Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 634

 

                                                   Э.Б, Б.С нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1016 дугаар магадлалтай Э.Б, Б.С нарт холбогдох эрүүгийн 1902009830047 дугаартай хэргийг шүүгдэгч Б.С-ны өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1994 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, Гадаадын иргэн, харьяатын газарт виз зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ял шийтгэлгүй И овогт Э-ын Б,

2. Монгол улсын иргэн, 1986 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй М овогт Б-ын С   

Э.Б нь нийтийн албан тушаалтан буюу Виз, зөвшөөрөл, харьяатын газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа иргэн Б.С-ны Бүгд Найрамдах Филиппин улсын иргэн  Эмпик Ж Э Монгол улсын Засгийн газрын 2018 оны 146 дугаар тогтоолын хавсралтад заасан “Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-аар тодорхойлогдсон аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх “HG” ангиллын буюу Монгол улсад 5 жил оршин суух зөвшөөрөл гаргуулан авах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоомж, журам, ажлын байрны тодорхойлолт зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөгийг нийт 2,000,000 төгрөгийг авсан,

Б.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн бага насны 2 хүүхдийн асрагч Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Э Ж Э-д Монгол улсын Засгийн газрын 2018 оны 146 дугаар тогтоолын хавсралтад заасан “Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-аар тодорхойлогдсон аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх “HG” ангиллын буюу Монгол улсад 5 жил оршин суух зөвшөөрөл гаргуулахаар нийтийн албан тушаалтан буюу Виз, зөвшөөрөл, харьяатын газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Б-т албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөгийг, нийт 2,000,000 төгрөгийг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Б-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариу хахууль авсан, Б.С-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох,

Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж 1016 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дахь заалтыг “Шүүгдэгч И овогт Э-ын Б-ийг Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд”,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял” гэсэн өөрчлөлтүүдийг оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ны өмгөөлөгч Б.Э-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.С-ны өмгөөлөгч Б.Э гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Прокурорын яллах дүгнэлтээр Б.С-ныг буруутгаж байгаа үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй бөгөөд ойлгомжгүй эргэлзээтэй байхад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй эргэлзээтэй үндэслэлээр нь С-ыг яллаж, улмаар түүнд ял хариуцлага оногдуулахдаа хууль зүйн үндэслэлээ тодорхойлж чадаагүй хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн.

Б.С нь Гадаадын иргэний харьяатын газарт өөрийн биеэр очин мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх НG ангиллын буюу Монгол улсад 5 жил оршин суух зөвшөөрөл авахаар "Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын” дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөрийн яам зэрэг төрийн байгууллагуудад дээрх журмын дагуу хүсэлтээ гарган түүнд холбогдох материалуудын хамт өгч мөн улсад төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж хууль журмынх нь дагуу хөөцөлдсөн байна. Гэвч түүний гаргаж өгсөн хүсэлт материалуудыг холбогдох төрийн байгууллагууд нь хянаж үзээд 2019 оны 09  дүгээр сарын 17-ны өдөр 593 тоот албан бичгээр Филиппин иргэнийг урьж ажиллуулах хүсэлтийг нь дэмжиж байгаа талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт уламжлан явуулсан байна. Энэ талаарх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт хангалттай авагдсан байхад үүнийг анхаарч шударгаар үнэлэлт дүгнэлт хийсэнгүй.

Б.С нь дээрх төрийн байгууллагын албан бичгийн хариуг хүлээгээд байж байсан гэтэл Филиппин улсын иргэн Ж-сыг урилгаар анх Монголд Гаалийн ерөнхий газрын дарга Асралтын эхнэр болох У нь оруулж ирсэн. Гадаадын иргэнээ өөрийн биеэр байлцан өөрөө Гадаадын иргэний харьяатын газарт биеэр ирж хасалт хийлгэн түүний Монголд байх, буцах бүх зардлыг нь хариуцан явуулах үүрэгтэй атал энэ үүргээ зөрчин тус газрын мэргэжилтнүүдтэй хувилдан өөрийн биеэр ирэлгүй хасалт хийлгэсэн байдаг уг буруутай үйлдэл нь Б.С-д хамааралгүй ба Б.С нь энэ талаар мэдээгүй юм.

У Ж-ыг Монгол улсад өөрийн урилгаар оруулж ирээд түүнийг визны хугацаанд нь батлан даах үүргээ зөрчиж өөрөө ажлаа олж хий гэж хэлээд хараа хяналтгүй гаргаж хохироосон улмаар зардал мөнгийг нь төлөхгүйн тулд түүнийг хаашаач хамаагүй гадагш гаргах шаардлагатай байсан учир тус газрын мэргэжилтнүүд Ж-сыг дуудан энэ үед Б.С-ны хамт очиход хаашаа ч хамаагүй гаргаад оруулаад ир гэж зөвлөн буцаад ороод ирэхэд нь тагнуулаас зөвшөөрлийн бичиг аваад визийг нь гаргана гэх зэргээр хуурч мэхлэн явуулсан байна. Ингэснээр Ж нь У хамааралгүй болж У батлан даагчийн хариуцлага, зардал төлбөрөөс чөлөөлөгдсөн гэж үзэхээр байна.

Харин Б.С-ны хувьд Хөдөлмөрийн гэрээгээр НG ангиллын буюу Монгол улсад 5 жил оршин суух зөвшөөрлийг хуулийн дагуу гаргуулахаар материалуудаа бүрдүүлж түүнийг нь дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэс дэмжиж ерөнхий газар луу явуулаад ерөнхий газраас хариу ирэхэд Ж НG ангиллын виз авах нөхцөл нь бүрдэж байсан юм. Энэ үйл баримт нь хууль зөрчөөгүй. Үүнд С Б хээл хахууль өгөх шаардлагагүй байсан юм.

Мөнгө авсан үйл баримт нь Б өөрсдөө хасалт хийснийхээ дараа С-д хасалт хийсэн хүнд нэг сая төгрөг өгнө гэж авсан байдаг дахин 2 хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 14-ний  өдөр С, Ж, 2 бага насны хүүхдийн хамт онгоцоор нисэх билетээ авчаад 11 сарын 13-ны орой гэртээ амраад байж байхад нь Б оройн цагаар гэрийнх нь гадаа очиж уулзъя гэж гаргаж ирээд тагнуулын албанаас бичиг гаргуулна виз гаргана гэж 1 сая төгрөг нэхэж очиход нь С яалтачгүй итгээд өгсөн. Гэвч энэ нь худал байсан талаар мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон энэ нөхцөл байдал нь залилангийн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм.

Дээрх мөнгийг авсан, өгсөн үндэслэл яллах дүгнэлтээр буруутгаж байгаа үндэслэл зэрэг нь өөр хоорондоо эрс зөрүүтэй байхад шүүх бодит байдлыг тал бүрээс нь анхаарч үзэлгүйгээр эргэлзээтэй дүгнэлт хийж хүнийг үндэслэлгүй үндэслэлээр гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай байна. Шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэх хэсэгтээ “шүүгдэгч Б хасалт хийсэн хүндээ 1 сая төгрөг өгөх хэрэгтэй байна гэх зэргээр хэлж авсан гэж” үзсэн гэсэн атлаа Б.С-ныг яллах дүгнэлтэнд тусгаснаар буюу Хөдөлмөр эрхлэх НG ангиллын зөвшөөрөл гаргуулах зорилгоор өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хээл хахууль өгсөн гэж буруутгаж байгаа үндэслэл нь зөрүүтэй дүгнэлт ба Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүй байхад давж заалдах шатны шүүх нь анхаарч үзсэнгүй.

Нөгөө талаар Б.С хил гараад Э.Б хууртагдаж хохирсноо мэдээд ээжээрээ дамжуулан Гадаадын иргэний харьяатын газарт гомдол гаргуулж улмаар өөрөө ирээд дахин гомдол гаргаж мөн Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар түрүүлж өргөдлөө гаргаж холбогдох нотлох баримтуудыг  өөрөө сайн дураараа гарган шалгуулсан байхад түүнийг ял хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байхад хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийн хэт яллах талаа барин ял хариуцлага тооцон оногдуулсан юм. Иймд хэргийг хянан үзэж прокурор болон шүүхийн буруутгаж байгаа үндэслэл, нотлох баримтуудын зөрүүтэй байдал, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх дээр анхааран үзэж шийдвэрлэнэ үү гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Прокуророос шүүгдэгч Э.Б, Б.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй. Хэрэгт авагдсан гэрч Б.З-ын мэдүүлгээр Б.С виз гаргуулах зорилгоор Э.Б-тэй уулзсан нь тогтоогдсон. Шүүх Э.Б, Б.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Баттүшиг нь 2019 оны 11 дүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр 2 сая төгрөгийг Б.С-аас хахуульд авсан, шүүгдэгч Б.С нь дээрх хугацаанд уг мөнгийг Э.Б хахуульд өгсөн үйлдлийг мөрдөн шалгах явцад үүнд хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна.

Эдгээр нотлох баримтуудыг хоёр шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шинжлэн судалж, хянан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан Э.Б, Б.С нар нь гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн талаар хэргийн бодит байдалтай нийсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Түүнчлэн шүүхүүд уг хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, тэдгээрт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Э.Б-т холбогдох хэргийн шинжийг болон Эрүүгийн хуулийн тухайн зүйлийн холбогдох хэсгийг буруу бичсэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулсан нь хуульд нийцжээ.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянасан бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийг төгс үйлдсэний дараа тухайн этгээд нь гэм буруугаа бүрэн ухамсарлаж, чин санаанаасаа гэмшсэний үндсэн дээр ямар нэгэн нөхцөл байдлын нөлөөгүйгээр өөрийн сайн дураар гэмт хэрэг үйлдсэн тухайгаа төрийн зохих байгууллага, албан тушаалтанд өөрийн биеэр ирж мэдээлснийг үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн гэж үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Тэгвэл шүүгдэгч Б.С нь өөрийн гэртээ үйлчлэгчээр ажиллаж байсан Филиппин улсын иргэнийг Монгол улсад оршин суух зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэл зорилгоо гүйцэтгүүлэх үүднээс Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан Э.Б 2 сая төгрөгийг хахуульд өгсөн бөгөөд тэрээр энэхүү зорилго нь биелэгдэх боломжгүйг мэдсэний дараа төрийн зохих байгууллагад хандсан тул түүнийг үйлдсэн гэмт хэргээ сайн дураар илчлэн ирсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.С нь ухамсарлан гэмшсэндээ бус харин өөрийн хүсэл зорилгоо хууль бус аргаар гүйцэтгүүлэх гэсэн санаа нь хэрэгжихгүй нь тодорхой болмогц хахууль өгсөн тухайгаа мэдээлснийг “хэргээ сайн дураар илчлэн ирсэн”-д тооцож, түүнийг ялаас чөлөөлөх боломжгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1016 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ны өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН