үзэхэд Дашбалбар сумын АН-ын дарга Б.Би нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дашбалбар сумын Сонгуулийн хороонд Орон нутгийн сонгуульд оролцох хүсэлт ирүүлснээ буцаан татаж авах хүсэлт гаргаагүй байхад үндэслэл болгосон байна. Иймд Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасантай нийцэхгүй байна.
19. Гомдол гаргаж байгаа асуудал бол давж заалдах шатны шүүх Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, намын дотоод асуудалд орж хэн нэгэн намын даргыг нэр заан бүртгэхийг даалгах, бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох гэхчилэн хууль зөрчин шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн Улсын дээд шүүхийн Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт заасан...удирдлагын тогтолцоо...зэрэг намын дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой маргаанууд хамаарна гэж зохицуулсан байгаагаас харахад шүүх шууд намын даргын асуудлыг хэн нэг нь юмаа гэж онцлон тогтоож шийдвэрлэсэн байдал нь хууль зөрчсөн байна. Давж заалдах шүүхийн шийдвэрийг баримтлах үндэслэлтэй гэж үзвэл 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр санал хураалт явагдан үр дүн нь тодорсон сонгуулийн үйл явцыг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгжих боломжгүй байсан. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор хамгийн олон санал авсан 21 нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргасан.
20. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн шаардлагыг хангаж өнгө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
21. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
22. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Дашбалбар сумын АН-ын дарга гэх Б.Ба-ас “…Б.Ба даргатай гэх ХНТ3868 дугаар тамгатай, мөн Б.Би даргатай гэх ХНТ1029 дугаар тамгатай өөр өөр хүсэлтүүд ирүүлсэн... хэмээн хуульд байхгүй үндэслэл зааж бүртгэхээс татгалзсан” гэж, нэхэмжлэгч Дорнод аймгийн Дашбалбар сумын АН-ын дарга гэх Б.Би-ээс “…ээлжит орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж хуульд заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн хүргүүлсэн, сумын сонгуулийн хорооноос 2020 оны 08 сарын 20-ны өдрийн “Бүртгэлээс татгалзах тухай” 02 тоот тогтоолыг өгсөн” гэж, хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооноос “…сонгуульд оролцох тухай нэг намын хоёр хүсэлт ирсэн… нам эвсэл нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог тус бүрд ногдсон мандатын тооноос илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн заалт зөрчигдөх тул бүртгэхээс татгалзсан” гэж, хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хорооноос “…нэхэмжлэгчийн зүгээс 2 өөр дарга, тамгатай хүсэлтүүд ирүүлсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т тус тус зааснаар намыг бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргах үндэслэл болсон” гэж тус тус маргажээ.
23. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ”, 25.2-т “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн намын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна...” гэж заасан, Дашбалбар сумын Сонгуулийн хороонд АН-ыг төлөөлж, тус намын хоёр даргаас тус тусдаа өөр өөр тамга бүхий гарын үсэг зурж баталгаажуулсан хүсэлт ирүүлсэн байна.
24. Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан” гэдэгт намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, намын бүх шатны байгууллага, хурлын үйл ажиллагаа, намын дүрэм, хөтөлбөрт өөрчлөлт оруулах, намыг өөрчлөн байгуулах, татан буулгах, сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох, санхүүгийн эх үүсвэр, намын хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах зэрэг намын дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой маргаанууд хамаарна” хэмээн Улсын дээд шүүхээс албан ёсоор тайлбарласан байна.
25. Дорнод аймгийн Дашбалбар сумын АН-ын дарга хэн сонгогдсон, түүнийг хэн төлөөлөх эсэх нь тус намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой шүүхийн харьяаллын бус маргаан бөгөөд энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага сонгуулийн өмнө нэг мөр болгон зохих журмын дагуу эцэслэн шийдвэрлээгүй, маргаан үргэлжилсээр байсан болох нь сумын сонгуулийн хороонд нэг намын хоёр өөр дарга тус тусдаа өөр өөр тамга бүхий гарын үсэг зурж баталгаажуулсан хүсэлт ирүүлснээр нотлогдож байгаа энэ тохиолдолд Дашбалбар сумын АН-ын дарга гэх Б.Ба болон Б.Би-ий хэн алиныг шүүхээс хууль ёсоор тухайн намыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй, тухайлан нэр зааж Б.Ба даргатай ХНТ3868 тамгатай эсхүл Б.Би даргатай ХНТ1029 тамгатай АН-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дашбалбар сумын Сонгуулийн хороонд даалгах хуулийн үндэслэлгүй юм.
26. Тухайн тохиолдолд Дашбалбар сумын сонгуулийн хороо 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Бүртгэлээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын үндэслэлээ “сонгуульд оролцох бүртгэлийн хүсэлт ирүүлэхдээ Б.Ба даргатай гэх ХНТ3868, Б.Би даргатай гэх ХНТ1029 дугаартай тамгатай өөр өөр хүсэлтүүд ирүүлсэн” гэж үзсэнийг “үндэслэл бүхий болохыг” Дорнод аймгийн сонгуулийн хорооноос 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Маргаан хянах тухай” 03 дугаар тогтоолоор тогтоосон нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана.” гэж заасантай нийцэхгүй байна. Учир нь мөн хуулийн 27.3-т нэрлэн заасан шаардлагуудад “Бүртгэлээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолд дурдсан тохиолдлыг зохицуулаагүй, өөрөөр хэлбэл бүртгэхээс татгалзах хуулийн шаардлага хангагдаагүй, Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох” намын эрхийг хязгаарласан гэж үзнэ.
27. Иймд анхан шатны шүүхээс Дашбалбар сумын Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Бүртгэлээс татгалзах тухай” 02, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Маргаан хянах тухай” 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Дорнод аймгийн Дашбалбар сумын АН-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг, Дашбалбар сумын Сонгуулийн хороонд даалгаж, Б.Ба даргатай ХНТ3868 дугаар тамгатай, Б.Би даргатай ХНТ1029 тамгатайгаар бүртгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
28. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Дашбалбар сумын АН-ын дарга хэн аль нь болохыг тогтоох асуудалд анхааран “…Б.Би-ийг АН-ын гишүүнээс хассан сахилгын шийтгэл хүчин төгөлдөр, нөгөө талаас Б.Ба-ыг АН-ыг төлөөлөн Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд намыг бүртгүүлэх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлтэй баримтууд хэрэгт авагдсан” хэмээн шүүхийн харьяаллын бус үйл баримтад дүгнэлт хийж Б.Ба-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
29. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Би болон түүний өмгөөлөгч С.Ч, хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны дарга Ү.Б нарын хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 578 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Би болон түүний өмгөөлөгч С.Ч, хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны дарга Ү.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т тус тус зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Би-ээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН